ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ҮЗЛЭГТ ХАМРУУЛНА


Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч нас барсан харамсалтай хэрэг болсон. Хэргийг холбогдох хуулийн байгууллагууд шалгаж байгаа бөгөөд шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт гараагүй байгаа. 

Дээрх хэрэг гарсантай холбогдуулан Батлан хамгаалахын дэргэдэх зөвлөл хуралдаж хэд хэдэн Ажлын хэсэг байгуулан, тодорхой арга хэмжээ авахаар болжээ. 

Тухайлбал, 

  1. Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчдын эцэг, эхчүүдээс гаргасан санал хүсэлтийг яаралтай судлан шийдвэрлэх;
  2. Хугацаат цэргийн алба хаагчдын алба хааж буй ахуй нөхцөлийн байдалд бодит дүгнэлт хийж, нөхцөлийг сайжруулах; /цэргийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа, сэтгэл зүйн байдал, ахуй хангалт/
  3. Алба хаагчдын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч бүх ангиудад үзлэг явуулах ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулах;
  4. Цэрэг татлагатай холбоотой дүрэм, журмуудад өөрчлөлт оруулж, ажлын уялдаа холбоог сайжруулах; 
  5. Зэвсэгт хүчний хэмжээнд хугацаат цэргийн албанд татагдсан дайчдын албаа хаах эрмэлзлэлийг дэмжихэд чиглэсэн зорилтот үйл ажиллагааг зохион байгуулах;  

 


Дээрх ажлуудыг яаралтай зохион байгуулах үүргийг Ажлын хэсгийн дарга нарт үүрэг болгосон бөгөөд олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлж ажиллахыг ч сануулсан байна.  

Түүнчлэн өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хаагч амиа алдсан асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Зэвсэгт хүчний анги салбарт удаа дараа харамсалтай үйл явдал гарч байгаа учраас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хяналт, шалгалт хийх шуурхай Ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгоод байгаа юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.