АЗИЙН ХАМГИЙН ТОМ ХҮНСНИЙ ҮЗЭСГЭЛЭН “FOODEX JAPAN 2024”-НД МОНГОЛ ОРНЫГ ТАНИЛЦУУЛЛАА


Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 80 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзлэх бөгөөд уул уурхайн салбар нь эдийн засгийн ихээхэн хувийг бүрдүүлдэг. Иймд уул уурхайгаас хэт хамааралтай байдлаас гарахын тулд аж үйлдвэрийг төрөлжүүлэх шаардлагтай. Үүний тулд мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн менежмент, технологийг нэвтрүүлэх, сайжруулахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай юм.

Эдгээр нөхцөл байдлаас үүдэн ЖАЙКА нь Монгол Улсын Засгийн газар, МХҮАТ болон Монгол-Япон хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран 2024.3.5-3.8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “FOODEX JAPAN 2024” үзэсгэлэнд Монгол павильон гаргаж оролцоход дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа.

“FOODEX JAPAN” нь Азидаа хамгийн томд орох хүнс, хүнсний үйлдвэрлэл, шингэн хүнсний үзэсгэлэн гэдэг утгаараа хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид цуглан, мэдээлэл солилцож, бизнесийн яриа хэлэлцээ өрнүүлдэг. Энэ удаагийн Монгол павильонд хүнс үйлдвэрлэлийн салбарын Монголын 5 аж ахуй нэгж үзэсгэлэнгээ гарган оролцож, тус бүр 100-400 аж ахуй нэгжтэй нэрийн хуудсаа солилцож, бизнесийн яриа хэлэлцээ өрнүүлсэн юм. ЖАЙКА нь Монголоос оролцож буй аж ахуй нэгжүүдэд үзэсгэлэнд оролцох чиглэлээр болон маркетинг, экспортын чиглэлээр техникийн дэмжлэг үзүүлсэн.

Үзэсгэлэнгийн эхний өдөр (2024.3.5 14:00-14:40) зохион байгуулагдсан “Монголын байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн” сэдэвт семинарт Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих газрын дарга Я.Эрдэнэсайхан, ЖАЙКА-ийн бизнесийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Накамура Ко нар оролцож, илтгэл тавьсан юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд оролцсон 5 аж ахуй нэгжийн зүгээс “Худалдааны компани төдийгүй супермаркет, ресторануудад бүтээгдэхүүнийхээ дээжийг танилцуулснаар шууд экспорт хийх боломж нэмэгдсэн.”, “Японоос гадна Хятад, Солонгосын компаниудтай бизнесийн яриа хэлэлцээ хийж чадсан.”, “Өөрсдөө ирснээр Японы зах зээлийн талаар илүү ойлголттой болсон” зэрэг эерэг сэтгэгдэл олон байлаа.

Мөн энэ удаагийн үзэсгэлэнд Монгол павильон гаргахад зохион байгуулагчаар ажилласан ЖАЙКА-ийн сайн дурын гишүүн Като Хидео, Дохи Мизүки нарын зүгээс Монголоос бүтээгдэхүүн экспортлоход тулгамдаж буй асуудлыг дараахь байдлаар харж, зөвлөсөн байна.

  1. Японд хэрхэн бизнес хийх талаарх ойлголтоо сайжруулах
  2. Японы зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, сэтгэл татам бүтээгдэхүүн хөгжүүлэх
  3. Далайд гарцгүй орны тээвэрлэлтийн асуудал

Үүнээс эхний хоёр асуудал нь маш чухал асуудал бөгөөд Японтой тогтвортой бизнес хийхийн тулд юуны өмнө Японы талаарх ойлголтоо тэлж, зорилтот зах зээлдээ нийцүүлэх нь чухал гэсэн юм. Мөн “FOODEX JAPAN”-д оролцсоноор Японы зах зээлд нэвтрэх үүд хаалга нээгдсэн гэж ойлгох нь өрөөсгөл бөгөөд хэрэв үнэхээр Японы зах зээлд нэвтрэхээр зорьж байгаа бол Япон хэл, бизнесийн ёс зүйн талаарх ойлголттой байх шаардлагатай. Мөн урт хугацааны хэтийн төлөвийг харж, “Японы зах зээлд заавал гарна.”гэсэн тууштай зорилготой байх хэрэгтэй. “FOODEX JAPAN” нь дөнгөж эхний алхам гэж ойлгож болно. гэж онцоллоо.

ЖАЙКА нь цаашид ч “FOODEX JAPAN” болон бусад үзэсгэлэнгүүдэд оролцоход хамтран ажиллах зэргээр Монгол, Японы аж ахуйн нэгжийн бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.


 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.