БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД Б.БАЯРМАГНАЙГИЙН ЗӨВШӨӨРЛӨӨР “ОРИЕНТ ИНВЕСТМЕНТ ПРОПЕРТИЗ ХХК” ОЙ МОДЫГ ГОЛТОЙ НЬ ХАШААЛЖ БАРИЛГА БАРЬЖ БАЙНА
СБД-ийн 19-р хороо Хандгайтын ойн бүсэд голын дэргэдэх бургасыг сүйтгэж, голын урсгалд сөргөөр нөлөөлж, ногоон бүсийг сүйтгэн голыг модтой нь хашаалж 20 гаруй барилгын суурь цутгасан асуудлыг хэвлэлийнхэн илчилж мэдээлсэн. Тэгвэл өнөөгийн батлан хамгаалахын дэд сайд Баярмагнай зөвшөөрөл олгон гарын үсэг зурсанаар “Ориент инвестмент пропертиз ХХК”-ийг ой модыг гол устай нь хамт хашаалан барилга барих боломж нөхцөлөөр хангаж өгчээ. Ойн бүсэд “Ориент инвестмент пропертиз ХХК” гэх компани барилгын ажил явуулж байсныг Экологийн цагдаагийн албанаас зогсоогоод байгаа. Гэтэл наймдугаар сараас эхлэн тус компани барилгын ажлаа үргэлжлүүлэн явуулсаар байгаа бололтой. Эх сурвалжийн мэдээллээр "Хандгайт велла” гэх хотхон барихаар энэ оны гуравдугаар сарын 23-нд үйл ажиллагаа эхлүүлж, барилгын ажил явуулж байсныг тус ойн ангийн байцаагч ойн бүсийг сүйтгэж байна гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэж таван сая төгрөгийн торгууль ногдуулж байжээ. Харин тус газарт "Ориент Инвестмэнт Пропертиз ХХК" зөвшөөрөл авсан гэх үгээр халхавчлан байгаль орчныг сүйтгэсээр байгааг Нийслэлийн байгаль орчны газраас баталсан байдаг. Угтаа "Хандгайтын ойн бүсэд 2012 оны 04 сард 2,8 га газрыг ой хамгаалах, нөхөн сэргээх зориулалтаар “Ориент инвестмент пропертиз ХХК”-д тухайн үеийн СБД-ийн засаг дарга одоогийн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайн захирамжаар зөвшөөрч байжээ.Газраа “ой хамгаалах” зориулалтаар авчихаад тухайн оныхоо 11 сард “зуслан”-гийн зориулалт болгон өөрчлөх, хугацааг нь сунгах хүсэлт өгсөн байна.Харин тус өөрчлөлтийг нь ч тухайн үеийн Засаг дарга одоогийн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай зөвшөөрч гарын үсгээ зурсан байна. Ойг нөхөн сэргээх, хамгаалах зориулалтаар газар олгочихоод төд удалгүй "зуслан"-гийн зориулалт болгон өөрчилөхөд ч оролцсон дэд сайдын оролцооны ард албан тушаалын гэмт хэрэг цухалзаж байгаа юм. Тиймээс Авилгатай тэмцэх газраас 2012 оноос СБД-ийн Засаг даргаар ажиллаж байсан, одоогийн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайг шалгах нь асуудлыг эхнээс нь зөв шударгаар шийдвэрлэхэд дөхөм бөгөөд түүнд ч мөн хариуцлагын асуудал яригдах нь төрд гарсан албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж энэ төрлийн гэмт үйлдэлд нэр холбогдохоос сэргийлэх сэрэмж ч болох олон талын ашигтай юм.