НЭГҮҮН МЭДЭЭ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ

Хүн төрөлхтнийг заналхийлсэн фашизмын аюулаас чөлөөлсөн Их ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг ахмад дайчид, ард иргэддээ өргөн дэвшүүлье. Дэлхийн II дайны жилүүдэд манай ард түмний амьдрал хүнд бэрх байсан хэдий ч Монгол Улс “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” уриан доор дайны эсрэг хөдөлгөөнийг өрнүүлж, галт тэрэгний 6 удаагийн цуваагаар хоол хүнс, дулаан хувцас зэрэг бэлгийг фронтод хүргэж, хагас сая гаруй агт морьд, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, ”Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг Зөвлөлтийн ард түмэн, цэргийн армид илгээж, их ялалтад бодитой хувь нэмрээ оруулсан билээ. Энэхүү түүхэн ялалтын ач холбогдол нь Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдах нөхцөл шалтгаан болж, олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, дэлхий нийтээр дайн, үл ойлголцол, сөргөлдөөнөөс ангид байх олон талт яриа хэлэлцээрийг дипломат аргаар явуулах, түүнийг баталгаажуулах нөхцөл болсон. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Улсын Их Хурал олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулах үйлсэд тууштай байна. Тиймээс ардчилсан Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилт нь хөрш орнууд хийгээд олон улстай найрсаг, дипломат харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлж, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, найрамдал, амар амгалан байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулсаар байх явдал юм. Фашизмын аюулыг дарж, хүн төрөлхтний энх тайвны төлөө амь биеэ зориулсан эрэлхэг дайчдын баатарлаг үйлс, гэгээн дурсгалыг мэхийн хүндэтгэе. Хүн төрөлхтөн дайны сүүдрээс ангид байж, эх дэлхий амгалан орших болтугай. Энэхүү Их ялалтын баяраар Та бүхэндээ аз жаргал, амар тайван, эрүүл энх, сайн сайхан бүхнийг Улсын Их Хурлын өмнөөс хүсэн ерөөе. Улаанбаатар хот 2025.05.09

А.ЦОЛМОН: УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ЗОВЛОН, ЖАРГАЛЫГ ДОТРООС НЬ, ЭХНЭЭС НЬ ТУУЛЖ ЯВНА АА

Газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч “МНРИК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Цолмонтой ярилцлаа. Тэрээр ШУТИС-ийн Геологийн Сургууль болон АНУ-ын Ютагийн их сургуулийг Геологич мэргэжлээр төгссөн. Уул уурхай, эрдэс баялаг, хүнд үйлдвэрийн салбарт 17 жил ажиллаж байгаа түүний хувьд уул уурхай гэх хариуцлага өндөр хүнд салбарт томоохон төсөл түүчээлэн толгойлж буй залуу эмэгтэй захирлуудын нэг. Амьдрал, ажлын гараагаа Өмнөговь аймгаас эхлүүлсэн тэрээр Ховдын хязгаарт ажиллаж байх үедээ АНУ-н Вашингтон ДС хотод Дэлхийн банкны төв салбарт Уул уурхайн ахлах мэргэжилтэн гэх өндөр албан тушаалд Монгол Улсаас уригдан ажилласан анхны мэргэжилтэн. Гэсэн ч А.Цолмон энэ оны эхээр АНУ дахь карьераа өөрийн саналаар орхиж, Ховд нутагтаа буцаж ирэн, хязгаар нутгийг хөгжүүлэхээр сэтгэл шулуудан зүтгэж байна. Ингээд Монгол болон Дэлхийн 10 орчим оронд эрдэс баялгийн томоохон төслүүдийг хөгжлийн хөтөлбөртэй холбох үйлсэд гар бие оролцож мэргэшсэн түүний ярилцлагыг хүлээн авна уу. -Таны ажлын гараагаа эхэлж байсан тэр цаг үеэс яриагаа эхэлье гэж бодлоо? -ШУТИС-ийг Геологич мэргэжлээр 2009 онд төгсөөд, залуухан инженер Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 10 гаруй жил 14 хоног ажиллаад, 7 хоног амардаг хуваариар ажиллаж байлаа. Ухаахудагийн нүүрсний уурхайд анх 240 тонны том дампнууд, 36 куб метр шанагатай экскаватор хослол дунд л шинэхэн эмэгтэй геологич хүрзээ бариад л ажилдаа орж байлаа. Анх уурхайд том техникүүдийн хөдөлгөөн дунд машин жолоодоод явахдаа эмээдэг л байлаа. Ер нь уул уурхайн салбарын зовлон жаргалыг дотроос нь, эхнээс нь туулжээ. -Уул уурхай гэхээр эрчүүд гэж хардаг байсан бол өдгөө уул уурхайн төслүүдэд, компаниудын менежментийн түвшинд ч эмэгтэйчүүд маш олноороо түүчээлэн ажиллаж байна. Эмэгтэй захирал тэр дундаа уул уурхайн салбарт компани удирдана гэдэг амаргүй, онцлогийг нь та юу гэж хэлэх вэ? -Манай салбарт эмэгтэйчүүд гэнэт гарч ирсэн биш л дээ. Гэхдээ эрчүүдтэйгээ харьцуулбал тун цөөхөн. Уурхайнууд аюул осолгүй, ажилбарууд нь программчлагдаад, технологийн дэвшил сайжрахын хэрээр эмэгтэйчүүдэд хийж чадахгүй ажил гэж байхгүй болсоор л байгаа. Надтай зэрэгцээд ажиллаж байсан охид одоо менежмент, удирдлагын түвшинд амжилттай ажиллацгааж байна. Уул уурхайд байгаа эмэгтэй захирлуудын нэг онцлог нь бизнесээсээ даваад орчны, нийгмийн мэдрэмж өндөр, үүндээ анхаардаг нь анзаарагдаад байгаа. Салбарт нийгмээ мэдрэх мэдрэмж, хариуцлагатай байх чанар тун чухал болж өөрчлөгдөж байна. -Таны ажлын гараагаа эхэлсэн 2009 он бол уул уурхайн төслүүд шинэ тутам хэрэгжиж эхлээд, сумд дөнгөж хөгжиж эхэлж байсан үе шүү дээ. -Яг тийм. Цогтцэций сум 2,000 гаруй л хүнтэй, хоёр дэлгүүртэй байсан. Цэргийн баяраар залуучуудаа баярлуулах гээд хайрцаг кока кола дэлгүүрээс авч чадаагүй, дэлгүүрт тийм олон байгаагүй, /инээв/. Одоо уугуул суугуул нийлсэн 10,000 гаруй хүнтэй байх шүү. Говийн найзууд маань бүгд хувьдаа бизнестэй, ажилтай, амьдрал нь нүдэн дээр өнгө ороод л, их өөдрөг сайн сайхан амьдарч байгаа. -Та Халзан бүрэгтэй төсөлтэй яаж холбогдож байв? -Говьд ажиллаж байхдаа Халзан бүрэгтэй төсөл дээр ажиллах санал авч байсан. Уул уурхай, геологийг нь хариуцаад, дэлхийн стандарт, олон улсын сайн туршлагаар өндөр түвшний хайгуулын ажил хийгээд өгөөч гэдэг санал ирсэн. Цөөн тооны хайгуул ингэж сэтгэл гаргаж хийгддэг. Нөгөө талаас надад олон улсын стандартаар хайгуул хийгээд, нөөц тооцоолоод, татвар төлдөг уурхай болгоод үзчихсэн туршлага байсан учраас өөрийгөө соръё гэж шийдсэн. -Ховдоос Дэлхийн Банк руу явчихсан хүн гээд харвал таны карьерын замнал их сонирхолтой байгаа юм. Уншигчдад маань хуваалцвал? - Харин тийм. Ер нь манай Ховдоос гоё, гоё газар руу залуучууд их явдаг, та бүхэн мэднэ дээ. Сонирхолтой нь Ховд руугаа буцаад оччихдог /инээв/. Ховд аймагт Халзан бүрэгтэйн хайгуул дээр ажиллаж байхдаа Дэлхийн Банкны төв рүү Уул уурхайн ахлах мэргэжилтнээр ажиллахаар болоод явсан. Маш өндөр албан тушаал, банкинд гаднын мэргэжилтэн болж сонгогдоод хариуцлага, хангамж бүгдийг нь л авч, их ч туршлагатай боллоо. Балканы хойг, Зүүн Африк, сүүлд Төв Азийн портфолиотой, нэг талаасаа Уур амьсгалын өөрчлөлтөд хариуцлагатай уул уурхайгаар дамжуулж, дутагдаж буй түүхий эдийг нийлүүлэх, нөгөө талаасаа хөгжиж буй орнуудын (эмержинг улсууд) уул уурхайг сайн засаглал, зөв бодлого, хууль эрх зүй, татварын орчноор нь дамжуулж эх нутагт нь давуу боломжийг шингээж үлдээх гэсэн үндсэн агуулгын доор ажилласан. Дашрамд хэлэхэд, уул уурхайг байгаль орчны эсрэг гэх ойлголт аль эрт хуучирсаан. Эх дэлхийгээ аврах, хүний амьдралд хүчтэй нөлөө үзүүлээд байгаа, ялангуяа хөгжиж буй орнуудын сэргэж буй эдийн засагт маш их эрсдэлтэй бий болгодог уур амьсгалын өөрчлөлтөд уул уурхай л хамгийн их нэмэр оруулах юм байна гэдгийг дэлхийн томоохон хөгжлийн байгууллагууд, Дэлхийн банк, НҮБ гээд л бүгд дор бүрнээ хүлээн зөвшөөрч байна. Чухал ашигт малтмалын бодлогын бичиг баримтуудаа батлаад, гишүүн орнуудаараа хэлэлцүүлээд эхэлчихсэн, энэ цагийн тренд сэдэв болоод байгаа. -Та Ютагийн Их Сургуульд Фулбрайтын тэтгэлгээр суралцсан гэж байсан. 14/7 хоногоор ажилладаг тэр завгүй хуваарийн дунд энэ боломжуудыг хэрхэн өөртөө гаргаж, өөрийгөө хөгжүүлэх менежментийг яаж ийм сайн хийж явсан нь мөн л сонирхол татаж байна шүү. -Би олон хүүхэдтэй айлын том охин. Олон ажлыг зэрэг хийдэг чадвар айлын томуудад нийтлэг. Энэ байдал маань нөлөөлсөн болов уу гэж боддог инээв. -Геологич захиралтай уул уурхайн төсөл, компани ховор санагдаж байна? -Геологи бол олон салаа, өргөн суурь ойлголттой байгалийн шинжлэх ухаан шүү дээ. Тухайн газрын тогтоц, байгалийн шинж чанарыг геологичоос илүү сайн мэдэх хүн гэж байхгүй, тэр нь гүйцэтгэх удирдлагаар ажиллахад маш их түшиг болж байна. Нэг үгээр төслөө илүү сайн мэдэрдэг юм байна гэж хараад байгаа. -Сүүлийн үед уул уурхайгаар тогтохгүй бүх салбарт л хүний нөөцийн асуудал их үүсэж байна. Яг одоо мэргэжлээ сонгох гэж байгаа элсэгчдэд хандаж зөвлөвөл та юу гэж хэлэх вэ? -Үндсэндээ Монголд дэлхийд таниулж чадсан мэргэжил, мэргэшил тун цөөн байна. Гэхдээ би Дэлхийн Банкинд олон орны хүмүүстэй ажиллаж байхдаа Монгол яахын аргагүй уул уурхайн орон хэмээн хүлээн зөвшөөрсөн юм байна гэдгийг ойлгосон. Монгол хүнийг ч уул уурхайн хүн гэдгээр нь үнэлэх юм байна. Би ганцаараа ч биш, миний таньдаг Монголд төгссөн, Монголд уул уурхайд ажиллаж байсан олон залуус дэлхийд олон том төсөл дээр энд тэндгүй ажиллаж, амьдарч байна. Тэд том захирал, үнэ цэнтэй инженерүүд, хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүд болж, дэвшиж байна. Ийм залуус улам олон болоосой гэж боддог. Ийм хүмүүсийг би өөрөө таньдаг, бахархаж явдаг болохоороо хэлж байгаа юм шүү. Тэгэхээр энэ салбараас манай улсын авч үлдэж байгаа гол үнэт зүйл нь татвар, орлогоос илүү хүн, хүмүүн капитал гэж хардаг. -Сүүлийн үед гаднын орнууд руу явж ажиллаж амьдрах хүсэлтэй залуусын тоо нэмэгдэж байгаа судалгаа бий. Энэ нь хувь хүний сонголт хэдий ч хөгжиж буй улсын хувьд энэ тун харамсалтай үзэгдэл л дээ. -Яах вэ, хувь хүний сонголт. Юм сурна, гэхдээ монгол хүн юм чинь эргээд л ирдэг гэж бодож байна. Ирэхэд нь энд сайхан л байж байх хэрэгтэй. -Халзан бүрэгтэйн хайгуулын талаар ярихгүй өнгөрч болохгүй нь. Танай төсөл орон нутаг тэр дундаа баруун хязгаар Ховдод хэрэгжих уул уурхайн шинэ төсөл, хэл ам ч ихтэй. Ер нь яагаад ингэж их хэл ам гараад байдаг юм бэ? -Дэлхийд ордыг нээж олохоос эхлээд эдийн засгийн эргэлтэд оруулах хүртэл ойролцоогоор 19 жил болж байна гэсэн тооцоо байгаа. Харин Халзан бүрэгтэй бол 1980 оны сүүлээр нээгдсэн, нээгдсэнээсээ хойш 30 гаруй жил болж байгаа орд. Нөгөө талаасаа дэлхийд яг одоо ногоон технологид хэрэглэдэг газрын ховор элемент гэх мэт түүхий эдийн эрэлт үүсээд байгаа. Тэгэхээр ашиглах мөчлөг нь ирчихсэн гэж хэлж болно. Яг энэ мөчлөг дээрээ байгаа ордын ашиглалтыг оройтуулж болдоггүй, тэгвэл үнэгүйддэг. Гэхдээ олборлож, экспортолж үзээгүй шинэ төрлийн түүхий эд гэдэг талаасаа хүмүүст ойлгуулахад гол бэрхшээл тулгарч байна. Сумын иргэд түгээмэл зовнилттой, алт, нүүрс байвал ухаж болно, газрын ховор элемент /ГХЭ/ гэж мэдэхгүй байгаа учраас ухуулмааргүй байна гэдэг. Хоёрт байгалийнх тогтоц байна. Ийм боржингийн төрлийн ч гэх юм уу чулуу ер нь хаа сайгүй их бага хэмжээгээр байгалиасаа цацрагтай байдаг. ГХЭ ордуудад энэ нь өссөн байх нь түгээмэл. Хүмүүс энэ талаар хэзээ ч сонирхдоггүй, мэдэхгүйгээр уулынхаа хажууд нь хэдэн зуун жил амьдарч байгаад хайгуулын ажил эхлэх үед хэмжсэн. Байгалийн өөрийнх нь суурь хэмжээг шүү дээ. Тэр хэмжилтийн дараа цацрагтай холбоотой айдас бий болсон. Хүн өвдвөл цацраг, мал өвдвөл цацрагаас болж байна гэх байдлаар. Үүнийг буруутгах арга байхгүй. -Та буруутгах аргагүй гэлээ. Тэгвэл иргэдийн энэ санаа зовнилыг яах ёстой юм бэ? -Хувь хүнийхээ зүгээс хэлмээр байгаа хэдэн зүйл байна. Нэгдүгээрт, Халзан бүрэгтэй ордыг ухаж эхлээгүй, хайгуул л хийж байна. Бүх үйл ажиллагаа Монгол Улсын, төрийн хяналт шалгалт, зөвлөмжүүдэд үндэслэн явагдаж байгаа. Хайгуулаас болж тухайн орчны цацраг нэмэгдээгүй, тогтмол хийж байгаа шинжилгээний хариу, хэмжилт нь байгаа. Хоёрдугаарт, Манай хайгуул дээр 2 жилийн хугацаанд 100 орчим монгол залуучууд ажилласан. Яг л уулынхаа хажууд амьдардаг. Нэг ч хүнд цацрагийн хордлого илрээгүй, тун хэтэрсэн зүйл байхгүй, эсрэгээрээ зүүдэг багажид нь цацраг илрэхгүй байна гэж лабораторид гардаг. Гуравдугаарт, Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгах, нийгмийн нөлөөллийг хамгийн эерэг байлгах тооцооллыг олон улсын нэр хүнд бүхий туршлагатай байгууллагуудаар хийлгэж байгаа. Дөрөвдүгээрт, Манай Монголын уул уурхай, байгаль орчин, цацрагийн байгууллагууд олон жилийн турш уул уурхайн хяналт, шалгалтыг хийж байгаа туршлагатай, өндөр чадвартай. Цацрагтай ч байсан, цацраггүй ч байсан эдгээр хяналтын байгууллагад уурхайн үйл ажиллагаа, хайгуулын ажлыг хянадаг хангалттай сайн туршлага бий. Тиймээс эдгээр байгууллагадаа итгээд эрүүл аюулгүй орчинд тайван амьдарч болно оо гэж салбарын хүний хувьд хэлмээр байгаа юм. -Одоо танай төслийн явц ямар шатандаа явж байгаа вэ? -Урьдчилсан ТЭЗҮ дууссан. Үндсэн ТЭЗҮ хийх ажил үргэлжлээд явж байна. Энэ ажлын ард гарахын тулд мэдээж дараагийн шатны хайгуулын ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа. Мөн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгээд явж байна. Олон улсад энэ чиглэлд мэргэшсэн сайн туршлагатай компани хийж байгаа. Үндсэн ТЭЗҮ, БОННҮ дууссаны дараа иргэдийн асуудаг олон асуулт тодорхой болно. Хүн, малын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх байдлууд илүү ойлгомжтой болно. Түүнчлэн бидний зүгээс орон нутагтайгаа ойлголтуудаа нэгтгээд явж байна. Ил тод байдал, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, оролцоо гэсэн чиглэлийн хүрээнд иргэдэд маш олон төрлийн аргаар мэдээллүүдийг хүргэн ажиллаж байгаа. Харилцан ойлголцлын түвшин дээрдэж байгаа нь мэдэгдэж байгаа шүү. -Танай төслийн үр дүн дараа дараагийн газрын ховор элементийн төслүүд хөдлөх замыг нээх болов уу. Нэг талаас “мөс зүсэгч” болж байгаа тул давхар ачаа, хариуцлага үүрч байна гэж харж байна. -Яалт ч үгүй тийм. Монгол Улсын шинэ төрлийн ашигт малтмал, газрын ховор элемент олборлогч улс болох том амбицдаа хүрэх мөс зүсэгч нь болж байгаа учраас хайгуулыг их сэтгэл гаргаж, олон улсын стандартад нийцүүлэн өндөр зардлаар хийж байна. Мөн бидний алсын хараа хол учраас манай хамт олон иргэдтэйгээ ойлголцох байдалд цаг гаргаж, нухацтай, тууштай ажиллаж байна. -Ярилцлагын төгсгөлд танд нэмж хэлэх зүйл бий юу? -Харилцаа гэдэг амаргүй. Иргэдийг биднийг ойлгоосой, өөрийнхөө нутгийн төсөлдөө оролцоотой байгаасай гэж хүсдэгээ энэ дашрамд дамжуулмаар байна. Халзан бүрэгтэй төсөл бол бидний хамтын ирээдүй мөн. -Ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье. Эх сурвалж: Mining.mn, Б.Баяртогтох

ИЦББХ:Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.08/ хуралдаанаар Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд Монгол Улсад олон талт хэрэгцээ, шаардлагад нийцсэн үр өгөөжтэй ашиглах боломжтой хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэхүү ажлын хэсэг байгуулах хэрэгцээ, шаардлагын талаар УИХ-ын гишүүн Ч.Анар нэмэлт мэдээлэл өглөө. Тэрбээр, олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөж, аюулгүй байдлаа хангах үүднээс үндэсний хиймэл дагуулын төсөл хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Мөн хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн хүрээнд энэ ажлыг хийхээр төлөвлөсөн. УИХ-ын зүгээс т өсөвт өртөг өндөр, техник эдийн засгийн үндэслэл хангалтгүй гэх шүүмжлэлийн дагуу Засгийн газар ажиллаж байна. Харин УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос техникийн дүгнэлт, нөхцөл байдлын анализыг хамтран хийж, хэлэлцээрт ороход бэлэн байхын тулд ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэсэн саналтай байна гэв. Тус байнгын хорооны Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж баталлаа. Дээрх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Анар, гишүүдээр УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Э.Батшугар, Б.Пунсалмаа, Ж.Баярмаа, Д.Пүрэвдаваа нар ажиллах юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.08) нэгдсэн хуралдаан 10.00 цагт гишүүдийн 54 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв. Эхлээд Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуульд заасныг үндэслэн Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналаа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд санал болгосон нэр дэвшигч Сандагийн Магнайсүрэн нь 1975 онд төрсөн, 50 настай. 1983-1993 онд Говь-Алтай 1 дүгээр сургууль, 1993-1997 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн шинжлэх ухааны магистр зэрэгтэй. Нэр дэвшигч 1997-1999 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1999-2000 онд Улсын Их Хурлын гишүүний туслах, 2000-2005 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, 2005-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт Тамгын газрын дарга, 2006-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга, 2008-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Тамгын газрын Нарийн бичгийн дарга, 2015 онд Хөдөлмөрийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2015-2023 онд Барилга, хот байгуулалтын яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2023-2024 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан гэлээ. Эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд буюу Тэргүүн түшмэлийн албан тушаалд 12 жил 5 сар ажилласныг Улсын Их Хурлын дарга танилцуулсан. С.Магнайсүрэн нь Япон Улс, БНАУ, БНСУ, АНУ, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтууд хамрагдаж байсныг дурдаад Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан 45 насанд хүрсэн байх; 45 нас хүрсэн байх; эдийн засаг, санхүү, эсхүл хууль зүйн чиглэлээр дээд боловсролын зэрэгтэй байх; төрийн албаны эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан байх; сүүлийн зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байх; Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд харшлах ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад ашиг сонирхлын зөрчилгүй байх зэрэг шаардлагыг хангаж байгаа учир Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулахаар нэр дэвшүүлж байгаа гэв. Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцууллаа. Тус Байнгын хороо 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцсэн байна. Улсын Их Хурлын даргаас Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд Сандагийн Магнайсүрэнг Улсын Их Хуралд санал болгосон. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулахтай холбогдуулан дараах ажиллагааг явуулжээ. Төсвийн байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаар тогтоолоор нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулахаар товлож, 14 хоногийн хугацаанд сонсголд оролцогчдыг бүртгэх болон нэр дэвшигчээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг хүлээн авахаар сонсголын зарыг олон нийтэд хүргэсэн байна. Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням даргалж, сонсголд Төсвийн байнгын хорооны гишүүд, нэр дэвшигч С.Магнайсүрэн болон зарын дагуу бүртгүүлсэн 4 оролцогч, 1 ажиглагч иргэн оролцсон болохыг санал, дүгнэлтэд дурджээ. Нэр дэвшигчийн сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшигч С.Магнайсүрэнг тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан хэмээн үзэж, дэмжсэн байна. Нэр дэвшигчийн сонсголын тайланг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулан, Улсын Их Хурлын дарга болон нийт гишүүд, нэр дэвшигчид хүргүүлснийг Г.Дамдинням гишүүн танилцуулав. Байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Монгол Улсын Ерөнхий аудитороор Сандагийн Магнайсүрэнг томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Дэлэгийн Загджавыг Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн байна. Ийнхүү Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байгааг тэмдэглэн хэлээд “Улсын Их Хурлын нэрийн өмнөөс баярын мэнд хүргээд, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудад ажлын өндөр амжилт хүсье. Гэр бүлээс эхлээд үндэсний хэмжээнд хүүхдэд ээлтэй орчин, нийгмийн дэд бүтцийг бүрдүүлж, хүүхэд бүрд анхаарал хандуулж, бүхнийг хүүхдийн төлөө гэсэн сайхан сэтгэлээр ажиллаж, амьдрахыг нийт ард иргэддээ уриалж байна. Монголын үрс маш олон болтугай” гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, А.Ариунзаяа, Л.Энхнасан, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэболд, Дав.Цогтбаатар, Н.Наранбаатар, Ц.Идэрбат, П.Сайнзориг, О.Цогтгэрэл, Б.Уянга, Ч.Ундрам, Г.Лувсанжамц, Д.Ганбат, Ж.Алдаржавхлан, Ж.Галбадрах, Л.Мөнхбаатар, Б.Жаргалан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэн үг хэлэв. Тухайлбал, төрийн байгууллагууд хууль хэрэгжүүлдэг байх, Эрүүл мэндийн даатгалын сан болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулдаг эсэх хяналт онцгой хяналт тавих, төрийн аудитын байгууллагын зөвлөмжийн хэрэгжилтийг үр нөлөөтэй байлгах чиглэлээр авч хэрэгжүүлэх, шаардлагатай бол эрх зүйн өөрчлөлтийг хийх санаачилга гаргах, төсвийн төлөвлөлт Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцэж буй эсэхээр нарийвчилсан дүгнэлт гаргаж байх зэрэг саналыг хэлж байв. Түүнчлэн төрийн албыг цомхон, чадварлаг болгох чиглэлд аудитын байгууллагаас авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаар, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд аудит хийх, үйл ажиллагааг үр өгөөжтэй болгохтой холбоотой ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж болох, төрийн аудитын байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой зохион байгуулахад төрийн аудитын байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулж байв. Нэр дэвшигч С.Магнайсүрэн хариулахдаа “Т өрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн талаар 2024 онд аудит хийсэн байна билээ. Энэ аудитын тайланг Улсын Их Хурал хүргүүлсэн бөгөөд Байнгын хороогоор хэлэлцэх болов уу. Энэ аудитын дүгнэлтэд ерөнхийдөө хууль дээдлэх зарчим тодорхой түвшинд алдагдсан, тогтвортой бүтцээр ажиллаагүй, бодлого хуулийн хэрэгжилтэд тавих үр нөлөөтэй хяналтын тогтолцоо бүрдээгүй, бүртгэлийн систем доголдолтой байна гэх зэргийг дурдсан байгаа” хэмээсэн. Цаашид төрийн албыг өргөжүүлэхээс илүүтэй хуулийг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, техник технологийн дэвшлийг ашиглаж үр дүнтэй ажиллах чиглэл рүүгээ анхаарах шаардлагатай болж байгаа гэв. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан төрийн албан хаагчдын тоон мэдээллийг танилцуулсан. Өнөөдрийн байдлаар төрийн захиргаа, тусгай, үйлчилгээний гээд нийтдээ 220 орчим мянган албан хаагч байгаа бол төрийн өмчит үйлдвэрийн газруудад 60 орчим мянган хүн ажиллаж байгаа юм байна. Дээрх 220 орчим мянган албан хаагчдын 70 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагч буюу багш, эмч, боловсролын болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд юм. 21 хувь нь цэрэг, цагдаа тэргүүтэй төрийн тусгай алба хаагчид, үлдсэн 9 хувь нь төрийн захиргааны албан хаагч юм. Төрийн албан хаагчдын тоо жил бүр өсөж байгаагийн үндсэн шалтгааны нэг нь олон тооны сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад ордогтой холбоотой хэмээн тайлбарлав. Улсын Их Хурлын гишүүд “төрийн захиргаа нь л өргөжөөд, тэлээд байна” гэсэн өрөөсгөл ойлголтоо залруулж, зөв мэдээлэл авч, олон нийтэд түгээж байхыг хүссэн. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам” хэмээх 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаан эрх бүхий албан тушаалтны санал, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно” гэж заасны дагуу нууц санал хураалт санал хураалт явууллаа. Чуулганы өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80.6 хувь нь Төсвийн байнгын хорооны саналаар Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын ерөнхий аудитороор томилохыг дэмжлээ. Иймд “Монгол Улсын ерөнхий аудиторыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцов. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын ерөнхий аудитороор томилогдсон С.Магнайсүрэнд ажлын амжилт хүсээд “Улсын Их Хурлын гишүүд аудитын байгууллагын үйл ажиллагаанд онцгой анхаарал хандуулдаг болохыг, холбогдох саналуудыг сонслоо. Төрийн аудитын байгууллага бол парламентын нүд, чих болж гүйцэтгэх засаглалын түвшинд гарч байгаа санхүүгийн болон гүйцэтгэлийн алдаа дутагдлыг илрүүлж, хариуцлага тооцон, доголдлыг засах чиглэлээр ажилладаг. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах нөхцөлийг бүрдүүлдэг гол байгууллагын нэг. Ард иргэдийн зүгээс хүсэж байгаа хяналт шалгалтын чиг үүргийг бодитой, үр нөлөөтэй хэрэгжүүлж, ажил хэрэгч ажиллаарай” хэмээлээ. Мөн сүүлийн жилүүдэд төрийн аудитын байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн ихээхэн өргөжиж, томорсон гэдэг шүүмжлэлийг Улсын Их Хурлын гишүүд хэлж байгааг тодотгоод, холбогдох судалгаа мэдээллийг Төсвийн байнгын хороонд танилцуулахыг үүрэг болгов. Дараа нь Байнгын хорооны саналаар бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Дэлэгийн Загджавыг Монгол Улсын ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг дэмжих томьёоллоор нууц санал хураалт явуулсан. Санал хураалтад оролцсон гишүүдийн 64.5 хувь буюу Улсын Их Хурлын 60 гишүүн дэмжсэн тул Улсын Их Хурлын холбогдох тогтоол батлагдсан юм. Иймд Д.Амарбаясгалан дарга холбогдох тогтоолуудын найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсан. Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” дүгнэлтийн талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Болдбаатар танилцууллаа. Үндсэн хуулийн цэц 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцжээ. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасны "... дутуу ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно." гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн "... дутуу ..." гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр уг дүгнэлтэд дурдсан байна. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулсан юм. Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан журмын дагуу 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Үндсэн хуулийн цэцийн дээрх дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг томилогдсон бөгөөд тэрбээр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд холбогдох дүгнэлтийн талаар танилцуулжээ. Байнгын хороо уг дүгнэлтийг хэлэлцээд, дараах шийдвэрийг гаргасан байна. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж заасны “… дутуу ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно." гэснийг зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ. Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав. Байнгын хороо 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэх үеэр Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаар танилцуулсан гэв. Байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна. Байнгын хороодын дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Бум-Очир, А.Ганбаатар, С.Зулпхар, О.Номинчимэг, Д.Энхтүвшин, Л.Мөнхбаатар, С.Даваасүрэн, Х.Баасанжаргал, Б.Найдалаа, Б.Батбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Монгол Улсын парламент нь улс төрийн намуудын төлөөллийг хангах, газар нутгийн төлөөллийг хангах, жендэрийн тэгш байдлын төлөөлөл, нийгмийн сонирхлын бүлгүүд төлөөллийг хангах, үндэстэн ястны төлөөллийг хангах шаардлагын хүрээнд, нэгдмэл улсын хувиар парламентыг Үндсэн хуульд заасны дагуу байгуулахын тулд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд дээрх зохицуулалтыг тусгасан тул Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй Байнгын хороодын шийдвэр зүйтэй гэдэг байр суурийг зарим гишүүн илэрхийлж байв. Харин Монгол Улсын Үндсэн хуулийг сахин биелүүлэх, хүний үндсэн эрхийг хангах үндэслэлээр Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэдэг байр суурийг мөн гишүүд илэрхийлж байв. Энэ төрлийн маргааныг Цэц өмнө нь хэлэлцэж байсныг гишүүд дурдаад Үндсэн хуулийн цэцийн 1993, 1996 оны холбогдох дүгнэлтүүдийг эргэж харах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байсан юм. Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан саналын дагуу Үндсэн хуулийн цэцийн холбогдох дүгнэлтийн талаар, Улсын Их Хурлаас гаргасан аливаа шийдвэр нь ямар үр дагавартай байх талаар холбогдох байгууллагуудтай зөвлөлдөх, нухацтай судалж, нягтлах шаардлагатай учир санал хураалтыг хойшлуулж буйгаа мэдэгдэв. Үүгээр өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.07/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд хуралдаан Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлангаар үргэлжилсэн. Байнгын хорооны дарга энэ үеэр Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Монгол Улсын Ерөнхий аудиторыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж, 6 жилийн хугацаагаар томилно гэж заасны дагуу Төсвийн байнгын хорооноос нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсныг дурдав. Ингээд Төрийн аудитын тухай хуулийн 28.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд санал болгосон нэр дэвшигчийн талаар Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Сандагийн Магнайсүрэн нь 1975 онд төрсөн, 50 настай. 1983-1993 онд Говь-Алтай 1 дүгээр 10 жилийн дунд сургууль, 1993-1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй. 1997-1999 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, 1999-2000 онд Улсын Их Хурлын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, 2000-2005 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, 2005-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт Тамгын газрын дарга, 2006-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга, 2008-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Тамгын газрын Нарийн бичгийн дарга, 2015 онд Хөдөлмөрийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2015-2023 онд Барилга, хот байгуулалтын яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2023-2024 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан гэлээ. Мөн эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд буюу Тэргүүн түшмэлийн албан тушаалд 12 жил, 5 сар ажилласныг дурдахын зэрэгцээ Төрийн аудитын тухай хуулийн 28.2-т заасан 45 насанд хүрсэн, эдийн засаг, санхүү, эсвэл хууль зүйн чиглэлээр дээд боловсролын зэрэгтэй байх, төрийн албаны эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан байх, сүүлийн 6 жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байх, харшлах ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад ашиг сонирхлын зөрчилгүй байх шаардлагыг хангаж байна гэж үзэж Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулахаар нэр дэвшүүлснийг онцлон тэмдэглэв. Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хорооноос өнөөдөр /дэлгэрэнгүйг эндээс/ зохион байгуулсан нэр дэвшигчийн сонсголын тайланг Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Г.Дамдинням танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын даргаас Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг Улсын Их Хуралд санал болгосон. Төсвийн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулсныг дурдав. Мөн Төсвийн байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 8 дугаар тогтоолоор нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулахаар товлож, 14 хоногийн хугацаанд сонсголд оролцогчдыг бүртгэх болон нэр дэвшигчээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаар саналыг хүлээн авахаар сонсголын зарыг олон нийтэд хүргэсэн. Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг миний бие даргалж, сонсголд Төсвийн байнгын хорооны гишүүд, нэр дэвшигч С.Магнайсүрэн, зарын дагуу бүртгүүлсэн зургаан оролцогч, хоёр ажиглагч иргэн оролцсон. Түүнчлэн нэр дэвшигчийн сонсголыг даргалагч нэр дэвшигчийн талаар болон нэр дэвшигч уг албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэл, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа тухайгаа танилцуулж дууссаны дараа оролцогчид, Байнгын хорооны гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлсэн болно гэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийн сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшигч С.Магнайсүрэнг тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан гэж үзэж, дэмжсэн гэдгийг Г.Дамдинням гишүүн танилцуулгадаа онцолж байлаа. Нэр дэвшигчтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд Сандагийн Магнайсүрэнг томилохыг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 18 гишүүнээс 18 нь буюу 100 хувиар дэмжив. Ингээд бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас Д.Загджавыг чөлөөлөхийг, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулахаар болов. Дараа нь “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны 05 дугаар сард хэлэлцэх асуудлыг тусгасан Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй. Иймд төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.6 хувь нь дэмжлээ. Хуралдааны төгсгөлд Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ. Энэ талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр танилцуулав. Тэрбээр Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т “хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлан, мэдээлэл ирүүлэх, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх ажлыг зохион байгуулах, Засгийн газарт танилцуулах” хэмээн заасныг үндэслэн хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн 2024 оны жилийн эцсийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг танилцуулав. Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд ирүүлсэн хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайланд үндэслэн хяналт-шинжилгээ, үнэлгээг хийсэн бөгөөд “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6.3-т заасан аргачлалыг баримталсан хэмээн тодотгож байлаа. Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд Монгол Улсын хуулийн 89, Улсын Их Хурлын 104, Улсын Их Хурлын Байнгын хорооны 79, нийт 272 шийдвэрийн 1550 заалт бүртгэлтэй байгаа бөгөөд хэрэгжилт 66.4 хувьтай байгааг Э.Одбаяр сайд танилцуулсан. Энэ нь өмнөх оныхоос 3.8 хувийн өсөлттэй үзүүлэлт гэдгийг тайлбарлав. Үүнээс Төсвийн байнгын хорооны гаргасан нэг тогтоолоор үүрэг, чиглэл болгосон 28 заалтын хэрэгжилт дунджаар 82.5 хувь буюу хэрэгжих шатанд байна гэж дүгнэгдсэнийг онцолсон. Энэ үеэр Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоол, шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй дүнтэй байгаад анхаарч, тусгайлан ажлын хэсгийн байгуулж асуудалд ажил хэрэгч, ул суурьтай хандах нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням хууль тогтоомжийн хэрэгжилтийн тайланг бичгээр ирүүлээгүй, гишүүдэд танилцах хугацаа байхгүй байгаа тул хэлэлцэх асуудлыг хойшлуулах горимын санал гаргалаа. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр /2025.05.07/ зохион байгуулав. Сонсгол 09 цаг 16 минутад, гишүүдийн 52.0 хувийн ирцтэй эхэлсэн. Төсвийн байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 8 дугаар тогтоолоор нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар товлож, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямыг сонсгол даргалагчаар сонгон, сонсголыг зохион байгуулахаар болсон билээ. Ингээд нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням даргалж, сонсголын дэг болон Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулсан. Нэр дэвшигч Сандаг овогтой Магнайсүрэн нь 1975 онд Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн./ дэлгэрэнгүй мэдээллийг эндээс/ Тэрбээр Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг баклавр, магистрын зэрэгтэй тус тус төгссөн. 1997-1999 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, 1999-2000 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Улсын Их Хурлын гишүүний туслах, 2000-2005 Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, 2005-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт Тамгын газрын дарга, 2006-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга, 2008-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Тамгын газрын Нарийн бичгийн дарга, 2015 онд Хөдөлмөрийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2015-2023 онд Барилга, хот байгуулалтын яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2023-2024 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан байна. Нэр дэвшигчтэй холбогдуулан иргэд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, “М онголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагын захирал Т.Амарзаяа иргэний нийгмийн байгууллагуудаас аудит хийлгэх хүсэлт гаргасан нөхцөлд хэрхэн хамтарч ажиллах, төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг хангахад ямар байр суурь баримтлахыг лавласан. Нэр дэвшигч хариултдаа, аудитын сэдвийг сонгохдоо иргэдийн ашиг сонирхлыг хөндсөн, хариу хүлээсэн сэдвийг нэн тэргүүнд тавих, хоёрдугаарт иргэдийн саналыг харгалзан үзэж, аудитын сэдвээ сонгож Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлж, батлуулдаг. Энэ хүрээнд асуудлыг авч үзнэ гэв. Мөн аудитын хараат бус байх үндсэн зарчим нь хангагдаж байж мөн чанар нь шийдэгддэг. 2000 онд Төрийн аудитын тухай хуулийг Улсын Их Хурлаас батлахдаа энэхүү хараат бус байх асуудлыг нэлээдгүй өндөр түвшинд сайн хуульчилсан. Ер нь хараат бус байдлын талаарх хууль эрх зүйн орчин нь бүрдсэн гэж үздэг хэмээв. Дараа нь “Үнэн хатамж” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа аудитын сэдэвт иргэдийн саналыг чухалчлан үзнэ гэсэн нь сайшаалтай байгааг тэмдэглээд, жил бүр төсвийн төсөлд өгдөг аудитын зөвлөмжийг үр дүнтэй болгоход цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар тодруулсан. Нэр дэвшигч С.Магнайсүрэн хариултдаа, 2024 онд адуитын байгууллагаас 9629 зөвлөмж хүргүүлсэн бөгөөд биелэлт нь 75.2 хувьтай байгаа нь шийдвэрийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатай байгаа нь харагдаж байна гэж байлаа. Сонсгол гишүүдийн асуулт, саналаар үргэлжилсэн. Нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, Т.Аубакир, Р.Батболд, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Батбаяр, Б.Заяабал, Ж.Баясгалан, З.Мэндсайхан, Г.Ганбаатар, Д.Батлут нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, үйл ажиллагааныхаа чиглэлд улс төрөөс хараат бус байдлыг хэрхэн хангаж ажиллах, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн тулд аудитын байгууллага нээлттэй байхад баримтлах зарчмын талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир аудитын байгууллага санхүү, гүйцэтгэлийнхээ хяналттай зэрэгцүүлээд нийцлийн аудит хийхэд анхаарах шаардлагатай талаар байр суурийг нь сонирхож байлаа. Нэр дэвшигч хариултдаа, Аудитын хараат бус байдал нь үйл ажиллагааных нь үндсэн гол амин судас байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр аудитын байгууллагын суурь үндсийг тусгасан чухал алхам болсон. Үүнээс үндэслээд 2000 онд Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн найруулсан. Иймд уг хууль нь аудитын хараат бус байдлын эрх зүйн орчныг хангахад чиглэснийг дурдаад өнөөдрийн нөхцөлд төрийн аудитын байгууллага хараат бусаар ажиллах эрх зүйн орчин бүрдсэн. Хууль зүйн хувьд хараат бус ажиллах бүх нөхцөл, бололцоо хангагдсан тул улс төрийн нам болоод бусад субъектээс үл хамаарч, хараат бусаар ажиллах боломжтой гэв. Мөн иргэнийхээ зүгээс ч, УИХ-аас томилогдвол энэ чиглэлийн үүрэг хүлээсэн албан хаагчийн хувьд ч аудитын ил тод, нээлттэй байдал чухал асуудал гэдгийг тодотгоод цаашдаа аливаа зөрчил, хохирлыг төлүүлэхээсээ илүүтэй эрсдэлийг бага түвшинд байлгахад онцгойлон анхаарч ажиллана гэж байлаа. Мөн тэрбээр, Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу санхүү, гүйцэтгэл, нийцэл гэсэн гурван аудитыг хийдэг. Нийгэм, эдийн засаг хөгжиж, төсөв тэлж байгаа энэ цаг үед аудитын гүйцэтгэх чиг үүрэг өсөж байна. Өнөөдөр санхүү, гүйцэтгэлийн аудитыг нийцэлтэйгээ хамт хийх асуудлыг хуулиар зохицуулсан хүрээнд явуулж байгаа. Нийцлийн аудитад онцгойлон анхаарч, хэрэгжилтийг нь хангах нь чухал гэдэгтэй санал нэг байна гэлээ. Гишүүд Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд төрд олон жил ажилласан туршлагатай, улс төрөөс хараат бус бие даан ажиллах чадвартай хүнийг нэр дэвшүүлснийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид Үндэсний аудитын газар нь хяналтын байгууллагын хувьд төрийн болон төрийн өмчит байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч, санхүүгийн мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх асуудалд ул суурьтай хандахгүй бол зөрчил, хохирлын асуудал багасгахгүй гэдгийг анхааруулж байв. Мөн төрийн аудитын байгууллагаас үр ашиггүй гэдэг дүгнэлтийг гаргасан байхад үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр буй төрийн өмчит компаниудын асуудлыг цэгцлэх, хариуцлага тооцдог болох, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад санаачилгатай ажиллахыг хүсэж байлаа. Түүнчлэн санхүүгийн аудитын хүрээнд өгсөн хязгаарлалттай дүгнэлтийн дагуу холбогдох зөвлөмжийг хэрэгжүүлээд явдаг болсон. Харин гүйцэтгэл, нийцлийн аудитыг чамбайруулж, энэ хүрээнд өгсөн зөвлөмжийг биелүүлэхэд хариуцлагагүй ханддаг байдлыг зогсоох, төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр ашигтай байдалд онцгойлон анхаарах, улмаар хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай бол Төсвийн байнгын хороотой нягт хамтран ажиллахыг хүсэж байлаа. Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Г.Дамдинням Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай 133 дугаар зүйлийн 133.1-т “Нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн гаргасан нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгаж, холбогдох бусад мэдээллийг хавсаргана” гэснийг онцлон дурдаад ү үгээр Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өндөрлөснийг мэдэгдлээ. Нэр дэвшигчтэй холбоотой сонсголын тайланг гаргахаар хуралдаан хаалттайгаар үргэлжиллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЧӨЛӨӨЛСӨН 3150 АМ.МЕТР ГАЗРЫГ ЭНЭ САРЫН 21-НИЙ ӨДӨР НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР БОРЛУУЛНА

Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг буцаан авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа эмийн үйлдвэрийн барилгыг нийслэл өмчлөлдөө буцаан авч, объектыг буулган, газрыг дуудлага худалдаанд оруулж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилга ашиглалтад ороод 73 жил болсон бөгөөд барилгыг ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан учраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд албадан чөлөөлж, нураасан. Эмийн үйлдвэрийн барилгыг чөлөөлсөн 3150 ам.метр газрыг дуудлага худалдаанд оруулах анхны үнэ 443 сая 520 төгрөг байна. Газрын дуудлага худалдааг тавдугаар сарын 21-ний өдөр иргэдэд нээлттэйгээр ил тод зохион байгуулах юм.

Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжилд чиглэсэн бодлого, шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос “Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн стратеги ба боломж” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.05.06/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, О.Батнайрамдал, Р.Батболд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон холбогдох яам, агентлагын удирдах албан тушаалтнууд “Эрдэнэс үйлдвэр технологийн парк” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдэрийн газрын төлөөлөл, салбарын эрдэмтэн, судлаачид оролцсон. Байнгын хорооны дарга Р.Сэддорж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Үйлдвэрлэл технологийн паркийн хөгжлийн стратегийн шийдлийн салшгүй хэсэг нь техник-технологийн асуудал байдаг. Бид хөгжлийг түргэтгэх нэрээр маш олон хуучирсан, эдийн засгийн эргэлтээс гарсан, байгаль орчны шаардлагад нийцэхгүй технологиудыг оруулж ирсэн жишээ олон бий. Энэ нь төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын эрсдэлийг нэмэгдүүлж, эдийн засгийг хүндрүүлэх, тооцогдоогүй зардлыг өсөн нэмэгдүүлэх, төслийн үр ашгийг илэрхий бууруулах олон талын сөрөг үр дагавартайг онцлон тэмдэглэв. Түүнчлэн үйлдвэр технологийн парк нь улсын хөгжлийн стратегийн гол хөшүүрэг болохыг онцолж, цаашдын бодлогыг бодит мэдээлэл, оновчтой шийдлээр дэмжих зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг дурдлаа. Хэлэлцүүлгийн эхний хэсэг "Үйлдвэр технологийн паркийн өнөөгийн байдал, хэрэгжилт" сэдвийн хүрээнд болж улмаар “Эрдэнэс үйлдвэр технологийн парк” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн парк зэрэг оролцогч байгууллагууд үйл ажиллагааныхаа чиг үүрэг, хууль, эрх зүйн орчин, төрөөс үзүүлэх дэмжлэг, төлөвлөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хүргэв. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн парк нь энэ онд авто замын барилга угсралтын ажил, ус хамнгамж, ариутгах татуургын ажил, хамгаалалтын зурвас барих, төмөр замын барилга угсралтын ажлуудыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2026 онд цахилгаан хангамжийн ажил, дэд бүтцийг ашиглалтад оруулах, 2028 онд Эрдэнэт машин цогцолбор, молибдены баяжмал боловсруулах үйлдвэр барих, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөсөн. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах хууль, эрх зүйн орчин бүрдсэн. 2026 оноос барилга, тоног төхөөрөмж угсралт, суурилуулалт, байгаль орчны үнэлгээг бүрэн хийх ажлыг дуусгаж, улмаар 2028 онд улсын комисст хүлээлгэх, үйлдвэрлэлийн зүгшрүүлэлтээр үргэлжилж, жилд 560 мянган тонн зэсийн баяжмал, 124 мянган тонн катодын зэс, 182 мянган элементийн хүхэр, 11.8 мянган тонн хүхрийн хүчил, 72 кг алтан гулдмай, 38.2 мянган кг мөнгөн гулдмайн хүчин чадалтай ажиллана. Элементийн хүхэр үйлдвэрлэх үйлдвэрлэлийн туршилтыг БНХАУ-ын Karatongke Copper Nickel Mine хайлуулах үйлдвэрлэлийн бүсэд явуулж буй гэлээ. Мөн хэлэлцүүлэг "Үйлдвэр технологийн паркийн хөгжлийн онол арга зүй" сэдвийн хүрээндэх салбарын эрдэмтэн, судлаачдын зургаан илтгэл, асуулт хариулт, санал зөвлөмжөөр үргэлжилсэн. Тухайлбал, оролцогчид Монгол Улс баялгийн илүүдэлтэй орон биш гэдгийг онцлохын зэрэгцээ эрдэс баялгийн дараагийн ордуудын талаарх хайгуул судалгааны ажлуудыг эрчимжүүлэх, дотоодын аж ахуйн нэгждээ давуу тал олгох асуудлыг тодорхойлох, технологийн түвшний үнэлгээний журмыг өөрчлөх, шинээр байгуулж байгаа үйлдвэрүүд нь байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн ач холбогдолтой эсэхийг үнэлэх, технологийн сайжруулалт, үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжилд мэргэжилтэн сургах хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай гэж байлаа. Хэлэлцүүлгийг хааж, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж үг хэлсэн. Тэрбээр, техник, технологийн түвшний үнэлгээний олон улсын жишиг аргачлалыг нутагшуулах, оюуны өмчийн хамгаалалтыг чангатгах шаардлагатайг онцлохын зэрэгцээ хэлэлцүүлгээс гарсан саналуудыг цаашдын бодлого боловсруулах ажилд тусган, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход шат шатны байгууллагад хүргүүлж ажиллахаа мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийнгазраас мэдээллээ.

“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ахмадууд хэрхэн бүртгүүлэх вэ

Ахмадын нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмад настны орлогыг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад УИХ манлайлж, эерэг нөлөө үзүүлэх, үе хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх залгамж холбоог чухалчлан мэдлэг, туршлага бүхий ахмадуудыг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанд татан оролцуулах, Улсын Их Хурлын гишүүдэд мэдлэг, туршлагаа хуваалцах, бодлогын шийдвэр гаргахад тэдний оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж “Нээлттэй парламент: Эксперт” ахмад үеэс туршлага солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тус хөтөлбөрт улс төр, нийгэм, шинжлэх ухааны салбарт удирдах, зөвлөх албан тушаал хашиж байсан 55 наснаас дээш эмэгтэй, 60 наснаас дээш эрэгтэйг хамруулах бөгөөд сонгогдсон ахмад настнууд Улсын Их Хурлын хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хяналт шалгалт хийх үйл ажиллагааг олон нийт, ахмад настны төлөөлөлд таниулж, мэдлэг ойлголт өгөхөөс гадна өөрийн мэдлэг туршлагаараа Улсын Их Хурлын гишүүдэд зөвлөх юм. Хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагчаар УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, УИХ дахь Ахмадын оролцоог дэмжих бүлэг тус тус ажилла ж байна . “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой ахмадууд 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд гишүүнчлэлтэй ахмадын холбоо, клубээр дамжуулж мэдээллээ илгээх, www.parliament.mn вэб хуудасны цахим парламент цэсээс Ахмадын хөтөлбөрт бүртгүүлэх сонголтыг хийж бүртгүүлэх боломжтой.

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Венецийн комиссын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал, О.Номинчимэг нарын ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2025.05.06/ Венецийн комиссын дэд ерөнхийлөгч Марта Картабиа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар уулзалтын эхэнд, Монгол Улс нь ардчилсан тогтолцоог бэхжүүлж, хүний эрхийг хангах, хамгаалах хууль эрх зүйн орчныг олон улсын жишигт хүргэх зорилтын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлыг эхлүүлснийг тодотголоо. Мөн тэрбээр хуулийн төсөлд Европын зөвлөлийн Венецийн комиссоос санал, зөвлөмж өгөн, хамтран ажиллахыг хүсээд Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны танин мэдэхүйн болоод практик ойлголтыг хөгжүүлэх нь ардчиллын баталгааг хангахад чухал ач холбогдолтой гэв. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцэд ирсэн гомдол, маргааныг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт, цэцийн гишүүнд тавих шалгуур, шаардлага, тэднийг нэр дэвшүүлэх, томилох үйл явцын ил тод, нээлттэй байдал, хараат бус байдлыг хангах баталгаа, иргэний үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэх журмыг тодорхой болгох зэрэг нарийвчилсан зохицуулалтуудыг төслийн шинэчилсэн найруулгад тусгах шаардлагатай гэж байлаа. Венецийн комиссын дэд ерөнхийлөгч Марта Картабиа, Үндсэн хуулийн цэц нь хүний эрхийг сахин хамгаалах гол институц байдгийг дурдаад хүний эрхийн асуудалтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх асуудлыг зохицуулахдаа гаргаж байгаа шийдвэр нь иргэнд бодитоор хэрхэн тусаж байгаад илүүтэй анхаарах нь чухал гэв. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тодорхой санал, зөвлөмж өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

1 ... 41 42 43 44 45 46 47 48 49 ... 370