ХАВИРГА-АР ХАШААТ БООМТЫН АЧАА ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ МАРГААШААС СЭРГЭЭХЭЭР БОЛСНЫГ МОНГОЛ, ХЯТАДЫН САЙД НАР ОНЦЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Гантай утсаар ярьж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр тохиролцсон асуудлуудыг урагшлуулж, ажил хэрэг болгохын төлөө нягт хамтран ажиллахаар санал нэгдсэн байна. Энэ хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, хилийн боомтын зорчигч болон ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, Гашуунсухайт–Ганцмод, Ханги–Мандал боомтын төмөр замын холболтын ажлыг эрчимжүүлэх талаар ярилцав.

Талууд хоёр талын хамтын хүчин чармайлтын үр дүнд хилийн боомтуудын үйл ажиллагаа, зорчигч тээврийн хөдөлгөөн шат дараатайгаар сэргэж буйг сайшааж, нэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Хавирга-Ар хашаат боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг сэргээхээр болсныг онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр гаргасан  Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Хамтарсан мэдэгдэлд тусгасан “Үндэсний урлагийн их театр”, “Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын төв”, “Цөлжилттэй тэмцэх судалгааны төв” зэрэг ажлуудыг эрчимтэй урагшлуулж, бодит ажил хэрэг болгох асуудлаар цаашид ч идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцжээ.

Түүнчлэн олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг үргэлжлүүлж, Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулж, НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчимд суурилсан олон талт хамтын ажиллагааг тууштай дэмжиж ажиллахаар санал нэгдсэн байна.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.