ЗУКЕРБЕРГ ФЭЙСБҮҮК, ИНСТАГРАМЫН БАТАЛГААЖУУЛАХ ЦЭНХЭР ТЭМДЭГЛЭГЭЭГ ТӨЛБӨРТЭЙ БОЛГОХОО МЭДЭГДЛЭЭ

Мета компанийн захирал Марк Зукерберг Фэйсбүүк, Инстаграмын хэрэглэгчдэд зориулсан төлбөртэй баталгаажуулах үйлчилгээ болох Meta Verified үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчийн нэрийн хажууд байрладаг цэнхэр тэмдэглэгээг төлбөртэй болгох гэж буйгаа зарласан байна.

Энэ нь хэрэглэгчид хакердуулахаас хамгаалагдах нэмэлт хамгаалалт болно гэж Зукерберг хэлэв. Тэрээр "Энэ үйлчилгээ нь манай үйлчилгээний аюулгүй байдлыг сайжруулах зорилготой" гэжээ.

Эхний ээлжид Австрали, Шинэ Зеландад туршиж үзэх бөгөөд цаашид бусад улс орнуудад тус үйлчилгээгээ нэвтрүүлэх юм байна.

Meta Verified үйлчилгээг вэб сайтаас худалдаж авбал АНУ-д 11.99 доллар, iOS аппликейшнээр15 долларын үнэтэй байх аж.

Үйлчилгээг авахын тулд 18-аас дээш насны хэрэглэгчид албан ёсны үнэмлэхээрээ баталгаажуулах ёстой бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл нь хэрэглэгчийн мэдээлэлтэй тохирч байх ёстой гэнэ. Мөн баталгаажуулалт хийсний дараа хэрэглэгчийн нэр, төрсөн огноо, зургийг өөрчлөх боломжгүй болно гэжээ.

Эх сурвалж: ВВС

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.