УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАРЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДАЛ УДАХГҮЙ ЯРИГДАХ УЧИРТАЙ !

Өндөр ёс зүй, сахилга хариуцлагатай байх ёстой парламентын танхимаас сүүлийн үед хүчирхийлэгчид илчлэгдэх боллоо.Парламентын хоёр ч гишүүн хүчирхийллийн хэрэгт холбогдлоо.

Хүчирхийлэгч Ц.Анандбазар гишүүнд Монгол Улсын Их хурал ёс зүйн хариуцлага хэзээ тооцох вэ ???

Асуудал дэгдсэн энэ оны тавдугаар сард “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нэр холбогдсон асуудлыг байнгын хороогоороо авч хэлэлцэх үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд өгч байв хэмээн мэдээлж байв. Гэтэл УИХ-ын даргын зүгээс Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд тоот бичиг хүргүүлээгүй бөгөөд дээрх албан бус мэдээлэл нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон нийтэд таалагдах гэсэн заль байсан болж таарчээ.Нөгөө талаасаа УИХ-ын дарга Г.Занданшатар нь хүчирхийллийн хэрэгт холбогдсон Ц.Анандбазарт хариуцлага тооцохыг хүсээгүй байсан нь батлагдсан юм.Энэ нь төрийн эрх барих дээд байгууллагад сууж төр түшилцэж , хууль баталдаг эрхэм хүчирхийлэгч нэгэн байлаа ч түүнд хариуцлага тооцох хүсэлтэй эсвэл хүчрэх нэгэн үгүй байгааг харуулсаар өдий хүрлээ.Угтаа Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Х.Баделхан, Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Б.Бейсен, Б.Бямбацогт, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан, Б.Энхбаяр нар багтаж байгаа ч эдгээр эрхмүүдийн хэн нь ч энэ асуудлаар дуугараагүй.

УИХ-д Эмэгтэйчүүдийн албан бус бүлэг, Хүчирхийллийн эсрэг лобби бүлэг гээд энэ асуудалд анхаарал хандуулах ёстой субъектүүд хэд хэд бий. Парламент дахь сөрөг хүчин ч энэ асуудлаар нэг ч дуугараагүй байдаг. Хүчирхийлэл үйлдсэн, эмэгтэйчүүдэд зүй бус харьцсан парламентын гишүүний хариуцлагагүй үйлдлийг Монголын төр өөгшүүлээд өнгөрүүлбэл, мөнгөтэй хүн хүчирхийлэл үйлдэж, хууль зөрчиж болдог юм байна гэдэг ойлголтыг нийгэмд бий болгоно. Ц.Анандбазарын үйлдэл бол нэг бус нэгжээд удаагийн бусармаг үйлдэл. Баримт, нотолгоотой, гэрчтэй ийм хэрэгт хариуцлага хүлээлгэлгүй орхих нь шударга ёсонд үл нийцнэ. Хүчирхийллийн хэрэгт холбогдсон дараагийн гишүүнд хариуцлага тооцох асуудал ч энэ маягаар замхрах муу жишиг тогтох болно.

Гэхдээ нэг “сайн мэдээ” байна. Хуулийн байгууллагын шатанд шалгах ажил нь гацаанд ороод байсан Ц.Анандбазарын хэргийг Нийслэлийн прокурорын байгууллагаас хянаж үзээд, яллагдагчаар татах шийдвэр гаргажээ.Тэгвэл одоо түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал удахгүй яригдахаар болж байна. Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 9.1.2-т “Гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан” нөхцөлд бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хуульчилсан. Хуульд заасанчлан Улсын Ерөнхий прокурор Ц.Анандбазарын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх ёстой. УИХ түүний асуудлыг хэлэлцэхэд хүрвэл, 2016-2020 оны парламент Н.Гантулгыг чөлөөлж, хариуцлага тооцсон шигээ Ц.Анандбазарт ч “төмөр нүүрээ” тун удахгүй харуулах юм.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.