ДИЗЕЛЬ ТҮЛШ БОЛОН АИ-95 ШАТАХУУНЫ ҮНЭ ЛИТР ТУТАМДАА 300 ТӨГРӨГӨӨР БУУРЛАА

Шатахууны үнийн асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Дэлхий дахинд түүхий газрын тосны үнэ буурснаар дизель, болон АИ95 түлшний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр буурсан. Дэлхийн зах зээл дээр сүүлийн хоёр жилий хугацаанд түүхий газрын тосны үнэ сар бүр өсөж байсан. 

Эрдэс баялагийн бүтээгдэхүүний хамгийн том худалдан авагч, борлуулагч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотойгоор брент маркийн түүхий газрын тосны үнэ дэлхий дахинд сүүлийн сар уналттай ажиглагдсан. 

Нэг баррель нь 135 доллар хүрч байсан бол өчигдрийн байдлаар 96 доллар болж буурсан байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурахад АИ95 болон дизель түлшийн үнэ буурч ажиглагдаж байна. 

АИ92 автобензины тухайд ОХУ-ын Роснефть компанитай хийсэн хэлцлийн дагуу он дуустал тонн нь 830 доллароор худалдан авна. 

АИ-92 шатахууны үнэ он дуустал 2390 төгрөг хэвээр байна. Есдүгээр сард дизель түлшний үнэ дахин буурах болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Ургац хураалтын цаг болж энэ үед дизель түлш гол хэрэглээ болдог. ХХААХҮЯ-наас ургац хураалтын үед 10000 тонн дизель түлш шаардагдана гэсэн тооцоолол ирүүлсэн" хэмээв. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.