2023 ОНЫ ТӨСӨВТ НИЙТ 36,5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛНО

2023 онд 36.5 сая тонн буюу цар тахлын өмнөх үеийнхтэй ижил түвшинд нүүрс экспортолно.2023 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогод уул уурхайн салбараас 4.9 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан байна.
Харин нийт орлогыг 18.9 их наяд төгрөг гэж тооцоолсноор уул уурхайн салбараас орлогын 25 орчим хувийг бүрдүүлэхээр болж байна.
2023 онд 36.5 сая тонн буюу цар тахлын өмнөх үеийнхтэй ижил түвшинд нүүрс экспортолно гэж тооцоолжээ.  Хэдий тийм боловч өмнөх жилүүдээс ялгаатай нь экспортын суваг нэмэгдсэн байх төлөвтэй байна.Энэ онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нээгдэж, туршилтын тээвэр хийж байгаа юм. Ирэх онд Гашуунсухайтыг Ганцмодтой төмөр замаар холбох ажил хэрэгжинэ. Мөн боомтын сэргэлтийн хүрээнд хийж буй дэд бүтцийн ажлууд дууссанаар нүүрс, зарим түүхий эдийг авто болон төмөр зам, мөн чингэлэг тээврээр тээвэрлэх аж.
Нүүрснээс гадна экспортын орлогын ихэнх хэсгийг бүрдүүлдэг зэсийн баяжмалын хувьд 1.4 сая тонныг экспортолно гэж тооцоолсон байна. “Оюутолгой” төслийн гүний уурхайн үйлдвэрлэл ирэх оны эхний хагаст эхэлснээр зэсийн баяжмалын экспортыг өмнөх жилүүдээс нэмэгдүүлж тооцоолжээ. Худалдаалах үнийн хувьд тонн нь ойролцоогоор  8400 ам.доллар гэж тооцоолсон байна.Төсвийн төсөлд ирэх оны нийт зарлагын хэмжээг 20.4 их наяд төгрөг буюу 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцоолжээ.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.