НЭГҮҮН МЭДЭЭ
“ANUXAI’S FITNESS” РЕАЛИТИ ШОУ НЭВТРҮҮЛГИЙН III УЛИРАЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

Бүх нийтийн биеийн тамир, бодибилдинг, фитнесийн спортыг хөгжүүлэх, эрүүл чийрэг бие бялдрын хөгжлийг төлөвшүүлэх зорилготой “Anuxai’s fitness” шоу төслийн гуравдугаар улирал өнөөдөр эхэлж байна. Реалити шоу нэвтрүүлгээр дамжуулан хүний бие организм богино хугацаанд хэрхэн эрүүлээр өөрчлөгдөх боломжтойг таниулах юм. Бодибилдинг, фитнесийн ДАШТ-ий хошой аварга Н.Ануужингийн “Anuxai’s fitness” реалити шоу төсөл 3 жилийн дараа 3 дахь бүлгээ үзэгч олны хүртээл болгож байгаа юм. Тэрбээр өөрийн олон жилийн хөдөлмөр, амжилтын туршлага дээрээ үндэслэн 45 хоногийн хугацаанд бүсгүйчүүдийг галбиржуулах эрчимтэй хөтөлбөр хэрэгжүүлнэ. [media=https://www.facebook.com/watch/?v=639012588974166 end] “Anuxai’s fitness” шоуны эхний улирлын ялагчаар оролцогч Оля тодорч, 45 хоногийн хугацаанд 18.3 кг жин хасаж байсан юм. Харин хоёр дахь улирлын ялагчаар 18.1 кг жин хаяж, бэлхүүсний тойргоосоо 31 см хассан үзүүлэлтээр жүжигчин О.Үржинханд шалгарч байжээ. 2022 онд реалити шоу нэвтрүүлэгт оролцсон 13 оролцогч богино хугацаанд эрүүлээр галбиржиж, мянга мянган бүсгүйд хүссэн бие галбираа дасгал хөдөлгөөний ачаар өөрчлөх боломжтойг харуулж, үзэгч, олон нийтэд урам зориг өгч байсан. Энэ удаад “Anuxai’s fitness” шоу төслийн хамт олон нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд шоу нэвтрүүлэгт оролцохоор монгол орны өнцөг булан бүрээс 8000 орчим бүсгүй хүсэлтээ илэрхийлж, тэднээс нэг оролцогчийг сонгожээ. Монгол Улсын нийт эмэгтэйчүүдийн 64.2 хувь нь жингийн илүүдэлтэй буюу эрүүл мэндийн эрсдэлтэй түвшинд байгааг судалгаа харуулдаг. Богино хугацаанд, эрүүлээр илүүдэл жингээ хэрхэн хасаж, эрүүл чийрэг бие бялдрыг хэрхэн цогцлоох боломжтойг “Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгээс үзэх боломжтой.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгч Ардчилсан институт хүний эрхийн алба /АИХЭА/-ны Хууль тогтоомжийн дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Надия Сиренко, тус албаны Улс төрийн намуудын асуудлаарх үндсэн шинжээчдийн бүлгийн гишүүн Фернандо Касал Бертоа нарыг өнөөдөр /2025.04.11/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Улс төрийн намын тухай хуулийн талаар санал солилцохоор ирсэнд талархал илэрхийлээд, улс төрийн намуудын үйл ажиллагааг сайжруулах нь улс орны тогтвортой байдал, ардчилал, хүний эрхийг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй гэдгийг онцолсон. Ардчилсан институт хүний эрхийн албаны Хууль тогтоомжийн дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Надия Сиренко, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь гишүүн орнуудынхаа хуульд олон улсын стандартад нийцэж буй эсэхэд үнэлгээ өгч ажилладгийг тодотгоод, 2022 онд Монгол Улсын Их Хурлын даргын хүсэлтээр Улс төрийн намын тухай хуулийн төсөлд Венецийн комисстой хамтран үнэлгээ өгч ажилласныг тэмдэглэсэн. Энэхүү хуулийн төсөлд үнэлгээ өгөхдөө тухай үеийн УИХ-ын гишүүдийн төлөөлөлтэй хэд хэдэн удаагийн цахим уулзалт хийж байсныг дурдаад, Сонгуулийн ерөнхий хорооны хүсэлтээр дээрх хуульд үнэлгээ хийхээр ажиллаж байна гэлээ. Хуулийн төслийг батлахдаа тус байгууллагын зүгээс өгсөн зөвлөмжүүдээс тусгаж дэвшилттэй болсон хэдий ч сайжруулах шаардлагатай зарим зүйл анзаарагдаж байгааг мөн тодотгосон. Тэрбээр, Улс төрийн намын тухай хуульд үнэлгээ өгөхийн тулд Сонгуулийн ерөнхий хороо, Улсын дээд шүүх, Авлигатай тэмцэх газар, Улс төрийн намуудын төлөөллүүдтэй уулзаж, мэдээлэл цуглуулж байна хэмээгээд, энэхүү мэдээллүүддээ үндэслэн эцсийн дүгнэлтээ гаргана гэлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улс төрийн намын тухай хуульд тодорхой өөрчлөлтүүд оруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байдгаа илэрхийлсэн. Тэр дундаа намын санхүүжилтийг тодорхой болгож, үүнтэй уялдуулан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага бийг тэмдэглэсэн. Байнгын хорооны дарга улс төрийн сонгуульд оролцож буй нэр дэвшигчийн санхүүгийн байдал, сонгуулийн зардал, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах болсон шалтгааны талаар мэдээлэл өгсөн. Түүнчлэн тэрбээр сонгуульд нэр дэвшигчид тавих санхүүжилттэй холбоотой шаардлага ямар байвал зохих, улс төрийн намын санхүүжилтийн талаарх өөрийн байр суурийг илэрхийлж харилцан санал солилцлоо. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба нь 1991 онд байгуулагдсан бөгөөд ЕАБХАБ-ын гишүүн орнуудад болж буй сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт хийх, сонгуулийн болон хүний эрхийн байгууллагад техникийн тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх, ТББ, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих, тэдэнд зориулсан сургалт семинарыг зохион байгуулах зэргээр хүний эрхийг хамгаалах, яс үндэс, шашин шүтлэгийн байдал зэргээр ялгаварлан гадуурхах, үл тэвчих явдал, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах, ардчиллыг хөгжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулдаг юм хэмээн Улсын Их Хурлын Х эвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.11) нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гишүүдийг хуралдаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж, үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргаж буй шийдвэрийн талаар танилцууллаа. Тэрбээр “Чуулганаар хэлэлцэх асуудлыг бид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу тодорхой цаг хугацаанд багтаж хэлэлцдэг. Улсын Их Хурал дахь намын аль нэг бүлэгт харьяалагддаг болон бүлэгт харьяалагддаггүй гишүүдийн асуух асуултын тоо, хугацаа тодорхой байдаг учраас чуулганы хуралдааны үргэлжлэх хугацааг тодорхой товлон, хуралдуулдаг зарчмыг цаашид баримтлах болно. Тухайлбал, Пүрэв гарагийн чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан хэлэлцэх асуудалтай холбоотойгоор 10.00 цагт эхэлж, 11.00 эсхүл 11.30 цаг, 12.00 цагт өндөрлөх нь тодорхой, үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдааны эхлэх, үргэлжлэх, дуусах хугацаа мөн ялгаагүй тодорхой байдлаар зарлана. Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс цаг хугацааг тодорхой болгон, товлодог болж байна. Аливаа асуудлыг богино хугацаанд хэлэлцэж байгаа учраас Улсын Их Хурлын гишүүд хуралдаандаа бүрэн оролцоотой байх шаардлагыг тавьж ажиллана. Гишүүд асуулт асуух, үг хэлэх дараалалд нэрээ жагсаалтад оруулчихаад, хуралдааны дундуур танхимыг тодорхой хугацаагаар орхих асуудал нийтлэг байсан. Цаашдаа хуралдааны хугацаа маш тодорхой болж байгаа учраас гишүүд хуралдааны танхимд бүрэн сууж, аливаа хэлэлцүүлэгт идэвхтэй, хариуцлагатай оролцдог байх шаардлагыг тавина. Үг хэлэх, асуулт асуух жагсаалтад нэрээ оруулчихаад, чуулганы хуралдааны танхимыг таван минутаас дээш хугацаагаар орхиж гарсан тохиолдолд тухайн гишүүний нэрийг жагсаалтаас шууд хасахаар зохион байгуулж ажиллана” гэв. Түүнчлэн иргэд, олон нийтийн шүүмжлэлийн дагуу, Улсын Их Хурал аливаа асуудалд хариуцлагатай байх үүднээс унасан саналыг босгохын тулд олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно хэмээн анхаарууллаа. Тал бүрдээ хариуцлагатай байх үүднээс гишүүд тухайн асуудлыг зарчмын хувьд дэмжиж оролцсон бол холбогдох шийдвэр нь гардаг болох нь зүйтэй хэмээлээ. Улсын Их Хурлын гишүүдийг хуралдаанд идэвхтэй оролцохыг онцлон сануулаад “Улсын Их Хурлаар хэлэлцэж буй асуудал бүрд гишүүн бүр идэвхтэй, хариуцлагатай хандах ёстой. Улсын Их Хурал иргэдийн амьдралд нийцсэн шийдвэр гаргаасай хэмээн олон нийт хүсэж байна" гээд энэ зарчмыг үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг баталлаа

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.11) нэгдсэн хуралдаан 10 цаг 01 минутад гишүүдийн 53.2 хувийн ирцтэйгээр эхэлж, “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн зөвшилцөх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын чуулганы Пүрэв гарагийн (2025.04.10) нэгдсэн хуралдаанаар “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлж, хууль санаачлагчийн илтгэл болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Иймд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” хэмээн заасан байдгийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан уншиж танилцуулаад, нийт гишүүний олонх буюу Улсын Их Хурлын 64 гишүүн дэмжсэн тохиолдолд хууль эцэслэн батлагдана гэдгийг дурдав. Ингээд “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслий г эцэслэн батлах санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 53 гишүүн дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Энэ хуулийн 44.2-т зааснаар хуулийн төслийг эцэслэн батлах саналыг Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжээгүй бол түүнийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталсанд тооцно” хэмээн заасан байдаг. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцууллаа. Тус Байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй байна. Иймд Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасныг баримтлан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасан байна. Э нэхүү горимын саналыг Байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн санал, дүгнэлтэд дурдав. Хууль зүйн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Б.Уянга нар асуулт асууж, төсөл санаачлагч болон Хууль зүйн байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авлаа. Өмгөөллийн тухай хуулийг боловсронгуй болгох шаардлагын талаар С.Эрдэнэболд гишүүн дурдаад, өмгөөлөгчийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээ, шаардлагын талаар судалсан эсэхийг тодруулав. Өмгөөллийн тухай хуулийг өөрчлөх асуудал олонтаа хөндөгддөг гэдгийг Г.Уянгахишиг гишүүн хэлээд өмгөөлөгчийн давхар ажил эрхлэлтийн асуудал, шүүх хуралд прокурортой эн тэнцүү оролцох эрх зүйн орчин хангагдсан эсэхийг зайлшгүй эргэн харж, боловсронгуй болгох шаардлага бий, үргэлжлүүлэн ажиллана гэлээ. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 81.6 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг Улсын Их Хурлын 71 гишүүн дэмжин баталлаа. Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр “Чуулганаар хэлэлцэх асуудлыг бид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу, тодорхой цаг хугацаанд хэлэлцдэг. Улсын Их Хурал дахь намын бүлэгт харьяалагддаг болон аливаа бүлэгт харьяалагддаггүй гишүүдийн асуух асуултын тоо, хугацаа тодорхой байдаг учраас чуулганы хуралдааныг тодорхой цаг хугацаатайгаар товлон, хуралдуулдаг зарчим баримтална. Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс цаг хугацааг тодорхой болгон, товлодог болж байна. Аливаа асуудлыг богино хугацаанд хэлэлцэж байгаа учраас Улсын Их Хурлын гишүүд хуралдаандаа бүрэн оролцоотой байх шаардлагыг тавьж ажиллана. Гишүүд асуулт асуух, үг хэлэх дараалалд нэрээ оруулаад, хуралдааны дундуур танхимыг тодорхой хугацаагаар орхих асуудал нийтлэг байсан. Цаашдаа хуралдааны хугацаа маш тодорхой болж байгаа учраас гишүүд хуралдааны танхимд бүрэн сууж, аливаа хэлэлцүүлэгт хариуцлагатай оролцдог байх шаардлага тавина. Үг хэлэх, асуулт асуух жагсаалтад нэрээ оруулчихаад, чуулганы хуралдааны танхимыг таван минутаас дээш хугацаагаар орхиж гарсан тохиолдолд тухайн гишүүний нэрийг жагсаалтаас шууд хасахаар зохион байгуулж ажиллана” гэв. Түүнчлэн иргэд, олон нийтийн шүүмжлэлийн дагуу унасан саналыг босгохоор олон удаа горимын санал гаргаж, удаа дараа санал хураалган асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно хэмээн анхаарууллаа. Тал бүрдээ хариуцлагатай байх үүднээс гишүүд хуралдаанд идэвхтэй оролцохыг онцлон сануулаад “ Улсын Их Хурлаар х элэлцэж буй асуудалд гишүүн бүр идэвхтэй, хариуцлагатай хандах ёстой. Улсын Их Хурал иргэдийн амьдралд нийцсэн шийдвэр гаргаасай хэмээн олон нийт хүсэж байна" гээд энэ зарчмыг үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэмдэглэсэн. Үүгээр Улсын Их Хурлын өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ДЭЭДЭХ НЬ СУУДЛАА ОЛОХГҮЙ БОЛ ДООДОХ НЬ ОЛОХГҮЙ ГЭДЭГ НЬ ЭНЭ ҮҮ?

Булган аймгийн Орхон сумын Засаг дарга Х.Ундрахбаяр, Засаг даргын орлогч А.Эрхэмбаяр нар 2025.04.09-10-ийг шилжих шөнө архидан согтуурч байх үедээ хүчингийн хэрэг үйлдсэн болзошгүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр, тэд нэр бүхий хоёр эмэгтэйг Улаанбаатар хотоос дуудан авчирч, Булган аймгийн "Амар" зочид буудалд хамт зугаацах үеэрээ хүчиндсэн гэх. Хэргийн хохирогч гэгдэх хоёр эмэгтэй нь өөрсдөө цагдаад гомдол гаргаж, дээрх хоёр албан тушаалтныг аймгийн цагдаагийн газраас хорьж, мэдүүлэг авсан байна. Гэхдээ Х.Ундрахбаяр, А.Эрхэмбаяр нарыг өнөө өглөө цагдаагаас суллажээ. Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь шүүх эмнэлгийн шинжилгээ, хохирогч охидын мэдүүлгээр нотлогдсон гэх ч, тэднийг хэний нөлөөгөөр сулласан нь “сонирхол” татаж байна.

МОНГОЛ УЛСААС АНХ УДАА HEALTHCARE ASIA AWARDS-С “ОНЫ ШИЛДЭГ ТУСГАЙ МЭРГЭШЛИЙН ЭМНЭЛЭГ” ШАЛГАРЛАА

Азийн улс орнуудын эрүүл мэндийн салбарын нэр хүндийг тодорхойлж, эрүүл мэндийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар, стандарт, инноваци, өвчтөнд чиглэсэн ээлтэй үйлчилгээ зэргийг харгалзан шилдэг эрүүл мэндийн байгууллагыг шалгаруулан өргөмжилдөг “Healthcare Asia Awards” чуулга уулзалт Малайз улсын Куала Лумпур хотод 2025 оны 04 сарын 10-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Монгол улсаас анх удаа “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв “Шилдэг тусгай мэргэшлийн эмнэлэг”-ээр шалгарсан байна. Энэхүү шагнал нь Азийн улс орнуудын эрүүл мэндийн салбарт нэр хүндтэй шагнал төдийгүй Монгол улсын эрүүл мэндийн үйлчилгээг Ази тивд таниулан сурталчилсан чухал үйл явдал боллоо. Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Э.Бадар-Ууганы үүсгэн байгуулсан “Өөжинмед” эмнэлгийн 10 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд эмнэлгийн хамт олон удахгүй үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр мэндлэх 2000 дахь хүүхдээ өлгийдөн авахаар догдлон хүлээж байгаа юм байна. Өөжинмед эмнэлэг байгуулагдсан цагаасаа эхлэн Япон улсын хамгийн том үр шилжүүлэн суулгах эмнэлэг болох Като Лэдиес Клиник-тэй хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын нөхөн үржихүйн эмчилгээ үйлчилгээг дэлхийн түвшинд хүргэх олон шилдэг эмчилгээний технологиудыг нэвтрүүлэн ажиллаж ирсэн бөгөөд хүний геномийн дараалал тогтоох NGS технологид суурилсан үр хөврөлийн генетикийн шинжилгээг хийж эхэлснээр үр шилжүүлэн суулгах эмчилгээний жирэмслэлтийн хувийг 85.7% хүртэл нэмэгдүүлж чадсан өндөр амжилттай ажиллаж байна. Тус эмчилгээний давуу тал нь зөвхөн үргүйдэлтэй хосууд гэлтгүй төрөх хүүхдийн хүйс сонгох, хромосомын эмгэгтэй хүүхэд төрүүлэх эрсдэлээс бүрэн сэргийлэх боломжийг олгосноор нөхөн үржихүйн анагаах ухааны салбарт томоохон дэвшил авчирсан. Өөжинмед эмнэлэг нь Монгол улсдаа хамгийн том үр шилжүүлэн суулгах төв бөгөөд нөхөн үржихүйн бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлж, олон улсын жишигт хүрсэн үр дүнтэй байгааг Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор мэдээлсэн. “Healthcare Asia Awards”-н арга хэмжээний үеэр Өөжинмед эмнэлгийн дараах үзүүлэлтүүдийг онцолсон байна. Үүнд: ✅ Япон стандарт, дэвшилтэт технологи бүхий “Байгалийн мөчлөгт, зөөлөн сэдээлт” үр шилжүүлэн суулгах эмчилгээний аргыг Монгол улсад анх удаа нэвтрүүлэн нөхөн үржихүйн эмчилгээний үр дүнг шинэ түвшинд хүргэсэн. ✅ Үр хөврөл шилжүүлэн суулгалтын өмнөх генетикийн шинжилгээ (PGT-а)-г Монгол улсдаа анх удаа нэвтрүүлэн жирэмслэлтийн хувийг нэмэгдүүлж, эрүүл үр хөврөлийг сонгон жирэмслэх, хүйс сонгон жирэмслэх боломжтой болсон. ✅ ERA (Endometrial Receptivity Analysis) буюу үр хөврөлийг умайн салст давхарга хүлээн авах чадварыг тодорхойлох шинжилгээг анх удаа нэвтрүүлсэн. ✅ MicroTESE буюу эрэгтэй шалтгаант үргүйдлийн хамгийн сүүлийн мэс ажилбарыг Монгол улсад нэвтрүүлсэн. ✅ Монголын анхны үр хөврөлийн вакум лабораторийг байгуулсан ба хурдан хөлдөөлтийн технологи, SL-ICSI, бүрэн автомат лазер зэрэг шилдэг технологиудыг үр хөврөлийн лабораторийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. ✅ Монгол орны 21 аймгийг тойрч алслагдсан хот, сууринд нөхөн үржихүйн эмчилгээ үйлчилгээг хүргэн, таниулан ажилласан. ✅ Үйлчлүүлэгчид зориулсан “Patient-centered care” системийг нэвтрүүлэн, үйлчлүүлэгч эмчилгээний мэдээллээс гадна, жирэмслэхэд хэрхэн биеэ бэлдэх, амьдралын зөв хэвшил, шим тэжээл, дасгал хөдөлгөөн, сэтгэлзүйн зөвлөгөө зэрэг олон талын сургалтыг тогтмол зохион байгуулж, координатор эмчээс ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл авах боломжоор хангасан. ✅ Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг экспортлон гадаад үйлчлүүлэгч хүлээн авч, Монгол улсаас гадаад улсад салбар (Жакарта, Индонез улс) эмнэлгээ байгуулсан анхны эмнэлэг болсон зэрэг байв. “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн хиймэл оюун ухаанд суурилсан (AI) үр хөврөлийн лабораторийг байгуулах зорилго тавин ажиллаж байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.04.10/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцэв. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор улируулан томилох асуудлыг зөвшилцөхөөр саналаа Улсын Их Хуралд хүргүүлж байна гэв. Банзрагчийн Жаргалсайхан 1964 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн II дунд сургуулийг, 1983-1988 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн хуулийн салбарыг хуульч мэргэжлээр төгссөн. Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэг дэвтэй. Б.Жаргалсайхан нь прокурорын байгууллагад нийт 37 жил ажилласан бөгөөд 1988-1996 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хэсгийн прокурор, хяналтын прокурор, туслах прокурор, орлогч прокурор, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт аймгийн прокурор, 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2009-2011 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч даргаар тус тус ажилласан. 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, 2019 оноос Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байгаа гэв. Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтын тусгай шаардлага болох хуульч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таваас дээш насны, прокуророор ажиллаж байгаа хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн томилно гэсэн тусгай шаардлагыг хангасан тул Б.Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор томилох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Дараа нь Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг Байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Ерөнхий прокурорыг томилох тухай Улсын Их Хуралтай зөвшилцөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 75.0 хувь нь дэмжсэнийг онцлов. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, О.Батнайрамдал, С.Эрдэнэболд, Б.Энхбаяр, Х.Баасанжаргал, Х.Тэмүүжин, О.Цогтгэрэл, Ц.Даваасүрэн, Х.Ганхуяг, Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар, Д.Пүрэвдаваа, Ж.Батжаргал, С.Бямбацогт, Х.Баасанжаргал, Ж.Баясгалан, С.Замира, Р.Эрдэнбүрэн, Б.Жаргалан, Н.Номтойбаяр, Б.Батбаатар, Ц.Идэрбат, Ц.Баатархүү, Г.Дамдинням нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр прокурорын байгууллагын хариуцлага нэн өндөр болж байгаа. Өнгөрсөн парламентын сүүлийн хагаст авлига, албан тушаалтай холбоотой хэргүүдийн шүүх хурал нээлттэй, ил тод байх хуулийг баталсан. Энэ хүрээнд Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар манлайлж, шүүх хуралдааныг цахимаар шууд дамжуулдаг болсон нь том үр дүн гэдгийг онцлоод прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хариуцлагажуулах, дотоод ардчиллыг дээшлүүлэх, бэхжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч хамтарч ажиллахад ямар байр суурьтай байгаа талаар лавлав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шүүхийн шинэчлэлтэй холбоотой тодорхой хуулиуд баталсан. Энэ хүрээнд шүүх эрх мэдлийн бүрэлдэхүүн болсон прокурорын шинэчлэлийн асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Тамгын газар Улсын Их Хурал болон бусад байгууллагыг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн хэмээн хариулсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Улсын хэмжээнд жилдээ нийт хэчнээн гомдол, маргааны санал ирдгийн хэдэн нь хэрэг бүртгэл болж, цаашлаад үүнээс хэчнээн хүн яллагдагчаар татагдаж, шүүхээс гэм буруутайд тооцогддог талаар лавлав. Б.Жаргалсайхан прокурор, “Сүүлийн таван жилийн хугацаагаар авч үзэхэд гэмт хэргийн нөхцөл байдал өссөн. Тодруулбал, 2019 онд 1.0 сая орчим зөрчил гарсан бол өнөөдөр 3.3 сая болсон байна. 2024 онд 126000 гэмт хэргийн шинжтэй гомдол ирсэн. Үүнээс 74000 хэрэг бүртгэлтийн хэрэг, 28000 мөрдөн байцаалтын хэрэг байв. Нийтдээ 15969 хэрэг шүүхэд шилжиж, үүнээс 15123 хэрэг шийдэгдсэн, үлдсэн нь хүлээгдэж байна. Прокурор нотлох баримт цуглуулах яллах чиглэлийн хүн биш. 2024 онд 103 хүн цагаадсан нь прокурорын үйл ажиллагаатай холбоотой асуудал биш. Үүнийг нөгөө талаас нь харвал прокурор нь хүнийг цагаатгах нотлох баримт, гэмт хэргийн нотлох баримтыг цуглуулж шүүхэд шилжүүлдэг” хэмээн хариулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан энэ удаагийн парламент бүрэн эрхийнхээ хугацаанд хуулийн засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийн зөрчлүүдийг арилгахад тууштай ажиллаж, шинэчлэлийг хийх эр зоригтой байхыг онцлоод энэ чиглэлд хамтарч ажиллах эсэхийг Б.Жаргалсайхан прокуророос тодруулав. Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлаас баталсан бүх хуулийг прокурорын байгууллага хэрэгжүүлж ажилладаг. Цаашдаа хуулийг хэрэгжүүлэхийн төлөө итгэл төгс ажиллана" хэмээн хариулав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж мэргэжлээрээ олон жил ажилласан ийм хүнийг Монгол Улсын ерөнхий прокуророор ажиллуулах нь зөв гэхийн зэрэгцээ улс төрөөс ангид ажиллаж чаддаг нь өнгөрсөн хугацаанд харагдсан тул уг томилгоог дэмжиж байна гэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, хуулийн байгууллагад мэргэжлийн чадварлаг сайн хүнийг томилохоос гадна шинэчлэл хийх шаардлагатай байна. Мөн Прокурорын тухай хуулийн 60.3-т тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 гэсэн байхад Төрийн албан тухай хуульд энэ насыг хуулийн 41.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна гэж тусгасан. Хуулийн ийм зөрчлийг арилгахгүй бол УИХ хоёр өөр шийдвэр гаргана. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 02 дугаар дүгнэлтээрээ шүүгчийн тэтгэврийн настай холбоотой маргааныг шийдвэрлэсэн. Хэрэв Улсын Их Хурал 60-аас дээш настай хүнийг хуулийн байгууллагын удирдлагаар томилохоор бол хуулийн зөрчлийг арилгах нь чухал гэж байлаа. Түүнчлэн гишүүд нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ прокурорын байгууллагын дарга бол шударга ёсны манаач тул өмнөх зургаан жил ажилласан шигээ хэн нэгний нөлөөнд авталгүй, улс төрөөс ангид, хараат бусаар ажиллаж, шударга ёсны төлөө хийж буй тэмцлээ үргэлжлүүлэн үр дүнтэй ажиллахыг хүсэв. Мөн хүний эрх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарах, хууль засагладаг ардчилсан шударга төрийг байгуулах шинэчлэлийн төлөө санаачилгатай ажиллахыг захиж байлаа. Ингээд Улсын Ерөнхий прокуророор Банзрагчийн Жаргалсайханыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 83.5 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчтэй уулзав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан өнөөдөр ( 2025.04.10 ) НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч, ноён Халид Шарифиг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд парламентад улс төрийн олон нам, нийгмийн бүлгийн төлөөлөл орж ирсний ихэнх нь анх удаа сонгогдсон, мөн Нийгмийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнд эмэгтэй гишүүд олон байгаа зэргийг Байнгын хорооны дарга Л.Энхнасан танилцуулж, Монгол Улс болон НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагаа, цаашид ямар чиглэлээр, хэрхэн хамтран ажиллах талаар ярилцав. Тэрбээр Байнгын хорооны эрхлэх асуудал, баримталж байгаа бодлого, чиглэлийг товч танилцуулж, Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд нийгмийн салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах талаар эрчимтэй ажиллаж байгааг дурдав. НҮБ-ын Хүн амын сан “Улс орныг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг 1998 оноос дөрвөн жилээр төлөвлөн хэрэгжүүлж буй бөгөөд долоо дахь хөтөлбөрийн хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн боловсролыг дээшлүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг чиглэлээр манай улсын холбогдох яамд, хороод, мөн эрүүл мэнд, хүн амын асуудал эрхэлсэн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэ талаар суурин төлөөлөгч Халид Шарифи тодорхой танилцуулж, Улсын Их Хурлын Тамгын газартай 2023 онд түнш байгууллагын гэрээ байгуулан ажиллаж байгааг онцлов. Тэрбээр 2016 онд баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон 2017 онд баталсан Залуучуудын хөгжлийн дэмжих тухай хуулиудыг шинэчлэн сайжруулах шаардлагатайг дурдаж, холбогдох судалгаа, тайлан илтгэл, олон улсын байгууллагуудаас гаргасан зөвлөмж зэрэг баримт бичиг, мэдээллээр хангахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Тус сангаас 2017 онд манай улс дахь жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг хийсэн байна. Олон улсын жишгээр энэ судалгааг 7-10 жил тутам хийх ёстой бөгөөд төсөв, санхүүгийн асуудлыг шийдвэрлэвэл Үндэсний статистикийн хороо ээлжит судалгаагаа хийхэд нь техник, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахаа суурин төлөөлөгч мэдэгдэв. Энэхүү чухал судалгааг хийх зардал, санхүүжилтийг улсын төсөвт тусгах асуудалд анхаарч ажиллахаа Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан илэрхийлж, тус сангаас дэмжлэг үзүүлж, оролцож хийсэн нийгмийн үзүүлэлтийн түүвэр, эхийн эндэгдлийн шалтгаан зэрэг судалгааны ажлууд, тэдгээрийн үр дүн, олон улсын байгууллагуудын зөвлөмж болон холбогдох мэдээллийн талаар Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулах уулзалтуудыг зохион байгуулах нь зүйтэй гэсэн юм. Мөн аймгийн төвүүд, зарим сумдад тус сангийн дэмжлэгтэйгээр байгуулсан Залуучуудын хөгжлийн төвүүдийн үйл ажиллагаатай Улсын Их Хурлын, тэр дундаа Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдийг танилцуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүд, тэдний дотор шинээр сонгогдсон гишүүдэд мэдээлэл ихээхэн чухал байгааг онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ИЦББХ-ны дарга Ж.Золжаргал НҮБ-ын Тусгай илтгэгч Ана Брайан Нугрересыг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал өнөөдөр / 2025.04.10 / НҮБ-ын Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Ана Брайан Нугререс ыг хүлээн авч уулзлаа. Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиудын хэрэгжилтийн талаар мөн олон нийтийн мэдээллийн сүлжээнд тавьж буй хяналт, техник технологи, интернэтийн хүртээмж, старлинк төхөөрөмж, Хувийн мэдээллийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага /Data protecting Authority/-ын олон улсын туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх талаар ярилцаж, харилцан санал солилцлоо. Тусгай илтгэгч Ана Брайан Нугререс , Монгол Улсын хувь хүний дата мэдээллийг хамгаалах асуудал, тухайлбал хүний эрүүл мэндийн мэдээлэл, кибер аюулгүй байдал, хяналт тандалтын арга хэмжээ, хэрэгжүүлэх механизм, шинэ тутам гарч буй технологийн хэрэглээ болон тодорхой бүлгүүдийн хувийн мэдээлэл зэрэг хувийн мэдээллээ хамгаалах эрхийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар ажиглалт, судалгаа хийнэ гэв. Мөн тэрбээр манай улсын Хүний эрхийн үндэсний комиссоос хийж буй ‘’ Хүний эрх ба технологи ’’ судалгаанд дэмжлэг үзүүлж, үнэлэлт өгөхөөс гадна урьдчилсан ажиглал тынхаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулан танилцуулахаар төлөвлөж буйгаа онцоллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ЁЗДБХ: УИХ-ын гишүүн Х.Баттулгад ёс зүйн хариуцлага ногдуулах тухай тогтоолын төслийг батлав

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.09/ хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара болон Х.Баттулга нарт ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Эхний хэлэлцэх асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Б.Баярбаатар, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/013 дугаартай албан бичгээр “Баялагтаа эзэн Монгол” НҮТББ-ын тэргүүн Г.Хажидмаагаас УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороонд хандан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь олон нийтийн цахим сүлжээнд байр сууриа илэрхийлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэж, бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан гэж үзээд Монгол Улсын Үндсэн хууль, “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн дагуу холбогдох арга хэмжээ авч эгүүлэн татахыг хүссэн шаардлага ирүүлсэн болно. УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийн 10.5-д шалгалтын явцад УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчлийн шинж байдал нь ёс зүйн хариуцлага тооцохооргүй бол шалгалтын дүнг үндэслэн Байнгын хорооны дарга тухайн гишүүнийг дуудан уулзаж, зөвлөгөө өгнө гэж заасан. Дүрмийн дагуу М.Нарантуяа-Нара гишүүнд ёс зүй, харилцаандаа анхаарах талаар зөвлөгөө өгсөн. Тиймээс Байнгын хорооны холбогдох тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах тухай горимын саналыг гаргаж байна гэв. Горимын саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа санал хэллээ. Тэрбээр, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад нийгмийн сүлжээн дэх хаягаараа дамжуулан бараа, бүтээгдэхүүн сурталчилж байгааг буруу юм хэмээн арга хэмжээ авч байсан. Гэвч УИХ-ын гишүүн өөрөө биш түүний нөхөр нь түүний хаягаар нь бараа, бүтээгдэхүүн сурталчилж байгаа нь өмнө нь өгсөн сануулах арга хэмжээг бүрэн гүйцэд биелүүлэхгүй байна гэж үзэж байгаа. Тиймээс сануулах арга хэмжээ авсан Байнгын хорооны тогтоол хүчинтэй гэдгийг сануулж, дүрэм зөрчсөн асуудлаар ярилцсан гэв. Ингээд "УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага ногдуулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Байнгын хорооны дарга Б.Баярбаатар өнөөдрийн хуралдааны хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Найдалаа П.Наранбаяр нар зодолдсон асуудлаар 2025 оны 04 дүгээр сарын 7-ны өдөр байнгын хорооноос энэ талаараа 04 сарын 15-ны өдрийн дотор тайлбар ирүүлэх агуулга бүхий албан бичиг явуулсан гэв. Түүний дараа "УИХ-ын гишүүн Х.Баттулгад ёс зүйн хариуцлага ногдуулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны гишүүдийн ирцтэй холбоотой мэдээллийг гаргаж, шаардлагатай бол Байнгын хорооны хуралдаанд оруулж танилцуулан “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн дагуу хариуцлага тооцох саналыг оруулах чиглэлийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяад өгсөн. Түүнийг энэ чиглэлийг баримтлан хэрхэн ажилласан талаараа танилцуулга хийхийг хүсье гэв. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 46.5.13-т “гишүүн нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэх” гэж заасны дагуу УИХ-ын гишүүн тус бүрээр, өдөр, цаг, минутаар Хуралдаан зохион байгуулах хэлтсээс гаргасан мэдээнд үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газраас олон нийтэд мэдээлдэг. Энэхүү ирцийн мэдээг авч үзэхэд УИХ-ын 2024 оны анхдугаар, ээлжит бус, намрын ээлжит чуулган 162:49:00 цаг хуралдсан байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга хамгийн олон буюу 67:20:00 цаг хуралдаандаа оролцоогүй байна. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар шинэ бүрэн эрх хэрэгжиж эхэлснээс хойш 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн ирцийг тасалсан цаг, минутаар гаргаж, олон цаг тасалж, хоцорсон гишүүдэд хэдийгээр 40 цаг хүрээгүй ч цаашид анхаарч, хуралдаандаа идэвхтэй оролцохыг сануулсан байгаа. Байнгын хорооноос 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, О.Амгаланбаатар, Э.Бат-Амгалан, Д.Батбаяр, Д.Батлут, Х.Баттулга, Д.Ганбат, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара, Дав.Цогтбаатар нарт сануулах бичиг хүргүүлсэн. Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 10.7.3-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг тухайн жилд хуралдааны /цахим/ ирцэд бүртгүүлсэн дүнгээр хоцорсон буюу тасалсан цаг нь ажлын 5 өдрийн цагаас дээш гарсан бол Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанд оруулна" гэж заасны дагуу миний бие “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 10 дугаар зүйлийн 10.4.1 дэх заалтад үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгатай биечлэн уулзаж, тайлбар авсан болно. Ингээд УИХ-ын гишүүн Х.Баттулгад “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалтын дагуу “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” сахилгын хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн саналыг оруулж байна. Харин УИХ-ын гишүүн С.Лүндэг /тасалсан цаг 38:37:00/ хугацаанд эмнэлгийн чөлөөтэй /акттай/ байсан гэдгээ “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар олон нийтээс уучлал гуйж, хүлцэл өчсөн гэв. Түүний дараа Байнгын хорооны дарга Б.Баярбаатар "Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 10 дугаар зүйлийн 10.7.3 дахь заалтыг зөрчсөн байх тул УИХ-ын гишүүн Х.Баттулгад уг дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалтыг баримтлан “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах” сахилгын хариуцлага ногдуулах тогтоолын төслийг танилцуулсан. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу асуулт асууж, саналаа хэллээ. Тэрбээр, УИХ-ын гишүүн С.Лүндэгт хариуцлага тооцохгүй үндэслэл юу вэ гэж асуугаад УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохоос өмнө тэдэнд ёс зүйгээ сахиулах, хариуцлагатай байх тухай анхаарч ажиллах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Түүний асуултад УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хариулахдаа "Хэн нэгнийг ялгаж үлдээсэн асуудал байхгүй. Гагцхүү хуулиар хариуцлага хүлээлгэх 40 цагийн хязгаарыг баримтлан хариуцлага тооцох асуудлыг оруулж ирсэн" гэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан тус Байнгын хорооны дарга Б.Баярбаатар санал гаргав. Тэрбээр, УИХ-ын гишүүн Х.Баттулга нь итгэл хүлээлгэсэн сонгогчид болон УИХ-ыг үл хүндэтгэсэн байдал гаргасан гэж үзэж буй учраас албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах тухай ажлын хэсгээс оруулж ирсэн саналыг 6 сар хүртэл 20 хувиар бууруулах болгон өөрчлөх саналтай байна гэв. Байнгын хорооны хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжиж баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ .

1 ... 47 48 49 50 51 52 53 54 55 ... 370