ШУУРХАЙ: С.ЭРДЭНИЙН ХҮРГЭН Г.ЭНХБОЛД "ХАРХОРИН СУМАНД БУСДЫГ ЗОДОЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙГ НЬ ХОХИРООСОН" ГЭХ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДОН ШАЛГАГДАЖ ЭХЭЛЖЭЭ

Сүүлийн үед бусдын эрүүл мэндийг хохироох гэмт хэргийг гаралт өсөж, шүүхээр шийтгүүлж ял авч байгаа ихэнх хэргийг энэ төрлийн гэмт хэрэг эзэлж байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлж буй. Тодруулбал, 2017 онд Эрүүгийн тухай хуульд өөрчлөлт орж иргэд хоорондоо маргалдаж биед нь хүнд, хөнгөн гэмтэл учруулсан л бол заавал шүүхээр орж зорчих эрх хязгаарлах, торгох, хоригдох зэргээр ялаар шийтгүүлдэг болсон гэж байгаа юм. 

Тэгвэл саяхан АН-ын дарга асан С.Эрдэнийн хүргэн буюу Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Г.Энхболд бусдыг зодож, эрүүл мэндийг нь хохироосон хэрэгт холбогдон, цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгах болсон байна. 

Тодруулбал, АН-ын дарга асан С.Эрдэнэ, түүний хүргэн Г.Энхболд болон иргэн Т.Хаянхярваа гээд Баянгол дүүргийн АН-ын гишүүд өнгөрөгч тавдугаар сарын сүүлээр /2023.05.28/ бурхан болоочийн хойдын буянд зориулж суварга босгож, шашин номын ажилд оролцохоор Архангай аймгийн Хотонт сумыг зорьсон байна. Ингээд тэд Архангай аймгийг зорих замдаа Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгэн амралтын газарт буудаллаж, хоногложээ. Тэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байгаа юм.

Улмаар энэ үеэр Баянгол дүүргийн ИТХ-ын дарга асан Г.Энхболд АН-ын гишүүн Т.Хаянхярвааг зодож, эрүүл мэндэд хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогджээ.

Тодруулбал,тус хэргийн хохирогч Т.Хаянхярваа Г.Энхболдод зодуулсан гэх гомдлыг Хархорин сумын цагдаагийн хэлтэст гаргасан байна. Иймд Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын Хархорин сумын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа эхлүүлж хохирогч Т.Хаянхярваагийн биед учирсан гэмтлийг тогтоохоор шүүх шинжилгээний байгууллагаас шинжээч томилуулан, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн гэх мэдээлэл байна. 

Харин зарим эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр,“АН-ын дарга асан С.Эрдэнэ энэхүү хэрэг явдалтай холбогдуулан хохирогч Т.Хаянхярваатай холбогдон "өргөдлөө татчих, ах нь чамайг хаяхгүй" гэж ятгасан байж ч болзошгүй байгаа аж. Мөн цагдаагийн байгууллагаас тус хэргийн гэрчүүдийг дуудан мэдүүлэг авч эхэлсэн гэх мэдээлэл байна. 

Сонирхуулахад, "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг"-ийг Эрүүгийн тухай хуулийн 11 дүгээр бүлэгт заасны дагуу хуулиар зохицуулдаг байна. Тодруулбал,тус хуулийн 11.6.1-д, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ. Мөн тус хуулийн 11.1.1-д “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ. Иймд иргэд та бүхнийг бусадтай маргалдахгүй байх, бусдын биед халдахгүй байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ. 

 эх сурвалж:isee.mn

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.