ВЬЕТНАМД НАЙМАН МОНГОЛ ИРГЭН ХУЛГАЙН ХЭРГЭЭР 8-10 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА

Вьетнам улсад манай улсын 9 иргэн хорих ял эдэлж байгаагаас хулгайлах гэмт хэрэгт 8-10 жил хүртэл хорих ялаар шийтгүүлсэн 8, хууль бусаар олж авсан бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах гэмт хэрэгт 3 жил хорих ялаар шийтгүүлсэн 1 иргэн хорих ял эдэлж байна.

Хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийн үлдсэн ялыг эх оронд нь үргэлжлүүлэн эдлүүлэх асуудлыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, түүний нөхөн төлөлт, хорих ял биечлэн эдэлсэн хугацаа зэргийг харгалзан үзэж тус улсын дотоодын хууль тогтоомж болон хоёр улсын Засгийн газар хооронд 2018 онд байгуулсан “Ялтан шилжүүлэх тухай гэрээ”-ний дагуу шийдвэрлэж байх талаар 2 улсын прокурорын эрх бүхий албан тушаалтнууд ярилцжээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулиар хулгайлах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 5-12 жил байдаг бол БНСВУ-ын Эрүүгийн хуульд заасан энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ манай улсын хуулиас өндөр 12-20 жилийн хорих ялтай байдаг байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.