ТЕНДЕРГҮЙГЭЭР ТӨСВИЙН 69.2 САЯ ТӨГРӨГӨӨР ЧИХЭР АВЧЭЭ

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатар, ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл нар  эдийн засгийн хүнд үед төсвийн мөнгөөр тоглосон олон баримтууд байдаг. 

БГД-ийн удирдлагууд цар тахлын үед ахмадуудын нэрийг барьж хүнсний багц олгох нэрийдлээр “Агууша фүүдс” ХХК-тай хууль зөрчин 69.2 сая төгрөгөөр чихэр худалдаж авах гэрээг байгуулсан. Төсвийн мөнгийг хууль зөрчин зарцуулсан энэ үйлдэл аудитын шалгалтын явцад ил болоод байна.Баянгол дүүргийн ЗДТГ-ын гэрээ байгуулсан “Агууша фүүдс” ХХК 2021.09.14-ны өдөр УБЕГ-т хуулийн этгээдээр бүртгүүлж. Үүнээс хойш ердөө 10 хоногийн дараа буюу 2021.09.24 өдөр Баянгол дүүргээс 69.2 сая төгрөгийг ямар ч тендер зарлалгүй гаргуулж авсан.Цар тахлаас шалтгаалж эдийн засгийн байдал хүндэрсэн тул төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж, шаардлагагүй зардлуудаа хэмнэхийг төрийн бүх шатны байгууллагуудад Засгийн газраас даалгаж 43 дугаар тогтоолыг 2021 онд баталсан. Тус тогтоолд төсвийн мөнгөөр урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн, салбарын өдөрлөг, аялал зугаалга зэргийг зохион байгуулахыг хориглосон байдаг. Гэвч энэ хууль БГД-т хэрэгждэггүй бололтой. 

Тухайлбал: 

 

Тавилга, эд хогшил худалдаж авахад - 48.5 сая төгрөг

Контент бүтээхэд - 36 сая төгрөг

Албан хаагчдад гарын авлага хэвлүүлэхэд - 24.7 сая төгрөг

Явган аялал зохион байгуулахад - 6.9 сая төгрөг

25-р хорооны албан хаагчдын сагсан бөмбөгийн тэмцээнд - 9.1 сая төгрөг

Санхүүгийн ажилтнуудын спортын арга хэмжээнд - 5 сая төгрөг

Санхүүчдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд - 7.3 сая төгрөг

Хороодын нийгмийн ажилтны сургалт, тараах материал хэвлэхэд - 9.2 сая төгрөг

Сургалт зохион байгуулахад - 7 сая төгрөгийг тус тус зарцуулж төсвийн хууль болон Засгийн газрын 43-р тогтоолыг удаа дараа зөрчжээ.

Түүнчлэн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар шилэн дансандаа 860 сая төгрөгийн 33 санхүүгийн гүйлгээгээ ил тод мэдээлээгүй.

Зөвхөн Баянгол дүүргийн ЗДТГ-ын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын шалгалтаар 1.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байдаг. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.