ТӨРИЙН ШИЙДВЭРҮҮД “СОШИАЛ”-ААС ТӨРСӨӨР ...
Нийгмийг, нийт ард түмнийг төлөөлөх чадамжгүй ч бүхэлд нь төлөөлж байгаа мэт харагдаж, үзэл бодлоо хүлээн зөвшөөрүүлдэг хэсэг бүлгийнхнийг “Сошиалчид” хэмээнэ. Улсынхаа Хууль зүйн сайдыг “Сошиал”-чидтай ам уралдуулан хэрэлдэхийг, хотын даргыгаа “Сошиал”-чдын дайралт бүхэнд хариулт өгөхийг хараад “Төрийн шийдвэр тогтоол” Сошиалаас хамааралтай болчихоод байна гэхэд нэг их хол зөрхөөргүй болчихоод байна. Монголыг улстөрчид удирдаад байна уу, сошиалчид удирдаад байна уу ? Сошиалчид дотроо хоёр төрөл байна.Зөвхөн өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг нэг төрлийнхөн. Харин нөгөө нь бусдын заавраар үнэнийг худал, худлыг үнэн болгож тараах замаар олон нийтийн үзэл бодлыг өөрчилж байдаг төрлийнхөн. Нийгэмд хамгийн аюултай боловч хамгийн их хандалт авдаг, хүчтэй төрлийнхөн нь үнэнийг худал, худлыг үнэн болгогч сошиалчид. Энэ төрлийн сошиалчдыг троллууд гэх бөгөөд тэднийг голдуу улстөрчид өөр өөрсдийн талд ажиллуулж, өрсөлдөгчдөө хэрхэн харлуулах, нийгмийн санаа бодлыг юу гэж өөрчлөх, юуг шүүмжилж, юуг магтахыг нь зааж, захиалга өгдөг. Ийм нэг захиалга дээр хэдэн зуун тролл ажиллаж зорилгоо гүйцэлдүүлэх хүртлээ зогсохгүй. “Үнэн гутлаа өмсөж байхад худал уул давсан байдаг” гэгчээр олон нийт тэр хэдэн зуун троллын захиалгатай, хуурамч үзэл бодолд шуудхан л итгэдэг болчихоод байна. Үүний уршгаар хүн алсан хүн ч ардын баатар болж болдог болчихжээ. Мөн троллуудын ажиллах механизм нь гурван янз. Эхнийх нь хэн нэг улстөрч, нам, төрийн байгууллагын хийх гэж байгаа ажил, гаргах гэж байгаа шийдвэрийг урьдчилаад “Зайлшгүй шаардлагатай” байгаа мэтээр олон нийтэд ухуулж, сэтгэлзүйг нь бэлтгэх арга. Тэгж тэд олон нийтийн үзэл бодлыг өөрсдийн талд бэлдсэний дараа шийдвэр гаргахад олон нийт үнэхээр л нүдээ олсон шийдвэр гэж таатай хүлээж авна гэсэн үг. Дараагийнх нь Аливаа шийдвэр гарсны дараа тухайн шийдвэр л “хамгийн зөв” гэж олон нийтэд ойлгуулах арга. Сүүлийн арга нь “ Нийгмийг шуугиулсан аливаа сенсацийг өөр сенсациар дарах” арга юм. “60 тэрбум”-ын хэргийн дуулиан “ЖДҮ”-чдийн сенсацид дарагдсан шиг. Өөрсдийх нь талын “но” ил болмогц өөр анхаарал татсан шуугиан гаргаж ирэх нь троллуудын сайн чаддаг зүйл. Энэ аргаараа тэд улсаа худалдсан асуудлыг ч дарж чадхаар хэмжээнд хүрчихээд байна. Троллууд энэ мэтээр олон нийтийн санаа бодлыг дураараа удирдах чадвартай учраас улстөрчид өрсөлдөгч нарынхаа троллуудаас учиргүй айна. Тиймдээ ч гаргасан шийдвэр, эхлүүлсэн ажлыг нь шүүмжилж эхэлмэгц гаргасан шийдвэрээ цуцалж байсан тохиолдлуудыг бид олон харсан. Троллуудын энэ их хүч чадал нь улстөрчид нэрээ хэт их хичээдэг л оршиж байна. Улстөрчид троллууд олон хандалт авах тусам өөрийг нь олон нийт муухайгаар харж эхэлнэ гэж айдаг учраас л тэдгээр троллууд төрийн толгойд гарчихаад байна.