Д.СУМЪЯАБАЗАР: ХУУЛЬ ЗӨРЧСӨН 22 БАРИЛГЫГ НУРААНА

Богдхан уулын Дугуй цагаан орчимд хийж буй тохижилтын ажилд тус уулын аманд газар эзэмшдэг компани саад учруулж байгаа талаар албаны хүмүүс мэдээлэх үеэр Хотын дарга Д.Сумъяабазар хууль зөрчсөн 22 байршлын барилгыг нураана хэмээн мэдэгдлээ.
"Тохижилтын ажилд саад учруулж буй тухайн компани өөрсдөө ойрхон их гоё байшин барьчихсан. Тэгсэн мөртлөө нийтийн эрх ашгийн төлөө нийслэл жоохон юм хийх гэхээр оруулахгүй байгаа нь буруу.
Буруугаар ч барахгүй ийм зүйл байх ёсгүй. Гэтэл Байгаль орчны сайд нь хамгаалаад, хувийн өмчид халдлаа гээд байдаг. Хуулийг уландаа гишгэсэн, иргэдийн хүсэл сонирхлын дээрээс дэвссэн байдалтай нийслэл эвлэрэхгүй. Нийслэл аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ. Гэхдээ ийм аж ахуйн нэгжийг дэмжих бололцоо алга" хэмээн хэлээд "Энигма" компанитай холбоотой дөрвөн тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг албаныханд өглөө.
Үргэлжлүүлэн "Нийслэлд хууль зөрчиж барилга барьсан 116 байршлаас 22-т нь бид даруй арга хэмжээ авна. Одоо яахыг хараарай. Дээрх 22 байршлын барилгыг нураагаад эхэлбэл хувийн хэвшилд халдлаа гэх байх. Гэхдээ нураана.
Үндэсний номын сангийн урд байгаа барилга байгууламжаас эхлээд дүгнэлтийг нь гаргуулж байгаад бүгдийг нь нураана" хэмээв.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.