ЗӨӨВЧ –ОВОО УРАНЫГ ОЛБОРЛОЖ ЭХЭЛСНЭЭР МАНАЙ УЛС ДЭЛХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ТОМООХОН ТОГЛОГЧ БОЛЖ БАЙГАА ЮМ

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд манай улсыг дэлхийн эрчим хүчний салбарт тодотгох томоохон төсөл эхлээд хагас жил болж байна.

Дэлхийд ураны нөөцөөрөө дээгүүрт бичигдэх тус ордын үйлдвэрлэлийн туршилтыг Монгол Улсын төрийн өмчит "Мон-Атом" компани Францын "Орано майнинг" компанийн хамтарсан "Бадрах Энержи" компани өнгөрсөн долдугаар сард эхлүүлээд байна. 

Зөөвч-Овоо ордын үйлдвэрлэлийн туршилт гэж чухам юу вэ?

Хор аюулгүй байгалийн ураны бүтээгдэхүүн болох шар нунтаг боловсруулж байгаа үйл явц юм. Ингэхдээ уран олборлох дэлхийн хамгийн дэвшилтэт технологи болох газар доогуур уусган олборлох буюу байгальд хамгийн хор багатайд тооцогдох технологийг ашиглаж байгаа аж.

Зөөвч-Овоо орд дээр гэхэд 30 гаруй  хяналтын цооногийн тусламжтайгаар шинжилгээний төрлөөс хамааран долоо хоног, хоёр долоо хоног, сар, улирал тутамд шинжилгээ, хэмжилт хийж, стандартыг хангадаг. Харин үйлдвэрлэлийн үйл явцаа өдөр тутмын шинжилгээгээр хянадаг байна.

Туршилтын энэ үйлдвэрлэл одоо нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Үр дүнд нь цаашдын үйлдвэрлэлийн хэмжээний олборлолтын техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг  баталгаажуулах юм. Энэ хугацаанд 20 орчим тонн уран үйлдвэрлэж экспортолох аж. Нэг сайхан тал нь энэ бүх үйл явцыг хянахад нутгийн иргэд оролцох боломжийг бүрдүүлжээ.

Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилт олборлолтын хоёр цооног буюу хоёр талбайд хийнэ. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд хойд торлол буюу нэг талбайгаас 4.4 тонн ураныг газар доор уусган олборлож, боловсруулаад байгалийн ураны бүтээгдэхүүн гарган аваад байна. 

Тус төсөлд дотоодын ажилчдыг түлхүү ажиллуулах бодлого баримталж байна. 

Өөрөөр хэлбэл, орон нутагт ажлын байр, худалдан авалтаас эхлээд эдийн засгийн хувьд үр өгөөжөө хэдийнэ өгөөд эхэлсэн. 

1997 оноос хойш хагас их наяд гаруй төгрөг зарцуулж, 2009-2020 онд тусгай зөвшөөрлийн төлбөрт 20, татвар хураамжид 25 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Дотоодын ханган нийлүүлэгчдээс долоон тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн зэргийг онцолж болох юм.

Урьдчилан тооцоолж байгаагаар төслийн нийт хөрөнгө оруулалт ТЭЗҮ-ийн дагуу нэг тэрбум гаруй ам.доллар буюу гурав орчим их наяд төгрөг. Үйлдвэрлэлийн хүчин чадлын тухайд жилд 1- 2.5 мянган тонн ураны ислийг 30 гаруй жилийн хугацаанд үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ хугацаанд 800 гаруй шууд ажлын байр бий болгохын зэрэгцээ нэг тэрбум гаруй ам.долларыг (татвар, нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг зэрэг) улсын төсөвт төвлөрүүлэх төсөөлөлтэй байгаа аж.

Ураны хор аюул  байгаа юу?

2022 оны нэгдүгээр сард танилцуулсан нь тус нутагт очиж хийсэн хамгийн сүүлийн шинэ судалгаанд үндэслэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан : "Судалгааны ажлын хүрээнд эхлээд хөрсөнд хүнд металл болон цацраг идэвхт бодис байгаа эсэхийг тогтоохдоо ураны уусгалтын туршилт хийх гэж байгаа газруудын ойролцоох газруудаас нийт 62 дээж авахад ямар нэгэн хүнд металл илрээгүй.

Байгалийн цацраг идэвхт бодисын агуулгыг мөн тодорхойлохдоо хүний амьсгалах түвшинд, жилийн турш амьдрахад ямар тунгаар цацраг авах вэ гэдгийг тогтооход дэлхийн дундажтай ойролцоо байна” хэмээв.

Мөн усны судалгаанд Булгаас өөр гадаргын ус тухайн газарт байхгүй ба газрын доорх ус байсныг дурдсан ба газар нутгийн хөрс, чулуулаг нь геологийн тогтцоос хамаарч, хүнцэл, фотор, ураныг ихээр агуулж байгаагаас хөрсний болон гүний усанд эдгээр элемент өндөр агуулагдаж байгаа гэж дүгнэжээ.

Уг газар нутгийн ургамлын дээжид хийсэн судалгаагаар элементийн агууламж хэвийн,малчдын мах, сүүнд мөн шинжилгээ хийхэд хүнсний бүтээгдэхүүнд хүнд металлын зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарсан бохирдол илрээгүй, мах, сүү нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хортой бодис агуулаагүй байсныг судалгааны үр дүнд нотолжээ.

Үнэн, худал нь мэдэгдэхгүй явж ирсэн эргэлзээ, айдсыг нэг талд гаргахуйц тодорхой судалгаа болсон гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд Засгийн газраас өмнө нь чиглэл болгон судалгаа хийж, дээжүүдийг гаднын лабораториудад хүргүүлэхэд мөн л хэвийн түвшинд байсан.

Монгол Улсыг олон улсын эрчим хүчний салбарт байнгын оролцогч байх боломжийг энэ төсөл олгож байгаа юм. Хэдийгээр Монгол Улс цөмийн эрчим хүчийг ашиглахгүй ч түүхий эдийн экспортлогч болох нь энэхүү байр сууринд хүргэж байгаа юм.манай улсын хувьд эрчим хүч зэрэг стратегийн чухал салбарт гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт юу юунаас чухал.Хэтийн зургаар харвал төслийн ач холбогдол жил өнгөрөх тусам нэмэгдэх нь гарцаагүй.

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.