НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛИЙН ЭХНИЙ ШАТ ЭНЭ САРЫН 20-НД ХААГДАНА

2023-2024 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. Бүртгэл эхэлсэн өдөр буюу наймдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 83,576 хүүхэд бүртгүүлсэн аж. Нэгдүгээр шатны бүртгэл энэ сарын 20-нд хаагдах юм.

Таны хүүхэд аль цэцэрлэгт хуваарилагдсан талаарх мэдээллийг наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагчдын бүртгэлтэй утасны дугаарт илгээх юм байна.

Есдүгээр сарын 1-нийг хүртэл бүртгэлээ баталгаажуулан, хуваарилагдсан цэцэрлэгтэй нь гэрээ байгуулах ёстой гэв.

2023 оны есдүгээр сарын 11-20-ны өдрүүдэд цэцэрлэгт орох хүүхдүүдийн хоёр дахь шатны бүртгэл явагдах юм байна.

Цахимаар бүртгүүлэх заавар

  •  E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн систем рүү нэвтрэн орно.
  •  “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” гэсэн цонх гарч ирэхэд хүүхдийнхээ мэдээллийг оруулна.
  •  Өмнөх жил цэцэрлэгт хамрагдаж байсан бүртгэлтэй бол тухайн цэцэрлэгийн нэр, дугаарыг дүүргийн нэрийн хамт сонгоно.
  •  Цэцэрлэгийн нэр, дугаар харагдахгүй бол “Шинээр элсэх хүүхэд” гэж ойлгоно.
  •  Хүүхдийн бүртгэлтэй хаягийг сонгоно.
  •  Цэцэрлэгт хүүхдээ хамруулахгүй бол шалтгаанаа сонгоод хүсэлтийг илгээнэ.
  •  Хүүхдээ бүртгэлтэй цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцуулах бол “Таны хүсэлтийг хүлээн авлаа.” гэсэн мэдээлэл гарч ирэхэд хүсэлтээ шууд илгээх боломжтой болно.
  •  Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийхгүй.” гэсэн тохиолдолд “Тухайн хаяг дээр хуваарилалт хийнэ.” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэнэ.
  •  Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийнэ.” гэсэн тохиолдолд “2023/08/20-ны 17:00 цагаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийнэ.” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэх болно.

Анхаарах зүйлс

Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх, өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;

Түр оршин суугч цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй хороо, дүүрэгтээ бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлж, баталгаажуулсан байх;

Хэрэв E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авах боломжтой байна.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.