Ж.СОРОНЗОН МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ БИЕЛҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Орос 3-тай холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Энэ бол ямар ч эргэлт буцалтгүй шийдвэр. Орос 3-ын захирал асан Ж.Соронзон Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Тийм учраас ямар нэгэн байдлаар хамт олон, эцэг эхчүүдийг өдөөн хатган жагсаал цуглаан зохион байгуулах үйл ажиллагаа хийж байна. Монгол бол тусгаар улс. Монгол Улсын тэр тусмаа БШУС-ын тушаалыг цаг нь болоогүй байсан зэргээр болчимгүй мэдэгдлийг аль ч улсын ЭСЯ гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдаж буй үйлдэл. Үүн дээр ГХЯ-ны ноот бичиг гаргана. Орос 3-тай холбоотой асуудалд бид цэг тавьсан.

Өнөөдрийн байдлаар Орос 3 дугаар сургууль 100 хувь Монгол Улсын өмчлөлд байгаа. ОХУ нэг ч төгрөг гаргадаггүй. Сургуулийн үйл ажиллагааны 84 хувийг эцэг эхийн зардал, 16 хувийг Монголын татвар төлөгчдийн мөнгөөр явуулдаг. Тийм учраас ОХУ урсгал зардалд нэг ч төгрөг гаргадаггүй байж энэ сургуулийн удирдлагатай холбоотой Монгол Улсын Засгийн газрын гаргасан шийдвэрийг гадаадын этгээд явуулга, байр сууриа илэрхийлэх ёсгүй гэдгийг хатуу хэлье" гэлээ.

БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр өчигдөр тус сургуулийн удирдлага, багш, эцэг эхийн төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр "Хууль үйлчилнэ. БШУ-ны сайдын шийдвэр хэрэгжинэ. 1992 онд гэрээ байгуулахдаа Монгол Улс томилгоотой холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Өнөөдөр тус гэрээ хүчин төгөлдөр байна" гэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.