МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ШАТРЫН АНХНЫ ОРДОН БАЙГУУЛАГДЛАА

Олон угсаатны өлгий нутаг баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Булган суманд “БАЯН-ӨНДӨР” хүүхдийн шатрын ордон үүд хаалгаа нээлээ. Монгол Улсдаа хамгийн томд тооцогдох, мөн хүүхдийн анхны шатрын ордны нээлтэд улс төр, спортын томоохон зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэн юм. Нээлтийн үеэр МУГТ Алдар спорт хороо, ҮШБ-ийн тамирчин Их мастер Б.Мөнгөнтуул, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул Алдар спорт хорооны тамирчин Их мастер С.Билгүүн нар тоглолт хийж, багш дасгалжуулагчийн сургалтууд орлоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бэлэглэсэн Их Эзэн Чингис хааны хөргийг шатрын ордны хойморт залсан юм. 

Тус ордныг “Энхтайван хөгжлийн зам” компанийн  хандив дэмжлэгээр босгосон. Монгол Улсаас БНХАУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд асан Д.Ганхуягийн санаачилгаар ажил эхэлж, 2022 оны зургаадугаар сарын 9-нд хандивын гэрээнд гарын үсэг зурж, нэг жилийн хугацаанд буюу төлөвлөгөөний дагуу барилгын явц бүрэн дуусаж хүлээлгэн өгсөн байна.

Зураг 2. Зүүн гар талаас “Энхтайван хөгжлийн зам” компанийн төлөөлөгч Д.Энхбаяр, Монгол Улсаас БНХАУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд асан Д.Ганхуяг: 

Барилга хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Бүрэн эрхт Элчин сайд асан Д.Ганхуяг нар оролцож, Хятад, Монголын уул уурхайн хөрөнгө оруулалт, худалдаа, дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой “Энхтайван хөгжлийн зам” компанид талархлаа илэрхийлж, цаашид хоёр орны соёлын солилцоо, эв найрамдал, боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлэв.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.