ТӨРСӨН ЭЦГИЙНХЭЭ АМИНД ХҮРСЭН ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН САР ЦАГДАН ХОРИХООР ШИЙДВЭРЛЭВ

Баянзүрх дүүрэгт өнгөрсөн Даваа гарагт өсвөр насны буюу 17 настай эрэгтэй согтуурсан үедээ төрсөн эцгийнхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарч, холбогдогч этгээдийг саатуулаад байсан.

Тухайн иргэнд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг гаргасан байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан /санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах/ гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан өсвөр насны яллагдагч М.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх өнөөдөр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...Өсвөр насны яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, ...Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах... гэсэн зорилтод нийцүүлэн үндэслэлээр өсвөр насны яллагдагчид нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.