БУРХАН, ШАШНЫ ДУРСГАЛЫГ ХУУЛЬ БУСААР МАЛТЛАГА ХИЙН ОЛЖ, ХУДАЛДАХЫГ ЗАВДЖЭЭ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 2 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.210, мөрдөн байцаалтын 3037 хэрэгт хяналт тавьж ажиллав. Үүнээс нийт 250 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн А нь Тайландын Вант улсаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт 257.9 грамм бодисыг Олон улсын шуудан илгээмжээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Монгол Улсын иргэн Б нь Монгол Улсын хилээр нэвтрэх зөвшөөрөл, албан бичгийг бүртгэлт хамруулалгүйгээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Монгол Улсын иргэн Э, Ц, А, Г, Л нар нь эртний хийд туурийн байршлыг тогтоон Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сум, Архангай аймгийн Хотонт сумдад хууль бусаар археологийн малтлага хийж Монгол Улсын XIX-XX зууны үед хамаарах бурхны шашны эдлэл хэрэглэл, өв соёлыг илэрхийлэх түүхэн дурсгал бүхий 113 ширхэг Соёлын биет өв хэрэглэгдэхүүнийг олж авсан, хадгалсан,
  • Мөн Монгол Улсын нутагт орших булш, бунхнаас илэрч олдсон байх боломжтой НТӨ II мянган жилээс НТ XV зуунд хамаарахуйц түүх, археологийн олдворуудыг Англи улсаас дуудлага худалдаагаар авсан гэж баримтыг хуурамчаар үйлдэж, худалдан борлуулахаар завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 5, 23.2 дугаар зүйлийн 1, 25.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Эх сурвалж: УЕПГ

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.