НЭГҮҮН МЭДЭЭ
МОНГОЛ ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН УР ЧАДВАР, ТУРШЛАГА ДЭЛХИЙД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨЖ БАЙГААГ ОНЦОЛЛОО

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр /2024.07.26/-ны өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Бактыбек Асанкалиевич Бекболотовыг хүлээн авч уулзалаа. Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Киргиз Улсын Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Бактыбек Асанкалиевич Бекболотов Батлан хамгаалахын сайдтай биечлэн уулзаж байгаадаа талархал илэрхийлээд, Монгол Улсын Зэвсэгт хүчний олон улсын энхийг сахиулах ажиллагаанд хуримтлуулсан туршлагаас суралцах, энэ чиглэлд цаашид хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа уламжиллаа. Түүнчлэн Монгол Улсын энхийг сахиулагчдын бэлтгэл сургуулилт өндөр түвшинд хүрч, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгааг тэрбээр онцоллоо. Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахад онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Бүгд Найрамдах Киргиз Улсын Батлан хамгаалахын сайд уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ. Уулзалтаар хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд өргөн хүрээтэй санал солилцож, талууд хамтран ажиллахаа илэрхийлэв гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛСЭН ГЭХ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЦАГДАА “13 НАСТАЙ ГЭЖ МЭДЭЭГҮЙ” ХЭМЭЭН МАРГАЖЭЭ

Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт холбогдсон цагдаа “13 настай гэж мэдээгүй” хэмээн маргажээ. Эл хэргийн талаар шүүхийн тэмдэглэлд дараах байдлаар дурджээ Тодруулбал, ..аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаа жолооч асан шүүгдэгч .... нь 26 настай, тэрээр өөрийн гэртээ болон тээврийн хэрэгсэл дотор үргэлжилсэн үйлдлээр 13 нас, 2 сар, 26 хоногтой бага насны хүүхэд ...-тэй бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ. Бага насны хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед “шүүгдэгчтэй 4-5 удаа бэлгийн харилцаанд орсон” талаараа тогтвортой мэдүүлж ирсэн боловч шүүх хуралдаанд “шүүгдэгчтэй бэлгийн харилцаанд ороогүй” гэж мэдүүлдэг. Харин шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, хохирогч охиныг мэдэж байгаа, дуугүй байх эрхээ эдэлж байгаа талаар тайлбарласан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс: “...хохирогч охин бие бялдарын хувьд өндөр, биеэрхүү тул 13 настай гэж мэдээгүй, 16 настай гэж бодсон учраас 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэсэн зүйлчлэлээр хөнгөрүүлж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргасан. Бага насны хохирогч ...нь гэрээсээ 8 удаа сураггүй алга болж, Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, тухай бүр нь ар гэрт нь хүлээлгэн өгч байсан баримт хавтаст хэрэгт авагджээ. Бага насны хохирогчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулахдаа түүний талаархи бүхий л хувийн мэдээллийг фото зургийн хамт цагдаагийн бие бүрэлдэхүүнд дотоод цахим сангаар мэдээллийн дагуу шүүгдэгч нь 2024 онд бага насны хохирогчийг алга болох үед олж ар гэрт нь хүлээлгэн өгч байсан тул түүнийг 13 настай гэдгийг мэдээгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Энэхүү гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь бага насны хохирогчийн хойд эцэг, ар гэрийн хараа хяналтгүй байдлын улмаас өмнө нь хүчингийн гэмт хэргийн хохирогч болж, улмаар өөрөөсөө ах, эгч нартай харилцдаг, насанд хүрсэн хүмүүсийн хийдэг бүхнийг хийхийг хүсдэг, тэдний нөлөөнд автан архидан согтуурдаг, гэр орноосоо олон хоногоор, удаа дараа алга болж, гадуур тэнэдэгтэй шууд холбоотой гэж үзэхээр байна. Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.

ТУУЛ, ХЭРЛЭН ГОЛУУД ҮЕРИЙН ТҮВШИНД ХҮРСНИЙГ НОК-ООС АНХААРУУЛЖ БАЙНА

НОБГ-ын дэд дарга, хурандаа Э.Батбаяр: -Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 08:00 цагаас 15:00 цаг хүртэл түр зуурын дуу цахилгаан бороо орно гэдгийг хэлж байгаа. Өнөөдрийн байдлаар Сэлбэ, Дунд гол, Улиастайн голын үерийн түвшин хэвийн хэмжээнд байгаа бол Хэрлэн, Туул голууд үерийн түвшинд хүрсэн байна. Тиймээс иргэд та бүхэн үерлэсэн гол ус руу оролгүй аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна гэв.

ЦЭРГИЙН УУЛЧДЫН "ОЛИМП" ЭХЭЛЛЭЭ

Олон улсын Цэргийн спортын зөвлөлөөс зохион байгуулж буй Европ тивийн ноён оргил Эльбрус уулын олон улсын цэргийн авиралтын нээлтийн ажиллагааг 7 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа . ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, ОХУ-ын баатар, хурандаа генерал Юнус-Бек Баматгиреевич Евкуров үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “Энэхүү чухал арга хэмжээнд 14 орны цэргийн алба хаагчид, тамирчид оролцож байгаа нь найрсаг уур амьсгалыг харуулж байна гэдэгт итгэлтэй байна" гэж онцолж байв. Мөн уг арга хэмжээнд Кабардин-Балкарын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Казбек Коков, Кабардин-Балкарын Бүгд Найрамдах Улсын Спортын сайд Ислам Хасанов, ОХУ-ын Батлан хамгаалахын Биеийн тамир, спортын газрын дарга, хурандаа Андрей Зыков, Олон улсын Цэргийн спортын авиралтын зөвлөлийн техникийн комиссын ерөнхийлөгч, ЦСКА-ийн дарга, хурандаа Артем Громов нар оролцлоо. Энэхүү уулын авиралтанд Монгол, ОХУ, Оман, Киргиз, Иордан, Эквадор, Афганистан, Намбия, Ирак, Иран, Армени, Зимбабве, Энэтхэг, Бразил зэрэг 14 улсын 45 цэргийн алба хаагч оролцож байна. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг олимпийн наадмын нээлтийн өмнө буюу энэ 7 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдрүүдэд уг уулын оргилын авиралт зохион байгуулагдаж явагдах юм. Тус арга хэмжээ нь 2022, 2023 онд Иран улсад зохион байгуулагдсан бол энэ удаад ОХУ-д зохион байгуулагдаж байна. Цаашид уламжлал болгон бүх тив, улс орнуудад зохион байгуулах арга хэмжээний ач холбогдол нь олон улсын уулын цэргийн алба хаагчид туршлага солилцож, чадавхиа нэмэгдүүлэн, найрсаг харилцааг тогтооход оршиж байна. Тус авиралтад Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж Тусгай хүчний цэргийн командлалаас хурандаа Д.Жавхланбаяр, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангиас ахмад Б.Чинзориг, ахлагч О.Ган-Эрдэнэ нар оролцож байна. Багийн ахлагч хурандаа Д.Жавхланбаяр нь Африк тивийн ноён оргил Килиманжаро, Баруун Европын ноён оргил Монт Бланк ууланд авирч байсан туршлагатай цэргийн алба хаагч юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

3.5 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЛОО

Өнөөдөр буюу 07 сарын 25-ны 09:45:37 цагт газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 45.08 93.07 Ховд аймгийн Алтай сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд: Ховд аймгийн Алтай сумын төвөөс Зүүн урд зүгт 112км Говь-Алтай аймгийн Бугат сумын төвөөс Баруун урд зүгт 115км Ховд аймгийн Үенч сумын төвөөс Зүүн урд зүгт 137км

ФРАНЦ УЛС 2030 ОНЫ ӨВЛИЙН ОЛИМПЫН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Олон Улсын Олимпын Хорооны 142 дугаар чуулган Парис хотноо эхэллээ. Чуулганы нээлтийн ажиллагаанд зуны олимпын наадмыг хүлээн авч буй Франц улсын ерөнхийлөгч Э.Макрон хүрэлцэн ирж, олимпын их гэр бүлийн төлөөлөлд баяр хүргэж, амжилт хүсэв. ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон олимпын наадмыг хүлээн авахад бэлэн болсон Парис хот, Францын ард түмэнд талархал илэрхийлж, хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн шударга, хамгийн сэтгэл хөдөлгөсөн наадам болно гэдэгт итгэлтэй байгаа сэтгэгдлээ хуваалцлаа. Энэ удаагийн чуулганаар шийдсэн хамгийн онцлох үйл явдал нь 2030 болон 2034 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах орныг баталгаажуулсан нь байв. Зохион байгуулагч хотыг сонгох комиссын санал болгосны дагуу 2030 оны өвлийн олимпын наадмыг Франц улсын Алпийн нурууны орчмын хотууд хамтран, 2034 оны өвлийн олимпын наадмыг АНУ-ын Солт Лэйк Сити хот тус тус хүлээн авахаар боллоо. Солт Лэйкийн хувьд 2002 онд Өвлийн олимпын наадмыг хүлээн авч байсан бол Францын Алпийн нурууны орчимд Шамони хот анхны олимпыг 1924 онд, Гренбобл хот 1968 онд, Албервилл хот 1992 онд тус тус олимпын наадам зохион байгуулагдаж байсан юм. Үүнээс гадна энэ удаагийн наадмаар ОУОХ-ны гишүүд анхны Цахим спортын олимпын наадмыг “Olympic Esports Games” нэрийн дор зохион байгуулах шийдвэр гаргалаа. 2025 оны анхны наадмыг Саудын Араб улс хүлээн авах болно. Энэ нь дижитал технологийн эрин үед хүүхэд, залуусын дунд хамгийн хурдацтай хөгжиж буй цахим спортыг олимпын хөдөлгөөн хүлээн зөвшөөрч, нэг хэсгээ болгож байгаа чухал ач холбогдолтой шийдвэр билээ. Тэрчлэн энэ удаагийн хурлаар Олимпын хартын 5 заалтад найруулгын болон утгын засвар оруулж, нийт 8 шинэ гишүүнийг батламжлан, 15 гишүүний бүрэн эрхийг сунгажээ. Мөн дараагийн олимпын наадмыг зохион байгуулах Милан-Кортина 2026, Лос Анжелес 2028, Брисбэйн 2032-ийн бэлтгэл ажлын танилцуулга мэдээллийг сонслоо. Энэ удаагийн чуулганд Монгол улсыг төлөөлөн МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг оролцож байгаа юм.

АПУ ХК-ИЙН 100 ЖИЛИЙН АМЖИЛТЫГ БҮТЭЭЛЦСЭН ЭРХМҮҮДИЙГ ТӨР ЗАСАГ ӨНДРӨӨР ҮНЭЛЛЭЭ

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх аж үйлдвэрлэлийн салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан АПУ ХК-ийн ажилтнуудыг өндрөөр үнэлж 100 жилийн түүхэн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол тэмдгээр шагналаа. АПУ компанийг сүүлийн 16 жил тасралтгүй удирдаж буй Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгт ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон” гардууллаа. АПУ ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Г.Энхбилэг, Үйлдвэрчний эвлэлийн хороо болон Ахмадын хорооны дарга Л.Аваасүрэн, ахмад инженер Б.Содномпэлжээ нарт “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол хүртээлээ. Мөн АПУ ХК-ийн Агуулах хариуцсан менежер Д.Бямбацогт, Энтертэйнмент хариуцсан ахлах менежер М.Сэргэлэнбат, Ахлах инженер П.Жаргалсайхан нарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнасан бол Ахлах инженер Г.Батцэнгэл, Үйлчилгээний жолооч Б.Бат-Орших, Худалдааны төлөөлөгч М.Отгонбаатар нарыг “Алтан гадас” одонгоор шагнаж, Брэнд загвар хөгжүүлэлтийн дизайнер Б.Хурбаяр, Савлалтын оператор А.Сувдаа, Бүртгэл тайлагналын менежер А.Гүнжидмаа нарыг “Хөдөлмөрийн хүндэт медал”-иар тус тус шагналаа. Монгол улс үйлдвэрлэгч, экспортлогч, брэнд бүтээгч орон болохын төлөөх замналыг бүтээлцэж, эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулж буй та бүхэндээ халуун баяр хүргэе. ҮРГЭЛЖ ӨӨДӨӨ АПУ ХУВЬЦААТ КОМПАНИ

СЕЛИН ДИОН БААСАН ГАРАГТ ОЛИМПЫН НЭЭЛТЭД ДУУЛНА

Алдарт дуучин Селин Дион энэ баасан гарагт болох Парист-2024 олимпын нээлтийн ёслолд дуулна хэмээн TMZ мэдээллээ. Хөшүүн хүний хам шинж буюу гэнэт булчин нь хөшдөг өвчнөөр шаналж буй түүний биеийн байдал харьцангуй сайн байгаа гэв. Тэрбээр энэ талаараа "Би бол Селин Дион" баримтат кинондоо дэлгэрэнгүй ярьсан ба нэвтрүүлэгтээ “Би тайзан дээр эргэн ирэх болно” гэсэн нь Олимпын нээлтийн ёслолын тайз байжээ. Тэрбээр саяхан Парист ирж Нээлтийн ёслол Сена мөрний эрэг дагуу болох тул Селин энэ дурсгалт газрын урд тоглолтоо хийх магадлалтай юм. Сонирхуулахад түүнийг нэг дуу тутамдаа 2 сая ам.долларын төлбөр авна хэмээн эх сурвалжууд TMZ-д мэдээлжээ.

ДУНДГОВЬ АЙМАГТ ОРСОН ААДАР БОРООНЫ УЛМААС ОРОН СУУЦ, АВТОМАШИН УСАНД АВТЖЭЭ

Борооны улмаас албан байгууллага, орон сууц, автомашин усанд автсан тухай дуудлага 20:32 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид Сайнцагаан сумын мэргэжлийн ангийн ажилтнууд 3 цаг 30 минут ажиллаж аймгийн Цагдаагийн газрын байр, залуус хорооллын 221 дүгээр байрны зоорийн давхарт ус орсныг соруулж, 4 автомашин усанд авсан байсныг 00:30 цагт татан гаргаж 17 хүн үүнээс (3 нь хүүхэд)-ийн аюулгүй байдлыг хангасан байна.

"ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАЗАР ХОГ ХАЯСАН НЬ ЗУРАГ БИЧЛЭГЭЭР НОТЛОГДВОЛ ХАРИУЦЛАГА ТООЦНО"

Зургаадугаар сарын 18-наас нийслэлийн холбогдох албаныхан “Цэвэрч иргэн - цэмцгэр хот” арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ хүрээнд 3517 зөрчил илрүүлсэн бөгөөд цаашид хог хаясан нь зураг бичлэгээр нотлогдсон бол хариуцлага тооцох боломжтойг НЦУГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн ахлах байцаагч О.Мөнхцэцэг хэллээ. Тэрбээр “Тусгай арга хэмжээний хүрээнд 3517 зөрчил илрүүлж, зөрчлийг газар дээр нь засуулах, холбогдох байгууллагатай хамтран арилгуулах арга хэмжээ авч байна. Цаашид иргэд “Цахим Эко Цагдаа” нээлттэй фейсбүүк группт нэгдэн, зөвшөөрөлгүй газар хог хаяж байгаа асуудлыг зургаар баримтжуулж мэдээлснээр цагдаагийн байгууллага шуурхай арга хэмжээ авч хариуцлага тооцон хариу мэдэгдэх боломжтой болж буй. Эл арга хэмжээний үр дүнд хүн торгохоос илүүтэйгээр нийслэл хотын өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлыг ханган, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх юм. Иймд цаашид иргэд иргэний үүргээ биелүүлж, хууль тогтоомж зөрчихгүй, ил задгай хог хаяхгүй, хогоо зориулалтын цэгт хаяж хэвшихийг уриалж байна” гэлээ.

1 ... 24 25 26 27 28 29 30 31 32 ... 313