“ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЭХНИЙ ӨДРӨӨ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Өнөөдөр Монгол Улсын зам, тээврийн салбар иргэд, олон нийтэд үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулж байна.
📌Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын “ЧӨЛӨӨЛЬЕ”санаачилгын хүрээнд зохион байгуулж буй “Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” эдгээр өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
📌Нээлттэй өдөрлөгөөр Зам, тээврийн салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх,  мэдээ мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэж байгаа юм.
📌Арга хэмжээг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ энэ жил иргэний нисэх, автотээвэр, төмөр замын салбарын түүхт ой, түүхэн чухал өдрүүд тохиож байна. Мөн үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн 70 жил, УБТЗ ХНН-ийн 77 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэж, салбарынхаа баярын мэнд дэвшүүллээ.
📌Тэрбээр "Зам, тээврийн салбар бол улс орны эдийн засаг, хөгжлийн суурь салбар. Тиймээс Засгийн газар, Зам тээврийн яамнаас авто зам, төмөр зам, иргэний нисэхийн салбарт тээвэр логистикийн томоохон бүтээн байгуулалтуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. 
📌Бид зөвхөн бүтээн байгуулалт хийхээс гадна иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулдаг зарим шаардлага, хүнд суртлыг бууруулах чиглэлд бодит өөрчлөлтүүдийг хийж эхлээд байна. 
📌“ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын хүрээнд салбарын үйлчилгээг илүү шуурхай, нээлттэй, хүртээмжтэй болгохын төлөө ажиллаж байна" хэмээн онцоллоо. 
📌Өдөрлөгөөр иргэд олон нийтэд чиглэсэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, улсын дугаар олголт, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, хасалт бүртгэл, ачаа болон зорчигч тээврийн мэдээлэл, мэргэшсэн жолоочийн шалгалт, зөвлөгөө, онлайн тасалбарын системийн танилцуулга зэрэг  олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байна.
📌Засгийн газраас хэрэгжүүлж буй ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын хүрээнд Зам, тээврийн сайдын тушаалаар “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах журамд өөрчлөлт оруулж, тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж байсан зарим шаардлага, зохицуулалтыг цуцаллаа.
📌Мөн дотоодын аялал жуулчлалын тээврийн үйлчилгээ эрхэлж буй 24 хүртэлх хүний суудалтай тээврийн хэрэгслүүдэд тавигдаж байсан жолооны хүрдний байршлын шаардлагыг хүчингүй болгож, үйлчилгээ эрхлэгчдэд бодит дэмжлэгийг үзүүллээ.
📌Түүнчлэн цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын шийдвэрээр бүрэн цахилгаан болон туулах зай уртасгагчтай автомашинд ногоон дэвсгэртэй улсын дугаар олгож, нэгдүгээр эгнээгээр зорчих эрх олгон, дугаарын хязгаарлалтаас чөлөөлөөд байна.
📌Мөн төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх, бүртгэх үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор холбогдох журамд нэмэлт, өөрчлөлт оруулж, шаардагдах бичиг баримтын тоог бууруулах зохицуулалтыг боловсруулаад байна.
📌Эдгээр арга хэмжээ нь төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй болгох, хүнд суртлыг бууруулах, иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжихэд чухал ач холбогдолтой юм. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.