ҮЕРТ АВТСАН ЗУСЛАНГИЙН БҮСИЙН ИРГЭДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ

Зуслангийн бүс дэх иргэдийг ОБЕГ-аас нүүлгэн шилжүүлэх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч байгаа талаар мэдээлэл хийлээ.

Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Бэхбаяр  "Шарга морьт, Гоодойн ам, Ар согоотын үерийн аманд буусан 130 орчим айл үерт автсан. Ихэнх  айл нь эзэнгүй байсан. Өчигдөр шөнө 100 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж түр байранд орууллаа. 

Гал унтраах 34, 74 ангийн  баг бүрэлдэхүүн ажиллаж байна. Одоогийн байдлаар 10 гаруй дуудлагатай байна. Зарим айлд хүрч очоогүй байна. Сэлбийн даланд хүн хүч их орч байгаа учир  энэ хавьд шуудуу тавих боломжгүй байна. Санзай Хандгайт, Бэлх гол дагуу буусан айлуудын хохирлын үнэлгээг хийж байна" гэв. 

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Үргэлжилсэн борооны улмаас зуслангийн бүсэд үерт автсан байна. Голын сав дагуу маш олон айл байна. Өчигдөр шөнө албаныхан эрсдэл бүхий 18 газарт үүрэг гүйцэтгэсэн. Одоогоор найман цэгийн нөхцөл сайжраад байна.Сэлбэ гол дагуух далангаар ус давж гарах тохиолдол гараагүй.  Усны түвшин 15-20 см нэмэгдсэн" хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.