Сүүлийн 14 хоногийн хугацаанд бага насны гурван хүүхэд усанд живж амь насаа алджээ

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, энэ төрлийн зөрчлийн талаар Цагдаагийн Ерөнхий Газрын (ЦЕГ) Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюун мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр "Цахим орчинд нийтлэгдсэн бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг үргэлжлүүлж байгаа. Одоогоор Ховд аймаг дахь цагдаагийн алба хаагч хүүхдийн эрхэд халдсан хэргийг Авлигатай Тэмцэх Газраас (АТГ) шалгаж байна. Түүнчлэн сурагчийнхаа бие халдсан багшийн асуудлыг ЦЕГ-аас шалгаж байгаа. Урьдчилсан байдлаар гэрийн даалгавар хийгээгүй гэх шалтгаанаар хүүхдийн эрхэд халдсан нь тогтоогдсон. Хүүхдийн биед учирсан гэмтлийг тогтоох зорилгоор Шүүх Шинжилгээний Үндэсний Төвөөс (ШШҮТ) шинжээч эмч томилсон бөгөөд үргэлжлүүлэн шалгаж байгаа" хэмээн ярилаа. 

"Хамгийн гол нь хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг хүлээгчид маань энэ төрлийн зөрчил гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй. Зөвхөн Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль гэлтгүй Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхдийн эрхийг баталгаажуулсан байдаг" гэдгийг үргэлжлүүлэн хэлсэн юм. 

Мөн тэрбээр "Удахгүй зуны амралт болно. Хичээл сургуулийн амралт эхэлж буй энэ үед бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг анхааруулж байна. Сүүлийн 14 хоногийн хугацаанд бага насны хүүхэд усанд живж амиа алдсан харамсалтай гурван тохиолдол бүртгэгдсэн. Аюул ослоос урьдчилан сэргийлэх нь нэн чухал" гэв. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.