Фүкүшимагийн химийн хог хаягдлыг Хоккайдо руу шилжүүлжээ

Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ойролцоо хадгалагдаж буй химийн хортой хог хаягдлыг Хоккайдо руу шилжүүлжээ. Хог хаягдлыг хоргүйжүүлэх зорилготойгоор ийн шилжүүлсэн нь нутгийн оршин суугчдын санааг зовоогоод байна. Эдгээр хог хаягдал нь хүний биед хортой полихлорт бифенилийн өндөр агууламжтай.

Хоккайдо мужийн Муроран дахь цэвэрлэх байгууламжид уг хог хаягдлыг хоргүйжүүлэхээр авчирсан боловч иргэдийн эсэргүүцлийн улмаас төлөвлөгөөг хойшлуулаад байна. Тодруулбал, химийн хог хаягдлыг Муроранд авчирсныг эсэргүүцэж өчигдөр /2022.08.16/ 10 орчим иргэн байгууламжийн ойролцоо жагсчээ. “Бид нэг л удаа үүнийг хүлээгээд авчих юм бол ахин дахин хог хаягдал хүлээж авах шаардлагатай болно” гэж жагсагчдын ахлагч Сачико Окура хэлэв.

Байгаль орчны яам хог хаягдлыг зайлуулахаас өмнө цацраг идэвхит бодисын хэмжээг тодорхойлсон аж. Ингэхэд аюулгүй байдлын стандартаас доогуур түвшинд байгааг нотолсон гэлээ. Түүнчлэн тээвэрлэлт, байршуулалтын явцад үе үе хэмжилт хийнэ гэж мэдэгдсэн.

Полихлорт бифенил нэртэй хорт нэгдлийг 1972 оноос Японд үйлдвэрлэхийг хориглосон. Учир нь 1968 онд “Канеми Соко К.К.” нэртэй компанийн үйлдвэрлэсэн цагаан будааны хивэгний тос полихлорт бифенилээр бохирдсон байжээ. Үүний улмаас маш олон хүн хоолны хордлого болж байсан. Өдгөө уг бодисын агууламжтай хог хаягдлуудыг устгах ажлыг засгийн газраас хэрэгжүүлж буй.

Эх сурвалж: JAPAN TODAY

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.