ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА ОФФТЭЙК ГЭРЭЭТЭЙ ХОЛБООТОЙГООР МЭДҮҮЛЭГ ӨГЧ, ОРОН НУТГИЙН “ТАВАНТОЛГОЙ”-Д НЭГЖЛЭГ ХИЙЛЭЭ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр АТГ-т очиж, тайлбар мэдүүлэг өглөө. Их үдийн үед хууль сахиулах байгууллага руу орсон түүнийг дөрвөн цаг орчмын дараа гарч явсан хэмээн цахим мэдээллийн хэрэгслүүдэд бичиж буй ч хоёр цаг орчмын хугацаанд мэдүүлэг аваад явуулсан гэдгийг олон эр сурвалж батлав.

Бидний авсан мэдээллээр түүнээс оффтэйк гэрээ, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар гэрчээр тайлбар авсан аж. Нүүрстэй холбоотой хэмээн АТГ-аас нэрлэсэн 17 улстөрчийн нэг болох Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга хэрхэн мэдүүлсэн нь мөрдөн байцаалтын нууц байх нь гарцаагүй. Түүнийг яллагдагчаар татаагүй учраас ямар нэг таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна.

“Нүүрсний” гэх хэргүүдийг шалгах тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх байгууллагын ажлын хэсгийнхэн мөрдөн шалгах ажиллагаагаа нэлээд далайцтай явуулж буй юм билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” зэрэг компанийн хамаарал бүхий 10 гаруй оффист өчигдөр дээрх ажлын хэсгийнхэн нэгэн зэрэг нэгжлэг хийж, шаардлагатай бичиг баримтууд хураан авчээ. Уг нь одоогоос есөн жилийн өмнө буюу 2013 онд цагдаагийн байгууллагынхан дээрх компани болон хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн байранд нэгэн зэрэг нэгжлэг хийж эхэлсэн ч цагдаа, прокурорын байгууллагын өндөр албан тушаалтнуудын нөлөөгөөр уг ажиллагааг зогсоож байсан юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.