НЭГҮҮН МЭДЭЭ
ВЬЕТНАМД НАЙМАН МОНГОЛ ИРГЭН ХУЛГАЙН ХЭРГЭЭР 8-10 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА

Вьетнам улсад манай улсын 9 иргэн хорих ял эдэлж байгаагаас хулгайлах гэмт хэрэгт 8-10 жил хүртэл хорих ялаар шийтгүүлсэн 8, хууль бусаар олж авсан бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах гэмт хэрэгт 3 жил хорих ялаар шийтгүүлсэн 1 иргэн хорих ял эдэлж байна. Хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийн үлдсэн ялыг эх оронд нь үргэлжлүүлэн эдлүүлэх асуудлыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, түүний нөхөн төлөлт, хорих ял биечлэн эдэлсэн хугацаа зэргийг харгалзан үзэж тус улсын дотоодын хууль тогтоомж болон хоёр улсын Засгийн газар хооронд 2018 онд байгуулсан “Ялтан шилжүүлэх тухай гэрээ”-ний дагуу шийдвэрлэж байх талаар 2 улсын прокурорын эрх бүхий албан тушаалтнууд ярилцжээ. Монгол Улсын Эрүүгийн хуулиар хулгайлах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 5-12 жил байдаг бол БНСВУ-ын Эрүүгийн хуульд заасан энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ манай улсын хуулиас өндөр 12-20 жилийн хорих ялтай байдаг байна.

МАЛ ЭМНЭЛГИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН НОРМАТИВ ШИНЭЧЛЭН БАТЛАГДАВ

Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих, өвчингүй тайван байдлаа хадгалж ажиллах мал эмнэлгийн байгууллагын зорилгын хүрээнд олон улсын худалдаанд хориг саад үүсгэдэг мал, амьтны гоц халдварт, халдварт өвчин, зооноз өвчнөөс сэргийлэх тарилгын хөлсний жишиг үнэлгээг тогтоох шаардлагын дагуу 2021 онд Сангийн Сайд болон Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын хамтарсан тушаалаар мал эмнэлгийн үйлчилгээний зарим зардлын нормативыг анх удаа батлуулж мөрдөн ажиллаж байсан. Монгол улсын Засгийн газраас энэхүү ажлыг үргэлжлүүлэн мал эмнэлгийн анхан шатны аж ахуй нэгжийн үзүүлэх мал эмнэлгийн үйлчилгээний хүрээг тэлэх, чадавхыг сайжруулах зорилгоор Мал эмнэлгийн салбарын 100 жилийн ойн ажлын хүрээнд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун МЭЕГ-аас мал, амьтны гоц халдварт, халдварт өвчин, зооноз өвчнөөс сэргийлэх тарилгын хөлсний жишиг үнэлгээг нэмэгдүүлэхээр санаачлан төлөвлөж, шаардлагатай төсвийг 2024 оны мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний төсөвт 2023 оны эцсээр тусгуулсан. Гоц халдварт, халдварт, зооноз өвчнөөс сэргийлэх тарилгын хөлсийг бод малыг 1000 төгрөг, бог малыг 350 төгрөг болгож шинэчлэн, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Сангийн сайд, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан А/116, А/418 дугаар тушаалаар баталгаажууллаа.

СЭРҮҮНИЙ УЛИРАЛД НИЙЛҮҮЛСЭН 2.6 САЯ ЛИТР СҮҮНИЙ УРАМШУУЛЛЫГ ОЛГОЛОО

Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2024 оны 01 дүгээр сард 2,613,586 литр сүү бэлтгэн үндэсний үйлдвэрүүдэд тушаасан 1,666 малчин, мал бүхий этгээдүүдэд олгох 2,613,586,000 төгрөгийн мөнгөн урамшууллыг олголоо. Түүхий сүүний гарцыг нэмэгдүүлэх, импортын хуурай сүүний хэрэглээг бууруулахаар хүйтэн, сэрүүний улиралд түүхий сүү бэлтгэн үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд урамшууллыг олгон дэмжиж байгаа билээ.

PUBG MOBILE: Анхны олон улсын чанартай PMIC ULAANBAATAR 2K24 тэмцээн аваргуудаа 24-нд тодруулна

PUBG MOBILE сонирхогч 360 баг бүртгэгдэж, тэдгээрээс шигшигдэж гарсан шилдэг найман багийн эсрэг PMGC-2023, PMSL-ын 40 шилдэг багуудын ТОП-16 баг энэ сарын 24-нд AIC STEPPE ARENA-д аваргын төлөө ширүүн өрсөлдөх гэж байна. Тэмцээний нийт шагналын сан 10.000 ам.доллар аж. Тоглолтыг "ТВ8" телевиз шууд дамжуулна. 2022 оноос эхлэн PUBG MOBILE тоглоомыг хөгжүүлэгч толгой компани болох ”TENCENT” HOLDING -тэй албан ёсоор хамтран өмнөд ази бүс, Монгол улс дахь баг тамирчид, тэмцээний тайлбарлагчид болон баг тамирчдын дунд албан ёсны эрхтэй тэмцээний тусгай шууд дамжуулалтын системээр олон улсын стандартын дагуу In gmae Broadcast live streaming хийдэг болсон юм. Технологийн хурдацтай хөгжлийн эрин үед И-Спортод хүч хөдөлмөрөө харамгүй зарцуулж, амжилт гаргаж яваа баг тамирчид, хойч үедээ Мэдээллийн технологийн салбарыг шоу энтертайнменттай хослуулан сурталчлан таниулах юм. Дэлхийд #Forex #Software салбарт өөрийн мэдлэг ур чадвараар дахин өрсөлдөх ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУС-ыг нээн, хөгжүүлэх зорилготой энэхүү тэмцээн нь Монголын Цахим Спортын Хөгжлийг Дараагийн Түвшинд гаргана. PMIC Ulaanbaatar 2024 тэмцээний билетийг ЭНД дарж захиална уу! Дашрамд сонирхуулахад, PMIC ULAANBAATAR 2K24 тэмцээнд зориулан анх удаа сүлд дуу гаргасан бөгөөд Энхбаатар /Чоно/, Батхүү / Fire/, Bo /RecOn/, Don Dior, Agula нар хамтран дуулжээ.

УБТЗ-ЫН АЛБАН ТУШААЛАА УРВУУЛСАН АЖИЛТНЫ ЦАГААТГАХ ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, ХЭРГИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Х.Зоригоод холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 2022 оны есдүгээр сард “Цэц-Урлан” ТББ-ын захирал Ц.Болдбаяртай ажил, үйлчилгээний гэрээ байгуулсан аж. Үүнийхээ төлөө Ц.Болдбаяраас “Хермес” худалдааны төвийн ойролцоо бэлэн мөнгө хахуульд авсан хэрэгт холбогдсон гэнэ. УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэх зардалд 19.9 гаруй төгрөг зарцуулахаар дээрх аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, түүнийгээ “Хас гоёл” ХХК-иар хийлгэснээр Ц.Болдбаяр 6.5 саяын ашиг олсон юм байна. НПГ-аас Х.Зоригоод бусдаас хахууль авсан, Ц.Болдбаярыг нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж. Тус шүүх хэргийг хэлэлцээд Ц.Болдбаяраас Төмөр замын цагдаагийн ажилтан мэдүүлэг авч, улмаар АТГ-т харьяаллын дагуу шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж дүгнэн тэднийг цагаатгасан байна. Эл шийдвэрийг прокурорууд үндэслэлгүй гэж үзээд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өнгөрсөн пүрэв гарагт хэлэлцсэн юм. Улмаар прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ.

3 САР ҮРГЭЛЖЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨТ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ЭХЭЛЖ БАЙНА

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдэвт арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас 2024-03-20-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд зохион байгуулна. Тус арга хэмжээг нээж аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын дарга нар болон холбогдох албан тушаалтнуудад цахимаар чиглэл хүргүүллээ. Энэхүү аяны хүрээнд төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарт хийж хүнсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлж, илрүүлсэн зөрчлийг арилгуулах, шалтгаан нөхцөлийг тодорхойлох, таслан зогсоох чиглэлээр ажиллах юм.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГЫН ТУШААЛ

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГЫН ТУШААЛ 2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДӨР ДУГААР А/29 УЛААНБААТАР ХОТ ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ 2024 ОНЫ ДООД ТҮВШИНГ ТОГТООХ ТУХАЙ СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 15 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙН 8 ДУГААР ЗААЛТ, ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1, 5.3, 5.5 ДУГААР ЗААЛТЫГ ТУС ТУС ҮНДЭСЛЭН ТУШААХ НЬ: 1.ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШНИЙ 2024 ОНД МӨРДӨХ ХЭМЖЭЭГ ХАВСРАЛТААР БАТАЛЖ, МӨРДҮҮЛСҮГЭЙ. 2.ШИНЭЧЛЭН БАТАЛСАН ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИНГ ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН УЛСЫН НЭГДСЭН САНД БҮРТГҮҮЛЖ, НИЙТЭД МЭДЭЭЛЭХИЙГ ТАМГЫН ГАЗАР (Б.ЛХАГВА)-Т ДААЛГАСУГАЙ. Б.БАТДАВАА

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Тавантолгой түлш компани Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны харьяа Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Мэндийн Төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд ХАБЭА-н хууль тогтоомж, үйлдвэрийн салбарт нэн шаардлагатай зарим ажил мэргэжлийн стандарт, хөдөлмөрийн хүнд болон хортой нөхцөлд ажиллаж буй ажилчдын нийгмийн асуудал зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тал дээр хамтран ажиллах юм. Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар уул уурхай, хүнд үйлдвэр болон бусад аж үйлдвэрийн салбарт ХАБЭА-н стандарт нэвтрүүлж, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй бүтэц, тогтолцоог бий болгож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлж, ажилтнуудын амь нас, эрүүл мэндийг хамгаалахад бодит үр дүнгээ өгөх юм. Тавантолгой түлш компанийн хувьд 2022 оноос үйлдвэрийн зарим ажлын байрыг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулаад байгаа юм. Цаашид үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдын хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах ХАБ-ын аюулгүй ажиллагааг сайжруулах чиглэлд ахиц дэвшил гаргах зорилго тавиад буй юм. Энэ ажилд бодлого, арга зүйн чиглэлийн дэмжлэг үзүүлэхээ ХАБЭМ-ийн төвийнхөн илэрхийллээ.

"САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ГАЗАР" БАГИЙН ДҮНГЭЭР ТЭРГҮҮЛЖ, ШИЛЖИН ЯВАХ ЦОМОО ХАДГАЛЛАА

Тавантолгой түлш компанийн Баруун үйлдвэрийн нэрэмжит спортын 5 төрөлт тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Сагсанбөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, олс таталт, шатар гэсэн төрлөөр 22 баг өрсөлдсөнөөр Санхүү, эдийн засгийн газрын хамт олон багийн дүнгээр тэргүүлж, шилжин явах цомыг хадгалж үлдлээ. Тус газрын хувьд өнгөрсөн оны тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж байсан юм. Дэд байрт Зүүн үйлдвэр шалгарсан бол, гуравдугаар байрт Баруун үйлдвэрийн баг тамирчид шалгарлаа. Сагсанбөмбөг эрэгтэй: I байр. Зүүн үйлдвэр 1-р баг II байр. Зүүн үйлдвэр 2-р баг III байр. Санхүү, эдийн засгийн газар Сагсанбөмбөг эмэгтэй: I байр. Санхүү, эдийн засгийн газар II байр. Зүүн үйлдвэр III байр. Үйлдвэр техник, технологийн газар Волейбол эрэгтэй: I байр. Баруун үйлдвэр 2-р цех II байр. Дотоодын цэрэг III байр. Зүүн үйлдвэр Волейбол эмэгтэй: I байр. Санхүү, эдийн засгийн газар II байр. Чанар, борлуулалтын газар III байр. Баруун үйлдвэр Олс таталт: I байр. Баруун үйлдвэрийн засварын цех II байр. Санхүү, эдийн засгийн газар III байр. Баруун үйлдвэрийн үйл ажиллагаа Шатар эрэгтэй: I байр. ҮТТГ-ын Бэх-Очир II байр. ХАТЗГ Мөнх-Эрдэнэ III байр. Зүүн үйлдвэр Ганбат Шатар эмэгтэй: I байр. ЧБГ-ын Дагийсүрэн II байр. Дотоодын цэрэг Ундрал III байр. ЧБГ-ын Ч.Уугантуяа Ширээний теннис Эрэгтэй: I байр. ҮТТГ-ын Цэнд-Очир II байр. ҮТТГ-ын Цэдэнбал III байр. ХАТЗГ Түвшинтөгс Ширээний теннис эмэгтэй: I байр. СЭЗГ-ын Алтанзаяа II байр. ХУТЗГ-ын Ариунболор III байр. ҮТТГ-ын Дуламсүрэн

ӨНӨӨХ Л Д.СУГАР, Ц.НАНЗАДДОРЖ, Д.ГАНБАТ НАР “ӨНДӨР БУЯНТ”-ЫГ БУЛААСАН АСУУДАЛД ХОЛБОГДЖЭЭ

“...МАН-д “Өндөр буянтын дээрэм” болж байна” гэсэн мэдээлэл тарсан. Үнэний ортой аж. “Өндөр буянт холдинг” хэмээх барилгын компани бий. Тус компани МАН-ын байр, UBH центр, Худалдаа хөгжлийн банкны барилга, 200 оюутны байр, “Оргил стар” хотхон, Хаппи таун, УБ таун зэрэг арваад томоохон барилга барьсан байдаг. Тус компанийг 1997 онд үүсгэн байгуулж, улмаар дээрх бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн, хожим Зам тээврийн сайдаар ажиллаж байсан Н.Төмөрхүү өнгөрсөн жил гэнэт өөд болсон. Түүнээс хойш “Өндөр буянт холдинг”-ийн өв хөрөнгө тойрсон маргаан үүсэж, өдгөө өндрөө авчээ. Гэхдээ үүнээс өмнө, 2019 оноос компанийн эрхийн маргаан эхэлсэн байна. Хамгийн гол нь энэ асуудалд өнөөх л Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нарын нэр холбогдож байна. Тодруулбал, 2008 оны дөрөвдүгээр сарын 28-нд “Өндөр буянт холдинг” ХХК-ийн Н.Төмөрхүү тухайн үед ТӨХ-ны дарга, одоо Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байгаа Д.Сугар, тухайн үед ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргаар ажиллаж байсан, саяхан Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөгдсөн Ц.Нанзаддорж, тухайн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирал, сүүлд Зам тээврийн сайд байсан Д.Ганбат нартай тохиролцож Хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээ нь Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нар “Оргил стар” хотхоны төсөлд хөрөнгө оруулж, Н.Төмөрхүү оронд нь компанийнхаа хувьцааг түр шилжүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэд төсөлд хөрөнгө оруулж, хэрэгжиж дуусах хүртэл баталгаа болгож, Н.Төмөрхүүгээс “Өндөр буянт холдинг” ХХК-ийн хувьцааг төлөөнийхөө хүмүүсийнхээ нэр дээр шилжүүлэн авч, тэрбээр гүйцэтгэх захирлаар ажиллахаар болжээ. Ингэж тус компанийн хувьцаа Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нарын төлөөний хүмүүс болох Сүхээгийн Батхишиг, Сэрээтэрийн Доржханд, Отгоны Төгсөө нарын нэр дээр шилжүүлсэн байна. Дээрх гурван эрхэм “Оргил стар” хотхоны төслийн ажил буюу гэрээний хугацаа дуусахад компанийн хувьцааг үнэ төлбөргүй буцааж шилжүүлэх ёстой байжээ. Гэвч төсөл амжилттай хэрэгжиж, хугацаа дууссан ч “Өндөр буянт холдинг” ХХК-ийн хувьцааг шилжүүлээгүй байна. Улмаар хувьцааг бусдад дамжуулж, компанийн удирдлагыг ч хууль бусаар шилжүүлэн авч, орлогыг хамаарал бүхий компани руугаа шилжүүлэх болжээ. Энэ асуудлаар Н.Төмөрхүү 2019 оноос хойш хууль хяналтын байгууллагад хандаж эхэлсэн байна. Гэвч шийдэгдэлгүй байсаар мөнх бусыг үзүүлжээ. Н.Төмөрхүү агсны эхнэр үргэлжлүүлэн хөөцөлдсөн боловч тусыг олоогүй байна. Тус компанийн гүйцэтгэх удирдлагыг өдгөө сайд асан Д.Ганбат хэрэгжүүлж байгаа юм. Уг нь “Өндөр буянт холдинг”-ийн гүйцэтгэх захирлаар Н.Төмөрхүү 2008-2015 онд ажиллаж, 2015 оноос Л.Эрдэнэбат томилогджээ. Гэтэл 2019 оны есдүгээр сарын 30-нд Л.Эрдэнэбатыг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, оронд нь Д.Ганбатыг хуулийн бус аргаар томилжээ. Үүнийг нь УБЕГ нотолсон байна. Тус газрын 2020 оны гуравдугаар сарын 13-ны 1437 дугаартай дүгнэлтээр Д.Ганбатыг “Өндөр буянт холдинг”-ийн гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрийг хүчингүй болгожээ. Үүгээр Л.Эрдэнэбатын эрх сэргэсэн байдаг. Гэвч Д.Ганбат “Өндөр буянт холдинг”-ийн тамга, гэрчилгээг өнөөдрийг хүртэл Л.Эрдэнэбатад өгөөгүй байна. Энэ хооронд Хамтран ажиллах гэрээний хүрээнд Н.Төмөрхүүд оногдсон хөрөнгүүдийг өөр компани руу шилжүүлсэн аж. Тухайлбал, UBH центрийн төслөөс хуваарилагдсан 1, 2,13, 14 дүгээр давхрын 2 350 орчим м.кв талбай, хоёр автомашины зогсоол, УБ таун дахь орон сууц, “Оргил стар” хотхоны зургаан автомашины зогсоол зэргийг булаачихсан байна. Уг нь талийгаачийн гэр бүл эдгээр хөрөнгийг 2013 оноос хойш түрээслэж, орлогыг нь авч байжээ. Учир нь төсөл дууссаны дараа талийгаач болон Д.Ганбат нар маргаж эхэлснээс дээрх хөрөнгүүдийн “үл хөдлөх”-ийн гэрчилгээ гаралгүй гацчихсан байна. Харин Н.Төмөрхүү агсны эхнэр 2008 онд Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нартай хамтарснаас хойш “Өндөр буянт холдинг”-ийн хэрэгжүүлсэн UBH центрийг оруулахгүйгээр бүх төсөлд 2019 онд аудит хийлгэхэд “...Нийт 50 тэрбум төгрөгийг цэвэр ашиг олсон” гэсэн дүгнэлт гаргажээ. Тэрбээр “...Тэд нөхөр маань нас барсныг далимдуулж дээрэмдэж, дээрэлхэж байна. Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нар хуваарилагдсан хөрөнгүүдээ бүгдийг авсан. Би дээрх 50 тэрбумын ашиг болон хамтран хэрэгжүүлсэн төслүүд дээр маргаан хийгээгүй. Зөвхөн UBH центрийн төслийн хүрээнд хуваарилагдсан хөрөнгө болох хууль ёсны эзэмшлийн талбайнуудаа өөрийн нэр дээр авахаар маргаж байна. Д.Сугар, Ц.Нанзаддорж нарт удаа дараа “...Д.Ганбатад анхны гэрээг сануулж, шударга байхыг сануулаач” гэж хэлсэн. Гэвч намайг хохирогчоор тогтоосон шийдвэрийг хүчингүй болгуулчихсан байна. Манай бүх хөрөнгийн дээрэмдсэн. Энэ үйлдэлдээ хууль хяналтын байгууллагын хүмүүсийг ч ашиглаж байна” гэх гомдлыг хууль хяналтын байгууллагад гаргаад байгаа аж. Дашрамд хэлэхэд, Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нар “Өндөр буянт холдинг”-ийн нэрээр МАН-ын одоогийн байрыг барьсан болж таарч байна. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

1 ... 62 63 64 65 66 67 68 69 70 ... 314