З.МЭНДСАЙХАН САЙДЫН ТӨБЗГ-ЫН ДАРГА ХИЙЖ БАЙХ ХУГАЦААНД АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ОЛОН ҮЙЛДЭЛ БАРИМТТАЙГАА БАЙГАА ГЭВ

Тодруулбал: З.Мэндсайхан 2019 оны 10 дугаар сараас  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байгаад 2020 оны 7 сарын 8-нд ХХААХҮ-ийн сайд болсон. Өөрөөр хэлбэл жил хүрэхгүй хугацаанд ТӨБЗГ –ын даргын хариуцлагатай албыг хашсан. Тэгвэл энэ хугацаанд ашиг сонирхлын зөрчилтэй олон үйлдэл хийсэн талаарх баримт бидэнд байна.

Тодруулбал, тэрбээр “Ньюсувагт констракшн” ХХК-ийн 70 хувийг, “Магнатайэрс монголиа” ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг. Үүнийгээ АТГ-т мэдүүлдэг ХОМ-тээ “тайлагнасан”. 70-80 хувийн хувьцаа эзэмшигч гэдэг нь бараг өөрийнхөн эзэмшлийн компаниуд гэсэн үг. Тэгвэл эдгээр компаниудаараа дамжуулж баргийн “аавын хүү”-гийн авч чадахгүй тендерүүдийг хэрхэн өөрийнх болгосныг доорх баримтаас харж болохоор байгаа юм.

 

 

Тухайлбал: “Ньюсувагт констракшн” ХХК   2020 оны наймдугаар сард ХНХЯ-ны захиалга бүхий ХААИС-ийн МСҮТ-ийн хичээлийн байр барих тендерийг авсан байна. Орхон аймагт баригдах барилгыг 4 тэрбум 909 сая 700 мянган төгрөг санал болгоод авч байжээ.

Дараа нь буюу 2021 оны 5 дугаар сард сайдын албан тушаалд очсон хойноо мөн л “Ньюсувагт констракшн”-аараа 5 тэрбум 600 сая 250 мянган төгрөгийн тендер авчээ. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын секцийн өргөтгөл, барилга угсралтын ажил нэртэй.

Үүнээс харахад З.Мэндсайхан ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлүүд гаргасан хэдий ч үүнийгээ огт тоодоггүй бололтой. Учир нь дээрх тендерүүд түүнийг ХХААХҮ-ийн сайд болсны дараа батлагдаж, нэг тийш болсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, 4.9 тэрбумын тендер нь сайд болоод сар хүрээгүй хугацаанд, үлдсэн 5.6 тэрбум төгрөгийн тендер нь сайд болоод жил хүрэхгүй хугацаанд түүний компанийн талд ийн шийдэгдсэн байх юм.

 

Товчхондоо, мань хүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Нөгөө талдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Хэнтий аймагт сонгуульд өрсөлдөхөд бүхий л арыг нь дааж ажилласан ч гэлцдэг. Тэгэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр арыг нь дааж байгаа гэдэг хандлагаар ашиг сонирхолдоо хөтлөгдөх нь ч аргагүй биз.

Энэ бүгдээс гадна, хамгийн сонирхолтой нь З.Мэндсайханыг ТӨБЗГ-ын даргаар ажиллаж байхад тус газар хоёр хуваагдаж, нэг хэсэг нь Төрийн худалдан авах ажиллагааны газар руу шилжсэн байдаг.  Тэгэхээр, З.Мэндсайханы удирдлагад байсан хүмүүс Худалдан авах ажиллагааны газар очсон гэсэн үг. Энэ нь даргынхаа компанид том тендер өгсөн гэх хардлагыг ч төрүүлж байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.