НЭГҮҮН МЭДЭЭ
ХЭДХ-ны дарга С.Эрдэнэболд: Парламент хүний эрхийг тогтолцооны төв болгохоор ажиллаж байна

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболдтой ярилцлаа. -Хүний эрхийг хангах, хамгаалахад манай эрх зүйн орчин ямар байна вэ ? -Би 2024 оны 10 дугаар сарын 22-нд Дэд хорооны даргаар сонгогдсон. Түүнээс хойш хүний эрхийг зүгээр нэг нийгмийг доргиосон, шуугиан тарьсан үед хөндөж яриад өнгөрдөг бус, эрх зүйн орчинд тогтвортой, тасралтгүй анхаарч шинэчлэл хийх шаардлагатайг ойлгосон. Хууль тогтоох байгууллагын хувьд бид зөвхөн хууль батлаад зогсох биш, түүний хэрэгжилт, хүний эрхэд үзүүлэх нөлөөлөлд хяналт тавих үүрэгтэй. - УИХ энэ бүрэн эрхийнхээ хугацаанд бүх үйл ажиллагаагаа “хүн төвтэй” байхаар тодорхойлж, стратегиа баталсан, энэ хүрээнд хүний эрхийн чиглэлд ямар ахиц гарч байна вэ? -Энэ стратеги бол парламентын үйл ажиллагааг илүү чадавхжуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гарч буй шийдвэр бүр хүний эрхийн шалгуурыг давах ёстой гэдэг хатуу үзэл баримтлал тай. Өнгөрсөн намрын чуулганаар л гэхэд 100 орчим шийдвэр, хууль, тогт оол гарсан. Улсын Их Хурлаас гарч буй аливаа шийдвэр хүний эрхийг зөрчихгүй байх зарчмыг бид баримталж ажиллаж байна. -Хүний эрхийн дэд хороо иргэний нийгмийн байгууллагуудтай байнгын уулзалт зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрсөн. Энэ механизм хэр үр дүнтэй байна вэ ? - Хүний эрхийн дэд хороо 2024 оны 12 дугаар сараас эхлэн сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Лхагва гарагт төр хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, судлаачидтай хамтран, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр сэдэвчилсэн уулзалт- хэлэлцүүлгийг хийж байна. Б одлогын түвшинд санал дэвшүүлж, хэлэлцдэг. Үүний үр дүнд хүний эрхийн чухал асуудлуудыг нийгмийн олон талт оролцоотойгоор хэлэлцэж, гарц шийдэл гаргаж эхэлсэн. Тухайлбал , өнгөрсөн оны 12 дугаар сард UPR буюу НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлэгт илгээх Монгол Улсын тайлангийн талаар, энэ оны 1 дүгээр сард НҮБ-ын зөвлөмжийн хэрэгжилтийн тухай, 3 дугаар сард хүүхдийн хорих ангийн нөхцөл байдлыг, 4 дүгээр сард Байгаль орчны холбогдох хууль тогтоомж дахь хүний эрх хэрэгжилтийн талаар, 5 дугаар сард гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, гарц шийдлийн талаар онцлон, хэлэлцсэн байна. -Эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ямар алхамууд хийгдэж байна вэ? -Хамгийн энгийн жишээ гэхэд төрийн байгууллага хоорондын уялдаа муу, мэдээллийн зөрүү нь хүний эрхийн асуудалд сөрөг нөлөө үзүүлдэг. Нэг асуудлаар байгууллага бүр өөр мэдээлэлтэй, нэг сэдвийн талаар өөр ойлголттой ажиллаж байна . Х ууль тогтоогчдын зүгээс үүнийг төрийн байгууллага хооронд уялдаагүй байдал , тогтолцооны хийдэл гэж үзэж байгаа . Монгол Улсад өнөөдрийн байдлаар 2000 гаруй журам нийгмийн харилцааг зохицуулж, тэдгээрт хүний эрхийг хязгаарлаж, зөрчсөн заалтууд байх нь түгээмэл байна. Бид энэ байдлыг өөрчилж, хүний эрхийг хязгаарлах бол зөвхөн хуульд үндэслэн, байж болох хамгийн бага хэмжээнд хязгаарладаг болох эрх зүйн шинэчлэл хийх зорилт тойгоор шат дараалсан ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна. П арламентын гишүүн “…иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, … Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж…” гэж тангараг өргөдөг бөгөөд энэ агуулгаараа “хүний эрхийг хамгаалах” тангарагтай гэсэн үг. Бид тангарагаа сахиж, ажил хэрэг болгохын тулд парламентын хяналтын чиг үүргээ илүү эрчимжүүлж, хариуцлагатай гүйцэтгэх шаардлагатай . -Улсын Их Хурал энэ бүрэн эрхийнхээ хугацаанд "хүн төвтэй" стратегийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ ? -Хүний эрхийн асуудал нь ямар нэг даргын пи ар, эсвэл сонгуулийн үеэр ярьдаг сэдэв биш. Энэ бол чөлөөт, ардчилсан нийгмийн суурь, үнэт зүйл. Хүний эрхийг хамгаалах нь Улсын Их Хурлын гишүүн бүрийн, төрийн байгууллага бүрийн, төрийн бүх шатны байгууллагын үүрэг юм. Парламентын үнэт зүйл нь олон хууль баталснаараа бус, баталсан хуулиуд нь амьдрал дээр хүний эрхийг бодитойгоор хангаж, хамгаалж чадсан эсэхээр хэмжигдэнэ. Иргэн бүрийн жижиг мэт санагдах асуудлыг ч томруулж харж, хамгаалж, шийдвэрлэх нь парламентын хариуцлага юм.

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2025.05.19/ Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид стандартыг сонгон хэрэглэх баримт бичиг гэж заасан нь иргэд, аж ахуй нэгж болон төрийн хяналт шалгалтын чиг үүрэг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтны хооронд үл ойлголцол бий болж, тодорхойгүй байдал, ойлголтын зөрүү үүсэж буй учраас хуулийг шинэчлэн боловсруулжээ. Өнөөдрийн байдлаар манай улсад 6730 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ч стандартыг дагаж мөрдөхгүй байдлаас шалтгаалан хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөллийг бий болгож байна. Тиймээс Монгол Улсын хөгжлийн баримт бичигт дурдсан стратеги, чиг хандлагад нийцүүлэн улс орон, нийгэм, эдийн засгийн болон хүн амын аюулгүй байдлыг хангаж, экспортыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын бодлогоор дэмжлэг үзүүлэх зорилгоор хуулийн төсөл боловсруулсан талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Уг хуулийн төсөлд стандартыг иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөх, салбар дундын уялдааг хангах, дагаж мөрдөх стандарт, техникийн зохицуулалтыг боловсруулах, хэлэлцүүлэх, батлах үйл явцыг тодорхой болгоход анхаарсан, тохирлын үнэлгээний байгууллагуудыг бодлогоор дэмжих, эрх үүргийг тодорхой болгох, худалдаан дахь тарифын бус саад бэрхшээлийг арилгах хүрээнд стандарт, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх зэргээр зохицуулжээ. Түүнчлэн, стандарт, техникийн зохицуулалтын хэрэгжилтийн хяналтыг холбогдох эрх бүхий улсын байцаагч хэрэгжүүлэх, зах зээл дээрх болон хилээр орж ирж буй бараа бүтээгдэхүүн тохирлын баталгаатай эсэхэд хяналт тавих чиг үүргийг нарийвчлан тусгасан байна. Мөн стандартын хэрэгжилтэнд зөвхөн төрөөс хяналт тавих бус иргэн, үйлдвэрлэгч, нийлүүлэгч талын оролцоог хангахаар зохицуулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ТЭРБУМ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРҮҮД ҮРГЭЖИЛЖ БАЙНА

Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хан-Уул дүүрэг тавдугаар сарын Бямба, Ням гариг бүрт мод тарих арга хэмжээг зохион байгуулж байна. – Засаг даргын Тамгын газрын албан хаагчид Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Эко ахмадын сувиллын гадна талбайд төгөл байгууллаа. – Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын албан хаагчид 13 дугаар хороо, Агропаркийн талбайд мод тарилаа. – Засгийн газрын харъяа байгууллага, яамд, нийслэлийн төр захиргааны байгууллагууд 14 дүгээр хороонд Түргэний цэцэрлэгт мод тарилаа. – Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын ажлын хүрээнд шинээр болон нөхөн тарилт хийх зэрэг ажлууд өрнөж байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд та бүхнийг орчиндоо мод тарьж ургуулахыг уриалж байна.

Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.16) Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Тус хуулийн төсөл нь Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийн эх үүсвэрээр “Эрчим хүч-3 төсөл” буюу Багануур-Чойр чиглэлийн 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВ-ын хоёр хэлхээт болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, Багануур, Чойр дэд станцуудыг өргөтгөх юм. Ингэснээр бүс нутгийн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй эрчим хүчний найдвартай ажиллагаа, тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой хэмээн Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

“Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран зохион байгуулж буй “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2025.05.16/ Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд эхэллээ. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх, олон улсын болон дотоодын эрдэмтэн судлаачид, их, дээд сургууль, судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид чуулан хурдтай өөрчлөгдөн буй дэлхий дахины нөхцөл байдал, чиг хандлагын талаарх таамаглал, үнэлгээ дүгнэлтээ хуваалцаж байна. Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нээж үг хэлсэн. Сүүлийн жилүүдэд дэлхий ертөнц асар хурдтайгаар, тэр дундаа глобалчлал, эдийн засгийн интеграцчлал, улс хоорондын харилцан хамаарал, олон улсын тогтсон, хүлээн зөвшөөрөгдсөн, олон туйлт дэг журам, геополитикийн уламжлалт чиг хандлага, хүчний тэнцвэрт харьцаа хувьсан өөрчлөгдөж байгааг онцолсон. Тэрбээр, Гадаад бодлогын шинэ парадигм, шинэ хэв шинж буюу хүчний шилжилт хөдөлгөөн, дахин хуваарилалт, туйлшрах хандлага илүү эрчимжиж, олон улсын ээдрээтэй, тодорхойгүй өнөөгийн нөхцөл байдал олон жилийн хугацаанд үргэлжлэх төлөвтэй гэж судлаачид үзэж байна. Олон улсын харилцааны шинэ тэнцвэрийн энэ үед Монгол Улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгааг Та бүхэндээ дуулгаж байна гэлээ. Хүчний тэнцвэр барих бодлого буюу тэнцвэртэй гадаад бодлого илүү чухал болж, олон хэмжээст гадаад бодлого, дипломат ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлага үүсэж байгааг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тодотгоод, олон улсын өнөөгийн нөхцөл байдал улам бүр тааварлашгүй болж байгаа өнөө цаг үед бид гадаад бодлогыг илүү эрдэмжүүлэх, олон улсын харилцааны судалгааны институцилэгдсэн тогтолцоо, судалгааны механизм бий болгох чиглэлээр төрийн зүгээс анхаарч ажиллана хэмээн мэдэгдэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Т энцвэртэй гадаад бодлого нь хоёр хөрштэйгөө төдийгүй гуравдагч хөршийн бодлого д ч тэнцвэртэй байх ёстой хэмээсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн явуулж байгаа гадаад бодлогын хүрээнд ч тэнцвэртэй байх зарчмыг баримталж буйг тэрбээр дурдаад, гадаад харилцааны чиглэлээр явуулж байгаа дипломат үйл ажиллагаа, гадаад, дотоод айлчлалуудыг жишээ татан тайлбарласан. Зөвлөх Э.Одбаяр, нэг цонхны гадаад бодлого манай улсын бодлогын амин зүрх хэмээгээд, УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагчид, Засгийн газрын гишүүд, судлаачид, нийт ард иргэд гээд бүх түвшиндээ нэг цонхны гадаад бодлоготой байхын чухлыг тодотгосон юм. Мөн манай гадаад бодлогын хүрээнд хийгдэж байх ёстой судалгаанууд нь гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэлд хамаарах учир сэргээж идэвхжүүлэх талаар идэвхтэй ажиллах нь зүйтэй гэв. Хөрш болон бусад улс орнуудын талаар, ард иргэдийнх нь аж байдал, манай улстай харилцах байдал хэрхэн өөрчлөгдөж буйг харж дүгнэж цэгнэж байх ёстойг дурдаад, олон улсын хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг сайдын зөвлөх Д.Мөнхтөр уламжилсан. Тэрбээр, Нийгмийн шинжлэх ухааны аливаа судлагдахуун бүтээлч хэлэлцүүлэг, шүүмжлэлт сэтгэлгээгээр баяжин хөгждөг. Олон улсын харилцаа, гадаад бодлогын оновчтой дүгнэлт ч эрдэмтдийн бодол санал, олныг хамруулсан хэлэлцүүлгээс үүдэн гардаг. Монгол Улсын Гадаад харилцааны яам аливаа шийдвэр гаргахдаа судалгаа, дүн шинжилгээнд тулгуурласан олон талын байр суурийг харгалзаж, салбарын судлаач эрдэмтдээ сонсдог. Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлгээр та бүхэн олон улсын харилцаанд өрнөж буй суурь шинжтэй өөрчлөлт, цаашдын хандлагын талаар судалгаа шинжилгээнийхээ үр дүнгээс хуваалцаж үзэл бодлоо уралдуулах гэж байна. Цаашилбал энэхүү шинээр бүрэлдэх суурь нөхцөл өгөгдөлд улс орнуудын бодлого үйл ажиллагаа ямар байвал оновчтой байх талаар чухал санал дүгнэлтүүд гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ. МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, Монголын улс төрийн шинжлэх ухааны холбооны ерөнхийлөгч, доктор, профессор С.Мөнхбат энэ удаагийн олон улсын хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон Улс, Австри Улс, Ирак Улс, АНУ, БНЭУ зэрэг олон орны эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирснийг онцолсон. Олон улсын харилцаа, геополитикийн шинэ орчин бүрэлдэж буй цаг үед Монгол Улсын гадаад харилцаа эрс сэргэж, энхийг эрхэмлэсэн олон талт хамтын ажиллагааг бүс нутгийн хийгээд дэлхий дахинд явуулах бодлогыг тууштай хэрэгжүүлж, олон улсад Монгол Улсын байр суурийг бэхжүүлэхэд урьд өмнө байгаагүй дэвшилтэт бодлого, алхмууд хийгдэж байгааг тодотгосон. Төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалууд шил шилээ даран хийгдэж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өссөөр байна. Өнөөдрийн хуралд дэлхийн 9 орны 20 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид оролцож байна гээд, хурлаас гарсан үр дүнг зөвлөмж болгон боловсруулж, төрийн байгууллагад хүргэж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулан нийтийн хүртээл болох ажлыг цаашид зохион байгуулан ажиллах болно гэлээ. Ийнхүү хэлэлцүүлэг үндсэн илтгэлүүдээр үргэлжиллээ. "Өөрчлөгдөн буй геополитикийн нөхцөл дэх жижиг орнуудын гадаад бодлого (Монгол Улсын жишээн дээр)" илтгэлийг МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Баясгалан танилцуулсан. Тэрбээр о лон улсын харилцаа, геополитикийн орчин , ж ижиг орны гадаад бодлого, онцлог , Монгол Улсын гадаад бодлого , г адаад бодлогод тулгарч буй сорилтууд ын талаарх судалгаа, дүгнэлтээ танилцуулсан. Мөн “Монгол Улсын гуравдагч хөршүүдтэй байгуулсан стратегийн түншлэлийн геополитикийн үр дагавар” сэдэвт илтгэлийг БНЭУ-ын Жавахарлал Неру и х с ургуулийн Өвөр ази судлалын төвийн захирал, доктор Шарад Кумар Сони , “АНУ - БНХАУ-ын өрсөлдөөн, түүний Азийн бүс нутагчлалд үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэлийг БНСУ-ын Сөүлийн ү ндэсний и х с ургуулийн Эмерит профессор Лим Хьюн-Чин , МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлалын тэнхимийн профессор Ж.Төртогтох нар танилцуулсан юм. Олон улсын хурал нэгдсэн хуралдаан болон салбар зургаан хуралдаанаар нийт 66 илтгэлийг хэлэлцүүлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.05.16) хуралдаан гишүүдийн 56 хувийн ирцтэйгээр 09 цаг 34 минутад эхэлж, “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн талаар Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулж, хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Ш.Бямбасүрэн, М.Бадамсүрэн нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй холбогдуулан санал хэлсэн юм. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 14 гишүүний олонх дэмжиж, “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталсан юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “ Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. У лсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Д.Батбаяр, О.Батнайрамдал, Ш.Бямбасүрэн, Г.Ганбаатар, Б.Мөнхсоёл, Г.Очират, Д.Энхтүвшин нар ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Уг өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар нь 11,800 төгрөг, үхрийн махыг 13,800 төгрөгөөр худалдан борлуулна. - 12 дугаар хорооны Мөнх-Ундрам төвийн урд талбайд - 20 дугаар хороо Лавай зах худалдааны төвийн гадна талбайд - 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хороолол дотор - 24 дүгээр хороо Фүүд сити худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулагдана.

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025 .0 5 .15 )- ийн нэгдсэн хуралдаан завсарлагагүй үргэлжилж, “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үдээс хойно үргэлжлүүлсэн юм. Хэлэлцүүлгийн асуулт, хариулт үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдсан бодлого, зорилт, төсөл арга хэмжээ болон тэдгээрийн тооцоо судалгаа, хэрэгжих боломж, шалгуур үзүүлэлт, цаг хугацааны хүчин зүйл, урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдаж байгаа эсэх зэрэг олон асуудлаар асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, нүүрний олборлолт, нийслэл хотын бүтээн байгуулалт зэрэг олон ажилд гадаадын мэргэжилтнүүдийг ажиллуулахаар урьж байгаа нь монгол хүний үнэлэмжийг унагасан, гадаад хүнийг тахин шүтэх нөхцөлийг бий болгох уршигтайг болон урт хугацааны том зорилго, зорилттойгоо жилийн хөгжлийн төлөвлөгөө уялдаж, тэдгээр том зорилтуудаа хэрэгжүүлэхэд жил жилээр дөхөж байх ёстойг дурдаж, 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг ирэх оныход дахин төлөвлөсөн, мөн хиймэл оюун ухааныг хөгжүүлэх болон технологи дамжуулах, нутагшуулах төслийн хүрээнд ямар ажил хийгдэхийг тодруулж асуув. Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн яам ( ЭЗХЯ ) -ны Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын газрын дарга Д.Баттогтох хариулахдаа, Үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийн хүрээнд улсын хэмжээнд шинээр аж үйлдвэрийн салбаруудын судалгаа хөгжүүлэлтийг хийх болон одоо хэрэгжиж байгаа суурь судалгаа, туршилт, тохируулгын ажлуудыг өргөжүүлнэ гэлээ. Харин технологи дамжуулах төслийн хүрээнд мэдлэгийн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлнэ гээд, уг асуудлаарх Үндэсний хөтөлбөрийг боловсруулан батлуулж, энэ оноос хэрэгжүүлнэ гэсэн мэдээллийг өгөв. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хиймэл оюун ухааныг олон салбарт нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүн гаргах, чанарыг сайжруулах ажлуудыг хэрэгжүүлэхийн тулд дэд бүтцийн чадавхыг сайжруулах, өндөр технологийг техникийг дундын өмчлөлийн хэлбэрээр хэрэглэх, түүнчлэн өгөгдөл, мэдээллийг хамгаалж, аюулгүй байдлыг хангах, тархмал дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд технологид оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа энэ оны хөгжлийн төлөвлөгөөтэй харьцуулахад дэд зорилтуудын тоо ихээхэн цөөрсөн, тэтгэврийн шинэчлэл, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангиас англи хэл, роботикийн хичээл үзэх зэрэг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан зорилтуудаас тусгагдаагүйн учрыг асуухад ЭЗХЯ-ны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Эрдэнэбат ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдэл, эрх зүйн орчин, төсөл, арга хэмжээний үр дүнг тооцох аргачлал, шалгуур үзүүлэлтээрээ авч үзээд заримыг хассан, бодлогын гол гол ажлуудаа оруулсан, 2026 оны төсөөлөл тун даруухан байгаа гэсэн хариулт өгсөн бол Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газар зорилгоосоо ухраагүй, үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжинэ, нийгмийн даатгалын шинэчлэл, хувийн тэтгэврийн хуримтлалын бодлого хэрэгжээд явж байгаа, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ( ГБХНХЯ ) -наас удахгүй Улсын Их Хуралд халамжийг хумих, хүндээ хүрсэн халамжийн бодлого хэрэгжүүлэх талаар тодорхой хөтөлбөр өргөн барьж, хэлэлцүүлнэ гэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа үндэслэл тооцоогүй, хэрэгжих боломжгүй ажлуудыг төлөвлөгөөнд тусгалгүй хасаж байгаа нь зөв гэж үзэж байгаагаа дурдаж, төлөвлөлтөө сайн хийгээгүйгээс байнга эргэж буцсан шийдвэр гаргаж байна гэсэн юм. 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийг Үндэсний аудитын газраас 52.8 хувьтай гэж дүгнэснийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат сануулаад, төрийн ямар ямар чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх, стратегийн ямар ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, төрийн албанаас орон тооны цомхотголд оруулах хүмүүсийг ямар салбар руу шилжүүлэх, 10 000 нарны дээвэр төслийг хэрхэн хэрэгжүүлэх, улсын төсвөөс тусдаа зохицуулалтаар гадаадын зээл тусламжийн ашиглалтыг нэмэгдүүлэх, татварын дарамт буурах эсэх зэрэг тодорхой асуултуудыг тавив. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл д төсвийн зардлыг 15 хувь бууруулахаар тусгасны дагуу жил жилээр багасгаж байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж, татварын реформ багадаа 4.0 их наяд төгрөгийн, орлого, зарлага дээрээ нийт 8.0 их наяд төгрөгөөр бичигдэх хэмжээний өртөгтэй учир үүнийг 3-4 хэсэг болгон хувааж, улсын төсөвт ирэх ачааллын дэс дараатайгаар хуваарилж хэрэгжүүлнэ гэв. Татварын багц хуулийн шинэчлэн найруулсан төслийг энэ сард багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгааг тэрбээр мэдээлээд, төсвийн хязгаартаа багтахгүй учир гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрийг зарлагадаж чадахгүй байгаа учир энэ эх үүсвэрийг Төсвийн тухай хуулиас тусдаа бие даасан хуулиар зохицуулж ашиглах нь зүйтэй гэсэн зарим Улсын Их Хурлын гишүүний саналыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийллээ. Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Эрчим хүчний реформын үндэсний хороо, “Эрчист Монгол” ХХК, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг болон Эрчим хүчний яам ( ЭХЯ ) гээд энэ салбар дөрвөн толгойтой болсон тухай дурдаж, Улаанбаатар хотын айл өрхүүд сэргээгдэх эх үүсвэрээр эрчим хүч үйлдвэрлэж, өөрсдийн хэрэглээнээс илүү гарсныг төвийн системд өгч, авдаг байвал энэ систем тогтвортой ажиллаж чадахгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. Тэрбээр, 10 000 нарны дээвэр төсөл бол ЭХЯ-наас өгсөн санал биш гэсэн бол Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газраас “Ногоон корпорац”-аа байгуулаад, эрчим хүчний тархмал эх үүсвэрийг ашиглахад зориулан гадаадаас болон Хөгжлийн банкнаас санхүүжилтээ аваад эхэлсэн талаар танилцуулсан юм. Засгийн газар ирэх долоо хоногт энэ талаар бодлогын шийдвэр гаргах ажээ. Залуучуудын хөгжил, залуу гэр бүлийг дэмжих төсөл, арга хэмжээ хөгжлийн төлөвлөгөөнд огт тусгагдаагүйд харамсаж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг онцлоод, залуу малчид мал ахуйгаа эрхлэнгээ хөгжих боломжийг бий болгох, “Шинэ хоршоо” хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимтэй үргэлжлүүлэх асуудлыг хөндөв. Гэр бүлийн гишүүдийн нийгмийн үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд залуучуудыг дэмжих ажлууд хийгдэнэ гэсэн хариултыг түүнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өгсөн бол Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам ( ССАЖЗЯ )- наас хүргүүлсэн саналуудыг ЭЗХЯ хассан тухай сайд Ч.Номин дурдлаа. Хэдийгээр ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд төсөл, арга хэмжээ тусгагдаагүй ч Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын болон 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласны хүрээнд залуучуудад чиглэсэн ажлуудаа хэрэгжүүлж байна гэсэн тайлбарыг тэрбээр хийж, Залуучуудын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулна, “Миний түрээсийн орон сууц”, “Миний анхны орон сууц” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэсэн юм. Мөн сайд Л.Энх-Амгалан Гэр бүлийн тухай болон Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг өргөн барихаар ажиллаж байгаагаа ярив. Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг ССАЖЗЯ-наас хүргүүлсэн саналууд яагаад хасагдсан талаар асуухад ЭЗХЯ-ны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Эрдэнэбат төлөвлөгөөнд тусаагүй нь хийхгүй гэсэн үг биш, үргэлжлээд, урсгал зардлаар хийгээд явах боломжтой гээд, хэлэлцүүлгийн явцад төлөвлөгөөнд нэмж тусгах боломжтой гэсэн хариулт өгөв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ирэх өвөл Улаанбаатар хотын иргэд ямар түлш түлэх, сайжруулсан шахмал түлшийг өөрчилж, илүү сайжруулсан эсэх, утаатайгаа өвөлжих эсэхийг асуухад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ асуудал Нийслэлийн Засаг даргын тамгын газар ( НЗДТГ ) -т шилжсэн гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нийгмийн даатгалын шимтгэл болон татвар хэрхэн буурах, малын гаралтай түүхий эдийг боловсруулах болон төрийн албан хаагчдын 10 хувийг цомхотгох, төрийн байгууллагуудын дэргэд шинээр олон төвүүд байгуулах зорилтууд зөрчилдөж байгаа эсэхийг асуусан юм. Нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэл бол тооцоо судалгаа сайтайгаар, цаашид урт хугацаанд тогтвортой хэрэгжих байдлыг харгалзаж, хүн амын насжилт, хөдөлмөр эрхлэлт, мөнгөний бодлого, шимтгэлийн хэмжээ, хамрагдалт зэргийг цогцоор тооцож хийх ёстой гэсэн байр сууриа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан илэрхийлсэн бол Сангийн сайд Б.Жавхлан төсвийг хумих бодлогыг Засгийн газар баримталж буй учир бусад эх үүсвэрийн, ялангуяа хувийн хөрөнгө оруулалтын боломжуудыг нээх чиглэлээр ажиллана, үүнтэй уялдуулан татварын тогтолцооны бүх нэр төрөл, үе шатыг шинэчлэх багц хуулийн төслийг боловсруулж байна гэлээ. Улаанбаатар хотод ирэх өвөл түлэх түлшний талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай хариулахдаа, хотыг ногоон шар бүсүүдэд ангилсан тухай дурдаад, ногоон бүсэд цахилгаан халаалт болон хийн түлш, бусад бүсэд уламжлалт болон хөх нүүрс түлнэ гэлээ. Харин, малын түүхий эдийг боловсруулах талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хангалттай хүчин чадал суурилагдаад байгаа гэсэн хариулт өгч, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хүчин чадлыг нэмэгдүүлж байна гэлээ. Ховдын үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөр, Дархан-Уул аймгийнхыг орон нутгийн болон хувийн хэвшлийн түншлэлээр, Эмээлтийнхийг нийслэлийн төсвөөр шийдвэрлэж байгаа талаар тэрбээр танилцуулж, паркуудад байгуулагдах үйлдвэрлэл, үйл ажиллагааны хөрөнгө оруулалтад төр оролцохгүй, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэнэ гэсэн юм. Эзийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Батлан хамгаалах яам ( БХЯ ) -ны дэргэд байгуулагдах Дрон угсрах төв зэрэг төвүүд тодорхой ажил үүргийг тодорхой хугацаанд, тодорхой зардлаар хийж, тогтворжуулаад хувийн хэвшилд шилжүүлэх буюу татан буугдаж байх ёстой гэсэн байр суурь илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгож буйг сайшаагаад, тус салбарыг үндсэн үзүүлэлтүүд ирэх жилүүдэд хэрхэн сайжрах, их, дээд сургуулийг дэмжих, өндөр технологийн лабораториудыг байгуулах, багшлах боловсон хүчний хомсдолыг шийдвэрлэх, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх болон сургалтын хөтөлбөрийг шинэчлэн, Коосэн сургуулийн хөтөлбөрийг нэвтрүүлэх зэрэг олон зүйлийг асууж хариулт авсан юм. Түүний асуултад Боловсролын яам ( БЯ ) -ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал товч хариулт өгч, 2026 оны хөгжлийн төлөвлөгөө болон “Боловсролын жил”-ийн ажлыг төлөвлөх, бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгүүд байгуулагдсаныг мэдээлж, эдүгээ 98.0 хувийн биелэлттэй байгаа Япон Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “1000 инженер” төслийн дараагийн шатанд судалгааны их сургууль, судалгааны лабораторийн ажлууд төлөвлөгдөж буйг танилцуулсан юм. Багш нарын нийгмийн баталгаа, ажлын байран дээрээ хөгжих, тогтвортой ажиллах бодлогыг таван жил хэрэгжүүлэхэд цаашаа хэвийн болно гэж тэрбээр яриад, цалингийн хэмжээг нэмэх нь макро эдийн засагт нөлөөлөх учир урамшууллыг нэмж ажиллах БЯ-ны байр суурийг илэрхийлэв. Мөн Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Коосэн боловсрол, инженер бэлтгэх ажлуудын хэрэгжилт сайн байгааг тэмдэглээд, чанарыг унагахгүй байхад анхаарах ёстой гэлээ. Аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх төслүүд хангалтгүй, эрүүл мэндийн оношилгооны төвүүдийг бүсүүдэд бус аймгуудад байгуулах, эмийн үйлдвэрүүдийг байгуулахад анхаарах талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен санал гаргаж, маш ихээр хаягдаж байгаа малын түүхий эдийг боловсруулах, бэлтгэн нийлүүлэх асуудал тулгамдаж буйг сануулсан бол Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга мал аж ахуй, хөдөө аж ахуйн талаар Засгийн газар дорвитой өөрчлөлт хийхгүй бол малчдын амьдрал сүйрэхэд хүрээд байгааг анхааруулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат ядуурал хэрхэн буурах, залуучуудын эх орноосоо дайжих байдал яаж саарах, Улсын Их Хурал, Засгийн газрын хоорондын эрх мэдлийн хяналт тэнцвэрийг хангах талаар санал хэлж, хэвийн хэвшлийг дэмжихэд анхаарал хандуулахыг зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан эдийн засгийн эрх чөлөөг хангах төсвийн бодлоготойгоо нийцүүлж хувийн хэвшлийг дэмжих татварын таатай бодлого хэрэгжүүлэх учиртайг онцлон мега төслүүдийг баталж байсан үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн тул эргэж харах нь зүйтэй гэсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлж жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулах, дунд хугацааны зорилтот хөтөлбөрүүдийг боловсруулж, батлуулах, хүүхдийн шим тэжээлийг дэмжих хөтөлбөр, төслийг төлөвлөгөөнд тусгах тухай санал хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлуудын сонгон шалгаруулалтыг үндэсний аж ахуйн нэгжүүд оролцох боломжгүйгээр зохион байгуулж, гадаадын компаниудыг шалгаруулсныг шүүмжилж, нийслэлийн удирдлагуудыг хуульд захирагдаж ажиллахыг сануулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар мөнгөний бодлогын зарим асуудлыг тодруулж, төгрөгийн ханш тасралтгүй буурч байгаад Засгийн газар ямар дүгнэлт хийж, цаашид хэрхэн ажиллах талаар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улаанбаатар хотоос зарлаж, шалгаруулж байгаа тендер, тэдгээрийн нөхцөл болзлын асуудлыг чухлаар тавьж, цаашид хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хийчих ажлыг төр, орон нутгийн захиргаа үүрч, үүнээсээ болж тухайн ажил, үйлчилгээ алдагдахад хүрч буйг шүүмжилсэн юм. Үндэсний компаниуд хангах боломжгүй хэт өндөр нөхцөл болзол тавьж, төсвийн хөрөнгөөр, 30 хувийн урьдчилгаа өгч гаднын компаниудаар бүтээн байгуулалтын ажлуудаа хийлгэхээр болж буй нь байж болохгүй зүйл гэж үзэж байгаагаа тэрбээр дурдаад, энэ асуудлыг судалж шийдвэрлэхийг Засгийн газарт зөвлөлөө. Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр нийслэлийн тендерт Засгийн газар оролцохгүй байгаа гэдгийг хэлээд, хэрэв Улсын Их Хурлын гишүүд шаардлагатай гэж үзэж байгаа бол уг асуудлыг Засгийн газар руу татаж, шалгая гэв. Тэрбээр, төсвийн хөрөнгөөр хийх ажлуудаа гадаадын аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлдэг ямар ч улс орон байхгүй гэсэн тайлбар хийж, харин гадаадын зээл, тусламжийн төслүүдийг тухайн санхүүжилтийг олгож буй Засгийн газрын саналаар тухайн улсын аж ахуйн нэгж гүйцэтгэх нь бий гэсэн юм. Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийн талаар асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд хөгжлийн төлөвлөгөө энгийн, ойлгомжтой, хэмжигдэхүйц байх ёстойг онцолж, Улсын Их Хурал баталж байгаа хууль тогтоомж, бодлого шийдвэртээ 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөнийхөө дагуу хэмжиж, нягталж байх нь зүйтэй гэсэн санал хэлэв. Мөн тэрбээр улс орны эдийн засгийн өсөлтийн үр өгөөж иргэдийн гар дээр бодитойгоор очих болон хүний эрхийг хангах асуудалд онцгой анхаарч ажиллах шаардлага байгааг дурдлаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа том төслүүдээ санхүүжүүлж чадахгүй, гадаадаас авсан зээлээ ашиглаж чадахгүй байгаа Засгийн газарт дэмжлэг үзүүлж, улсын төсвийг алдагдалтай ч гэсэн үнэн зөвөөр баталдаг зарчимд шилжихийг санал болгож, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд зарим зүйл, заалтын өөрчилж сайжруулах, жилийн төлөвлөгөөг гэхээсээ илүү төсвийн гүйцэтгэлийг нарийвчлан хэлэлцэж, зохих арга хэмжээг авдаг байх, төр бизнест оролцохгүй байх, хүн амын дундаж давхаргыг хамгийн их хадгалах хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбартаа түлхүү анхаарах зэрэг асуудлыг хөндлөө. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан төсвийн хязгаар гэх хэвшмэл ойлголтоосоо салж, гадаадын зээл, тусламжийг ашиглаж чадахгүй байгааг шийдвэрлэх, Цогтцэций-Замын-Үүдийн төмөр зам зэрэг Говийн бүсийн зөвлөгөөнд яригдаж, Засгийн газар дэмжсэн төсөл, арга хэмжээг хөгжлийн төлөвлөгөөнд тусгах санал хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг Засгийн газрын ажил удаан байгааг шүүмжлээд, залуучууд, тэр дундаа малчин залуучууд, шинэ хоршоодыг дэмжих ажлыг үргэлжлүүлэхийг санал болгов. Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөө 2024 оных шиг биелэлт муутай болох вий гэж санаа зовж байгаагаа дурдаад, төсөл, арга хэмжээг үнэлэх аргачлал, журмаа тогтож, хэмжүүр, хэмжигдэхүүнээ тодорхой болгох, боловсруулалтаа сайжруулахыг зөвлөлөө. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен орон нутгийн эмнэлгүүдийг дэмжиж, хотын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, Баян-Өлгий аймагт шинээр баригдаж байгаа оношилгооны төвийн санхүүжилтийг шийдвэрлэх, Алтай Таван богдын аялал жуулчлалын бүсэд отоглох цэг, ариун цэврийн байгууламж барих, дампуурч банкны барьцаанд тавигдсан Баруун таван аймгийн ноос угаах үйлдвэрийг сэргээх зэрэг тодорхой саналуудыг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хил холболтын төмөр замын төслүүд Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг Хятадын “Чайна Энержи” компаниас цааш нэвтэрч, Тяньжиний боомтоор дамжин дэлхийн зах зээлд гарах боломжгүй болгож байгаа гэж үзэж байгаагаа анхааруулж, эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдал урьд өмнөхөөс илүү дээрдээгүй ч үнэ нь өндөр болсныг болон хувийн хэвшлийг боомилохгүй ажиллахыг Засгийн газарт сануулав. Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төсөл Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.10 дахь хэсэгт заасан улс, орон нутгийн хөгжлийн таван жилийн үндсэн чиглэлүүд, үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэр тодорхой байх, улс, орон нутгийн төсөвтэй уялдах зэрэг шаардлагуудыг хангасан эсэх талаар санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 68.3 хувь нь дээрх шаардлагыг хангасан гэж үзсэн тул “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.15) нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад Улсын Их Хурлын 66 гишүүн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Нэгдсэн хуралдаанд жилийн төлөвлөгөөний төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хуралдаанд танилцуулав. Монгол Улсын Үндсэн хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт”-үүдийг Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтын шалгуур үзүүлэлттэй уялдуулжээ. Дунд хугацаанд макро эдийн засаг харьцангуй тогтвортой байх боломж байгаа хэдий ч дэлхий дахинд үүсээд байгаа тодорхой бус байдлын нөлөөгөөр нүүрс, зэс зэрэг манай улсын экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэлтэй байгааг тодотгосон юм. Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцсэн “Эдийн засгийн эрх чөлөөг цогцлоох”-ыг зорьж төсвийн зардлын реформ, төрийн албаны реформ, үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформыг хэрэгжүүлэх бөгөөд үр дүнд нь ядуурлыг бууруулах юм байна. 2026 онд нэн шаардлагатай салбарын реформ, тэргүүлэх ач холбогдолтой хөгжлийн 14 мега төслийг эрчимжүүлж, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, бизнесийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах замаар ядуурлыг бууруулж, эдийн засгийн эрх чөлөөний реформыг хэрэгжүүлнэ хэмээн Л.Гантөмөр сайд танилцууллаа. Төсвийн зардлын реформын хүрээнд төсвийн урсгал зардлыг бууруулж, ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байлгаж, процессын дахин инженерчлэлийг хийж, төрийн үйлчилгээг хялбар, хүн төвтэй, про-актив хандлагаар эрчимжүүлнэ гэв. Төрийн албаны реформын хүрээнд төрийн албаны шинэчлэлийг хийж чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн албан хаагчдын тоог (багш, эмч нараас бусад) 15 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлж, төрийн байгууллагуудын чиг үүрэгт иж бүрэн шинжилгээ хийсний үндсэн дээр зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар төрийн бүтээмжийг дээшлүүлж, төрийн худалдан авалтад хиймэл оюуныг ашиглан ил тод байдлыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэх юм байна. Үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформын хүрээнд төрийн өмчит компаниудын реформыг эрчимжүүлж, зардлыг 15 хувиар бууруулж, төрийн өмчит компаниудын бүтээмжийг 30 хувиар сайжруулж, төрийн өмчит компаниудын хөрөнгийн удирдлагыг сайжруулж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн ашиглалтыг нэмэгдүүлж, үр ашиг, өгөөж, ашигт ажиллагааг сайжруулахаар төсөлд тусгажээ. Геологи, хайгуул, болон ашиглалтын түвшнийг нэмэгдүүлэх, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэргээр Үндэсний баялгийн санг арвижуулах цогц арга хэмжээ хэрэгжүүлж, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах юм байна. Улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөл дэх Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогуудыг хэрэгжүүлснээр 2026 онд эдийн засгийн өсөлт 6.0 хувьд хадгалагдаж, 1 хүнд ногдох ДНБ 8,090 ам. долларт хүрч, ядуурлын түвшин 5 хувиар буурна хэмээн тооцжээ. Улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөл дэх Бүсчилсэн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд эдийн засгийн эрх чөлөөг бүсийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлнэ хэмээн Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав. Бүс нутгийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлж, бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлж, дэд бүтцийг хүртээмжтэй болгож, бүсчилсэн хөгжлийн бодлого, эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгохоор холбогдох арга хэмжээнүүдийг төлөвлөжээ. Шинэ суурьшлын бүс байгуулах ажлыг эрчимжүүлж, дагуул хотуудын хатуу, зөөлөн дэд бүтцийн бүтээн байгуулалт, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг дэмжих юм байна. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр, хүнс, худалдаа, эрчим хүч, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг кластер хэлбэрээр хөгжүүлж, хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлан экспортыг дэмжсэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах замаар бүсийн онцлог, давуу тал, нөөц боломж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан хөгжүүлэх аж. Ирэх онд хүний хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд ядуурал, тэгш бус байдлыг бууруулж, эрдэм боловсролтой, эрүүл монгол хүнийг хөгжүүлэхээр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөлд тусгажээ. 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, боловсролын чанар, хүртээмж дээшлүүлж, хөрөнгө оруулалтыг өсгөж, 108 сургууль, 95 цэцэрлэгээр нэмэгдүүлж, бүлэг дүүргэлтийг стандарт түвшинд хүргэж, “Хамгийн сайн цэцэрлэг, сургууль-гэрт ойр” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгахаар холбогдох зорилтыг дэвшүүлж, хэрэгжүүлэх арга хэмжээг тусгажээ. Мөн дотоодын болон олон улсын их дээд сургуулиудын хооронд кредит шилжүүлгийн тогтолцоог боловсронгуй болгож, дотоод, гадаадад докторын түвшинд суралцаж байгаа оюутнуудад зориулсан тэтгэлгийн тогтолцоо бий болгож, дэлхийн шилдэг багш, профессоруудыг Монголд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, сургалтын чанар, багшийн ур чадвар, төгсөгчийн хөдөлмөр эрхлэлт зэрэг үзүүлэлттэй уялдуулан үнэлгээний системийг сайжруулах юм байна. “Эрүүл Монгол хүн”-ийг хөгжүүлж, хавдар, зүрх судасны өвчлөлийн эмчилгээний шинэ технологи, туршлагыг нэвтрүүлж, эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэлийг хиймэл оюун ашиглан боловсронгуй болгож, ЭМД-ын сангаас санхүүжиж буй тусламж, үйлчилгээний давхардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ гэлээ. Хүн төвтэй нийгмийн үйлчилгээг нэвтрүүлж, хүүхэд хамгааллын үйлчилгээг хүүхэд бүрд хүргэж, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй хөгжлийн цогц үйлчилгээний төвийг аймгуудад байгуулж, зорилтот өрх, хүнийг хөгжүүлэх, чадавхжуулах, бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэхээр Засгийн газраас төсөлд холбогдох арга хэмжээг тусгасан болохыг Л.Гантөмөр сайд танилцууллаа. Хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг хамгаалах, дэмжих бодлогыг хэрэгжүүлж, хүн амын бүлгүүдийн онцлогт нийцсэн ур чадварт сургах замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах бодлого баримталж, мэдээлэл, харилцаа, технологийн ололтод суурилсан хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх төвд нийгмийн үйлчилгээг нэвтрүүлж, өргөжүүлнэ гэв. Нийгмийн баталгааг хангаж, Чингис хаан Үндэсний баялгийн сангаар (Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан) дамжуулан ирээдүйд хөрөнгө оруулалт хийх эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж, Миний түрээсийн орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлж, “Миний сонголт орон нутаг”, “Миний амины орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 150,000 айлын орон сууцыг нийслэл болон хөдөө орон нутагт хүртээмжтэйгээр байгуулна. Эдгээр орон сууцны хөтөлбөрийг Монголын аж ахуйн нэгжүүд, монгол хүнээр гүйцэтгүүлэх нь ядуурлыг бууруулах гол хэрэгсэл болно хэмээн үзжээ. Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлс, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр улсын хөгжлийн төлөвлөгөөний төслийн Хүний хөгжлийн бодлогын хүрээнд холбогдох зорилт, арга хэмжээнүүдийг тусгасан байна. Эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцүүлэн бизнесийн орчны реформ ба чөлөөт эдийн засгийг цогцлоох зорилт дэвшүүлж, холбогдох арга хэмжээнүүдийг төсөлд тусгасныг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд үргэлжлүүлэн танилцууллаа. Шинжлэх ухаан, инновац, хиймэл оюун, дэвшилтэт технологид суурилсан мэдлэг, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогоор дэмжиж, оюуны өмчийн үнэлэмжийг нэмэгдүүлж, Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, зах зээл дэх төрийн оролцоог бууруулж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахаар төлөвлөжээ. Шинжлэх ухаан, технологийн арга хэмжээний зардлыг үе шаттайгаар нэмэгдүүлж, ДНБ-ний 0.5 хувьд хүргэж, шинжлэх ухаан, инновац, технологид суурилсан мэдлэгийн эдийн засгийн суурийг бэхжүүлэх шаардлагатай хэмээн үзэж холбогдох төлөвлөгөөг төсөл тусгасан байна. Санхүүгийн салбарын шинэчлэлийг эрчимжүүлж, цахим эдийн засгийн эзлэх хувийг ирэх онд нэмэгдүүлснээр ДНБ-д хиймэл оюуны хувь нэмрийг бодитойгоор өсгөж, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахад чухал хэмээн үзэж, хөгжлийн төлөвлөгөөний төсөлд холбогдох зорилт, арга хэмжээг тусгажээ. Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, дамжин өнгөрөх худалдаа, тээвэр, логистик, үйлчилгээний экспортыг нэмэгдүүлж, хил холболтын төмөр зам, боомт, чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх замаар экспортыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн болохыг Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулсан юм. Мөн энэ бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул, уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, үйлдвэрлэл технологийн паркуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх ; хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, үйлдвэрлэлийн салбарт санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, шинэ эх үүсвэрүүдийг бүрдүүлж, банк, санхүү, даатгалын салбарын эрх зүйн орчныг шинэчилж, эрсдэлийн удирдлагыг сайжруулж, гадаадын банкны салбар, нэгж байгуулах нөхцөлийг бүрдүүл эхээр төлөвлөжээ. Жижиг, дунд, бичил бизнесийг дэмжих урт хугацаатай, хүү багатай зээлийн бүтээгдэхүүний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт, холбогдох арга хэмжээг мөн ирэх жилийн төлөвлөгөөнд тусгасан байна. Эдийн засгийн бодлогын хүрээний зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр 2026 онд эдийн засгийн өсөлт 6.0 хувьд хүрч, инфляц 7.0 хувь байх боломжтой хэмээн тооцсон байна. Ирэх жилийн улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөл дэх тэргүүлэх бодлогын дөрөв дэх чиглэл нь Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого юм байна. Энэ хүрээнд хиймэл оюуныг төрийн бүх шатанд нэвтрүүлж, хүн төвтэй төрийн үйлчилгээг бий болгохоор зорьж байгаа хэмээн Л.Гантөмөр сайд танилцууллаа. Дэвшилтэт технологи, процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх замаар хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, авлигагүй, хүн төвтэй төрийн үйлчилгээг бий болгохоор зорилт дэвшүүлж, холбогдох төлөвлөлтүүдийг боловсруулсан гэв. “Хүний эрхийн хөтөлбөр-2”-ыг хэрэгжүүлж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, улсын батлан хамгаалах бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлж, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бататгаж, гадаад харилцааны “нэг цонхны” бодлого баримтлан, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримтлах юм байна. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр процессын дахин инженерчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлж, төрийн үйлчилгээний хурд, чанарыг сайжруулж, үр ашиггүй, давхардсан үйлчилгээг халж, цахим шийдлийг нэвтрүүлэх замаар зардлыг бууруулж, зорилтот хүн, хуулийн этгээдэд про-актив хэлбэрээр хүргэхээр дахин инженерчлэх аж. “Төлөвлөлт-Төсөвлөлт-Хяналт үнэлгээ”-ний платформыг хөгжүүлж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн сан, тогтолцоо, процесс, санхүүжилтийн орчныг сайжруулна гэлээ. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, хиймэл оюун, орчин үеийн техник, технологид суурилсан зэвсэгт хүчнийг хөгжүүлж, цэргийн аж үйлдвэр, дэд бүтцийг хөгжүүлж, батлан хамгаалах бие даасан байдлыг хангаж, иргэдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах юм байна. Эдгээр зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны засаглалын үзүүлэлт 103-т, авлигын индекс 112-т, шүүхийн индекс 57-д, шударга байдлын үнэлгээ 77-д эрэмбэлэгдэх боломжтой хэмээх тооцооллыг төсөл санаачлагч буюу Засгийн газар хийсэн болохыг нэгдсэн хуралдаанд Тэргүүн шадар сайд танилцуулсан юм. Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал нэгдсэн хуралдаанд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тогтоолын төслийг d.parliament. mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч бай гааг дурдсан. Тэргүүн шадар сайдын танилцуулга, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг ийн танилцуулсны дараа г ишүүд жилийн төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж ирэх жил экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ төлөвлөж байгаагаас бага байх магадлалтай, үүний зэрэгцээ энэ чиг үүргийг голлон хариуцаж, хэрэгжүүлдэг төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хууль журам, төрийн бодлогын дагуу үйл ажиллагаа явуулдаггүй болохыг шүүмжилж байв. Иймд авлигатай тэмцэх үйл ажиллагаагаа бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг санал хэлсэн. Бүсчилсэн хөгжлийн бодлогын үзэл баримтлалын хүрээнд ирэх оны улсын хөгжлийн төлөвлөгөөнд ажлын байрыг нэмэгдүүлэх ямар арга хэмжээ туссан талаар Б.Бат-Эрдэнэ гишүүн тодруулахад Л.Гантөмөр сайд хариулахдаа “Бүчилсэн хөгжлийн бодлого нь ядуурлыг арилгах, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой. Гэхдээ бодлогоо эцэслэн тодорхойлоход тухайн бүсүүдийн нөөцийн судалгаа, өгөгдөл дутуу байгаа юм. Ерөнхий төсөөлөл л байна, үүнд тулгуурлаж бодитой хөрөнгө оруулалтуудыг татмаар байгаа юм. Хойд бүсийн хувьд нэн тэргүүнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах ажлаа онилж ажиллана. Ингэж чадвал 3000-4000 ажлын байр дагаад бий болох юм. Түүнчлэн хойд бүсийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх, 4 улирлын үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлэх зэрэг төлөвлөлтүүдийг хийгээд байна” гэв. Хойд бүсийн аялал жуулчлалыг дэмжих, үйл ажиллагааг өргөжүүлэхэд эрчим хүчний тогтвортой хангалт нэн чухал гэдэг саналыг Б.Бат-Эрдэнэ гишүүн хэлсэн. Б.Найдалаа гишүүн бизнесийн орчныг сайжуурлах чиглэлээрх арга хэмжээний талаар тодруулав. Барилгын салбарыг эрчимжүүлж, эрчим хүчний холболт, хангалтын хүнд суртлыг арилгаж, энэ салбарын бүртгэлийн үйл ажиллагааг хялбаршуулах, шүүхийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн орчныг тодорхой болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахаар төлөвлөснийг Тэргүүн шадар сайд тайлбарласан юм. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд төсөл дэх тэргүүлэх дөрвөн чиглэлийн эрэмбийг өөрчилж, нэн тэргүүнд Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого, удаад нь Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгах нь оновчтой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Энэ бүх бодлого, хөтөлбөрийн эцсийн зорилго нь иргэн нэг бүрийн амьдралын чанарыг сайжруулах юм хэмээв. Тэрбээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого, зорилт дэвшүүлж, ажиллахыг уриаллаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу жилийн төлөвлөгөөний төсөл эрэмбэлэгдсэн гэдэг хариултыг Тэргүүн шадар сайд өгсөн. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн утааг бууруулах болон эмийн чанарыг сайжруулах чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар асууж, тодруулав. Улаанбаатар хотыг 2027 онд утаагүй болгоно гэж тооцон, ирэх оны хөгжлийн төлөвлөгөөний төсөлд бэлтгэл арга хэмжээг төлөвлөсөн хэмээн Л.Гантөмөр сайд хариулсан. Эм, хүнсний чанарыг шалгах лабораториудыг чадавхжуулж, бэхжүүлэх шаардлагатай бөгөөд Эрүүл мэндийн яам бодлогоо барьж, ажиллана гэдэг хариултыг Т.Мөнхсайхан сайд өгсөн. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар, Б.Мөнхсоёл, А.Ариунзаяа, Дав.Цогтбаатар, Ж.Ганбаатар, Г.Лувсанжамц, П.Сайнзориг, Ц.Идэрбат, Ж.Батжаргал, Ө.Шижир, Г.Хосбаяр, Х.Булгантуяа, Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Г.Очирбат, М.Ганхүлэг нар жилийн төлөвлөгөөний төслийн нэг дэх хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгээс хариулт авч, төсөлтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, т өвлөрлийг задлах шаардлагын эсрэг Улаанбаатарт хөрөнгө оруулалтуудыг дэмжсэн зорилт, арга хэмжээг төлөвлөсөн байгааг гишүүд шүүмжилж байв. Мөн улсын төсвийн хуваарилалтыг оновчтой, үр ашигтай болгох шаардлагын хүрээнд зарчмаа тодорхой болгох, жилийн төлөвлөгөөний шалгуур үзүүлэлт, гүйцэтгэлийн хэмжүүр үзүүлэлтийг нэн тодорхой болгох, орон нутагт дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхээр гадны улс орноос авсан зээлийн ашиглалт, үр ашгийг хянах, тэдгээртэй холбоотой бодлогын арга хэмжээний талаар байр сууриа илэрхийлж, эрүүл мэнд болон боловсролын салбарын хүний нөөцийн бодлого, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх, төлбөрийн тэнцэлийг анхаарах зэрэг саналыг “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд хэлж байв. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ХЭДХ-ны дарга “Гэр бүлийн хүчирхийлэл, асуудал ба шийдэл” сэдвээр Хүний эрхийн форумын төлөөлөлтэй уулзалт-хэлэлцүүлэг хийлээ

Улсын Их Хурлаас аливаа шийдвэр гаргахдаа хүний эрхийг хамгаалах, сурталчлан таниулах чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудынтай хамтарч ажиллах, тодорхой асуудлаар парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ зөвлөлдөх, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүний эрхийн боловсролыг түгээхэд хамтран ажиллах талаар санал солилцож байх зорилгоор Хүний эрхийн дэд хорооноос сар бүр Хүний эрхийн форумын төлөөлөлтэй уулзалт хийдэг. Энэ удаагийн уулзалт-хэлэлцүүлэг “Гэр бүлийн хүчирхийлэл, асуудал ба шийдэл” сэдвийн хүрээнд өнөөдөр (2025.05.14) Төрийн ордонд боллоо. Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд өмнөх уулзалтууд үр өгөөжтэй болсныг тэмдэглэн хэлсэн. Байгаль орчны холбогдох хууль тогтоомж дахь хүний эрхийн хэрэгжилт сэдвээрх 4 дүгээр сарын уулзалт-хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар оролцоод, холбогдох журмыг боловсруулан ажиллаж байгаа гэв. Энэ журмыг Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд эцэслэн батлах зорилго тавиад байгаа гэлээ. Өмнөх зургаан удаагийн уулзалтаар ойлголтоо нэгтгэх зорилго тавьж байсан бол 4 дүгээр сарын уулзалтаас эхлэн шийдэлд чиглэн ажиллаж байгаачлан энэ удаагийн уулзалт-хэлэлцүүлгийг ч мөн “Гэр бүлийн хүчирхийлэл, асуудал ба шийдэл” сэдвээр үр дүнд чиглэж байгааг тодотгосон. “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ-ын захирал Н.Арвинтариа “Монгол Улс дахь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал: Асуудал ба шийдэл” сэдэвт илтгэл танилцуулав. Тэрбээр эхлээд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхээр 1995 онд байгуулагдсан төвийнхөө үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Монгол Улс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, хуулийг хэрэгжүүлэх бүтэц, механизм бий болгожээ. Улсын хэмжээнд 800 гаруй Хамтарсан баг ажиллаж байгаа бол 40 гаруй Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байгаа зэрэг олон ахиц дэвшил гарсныг танилцуулсан. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь гэмт хэрэг, зөрчил гэдгийг олон нийтээрээ ойлгож, энэ талаарх мэдлэг, мэдээлэл сайжирсан гэв. Үндэсний хэмжээнд мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, сурталчилгаа өргөн хүрээтэй явагддаг болсныг дурдав. Илтгэлийн сэдвийн хүрээнд 2021-2023 онд нийт 16 судалгаа хийгдсэн бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн байдалд 2023 онд үнэлгээ хийгдсэн байна. Улсын төсвөөс 2020-2023 оны хооронд буюу дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар 10 тэрбум төгрөгийг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх үйл ажиллагаанд зарцуулсан байна. Гэсэн ч гэр бүлийн хүчирхийлэл жил тутам нэмэгдэж, хэлбэр рүү шилжиж байгааг анхааруулж байв. Ноцтой хэлбэр гэдэг цахим хэлбэрээр мөрдөж, заналхийлэн, амиа хорлох хүртэл дарамтлах гэх зэргээр хуульд томьёологдоогүй хэлбэрээр үйлдэгддэг болсныг хэлж байгаа аж. 2017-2024 онд 9610 гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг бүртгэгдэж, 116 хүн нас барж, 8000 шахам хүн гэмтсэн байна. Гэтэл криминологи шинжилгээ, судалгаагаар гэр бүлийн хүчирхийллийн 10 гэмт хэрэг тутмын 1 нь л илэрч, үлдсэн 9 нь нуугдмал байгаа гэдэг дүн гарсныг мөн дурдаж байв. Энэ төрлийн гэмт хэргийн нөлөө нь хохирогч, тухайн гэр бүлд тусах төдийгүй нийгэмд асар хортой үр дагавар үүсгэж байдгийг илтгэлд дурдсан. Жирэмсэн үедээ зодуулснаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөх, үр зулбах, сэтгэцийн гэмтэлд өртөх гээд өргөн хүрээнд анхаарч, шийдэх шаардлагатай гэв. Үүнд хүмүүсийн ирээдүйдээ итгэх итгэл буурч байгаа, ёс суртахууны уналтад орж байгаа, ядуурал, ажилгүйдэл, тэгш бус байдлын гүнзгийрэл, архидалт, жендэрийн уламжлалт хандлагууд нөлөөлж байгаа гэлээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд тулгарч буй асуудлуудыг Н.Арвинтариа захирал танилцууллаа. Төрөөс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх нэгдсэн бодлого, төлөвлөлт байхгүйгээс хэрэгжих боломжгүй, хяналтгүй, уялдаагүй байна гэв. Мөн санхүүжилт тогтворгүй, төсөв дутмаг /олон улсын төсөл, хөтөлбөрөөс хамааралтай/, мэдээллийн сан байхгүй, статистикийн уялдаа сул, салангид байгааг дурдсан юм. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд ногдуулах хариуцлагын тогтолцоо зөрчилтэй байдгийг мөн жишээ татаж байв. Эрүүгийн хуулиар хохирогчидтой уулзахаар оролдохыг хориглох, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамрагдахыг даалгах, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох зэрэг арга хэмжээ авахаар тусгасан бол Зөрчлийн тухай хуулиар шууд баривчилдаг. Нэг төрлийн үйлдэлд хариуцлага оногдуулж буй энэ мэт хууль хоорондын зөрчлийг эргэж харах шаардлагатай гэв. Гомдлын мөрөөр шууд баривчлахаар нөгөө хүн ажлаасаа халагддаг, үүнээс үүдэн гэр бүлийн зөрчил улам даамжирдаг, улмаар далд хэлбэр рүү ороход нөлөөлж байхыг бас үгүйсгэхгүй гэв. ТХБ, НЦҮТ-ийн санхүүжилт, хүний нөөц, орон байрны нөхцөл хангалтгүй, санхүүжилтгүйн улмаас энэ чиглэлээр ажилладаг ТББ-ууд маш цөөрч байгаа, үүний хамт маш их ур чадвар, мэдлэг туршлагууд хаягдаж байгаа гэдгийг бодох хэрэгтэй гэлээ. Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх сургалтын тогтолцоо сул хэвээрээ байгаад байгааг Н.Арвинтариа захирал хэлээд “Энэ сургалт чанартай явагдаж чадах юм бол гэр бүлийн хүчирхийлэл давтан үйлдэгдэхгүй байх боломжууд нээгдэх юм. Гэвч сургалт явуулах санхүүжилт байхгүй, сургагч багш дутмаг, сургалтын хөтөлбөр, гарын авлагууд нь шаардлага хангахгүй байгаа” гэв. Мөн эмзэг бүлгийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ хангалтгүй, боловсрол, эрүүл мэнд, соёл, хэвлэл мэдээллийн оролцоо сул, зарим ухралт гарсан, салбар дундын уялдаа холбоо сул байгааг хэлээд тулгарч байгаа асуудлуудад үндэслэн зөвлөмж гаргаснаа дэлгэрэнгүй танилцуулсан. Улсын Их Хурал нь төрөөс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар баримтлах бодлогыг тодорхойлох; Хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайланг хэлэлцэж, шийдвэр гаргах; гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх үйл ажиллагааны зардлыг 2026 оны /цаашид жил бүр/ улсын төсөвт тусган батлах шаардлагатай гэлээ. Засгийн газар нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн тайланг Улсын Их Хуралд тайлагнан, хэлэлцүүлэх; жил бүр улсын төсөвт хуулийг хэрэгжүүлэх санхүүжилтийг тусгуулах; энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж, дэмжих талаарх зохицуулалтыг холбогдох хууль, тогтоомжид тусгах чиглэлээр ажиллах нь үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа аж. Үүний зэрэгцээ сургалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх; хүчирхийлэл үйлдэгч болон эрсдэлт бүлэгт зориулсан зан үйлд нөлөөлөх сайн дурын болон албадан сургалтыг үр дүнтэй явуулах; статистик мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, бодлогыг үндэслэлтэй боловсруулахад ашиглах; Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сайжруулах, Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хууль дахь холбогдох зохицуулалтыг оновчтой болгох; салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэв. Илтгэлийнхээ төгсгөлд Н.Арвинтариа захирал “Гэр бүлийн хүчирхийлэл нь зөвхөн хувь хүний хариуцлага биш. Энэ бол төрийн ч гэсэн хариуцлага юм шүү. Та бидний өнөөдрийн зүтгэл, хамтын шийдвэр маргааш хэн нэгний амь насыг аварч чадна” гэлээ. Дараа нь “Хөөрхөн зүрх” ТББ-ын кейс менежер Ц.Баасаннямбуу “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хохирогч/даван туулагчдад үзүүлж буй нийгэм-сэтгэлзүйн үйлчилгээний тулгамдаж буй асуудал ба шийдэл” илтгэл танилцуулав. Насанд хүрээгүй, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг байгууллага учраас энэ сэдвээр, дэд сэдвийн хүрээнд ураг төрлийн хүрээнд үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн талаар илтгэлийг танилцуулж байгаагаа илтгэгч эхэнд нь дурдсан. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн тоо 2020 оноос хойш жил тутам өссөөр байгаа ч мэдээллийн сан нэгдмэл бус учраас цагдаа, хүчирхийллийн төвүүд, шүүхийн баримт, Гэр бүлийн хөгжил хамгааллын газрын тоо баримтууд тус тусдаа, өөр өөр байдгийг тодотгож байв. Монгол Улсын гэмт хэргийн цагаан номд хүүхдийн эсрэг хүчирхийллийн 60-70 хувь нь гэрт нь үйлдэгдсэн байдаг хэмээн тэмдэглэгдсэн байдаг бол тус төрийн бус байгууллагын кэйс судалгаа ч үүнийг нотолдог гэв. Мөн ураг төрлийн хүрээнд үйлдэгддэг болохыг нийгэм даяараа онцгой анхаарах шаардлагатай гэлээ. Нэг удаагаас нэг жил, бүр 10 жилийн турш үргэлжилсэн тохиолдол байгааг дурдсан. Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн суурь судалгаа хангалтгүй байгаа учраас холбогдох статистик мэдээллийг нарийвчлан бүрдүүлэх, энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл буюу криминологийн судалгааг үндэсний хэмжээнд хийх шаардлагатай байгааг дэлгэрэнгүй тайлбарласан. Хохирогч/даван туулагч хүүхдүүд дахин хохирох эсвэл гэмт хэргийн холбогдогч болж байгаа тул хохирсон, хохирох эрсдэлт нөхцөлд байгаа эсвэл дахин хохирогч болсон хүүхдүүдийн гэмт хэрэгт өртөх эрсдэлийн судалгаа гаргах шаардлагатай гэдэг саналыг танилцуулсан. Хохирогч/даван туулагч хүүхэд нь сэтгэцийн гэмтэл авдаг, энэ нь хүний амьдралын чанар, зан үйл, нийгмийн харилцаа, сэтгэхүй, сэтгэл зүй гээд бүх зүйлд нөлөөлдөг учраас чанартай арга хэмжээг эрт хугацаанд нь авч чадаагүйгээс гэмт хэрэгтэн болох эрсдэл дагуулдаг аж. Сэтгэцийн гэмтэлд суурилсан үйлчилгээтэй холбоотой нөхцөл байдал, шийдлийн талаар үргэлжлүүлэн танилцуулсан. Сэдвийн хүрээн дэх нөхцөлд ажиллах шаардлагатай мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх шаардлагын талаар тайлбарлаж, мэргэшээгүй тохиолдолд гаргаж буй сөрөг үр дагавруудыг мөн танилцуулсан. Энэ төрлийн ү йлчилгээ үзүүлж буй мэргэжилтнүүдийн сэтгэцийн гэмтэл, мэргэжлийн ёс зүйн талаар ойлголт мэдлэг сул байгаа нь үйлчлүүлэгчдэд дахин сэтгэцийн гэмтэл учруулах эрсдэл үүсгэдэг байна. Иймд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь сэтгэцийн гэмтэлд суурилсан аргачлалаар бүх шатны үйлчилгээ үзүүлэгч мэргэжилтнүүдийг сургаж, чадавхжуулах, давтан сургах, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангахад хяналт тавих чиг үүргээ хангаж ажилладаг байх шаардлагатай гэдэг саналыг танилцууллаа. Хохирогч/даван туулагч хүүхдэд удаан хугацааны тогтвортой хамгааллын үйлчилгээг төлөвлөж үзүүлдэггүй. Хохирогч хүүхдийн сэтгэцийн гэмтэл насан туршийнх байдаг учраас удаан хугацааны, тасралтгүй, тогтвортой, мэргэжлийн ёс зүйтэй, сэтгэцийн гэмтэлд суурилсан үйлчилгээг тогтвортой үзүүлэх шаардлагатай байдаг гэв. Ялангуяа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болохтой зэрэгцэн нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ тогтвортой үргэлжилдэггүй болохыг тайлбарлав. Иймд хүүхэд хамгааллын үйлчилгээний шаталсан загвар бий болгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон ч хүүхэд хамгааллын үйлчилгээ тасалдахгүй байхад хяналт тавих зохицуулалт бий болгох, үйлчилгээний чанар, хүртээмжид жил тутам хяналт, үнэлгээ хийх шийдлийг санал болгож буйгаа танилцууллаа. Энэ талбарт мэргэжлийн иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо хумигдаж байгааг онцлоод гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн иргэний нийгмийн байгууллагуудыг орон нутагт хүрч ажиллахад бодлогын хүрээнд дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэв. Төрийн зүгээс энэ чиглэлээр бодлого, шийдвэр боловсруулах, төлөвлөх, гаргахдаа иргэний нийгмийн төрөлжсөн, мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангах, оновчтой бодлого боловсруулж, санхүүжилт төсөвлөх, стандарт, дүрэм журмаа нарийвчлаад, шаардлагатай бол иргэний нийгмийн төрөлжсөн, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах боломж бий гэв. Үргэлжлүүлэн “Хөөрхөн зүрх” ТББ-ын кейс менежер Ц.Баасаннямбуу гэр бүлд чиглэсэн үйлчилгээний чиглэлээр тулгамдсан асуудал, шийдлийн саналаа танилцуулсан. Ураг төрлийн хүрээний бэлгийн хүчирхийлэл нь нотлох баримтгүй, улмаар хохирогч хүүхэд жирэмсэн болоод айж ичиж, нууж, дарагдуулж явсаар байгаад үр хөндүүлэх боломжгүй болж, төрөх болоход тухайн тохиолдолд тохирсон эмнэлгийн тусламж, үйлчилгээ хангалтгүй, эрсдэл өдөөж байдгийг дурдаж байсан. Энэ төрлийн хүчирхийллийн улмаас төрж байгаа нярай нь удамшлын сангийн өөрчлөлттэй байх эрсдэл өндөр учраас тухайн хүүхдийн гэр бүл асарч, хамгаалж нөхцөл үүсдэг гэлээ. Энэ мэт уялдаа холбоогүй, зөрчилдөөнтэй, хүүхдэд ээлгүй нөхцөл нь эргээд хохирсон, даван туулагч хүүхдийг дахин дахин хохироодог болохыг анхаарах шаардлагатай хэлж байв. Хохирогч/даван туулагч хүүхдэд гэр бүлийн орчинд эсвэл гэр бүлээс тусгаарлах, түр хамгаалах байр эсвэл төрөл садных нь гэрт шилжүүлэх байдлаар хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг. Гэвч гэр бүлд чиглэсэн үйлчилгээ үзүүлэхгүй, улмаар хүүхэд гэрээсээ дайжих, дахин хүчирхийллийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдож тохиолдлууд гарч байгаа аж. Иймд хүчирхийллийн харилцаатай эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг зан үйлд нөлөөлөх албадан болон сайн дурын хөтөлбөрт хамруулахад бодлогын зохицуулалт хийх шаардлагатай гэв. Гэр бүлд чиглэсэн үйлчилгээний заавал үзүүлэх хугацааг хамгийн багадаа 3 сараас доошгүй байлгахаар зохицуулах, үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтүүдийг тогтоодог байх шаардлагатай болохыг тайлбарлав. Түүнчлэн гэр бүлд чиглэсэн үйлчилгээний нэгдсэн стандарт, санхүүжилт, хүний нөөцийн шаардлага тогтоох зэрэг саналуудыг танилцууллаа. Уулзалт-хэлэлцүүлэгт “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”, “Хөөрхөн зүрх”, “Бүсгүйчүүд XXI зуун төв”, “Захиргааны санаачилга”, “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо” төрийн бус байгууллагууд болон “МОНФЕМНЕТ” үндэсний сүлжээ, Гүнж төв, Хууль хүний эрх төв, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Эмнести интернэшнл байгууллагын төлөөлөл, ХЗБХЯ-ны Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн Хүүхэд хамгааллын дэд зөвлөлийн төлөөлөл оролцсон юм. Илтгэлүүдийн хүрээнд болон тус бүрийн үйл ажиллагааны чиглэлээрх нөхцөл байдлуудын талаарх мэдээллээ хуваалцаж, шийдэл, саналуудаа хэлэлцэв. Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд уулзалт-хэлэлцүүлэг маш үр дүнтэй болж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд, оролцогчид нэн тэргүүнд холбогдох тоон мэдээллийг нэгтгэдэг сан бий болгох, бодит тоон мэдээлэлд үндэслэн оновчтой шийдлийг шуурхай авч хэрэгжүүлдэг байх, төрийн бодлогын уялдааг хангах, санхүүжилтийг тодорхой, хэмжих нэгжтэй, ил тод болгох хүний эрхийг зөрчсөн хууль давсан журмуудыг цэгцлэх саналууд гаргасныг тэмдэглэлээ. Тиймээс энэ хүрээнд төрийн болон иргэний нийгмийн мэргэшсэн байгууллагуудын хамтарсан уулзалтуудыг зохион байгуулах, төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа Хүний эрхийн форумаас нэгтгэн боловсруулж ирүүлснээр Засгийн газрын холбогдох яамдад хүргүүлэх, үр өгөөжтэй, ач холбогдол өндөртэй судалгаа шинжилгээг тал бүрдээ хийх, дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчлийн холбогдох мэдээллийг өгөх сувгийг өргөжүүлэх, хялбаршуулах, энэ чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах зэрэг ажлыг төлөвлөн, зөвшилцөв. Ийнхүү уулзалт-хэлэлцүүлгийн төгсгөлд “Та бидний хамтын ажиллагаа ирээдүйд чиглэсэн, үр дүнтэй байна гэж найдаж байна. Бидний уулзалт-хэлэлцүүлэг, үүний мөрөөр авч хэрэгжүүлж буй ажлууд бол онцгой чухал ач холбогдолтой, том үйл хэрэг гэж бодож байна. Хүний эрхийн асуудал дунд “жижиг” асуудал гэж байдаггүй. Өнөөдрийг хүртэл зүрх сэтгэлээсээ, итгэл үнэмшлээрээ хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулсаар байгаа иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжилтнүүд Та бүхэндээ талархал илэрхийлж, амжилт хүсье” гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

1 ... 39 40 41 42 43 44 45 46 47 ... 370