ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТАД ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИУДЫГ ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

УИХ-ын 12 гишүүний өргөн мэдүүлсэн “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр тогтоолын төслийг өргөн барьсан гишүүдийн нэг, УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн байр сууриа илэрхийллээ.

Г.ДАМДИННЯМ:

– Бараг хагас жилийн өмнө  бид шинээр ТӨК байгуулахыг хориглох, Төрийн өмчит компаниудыг чадавхиар нь ялгаад хувьчлах тогтоолын төслийг санаачилж өргөн барьсан нь “Нүүрсний хулгай “ илэрч байгаа энэ ед таарч батлагдах болж байна. Энэ нүүрсний хулгай бол зөвхөн нэг компани, бүлэг хүмүүсийн асуудал биш. Хэдэн хүн шоронд хийгээд энэ асуудлыг шийдэж чадахгүй. Засаглалыг нь олон нийтийн хяналтын дор оруулж байж асуудлыг шийднэ.

 Угаасаа өнөөдөр төрийн өмчит компаниуд бүгд засаглал нь данхар, олон нийтийн ямар ч хяналтгүй, УИХ-аас илүү санхүүгийн эрх мэдэлтэй байгаа нь гол асуудал юм. Монгол Улсын 2023 оны улсын төсөв гадаадын зээл тусламжтайгаа нийлээд 3.5 их наяд. Үүнийг 76-лаа 2-3 сар хэрэлдэж хэлэлцэж баталдаг байтал “Эрдэнэс Таван Толгой” компанийн 2023 оны хөрөнгө оруулалтын дүн 4.2 их наядыг хэдхэн хүн батлах жишээтэй. Ингэхдээ УИХ-д огт мэдэгдэхгүй баталдаг,  нүүрсээ зардаг. Хулгай эндээс л эхэлж байна шүү дээ.  Тиймээс бидний санаачилсан тогтоолын төслийн гол санаа нь ТӨК-үүдийг цэгцлэе, нээлттэй компаниуд болгоё гэдэг асуудал байгаа.

 Төр өмчөө буцааж авч болно, гэхдээ хөрөнгийн бирж дээр гаргаж олон нийтийн хяналтад оруулдаг энэ системийг зайлшгүй хийх ёстой. Монгол улсын Ерөнхий сайд өчигдөр Их хурал дээр “Төрийн өмчийн компаниудыг олон нийтийн нээлттэй компани болох багц хуулийн төсөл” өргөн барина гэж мэдэгдсэн. Энэ бол энэ тогтоолын дараа зайлшгүй хэрэгжих ёстой хууль шүү. Үнэхээр л эх оронч болмоор байгаа бол бид энэ тогтоол, хуулийн төслийг бүгдээрээ санал нэгтэйгээр дэмжих ёстой шүү” гэв.

Тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдээс дэмжиж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.