ХОВД АЙМАГ ИРЭХ 10 ЖИЛД 20 САЯ МОД ТАРЬЖ УРГУУЛНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймгийн газар тариалах эрхлэгчид, идэвхтэн, байгаль хамгаалагчид, ойн аж ахуй эрхлэгчид чууллаа. Нэгдсэн чуулганаар Ховд аймагт үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө, ойжуулалт, нөхөн сэргээлт, судалгааны үр дүн, сургамж зэргийн талаар илтгэл сонсож, хэлэлцэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар чуулганыг нээж үг хэллээ.

Тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Монгол Улсын оруулах томоохон хувь нэмэр бөгөөд экосистемээ сэргээх, эдийн засгийн аргаар цөлжилттэй тэмцэж, ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах зэрэг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтойг хэлэв.

Мөн үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэхдээ автозамыг элсний нүүдлээс хамгаалах, ажлын байх нэмэгдүүлэх, усжуулалтын системтэй болох, ургамал хамгааллын бодис, бордоо үйлдвэрлэх зэргээр бусад салбартайгаа уялдуулах нь зүйтэй гэж үздэгээ хэлэв.Ховд аймаг ирэх 10 жилд 20 сая мод тарьж, жимс, жимсгэний мод үржүүлгийн талбай байгуулан, шинээр 20 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөөд байна.

Тухайлбал жил бүр 3,000 га-гаас дээш талбайн 80 хувьд нь улиас, бургас, хайлаас, шар хуайс зэрэг мод, 1 0 хувьд нь жимс, жимсгэнэ, 10 хувьд нь төрөл бүрийн ногоо, бут сөөг, малын тэжээлийн ургамал тарих юм.

Сум бүр жилд гурваас доошгүй га талбайд мод тарьж, усалгааг цогцоор нь шийдвэрлэн, тус бүр хоёр га мод үржүүлгийн талбайтай болох зорилт тавьжээ. Аймаг жил бүр 50-иас доошгүй хүнийг сургаж бэлтгэх, шон, төмөр тор, бордооны жижиг үйлдвэрийг хөгжүүлэх,  худаг, хөв цөөрөм байгуулах, тарьж ургуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг урамшуулах зэргийг төлөвлөгөөндөө тусгасан байна.

Ховдчууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд агро-ойн шинэлэг шийдлүүд, туршлагуудыг нутагшуулах, залуусыг түлхүү татан оролцуулах чиглэлд анхаарна гэдэгт итгэж байгаагаа Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж хэлэв.

Ховд аймаг ойн сав бүхий газарт нөхөн сэргээлт хийх, үр тарих 40 мянган га газрын нөөцтэй. Мөн Их говийн дархан цаазат газрын Б бүсэд заган ойг нөхөн сэргээх, заг тарих 100-аас дээш газар, газар тариалангийн салбарт хуримтлуулсан туршлага, ажиллах хүчний нөөц байгааг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав  илтгэлдээ дурдав.Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон холбогдох байгууллага, эрдэмтэн судлаачид, төрийн болон хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн  Ажлын хэсэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулаад байна.

Цаашид үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан нэгдсэн төлөвлөгөө, хэрэгжүүлэх замын зургийг гаргах юм.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.