МОНГОЛЫН МАРГААШ ДУУСДАГГҮЙН ҮЛГЭР “ДАРХАНЫ ЗАМ” ДЭЭР НҮҮРЛЭСЭЭР БАЙНА

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалт үргэлжилсэн хэвээр.. Уг нь хоёр жилийн өмнө ашиглалтад оруулна гэж амлаж байсан уг замын ажил дөрөв дэх жилтэйгээ золгох гэж байна. Тодруулбал, төлөвлөгөө ёсоор 2019 онд ашиглалтад орох байсан ч сунжирсаар 2022 он хүртэл хойшлоод байгаа. Энэ тухай Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэлэхдээ ирэх оны намар бүтээн байгуулалт дуусна гэсэн. Монголын маргааш дуусдаггүйн үлгэр Дарханы зам дээр нүүрлэж байна. 

Жил бүр Дарханы замыг мөдхөн нээх юм шиг ярьдаг ч бодит байдал дээр тоос шороо боссон там шиг замаар иргэд зорчиж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсоор.Дарханы замын бүтээн байгуулалт эхлэхээс өмнө 2017 оны эхний долоон сард  ослын шинжтэй  53 хэрэг бүртгэгдэж байв. Энэ тоо 2018 оны мөн үед 75 болж 41.5 хувиар нэмэгдсэн нь замын ажилтай холбоотойн зэрэгцээ 300 гаруй иргэн 200 сая төгрөгийн хохирол амссан байна.Хамгийн ноцтой нь : Ослоор бэртсэн болон амь насаа алдсан иргэдийн статистик :

2019 онд 25 иргэн амь насаа алдсан бол 79 хүн бэртжээ.

2020 онд гурван хүн нас барж 25 хүн гэмтсэн байна. 

2021 оны эхний хагас жилийн байдлаар 20 гаруй хүн зам дээр амиа алдаж, 40 гаруй нь гэмтжээ.

Хамгийн сүүлд, Дарханы замд “Тоёота Приус-20” маркийн автомашин “Ниссан Санни” маркийн автомашинтай мөргөлдөж, ослын улмаас нэг хүн амиа алдсан ноцтой осол өнгөрсөн сарын 26-нд гарсан. Энэ мэт ослууд цөөнгүй гардаг нь ч өдгөө ердийн үзэгдэл мэт болж иргэд ч дөжирчээ.

Цөөхөн хүн амтай мөртлөө жилд 100 шахам иргэнээ бид зам дээр алдсаар. Үүний буруутан жолооч нар болоод дуусдаг. Гэтэл цаг тухайд нь замын бүтээн байгуулалтаа хийж чадаагүй төрийн хариуцлагагүй бодлогоос болж  өчнөөн хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа хохирлын талаар хэн ч хөнддөггүй. Энэ бүхэнд салбарын сайд нь бүү хэл гүйцэтгэгч компаниудын нэг нь ч хариуцлага хүлээж уучлал гуйсан нь үгүй. Хэчнээн гэр бүл энэ зам дээр хагацал, зовлон амссаныг хэлэхэд бэрх.

Улаанбаатар-Дархан чиглэлийн  замыг  дөрвөн эгнээ болгон өргөтгөж,  204.11 км урт байхаар төлөвлөөд байгаа. Үүний 137 км авто замыг энэ оны долдугаар сард нээсэн. Энэ бүтээн байгуулалт нь нийт таван багц ажил хийгдэхээс хоёр, дөрөвдүгээр замын ажил одоо ч дуусаагүй асуудалтай хэвээр байна. 

Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр аравдугаар сарын сүүл хүртэл замын бүтээн байгуулалт үргэлжлэх  нь. Гэвч ирэх оны намар нь Дарханы зам тоос боссон хэвээрээ, салбарын сайд нь дахин “зун бороо хур ихтэй байлаа" гэж өөрсдийнхөө хариуцлагагүйн үйлдлийг тэнгэр хангайд тохоод сууж байх вий. 

Монголын маргааш дуусдаггүйн үлгэр Дарханы зам дээр нүүрлэж байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.