ГЭНЭН ААВЫН ХҮҮГИЙН ДҮРЭЭР ХАЛХАВЧИЛЖ, ГЭМТ ҮЙЛДЭЛ ХИЙДЭГ Э.БАТШУГАРЫН БАРИМТААС

Сургуулиа төгсөөд АНУ-ын Хөрөнгө оруулалтын банканд гурван жил ажиллаж, 2011 онд Монголд ирмэгцээ Монголбанкны Дэд ерөнхийлөгч, 2016 онд Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөж, тэр даруйдаа аав Н.Энхбаяраасаа 17 компани өвлөж авсан. Тэрбээр “Милленниум групп” ХХК, “Миллнниум капитал интернейшнл” ХХК, “Милленниум энтертэйнмент” ХХК, “Момиэд” ХХК, “Милленниум финанс” ХХК, “Сод маргад” ХХК, “ЗГМС” ХХК, “Засгийн мэдээ” ХХК, “Эс Си Эн Майнинг” ХХК, “Рескон” ХХК, “Медиахолдинг” ХХК, “Ремиф технложис” ХХК,  “Монсамил” ХХК, “Монфарм трейд” ХХК, “И эл Лимитэд” ХХК-д хувьцаа эзэмшдэг. Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа “Засгийн газрын мэдээ” сониныг хувьчилж аваад “Зууны мэдээ” сонин болгон өөрчилж, “Эскон” ХХК-д харьяалуулсан. “Media холдинг” компанийн 500 ширхэг хувьцааг эзэмшдэг байсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өөрийн хувиа Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн нэр дээр шилжүүлснээр Н.Энхтуяа нь “Эскон” компаниа “Media холдинг”-д нэгтгэж ТV9 телевиз, Зууны мэдээ сонинд тус тус хөрөнгө оруулалт хийсэн. "Media холдинг" ХХК нь ТВ9 телевиз, Зууны мэдээ сонин), 103.6 FM радиог эзэмшдэг. Өдгөө “Эскон” ХХК нь “Милленниум” группт харъяаллагддаг аж. Э.Батшугарыг хэвлэлийн, хөрөнгө оруулалтын бизнестэй мэт харагддаг боловч уул уурхайн бизнес ч түүнд бий. Тодруулбал, Н.Энхбаяраас Э.Батшугарт шилжсэн “Сод маргад” ХХК нь Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн нутагт XV-014066 дугаартай, 11575.72 га талбайтай Дуут хэмээх хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 оноос хойш эзэмшиж ирсэн, XV-014066 дугаартай энэхүү тусгай зөвшөөрөлтэй талбай нь Дуут сумынхны тахилгат уул болох Бүргэдтэй хайрханы бэлд олгогдсон. Тиймээс Н.Энхбаяр улс төрийн карьераа бодолцож, хайгуул хийхгүй хав дарж хадгалж үлдээсэн гэх.Харин 2019 оны намар Э.Батшугар хайгуул эхлүүлэхээр шийдэж, “Сод маргад” ХХК-ийн ажилчид нь Ховдын Дуут сумын Бүргэдтэй хайрхан бэлд очиж, кемпээ байгуулж, олон тооны өрөм зоож, хайгуулын ажлаа эхлүүлсэн аж. Нутгийн иргэд эсэргүүцэж, эсэргүүцэл өндрөө авч, Ховд аймгийн ИТХ-аас Ажлын хэсэг байгуулагдснаар “Сод маргад” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон. Бүргэдтэй хайрхан уул нь Буянт голын эх ундаргыг бүрдүүлдэг, зэрлэг амьтдын өлгий нутаг билээ. Цаашлаад УИХ-ын гишүүн Э.Батшугарын гаднын хөрөнгө оруулагчидтай сүлбэлдсэн баримтыг танилцуулъя.          Э.Батшугарын эзэмшдэг “Эс Си Эн майнинг”, “Сод маргад” “Милленниум финанс ББСБ”, “Монсамил”, “И Эл лимитэд ассэт”, “Монфарм трейд” компанийн гүйцэтгэх захирлаар Дариагийн Цэнгэл гэгч бүртгэлтэй. Мөн тэрбээр Э.Батшугарын “Милленниум групп”-ийг удирдаж байв. Д.Цэнгэл нь Э.Батшугарын 2024 оны сонгуулийн зардалд 10 сая төгрөг хандивласан. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”, “Дун өргөө” ХХК, Гадаад харилцааны яамны дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байсан гэх намтартай юм байна. Улмаар Н.Энхбаярыг “Эскон” компаниараа дамжуулан “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг хувьчлахад нь тус компанийн захирлаар байсан аж. Тэгэхээр Н.Энхбаяр, Э.Батшугар нарын бизнесийн халаас нэгтэй хамтрагч, хамгийн ойрын хүмүүсийнх нь нэг Д.Цэнгэл болж байна. Тэгвэл Д.Цэнгэл нь Э.Батшугарын эзэмшлийн компаниудад гүйцэтгэх захирлаар бүртгэлтэйгээс гадна “Лотто энтертайнмент” компанид 40 хувийн хувьцаа эзэмшдэг.         Тус компанийн үлдсэн 60 хувийг “Eurobet” гэх Болгар Улсын хөрөнгө оруулалттай гаднын хуулийн этгээд эзэмшдэг. “Eubrobet” компанийг  үүсгэсэн байгуулагчид нь зохион байгуулалттай хууль бус мөрийтэй тоглоом ажиллуулдаг гэх. Э.Батшугар аавынхаа компанийг өвлөөд зогсохгүй улс төрийн замналыг нь үргэлжлүүлж, хууль тогтоох дээд байгууллагад хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлсээр.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.