НЭГҮҮН МЭДЭЭ
“ТҮМНИЙ БАЙР”-ИЙН С.МӨНХБАТ ЗАХИРАЛ ТҮРҮҮ БӨХЧҮҮДЭД 5000-10000 АМ.ДОЛЛАР ӨГЧЭЭ

"Азуре Коал Монгол Майнинг” ХХК-ны захирал С.Мөнхбат энэ жилийн наадмын үзүүр, түрүүний бөхөд 5000-10000 ам.доллар өгчээ. Тулгар төрийн 2232, Их монгол улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд 10.000 доллар, үзүүрлэсэн бөхөд 5.000 доллар тус бүр гардуулжээ. Үүнээс гадна хурдан морины уралдааны зургаан насны морьдын Айргийн таван морины унаач хүүхдүүдийг тус бүр нэг сая /1 000 000/ төгрөгөөр урамшуулсан байна. “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-ны захирал С.Мөнхбат энэ баяр наадмаар амжилт үзүүлсэн бөхчүүд болон унаач хүүхдүүдийн урамшуулалд 100 орчим сая төгрөг зарцуулжээ. Түүний талаарх мэдээллийг нээлттэй мэдээллийн сангаас шүүхэд “Азуре Коал Монгол Майнинг” /Azurе coal mongolia mining/ ХХК-ны үүсгэн байгуулагч болох нь нээлттэй мэдээллийн сангаас харагдаж байв. С.Мөнхбат өмнө нь “Түмний байр” төслийг санаачлан эхлүүлж хоёр ч хүнийг орон байртай болгосон. Тэрээр Английн Wonderful power mining компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд Дорноговь аймагт нүүрсний томоохон ордын лиценз эзэмшдэг мөн Асгатын мөнгөний ордыг авчихсан гэх мэдээлэл ч бий.

ХУУЛЬ БУС ТОМИЛГОО: ЭЦА-НЫ ЭРЭН СУРВАЛЖЛАХ ХЭЛТЭСТ АЖЛААСАА ХАЛАГДАЖ БАЙСАН Б.ЧУЛУУНХҮҮ ТОМИЛОГДЖЭЭ

Манай улсад шатлан дэвших зарчим буюу мерит тогтолцоо төрийн албанд хэрэгжихээ байгаад олон жилийн нүүрийг үзжээ. Эрх барьж байгаа намын даалгавар сайн биелүүлдэг, гар хөлийнх нь үзүүрт гүйж чадсан нөхдүүд төрийн өндөр дээд албан тушаалд илбэдүүлэн суух нь олны нүдэнд ил. Энэ зарчим мөн л цагдаагийн албанд байнгын шахуу үйлчилдэг билээ. Үүний нэг тод жишээ нь ажлаасаа халагдсан хүн хүртэл том даргын суудалд заларсан нь олны гайхшралыг төрүүлээд байна. Тодруулбал, Одоогийн Эрүүгийн цагдаагийн албаны 7-р хэлтсийн 1-р тасгийн дарга буюу Эрэн сурвалжлах хэлтсийн тасгийн даргаар цагдаагийн ахмад Б.Чулуунхүү ажиллаж байна. Уг албанд тэрээр 2023 оны 02 сард гэнэт томилогдсон байгаа нь анхаарал татаж байгаа юм. Б.Чулуунхүү нь өмнө нь Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст ажиллаж байгаад ажлын дутагдал гаргасан гэх шалтгаанаар ажлаасаа халагдаж байсан аж. Үүрэгт ажлаа хуулийн дагуу гүйцэтгээгүйн улмаас ажлаасаа халагдсан хүнийг ямар нэгэн үндэслэлгүйгээр шууд ийнхүү томилсон нь Төрийн албаны тухай хууль болон цагдаагийн албаны тухай хуулийн олон заалтуудыг тус тус зөрчжээ. Эх сурвалж: Асу.мн

Т.БАДАМЖУНАЙД ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛЖЭЭ

Филиппин улсаас “Шувуу” ажиллагааны хүрээнд шилжүүлэн авсан Т.Бадамжунайд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн явуулж дуусжээ. Түүнд яллах дүгнэлт үйлдлүүлэхээр баяр наадмын өмнөхөн НПГ-т хавтаст хэргийг нь хүргүүлснийг хэд хэдэн эх сурвалж батлав. Т.Бадамжунайд Эрүүгийн хуулийн 22.1-1 хэсгийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, 22.5-1-ийн хахууль өгсөн, 18.6-1-т заасан мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татаад буй билээ. Энэ оны дөрөвдүгээр сард түүнийг Филиппинийн хуулийн байгууллагынхантай хамтран ажилласны дүнд эх оронд нь шилжүүлэн авчирч, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Энэ сарын 5-нд цагдан хорих хугацаа нь дууссантай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дахин 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан. Уг хэргээс гадна олны анхаарлын төвд буй “Нүүрсний” гэх хэргийн яллагдагч Б.Ганхуягийн цагдан хорих хугацааг шүүх сунгасан юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуягт хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэмээн НПГ-аас яллагдагчаар татаад буй бөгөөд долдугаар сарын 6-нд цагдан хорих хугацааг нь сунгуулах тухай НПГ-ын хяналтын прокурорын саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд нэг сарын хугацаагаар хорих хугацааг нь сунгажээ.

ШАРГА МОРЬТ ОРЧМЫН СЭЛБЭ ГОЛЫН ҮЕРТ АВТСАН БҮСЭД ДАВТАН АРИУТГАЛ ХИЙЛЭЭ

Нийслэлд долдугаар сарын эхээр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Сэлбэ гол дагуух газрууд үерт автсан. Эдгээр бүсэд шат дараатайгаар ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа. Тухайлбал өчигдөр Шарга морьт орчмын Сэлбэ голын үерийн талбарт давтан ариутгал хийжээ. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын мэдээлснээр халдваргүйжүүлэлтийн ажил эхэлснээс хойш буюу долдугаар сарын 7-16-ны хооронд мананцар үүсгэгч автомашинаар нийт 4,259,619 ам метр талбайг халдваргүйжүүлжээ.

АНХААР: ТУУЛ, СЭЛБЭ, УЛИАСТАЙ, ДУНД ГОЛООС ГЭДЭСНИЙ САВХАНЦАР ИЛЭРЧЭЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллалаа. Ажлын хэсгийн хүрээнд долдугаар сарын 07-09-ний өдрүүдэд Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн гурван хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь ажиллаж голын уснаас 18, үерт автсан газруудын халиа, тогтоол уснаас 21, Төв цэвэрлэх байгууламжийн оролт, гаралтын хэсгээс хоёр нийт 41 сорьцыг “Усны хяналтын төв лаборатори”-д хүргүүлэн усны физик, химийн шинжилгээг найм, бичил амь судлалын шинжилгээг зургаан үзүүлэлтээр хийв. Шинжилгээний дүнгээр эдгээр уст цэгүүдийн ус бохирдлын индексээр үнэлбэл Туул голын ус IV зэрэг буюу “Бохирдолттой” ангилалд багтаж байсан бол Сэлбэ, Улиастай, Дунд голууд нь V зэрэг буюу “Бохир” ангилалд багтаж байна. Түүнчлэн бичил амь судлалын үзүүлэлтээр шинжилгээнд хамрагдсан голуудын 22.2 хувьд гэдэсний бүлгийн савханцар, 16.6 хувьд халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар, 38.8 хувьд E coli, 16.6 хувьд эмгэг төрөгч бичил биетэн, 6.25 хувьд Сульфат задлагч агааргүйтэн тус тус илэрсэн. Тогтоол усны тухайд шинжилгээнд хамрагдсан бараг бүхий л цэгүүдэд нянгийн бохирдол илэрсэн бөгөөд хувиар илэрхийлбэл 66.6 хувьд Гэдэсний бүлгийн савханцар /Coliforms organism/, 42.8 хувьд халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар /Thermotolerant coliform organisms/, 66.6 хувьд E coli, 47.6 хувьд Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн /Salmonella, Shigella/, 7.7 хувь Сульфат задлагч агааргүйтэн (Сlostridia) илэрсэн байна. Харин Төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдсэн бохир ус Туул голд нийлж байгаа хэсгээс буюу ТЦБ-ын гаралтын усны сорьцыг стандартын хүлцэх дээд агууламжтай харьцуулж үзэхэд жинлэгдэх бодисын агууламжаар стандартад заагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.9 дахин, нийт азотын агууламжаар 1.7 дахин, эрдэс фосфорын агууламжаар 1.4 дахин, химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламжаар 9.9 дахин тус тус хэтэрсэн агууламжтай байгаа бол ТЦБ-ын цэвэрлэгээний түвшин тухайн сорьц авсан цаг үед 65-68 хувьтай цэвэрлэж байна. Шим бохирдлыг тодорхойлогч азотот нэгдлүүд, жинлэгдэх бодисын агууламж зарим цэгүүдэд өссөн нь айлуудын хог хаягдал, бохирын цооног, нүхэн жорлон болон хөрсний бохирдол үерийн усаар угаагдан голруу орсонтой холбоотой байж болно гэж дүгнэсэн байна. БАЙГАЛЬ ОРЧИН, ХЭМЖИЛ ЗҮЙН ТӨВ ЛАБОРАТОРИ

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТООР 5 ТӨРЛИЙН ТАТВАРЫГ ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ

НӨАТ-ын буцаан олголтоор автотээврийн хэрэгслийн албан татвараа төлөх боломжтойг татварын байгууллагаас мэдээлж байна. Төлөх боломжтой татварын төрөлд: Автотээврийн хэрэгслийн албан татвар, Галт зэвсгийн албан татвар, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, Газрын төлбөр /газар эзэмшигч/, Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/, Малын тоо толгойн албан татвар, Авто замын байгууламж ашигласны төлбөр орж байна. НӨАТ-ын энэ оны II улирлын буцаалтыг долоодугаар 24-нөөс эхлэн олгох юм.

МАНАЙ УЛС ФАТФ-ЫН 40 ЗӨВЛӨМЖИЙГ БҮРЭН ХАНГАСАН УЛС БОЛЛОО

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 26 дахь удаагийн жилийн хурал Канад Улсын Ванкувер хотод 2023 оны 7 дугаар сарын 9-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус хуралд Монгол Улсын Явцын тайланг хэлэлцүүлж хамгаалах багийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахалж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын газар, ТЕГ, Терроризмтой тэмцэх үндэсний зөвлөлийн ажлын алба, Татварын ерөнхий газрын төлөөллүүд оролцож байна. Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу Саарал жагсаалтаас 2020 оны 10 дугаар сард гарсан бөгөөд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт болох ФАТФ-аас гаргасан 40 Зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээдэг. Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ФАТФ-ын 40 Зөвлөмжийн ашгийн бус байгууллагатай холбоотой “Зөвлөмж 8”-ын техник хэрэгжилттэй холбоотой Монгол Улсын Явцын тайланг хэлэлцэж баталлаа. ФАТФ-ын “Зөвлөмж 8”-д заасны дагуу ашгийн бус байгууллагыг терроризмыг санхүүжүүлэхэд ашиглах эрсдэлээс урьдчилан сэргийлж, холбогдох шаардлагыг хангаж ажиллах үүргийг гишүүн орнууд хүлээдэг. Тус хурлаар өмнө нь “хагас хэрэгжүүлсэн” үнэлгээтэй байсан “Зөвлөмж 8”-ыг “бүрэн хэрэгжүүлсэн” болгож техник хэрэгжилтийн үнэлгээг амжилттай ахиулсан байна. Ийнхүү “Зөвлөмж 8”-ын үнэлгээг ахиулснаар Монгол Улс ФАТФ-ын 40 Зөвлөмжийг бүрэн биелүүлсэн үнэлгээтэй Ази, Номхон далайн орнуудаас анхны орон (Зөвлөмж 15-ыг шинэчилсэн үнэлгээгээр), дэлхийн улсуудаас 5 дахь орон боллоо. Тус хуралдаанаар Монгол Улсын энэхүү амжилтыг онцолж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ажилд томоохон ахиц дэвшил гаргаж буйг тэмдэглэлээ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийг УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалдаг бөгөөд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан уялдааг шаарддаг. Монгол Улсын хувьд ФАТФ-ын 40 Зөвлөмжийг бүрэн хангасан үнэлгээ авсан нь Монгол Улсын эрх зүйн орчныг бий болгон холбогдох шаардлагыг хууль тогтоомжид тусгаж, зохицуулалтыг боловсронгуй болгосныг олон улсаас баталгаажуулж буй явдал юм. ФАТФ-ын 40 Зөвлөмжийн үнэлгээг сайжруулж, бүх зөвлөмжийн хүрээнд хангалттай техник хэрэгжилтийн үнэлгээтэй болох, Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хичээнгүйлэн хамтран ажилласан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллага, бусад эрх бүхий төрийн байгууллага, мэргэжлийн холбоо болон хувийн хэвшлийн төлөөллүүдэд талархал илэрхийлж байна.

ХОТЫН ДАРГА ЭЛЧИН САЙД, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр /2023.07.13/ Хүй 7 худагт Монгол Улс дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Хотын дарга Үндэсний их баяр наадмаар жил бүр гадаадын хүндэт төлөөлөгчдийг ийнхүү хүлээн авдаг уламжлалтай бөгөөд монгол ёс заншил, өв уламжлалаа сурталчлан таниулдаг билээ. Уулзалтад Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Э.Ивкоф, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюки, Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирэв. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач, Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Таехюн Ли, КОЙКА-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн орлогч И Кансан тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр Хотын дарга Монгол Улс дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон олон улсын байгууллагын төлөөлөгчдөд Үндэсний их баяр наадмын мэндийг хүргэхийн зэрэгцээ Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, дэмжин ажилладагт талархал илэрхийллээ. Гадаад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөгчид ч мөн Хотын даргыг ийн хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэхийн чацуу хамтран ажиллахад ямагт таатай байдгаа уламжлав. Эх сурвалж: НЗДТГ- ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ҮЕРИЙН ГАМШИГТ ӨРТСӨН БҮХ ХЭРЭГЛЭГЧИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙГ СЭРГЭЭЖ ДУУСЛАА

УБЦТС компани нь нийслэлийн хэмжээнд зарласан гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн долдугаар сарын 05-ны өдрөөс эхлэн үер усны аюулаас үүдэлтэй эрсдэл бүхий нийт 1113 дэд өртөө, 52965 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлэн хүчдэлээс тасалсныг өнөөдөр бүрэн сэргээж дууслаа. Энэ хугацаанд тус компанийн 398 инженер техникийн ажилтан, 91 техник хэрэгсэлтэйгээр нийслэлийн 107 дэд өртөөнд үзлэг хийж, үерт автагдаж болзошгүй 30 дэд өртөөнд ус орохоос сэргийлэх арга хэмжээ авч, цахилгаан дамжуулах 14 тулгуур унасныг сэргээн босгож, 7 тулгуурыг тэгшлэн, 35 кВ-ын 3 тулгуурыг хүчитгэснээс гадна Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдийн орон сууцны нийт 116 байрны 0.4 кВ-ын щитэд үзлэг, шаардлагатай засвар үйлчилгээг шуурхай хийж, тухай бүрд нь хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сэргээж ажиллалаа. Үе усны гамшгийн үед их, бага хэмжээнд хор хохирол амсахын зэрэгцээ цахилгаан хангамжийг нь тасалж, болзошгүй эрсдэлээс хамгаалах шаардлагатай байсныг ойлгож, бидний ажилд хүндэтгэлтэй, хүлээцтэй хандаж байсан хэрэглэгч та бүхэндээ болон гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангаж ажилласан нийт ажилтнууддаа, дэмжиж ажилласан Нийслэлийн Засаг дарга Д. Сумъяабазар, Захирагчийн ажлын албаны дарга М. Баяраа, ОБЕГ, НОБГ, ОСНААУГ, бусад хамтран ажилласан байгууллагууддаа талархлаа. УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

“СЭЛБЭ” ГОЛЫН СЭТЭРСЭН ДАЛАНГ ЯАРАЛТАЙ СЭРГЭЭН ЗАСАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 13-ны өдөр Улсын онцгой комисс болон нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзан, үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авахыг үүрэг болголоо. Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын далан зарим газраараа сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автсан билээ. Үерийн нөхцөл байдалтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 6-ны өдөр танилцаж, үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өгч байсан. Сэлбэ голын сэтэрсэн даланг яаралтай сэргээн засахыг Ерөнхий сайд өнөөдөр Улсын онцгой комисст үүрэг болгов. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ургац хураалт болон намрын ажлын бэлтгэлийг одооноос хангаж ажиллахыг үүрэгдлээ.

1 ... 68 69 70 71 72 73 74 75 76 ... 295