БНХАУ РУУ СУУДЛЫН АВТОМАШИНТАЙ ЗОРЧДОГ БОЛНО

Хилийн боомтууд нээгдсэнээс хойш  суудлын автомашинаараа БНХАУ руу зорчих иргэд хүсэлт их тавьж байгаа. Тиймээс ЗТХЯ Монгол Улс, БНХАУ-ын хооронд иргэд суудлын автомашинаар зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг хэмээв.

Дээрх хүрээнд хоёр талын холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулж, “Монгол, Хятадын хилийн авто замын боомтоор суудлын автомашин нэвтрүүлэх журам”-ын төслийг танилцууллаа. Журмын төслийг ГХЯ-аар дамжуулан Хятадын талтай тохирохоор ажиллаж байна.

Хоёр улсын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээрт суудлын автомашинаар харилцан зорчих зохицуулалтыг тусгахаар ажиллаж байгааг салбарын яамнаас мөн мэдээллээ. Энэ асуудал ажил хэрэг болбол Замын-Үүд, Булган, Бичигт зэрэг урд хөрштэй хиллэдэг боомтуудаар иргэд суудлын автомашинтайгаа чөлөөтэй нэвтрэх бололцоо бүрдэнэ.

Боомтын сэргэлтийн хүрээнд Байтаг боомтыг нээж байнгын ажиллагаатай болгосноор баруун хилээр жилд 5 сая тонн нүүрс экспортлох, БНХАУ-ын ШУӨЗО-ы Цонж аймагтай иргэд, ААН-ийн хамтын ажиллагаа өргөжиж, эдийн засаг тэлэх нөхцөл бүрдэх талаар ЗТХЯ-наас мэдээллээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.