НЭГҮҮН МЭДЭЭ
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ТҮР ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ

Улаанбаатар цахилгаан түгээх станц” ТӨХК цахилгаан шугам тоноглолд засвар, үйлчилгээ хийнэ. Энэ үеэр дараах дүүргийн зарим хороонд цахилгааныг тодорхой цагаар хязгаарлана. Хуваарийн дагуу өнөөдөр цахилгаан түр хязгаарлах газруудыг танилцуулж байна. Цахилгааны хязгаарлалт 10:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ.

СЭЛЭНГЭ, ДАРХАН-УУЛ, ТӨВ АЙМГИЙН АЖ АХУЙН НЭГЖҮҮД, БИЧИЛ УУРХАЙН ДҮГНЭЛТ ГАРСАН ТАЛБАЙД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР ХУУЛЬ БУСААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙСАН НӨХӨРЛӨЛҮҮДИЙГ ЗОГСООЖЭЭ

Энэ сарын 03-12-нд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нутгийн иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн аж ахуйн нэгжүүд, бичил уурхайн дүгнэлт гарсан талбайд төлөвлөгөөт бус шалгалт хийсэн ба ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд уурхайн талбайд зайлшгүй байлгах бичиг баримтын бүрдэл дутуугаар үйл ажиллагаа явуулсан, хүчин чадлаа хэтрүүлсэн, батлагдсан зураг төслийг мөрдөн ажилладаггүй нь илэрчээ. Мөн ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг ч зөрчин үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлжээ. Ийнхүү 13 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээ авч, бичил уурхайгаар ашигт малтмал олборлохдоо 3500 см3 илүү багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүрт нэгээс илүү техник ашиглах, өмнө нь хөндөгдөөгүй болон нөхөн сэргээлт хийсэн талбайд ажилласан 7 нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг авчээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам нь цаашид холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийг хийх, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийг үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр холбогдох хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлэв.

УИХ дахь АН-ын бүлэг 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.09.19) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан, үнийн өсөлтийг зогсоох талаар Засгийн газраас ямар арга хэмжээ авч буйг тодруулсан. Тэрбээр зарим суманд А-92 бензиний үнэ нэмэгдсэнийг дурдаад, үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсөж иргэдийн амьдралд хүнд тусна гэдгийг онцолсон. Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Хүнсний нийлүүлэлтийг дэмжих бодлого барьж Атарын аян, Хүнсний хувьсгал зэрэг арга хэмжээний хүрээнд хөнгөлөлттэй зээлүүдийг үргэлжлүүлэн олгоно гэлээ. Чөлөөт худалдааны хэлэлцээрүүд, гаалийн тарифыг хөнгөлөх бодлогын хүрээнд 200 сая хүн амтай зах зээлд хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг нийлүүлэх хэлэлцээр зурагдсан гэдгийг тодотгов. Тэрбээр, Экспортыг дэмжих хүрээнд гаалийн болон хилийн боомтуудын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, цахимжилтыг шуурхайлах, мэдээлэл солилцох боломжийг хангах арга хэмжээ авч Засгийн газрын тогтоол гаргасан. Ингэснээр борлуулалт нэмэгдэж байна. Ковидын үеэр үнийн хэт хөөрөгдөл үүссэн. Одоог хүртэл үнэ нь огт буугаагүй бүтээгдэхүүн ч байна. Энэ асуудлыг ч шалгаж байна хэмээсэн. Түүнчлэн инфляцыг өдөөгөөд байгаа тодорхой бүтээгдэхүүнүүдийн үнийг бууруулах, худалдан авалтыг нь багцаар хийх зэрэг арга хэмжээ авч, төрийн зүгээс хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хэт их зохицуулалт хийж оролцдог, зах зээл рүү халддаг байдлыг зохицуулахаар 110 хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна гэлээ. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, 1.3 их наяд төгрөгийн алдагдал ямар үр өгөөж авчрахыг лавлаад, эдийн засгийн өсөлт, хувийн хэвшлийг дэмжинэ гэсэн зорилтуудын талаар тодруулж байлаа. Сангийн сайд Б.Жавхлан, Бид алдагдлыг хуульчилсан, суурь тэнцэл, тэнцвэржүүлсэн тэнцлийг тусгасан. Тэнцвэржүүлсэн тэнцэл нь татварын орлогоор бүрдэж, хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр тэтгэмж бүгдийг нь санхүүжүүлнэ. Мөн нэмэх хувийн ашигтай байх ёстой гэдгийг хуульчилсан. Харин дээрх алдагдал нь зээлийн ашиглалт юм. Үүнд нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийг сайжруулах мега төслүүд багтаж байгаа. Эдгээр нь эдийн засагт урт хугацаанд хамгийн үр өгөөжтэй байх мега төслүүд гэдгийг онцолж байна гэлээ. УИХ-ын гишүүн Э.Болормаа, Энэ удаагийн төсөвт боловсролыг дэмжих бодлогыг тусгаж, хүний хөгжлийг нэн тэргүүнд тавьсан нь сайшаалтай. Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгааны дүнгээр ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн шим тэжээлийн дутагдал өндөр гарсан. Жишээлбэл, Д витамины дутагдал 90 хувь, үүний 67 хувь нь гүн дутагдалтай гэдэг ньтодорхой болсон. Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийн зардал тухайлан суугаагүй. Хүүхдийн шим тэжээл гэж нэгдсэн байдлаар 263 тэрбумыг суулгажээ. Үүнээс хэдэн төгрөгийг хүүхдийн сүүний хөтөлбөрт зарцуулж байгаа вэ хэмээн асуусан. Боловсролын сайд П.Наранбаяр, Хүүхдийн хоолны түүхий эд материалын зардалд 122.4 тэрбум төгрөг олгохоор тооцсон. Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор нийслэлд цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 4000 төгрөгөөр тогтоосон. Улсын төсвөөс 3000 төгрөг, эцэг эх, асран хамгаалагчаас 1000 төгрөгийг хариуцах хамтын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр хоолноос авах шим тэжээл дээшилсэн гэж үздэг. Хүүхдийн үдийн хоолны зардалд сүү тусгагдаагүй. Бага ангид буюу 1-5 дугаар ангид 342296 хүүхэд сурч байна. Эдгээр хүүхдүүдэд гурван өдөр 200 мл сүү өгнө гэж үзвэл 30 тэрбум төгрөг шинээр тусгах шаардлагатай гэсэн хариулт өглөө. УИХ-ын гишүүд асууж, мэдээлэл авсны дараа байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, Энэ жилийн төсөвт тусгасан хоёр сайн зүйлийн нэг нь иргэд олон нийтээс санал авчээ. Энэ бол дэвшил юм. Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр болсон байна. Гэхдээ боловсролын жил болгож зарласан бол боловсролын асуудлыг үндсээр нь шийдмээр байна. Багш нарын цалин, нийгмийн асуудлыг нь шийдэж, тогтолцоог өөрлөх, сургууль цэцэрлэгийн хүртээмжээ сайжруулахад анхаармаар байна гэлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН бүлгийн дэд дарга Б.Жаргалан Авлигатай тэмцэх газрын нэр бүхий ажилтнууд УИХ-ын гишүүний өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан асуудал гарсан хэмээн мэдэгдэж, энэ явдлыг парламентын дархлааг сулруулж, засаглал хоорондын хяналт тэнцлийг үгүй хийсэн үйлдэл хэмээн бүлгийн зүгээс үзэж буйгаа илэрхийлэв. Тиймээс 2026 оны төсвийн төслүүдийн хэлэлцүүлгээс авсан завсарлагаа сунгах хүсэлтэй байна хэмээлээ. Чуулганы нэгдсэн хуралдааныг удирдаж байсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АН-ын бүлгийн хүсэлтийн дагуу завсарлагыг гурваас илүүгүй өдрөөр сунгаснаар өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилж, УИХ-ын гишүүд асуулт асууж, мэдээлэл авч байна

У лсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.09.1 9 ) нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Монгол Улсын ирэх оны төсөвтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, төрийн албан хаагчийн есөн хувийг цомхотгох асуудалд би эсрэг байр суурь тай байсан. Албан хаагчдыг цомхотгох аргачлал байхгүй, процессын дахин инженерчлэлтэй хэрхэн уялдах нь тодорхойгүй байгааг сануулж байсан. Өнөөдөр тодорхой тооны хүнийг ажлаас чөлөөл гэсэн квот авчихсан байгууллагууд байна. Хөдөө орон нутагт ч ялгаагүй. Ингэж байж төсөвт хэмнэлт гарна гэж үзжээ. Энэ шийдвэрийг дагаад 7000 мянган хүн тэтгэвэрт гарах өргөдлөө өгчээ. Эдгээр хүмүүст олгох нэг удаагийн тэтгэмжид 375 тэрбум төгрөг зарцуулах нь. Энэ мөнгийг жилийн хугацаанд олгох боломжгүй учраас хоёр хуваана гэж байна. Тэтгэмжийг хоёр хувааж олгох юм уу, 3500 хүнд олгох тэтгэмжийг нэг жилээр хойшлуулах гэж байгаа юмуу хэмээн лавлав. Тэрбээр, жилд 14 мянга орчим хүн тэтгэвэрт гардаг байсан бол тэрхүү 7000 хүн нэмэгдэхээр 20 гаруй мянга болж байх шиг байна. Тэтгэврийн сан үүнийг дийлэх үү. Цомхотгол явагдсаны дараа ажилгүйдлийн тэтгэмж олгож таарна. Ажилгүйдлийн тэтгэмж олгох сан үүнийг дийлэх үү. Төсөв хэмнэх гэсэн биш төсөвтөө дарамт болох вий гэсэн асуудлыг хөндөв. Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд есөн хувийн хэмнэлт хийнэ гэдэг зорилт тусган батлагдсан. Энэ зорилтыг хангахын тулд чиг үүргийн шинжилгээ, дахин инженерчлэл хийх ёстой болсон. Сүүлийн 10 жилд төрийн албан хаагчдын тоо 39.3 хувиар өссөн. Сургууль баригдах болгонд багш нар, эмнэлэг баригдах бүрд эмч нарын тоо өснө. Ийм байдлаар төрийн албан хаагчдын тоо нэмэгдсээр ирсэн. Бид чиг үүргийн бүрэн шинжилгээ буюу чиг үүргийн давхардлыг арилгах чиглэлээр тодорхой ажлуудыг хийсэн. Чиг үүргийн давхардлыг арилгаж зарим үйлчилгээг цахимд шилжүүлэх, давхардсан чиг үүргийг нэгтгэх чиглэлээр нийтдээ 2.2 их наяд төгрөгийг хэмнэх тодотгол хийсэн. Ингэснээр эдийн засгийн өсөлтийг 5.7 хувьд тооцох бололцоо бүрдсэн. Есөн хувийн цомхотгол хийнэ гэж бүгдийг нь тайрч, бүх түвшинд есөн хувийг цомхотгоно гэсэн үг биш. Өнгөрсөн хугацаанд төрийн хэмнэлт бүтээмжийн зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу чиг үүргийн шинжилгээ хийгээд есөн хувийн цомхотголыг хийхдээ хэн нэгний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр давхардсан чиг үүргүүдийг нэгтгэж чадсан. Ингэснээр цалингийн зардал 683.2 тэрбум төгрөгөөр, төсвийн хэмнэлт 815.5 тэрбум төгрөгөөр буюу төсвийн нийт зардлын 2.85, ДНБ-ий 1.22 хувьтай тэнцэх хэмжээний хэмнэлт болж чадсан. Энэ нь чиг үүргийн давхардлыг арилгасны үр дүн гэж үзэж байгаа. Үүний зэрэгцээ бид бодлогын шинэчлэлүүдийг хийж байна. Ерөнхий сайдын зарласан дижитал пост гэдэг санаачилга амжилттай хэрэгжиж байна. Үүний үр дүнд Засгийн газар мэдээлэл технологийн виртуал бүсийг байгуулан компаниуд онлайнаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг амилуулах журмуудыг Засгийн газрын хуралдаанаар лхагва гарагт баталсан хэмээн хариуллаа. УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Салбарын я ам ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих , ахмадын өргөө байгуулах , ахмадын сэргээн засах төвүүдийг бий болгох , хувийн хэвшлий н байгууллагууд ахмадын асрамжийн барилга байгууламж барихад дэмжлэг үзүүлнэ гэсэн амлалтууд өгсөн. Харин ирэх оны төсвийг харахад инфляцтай уялдуулан тэтгэвэр , тэтгэмжийг зургаан хувиар нэмнэ гэснээс өөр ахмадуудтай холбоотой дэмжлэг харагдахгүй байна. Нийгмийн халамжийн сангийн 10-аас доошгүй хувийг ахмадын нийгмийн оролцоог хангахад зарцуулах тухай хуулийн заалт бий. Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог хангах арга хэмжээг хэрэгжүүлэхэд 2026 оны төсөвт хэдий хэрийн хөрөнгө тусгасныг тодруулсан. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, салбарын 2026 оны төсөвт ахмад настныг дэмжих арга хэмжээний төсөвт нийт 1 их наяд 270.9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Нийгмийн халамжийн сангаас 543 мянган ахмад настанд 250.5 тэрбум төгрөг зарцуулна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл хөтөлбөрт 2065 ахмад настныг хамруулж 11.7 тэрбум төгрөг зарцуулах төлөвлөгөөтэй. Улсын төсвөөс ахмад настны асрамжийн үйлчилгээнд 8.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа. Салбарын яам ахмадын олон сувилал, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллан, хувьсах зардлыг нь шийдэж өгдөг. Өчигдөр Ахмадын холбооны төлөөлөлтэй уулзсан. Ахмадын холбооны төлөөлөл долоон зүйлтэй шаардлага ирүүлсэн. Тэрхүү шаардлагад тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг тусгасан байна. Ахмад настны тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж байгаа хэдий ч салбарын яамны зүгээс төсөв, инфляцын байдалтай уялдуулан 10 орчим хувиар нэмэх нь зүйтэй гэсэн тооцооллыг гаргасан. Сангийн яам зургаан хувь гэсэн саналтай байгаа. Ахмад настны тогтвортой орлогын эх үүсвэрийг хангах зорилгоор тэднийг үргэлжлүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ахмад настныг авч ажиллуулж байгаа байгууллага, ахмад настан тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байх зэрэг тодорхой заалтуудыг хуулиудад тусгасан. Мөн яамнаас орон нутгийн удирдлагуудыг хуулиа дагаж мөрдөх, ахмад настуудад зарцуулах хөрөнгийг төсөвтөө суулгах асуудлыг тавьж ажиллаж байгаа гэсэн хариулт өглөө. УИХ-ын гишүүд шатахууны нийлүүлэлт, татварын шинэчлэлийг хэрхэн хийх талаар тодруулсан. Мөн 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд ядуурлыг бууруулж 22 хувьд хүргэнэ гэж заасныг тодотгоод, энэ хүрээнд ямар арга хэмжээг хэрэгжүүлэхийг лавлаж байлаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Намар ургац хураалтын үеэр түлшний асуудал яригддаг. Наймдугаар сард манай түлшний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын нефьт боловсруулах 12 үйлдвэр халдлагад өртжээ. Энэ нь тус улсын нефьтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлын 17-20 орчим хувийг үгүй хийсэн гэсэн үг. Түүнчлэн тээврийн гол зангилаа хэсгүүдийн 4-5 нь халдлагад өртсөн байна. Тиймээс ОХУ бензиний экспортдоо хязгаарлалт хийсэн. Манай оронд гэрээний дагуу шатахуун нийлүүлж байгаа. Цаашдаа энэ маягаар явахад хүнд болох төлөвтэй байна. Бид шатахуун нөөцлөх сав барих хэрэгтэй болж байна. Манай улсын шатахуун нөөцлөх нийт хүчин чадал 210 мянган тонн. 27 хоногийн нөөцөө хадгалж чаддаг гэсэн үг. Нөөцлөх саваа нэмье гэхээр хувийн хэвшлийн байгууллагуудын санхүүгийн чадвар хүрдэггүй. Бид хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр гаргаж, ядаж нэг сарын нөөцөө хадгалж чаддаг савтай болох асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй байна. Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд 3-6 сарын шатахуун нөөцлөх савтай болох зорилт тусгасан. 2027 онд Алтанширээд барьж буй үйлдвэрээ ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж байна гэлээ. Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газар татварын шинэчлэлийг хийхээр бэлтгэж байна. Энэ бодлогоо 2026, 2027,2028 онд үе шаттайгаар төсөвтөө шингээгээд хэрэгжүүлээд явна. Эцсийн зорилго нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд очиж буй татварын дарамтыг бууруулах, нөгөө талдаа эдийн засгийн идэвхжлийг дэмжих, татварын суур баазыг тэлэх зорилготой. Хамгийн эхэнд нэг сая төгрөг хүртэлх татварын урамшууллыг таван хувь рүү хүргэхээр төлөвлөсөн. Ингэхдээ НӨАТ-ын суурийг нэлээн хөдөлгөнө гэж тооцсон. Эргэлтэд орохгүй, татварт бүртгэгдэхгүй байгаа үйлчилгээг бүртгэлд оруулж, татварын суурийг тэлнэ хэмээсэн. Татварын ерөнхий газраас өгч буй мэдээллээр, татвар төлөгч аж ахуйн нэгж 256 мянга бий ч, 172 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Мөн хоёр сая 554 мянган иргэн татвар төлөгчийн бүртгэлтэй гэлээ. Сангийн яам, Татварын ерөнхий газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран төлбөрийн баримтыг цаасгүйгээр, автоматаар бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлж эхэлжээ. Мөн Татварын ерөнхий газар татвар төлөгчөө таньж мэдэх, зөвлөн туслах, байршилд суурилсан бааз суурийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулсны нэг нь аппликейшн нээн эхний ээлжинд зах, худалдааны төв, бусад үйлчилгээний газар, бизнес эрхлэгчдийг хамруулаад байна. Зах худалдааны төвүүдэд бүрэн судалгаа хийн е-баримт олгож буй эсэхэд хяналт тавих юм байна. Мөн зөвлөн туслах, эрсдэлээс хамгаалах ажлуудыг давхар хийснээр е-баримт олгох байдлыг 74 хувиар нэмнэ гэж тооцсон гэж ажлын хэсгээс нэмэлт тайлбарыг өгөв. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Э.Батшугар, ирэх долоо хоногт е-баримтыг худалдан авалт хийсэн картаар дамжуулан автоматаар бүртгэдэг болно хэмээн мэдээлэв. Иргэд зогсоолын баримтыг тоодоггүй, код нь гүйцэд уншигдахгүй зэрэг шалтгаанаас болоод е-баримтаа бүртгүүлэлгүй хаягддагийг сайд тодотгоод, нийт баримтын 50 хувь нь орхигддог нь тодорхой болсон гэлээ. Тиймээс шинэ үйлчилгээг нэвтрүүлэн иргэд банкны картаа е-баримтын системд бүртгүүлснээр тэрхүү картаар хийсэн худалдан авалтын е-баримт автоматаар бүртгэгдээд явах боломжтой болно. Энэ нь е-баримтын бүртгэлийг хялбар болгохоос гадна цаас хэмнэх давуу талтай хэмээгээд, эхний гурван банк ирэх долоо хоногт, цаашдаа бүх банкууд энэ системд холбогдоно гэсэн хариулт өгөв. Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Я дуурлын түвшнийг бууруулах зорилт улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд туссан. 2022 оны байдлаар ядуурлын түвшин 27 . 2 хувь байсан . Ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй 914.2 мянган хүн байна. Ядуурлыг бууруулахын тулд дорвитой арга хэмжээ авах шаардлагатай. Тиймээс хувийн хэвшлийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Зөвшөөрөл мэдэгдлийн тухай, Тендерийн тухай хуулийн төслүүдийг 10 дугаар сард өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. Мөчлөг сөрсөн бодлогынхоо хүрээнд Татварын багц хуулийн шинэчлэлийг эхлүүлж байна хэмээн хариулав. Чуулганы үдээс хойших хуралдаанаар ирэх оны төсвийн хэлэлцүүлэг үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.09.19) Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, А.Ариунзаяа, Ө.Шижир, Б.Баярбаатар, М.Мандхай, С.Эрдэнэболд, Б.Мөнхсоёл, С.Замира, Д.Рэгдэл, Д.Ганмаа, Ч.Анар, Г.Лувсанжамц, Д.Энхтүвшин, Дав.Цогтбаатар, Ч.Номин, Н.Батсүмбэрэл, Р.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ж.Золжаргал, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, С.Эрдэнэбат нар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Энэ хуулийн төслийг Улсын Их Хурлын 76 гишүүн санаачлан боловсруулжээ. Хуулийн төслийн гол зорилго нь иргэдийн дунд хэрэглээ нь эрс нэмэгдэж байгаа бүх төрлийн тамхидалтыг бууруулах, ялангуяа өсвөр насны хүүхэд, залуучуудын дунд түгээмэл хэрэглэж байгаа төрөл бүрийн электрон тамхийг янжуур тамхитай ижил зохицуулалттай болгож, ирээдүй үеэ хорт зуршлаас сэргийлж, эрүүл мэндийг хамгаалахад чиглэж буйг хууль санаачлагчид танилцууллаа. Манай улсад Тамхины хяналтын хууль анх 1993 онд батлагдсан бөгөөд 2005 оноос шинэчлэгдэж, нийт найман удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Гэвч Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр хуулийн хэрэгжилт хангалтгүй, хяналт сул, хууль бус худалдаа ихэссэн, хяналтын байгууллагуудын уялдаа холбоо муу байгаагаас өсвөр үе, залуучуудын дунд тамхины хэрэглээ өсөж, эрүүл мэнд, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна. Монгол Улсад тамхинаас шалтгаалсан нас баралт нийт нас баралтын 17 хувийг эзэлж, жил бүр ойролцоогоор 4,300 хүн тамхины хэрэглээтэй холбоотойгоор нас барж байгаа ба тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал жил бүр 801 тэрбум төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 2.1 хувийг эзэлж байна гэв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) 2021 онд гаргасан “Электрон тамхи ба эрүүл мэнд” тайланд эдгээр бүтээгдэхүүнүүд нь амьсгалын замын үрэвсэл үүсгэх, зүрх судасны системд сөргөөр нөлөөлөх, никотинд донтох эрсдэл өндөртэй болохыг онцолсон. Мөн энэхүү тайланд “электрон тамхи нь тамхинаас гарах хэрэгсэл биш бөгөөд өсвөр үеийнхэн, залууст донтох шинэ зам болж байгааг анхаарах шаардлагатай” хэмээн дурджээ. Иймд төрөөс тамхидалтын эсрэг дорвитой арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүссэн тул Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ийнхүү боловсруулсан талаар онцлов. Монгол Улсад тамхины үнэ хямд, татварын хэмжээ Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагын (ДЭМБ) зөвлөмжөөс доогуур байгаа нь тамхидалтыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байгааг судлаачид онцолдог бөгөөд тамхины татвар нэмэгдэхэд хэрэглээ багасдаг болох нь олон улсын туршлагаар нотлогддог байна. Иймд бүх төрлийн онцгой албан татварыг 2025–2030 оны хооронд үе шаттайгаар нэмэгдүүлэх, татварын орлогыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үдийн хоолны шим тэжээлийг дээшлүүлэх арга хэмжээ, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг эрүүл, аюулгүй, идэвхтэй өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, тамхинаас урьдчилан сэргийлэх болон гаргах тусламж, үйлчилгээ зэрэгт зориулах замаар хүн амын өвчлөл, нас баралтыг бууруулах, иргэдэд шаардлагатай тусламжийг хүртээмжтэй хүргэх, эмнэлгийн зардлыг хэмнэх, нийгмийн эрүүл мэндийн бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхийг зорьжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилж байна

У лсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.09.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Рэгдэл, Х.Булгантуяа, Н.Наранбаатар, Ө.Шижир, Дав.Цогтбаатар, Ж.Алдаржавхлан, Т.Мөнхсайхан, А.Ариунзаяа, Б.Мөнхсоёл, М.Ганхүлэг, С.Зулпхар, С.Эрдэнэбат, Л.Соронзонболд, П.Ганзориг, Ж.Батжаргал нар асуулт асууж, Засгийн газрын гишүүдээс хариулт авлаа. Гишүүд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийг орон сууцжуулж, зээлийн хүүг багасгах замаар төвлөрлийг сааруулах асуудалд Засгийн газраас баримталж буй бодлого, чиглэлийн талаар түлхүү асууж, тодруулж байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Нийслэлийн агаар, хөрсний бохирдол ямар хэмжээнд хүрснийг хүн бүхэн мэдэж байгаа. Засгийн газраас орон сууцжуулалтын банк байгуулах санаачилга гарган, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг 80 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр 260 гаруй мянган иргэн гэр хороололд амьдарч байгаа тул орон сууцжуулалтын банк байгуулж, барилгын салбараа дэмжихийн зэрэгцээ хямд өртөгтэй орон сууц барьж, нийлүүлэлтийг сайжруулах замаар үнийн өсөлтийг хязгаарлах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгасан цогц хөтөлбөрийг боловсруулж, удахгүй Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” хэмээн хариулав. Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд хүний хөгжил манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байна гэсэн атлаа төрийн албан хаагчдын 9.0 хувийн цомхотголд орон нутагт арай ядан тогтоон ажиллуулж буй албан хаагчдыг хамруулж буй нь хэр оновчтой шийдвэр эсэхийг хөндсөн юм. Иргэдэд, бизнес эрхлэгчдэд хүндрэл, чирэгдэл учруулж буй төрийн үйлчилгээний чиг үүргийн давхардлыг арилгах, нэн ялангуяа дарга нарын тоо, төсвийг бууруулах чиглэлийг яамдад өгсөн. Гэхдээ иргэдэд үйлчилдэг ажилтнуудыг биш, төрийн үйлчилгээний давхардлыг арилгахад цомхотголоо чиглүүлэх шаардлагатайг үүрэг болгосон гэж Ерөнхий сайд хариуллаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Их Хурлаас 2026 оны жилийн төлөвлөгөөг батлахдаа төрийн албан хаагчдын орон тоог 9.0 хувиар бууруулахаар тусгасан. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын тоог бууруулахдаа дарга нараас эхэлье гээд, яамдын газар, хэлтсийн дарга нарын тоог 30 орчим хувиар цөөрүүлсэн. Мөн Засгийн газрын харьяа агентлагуудын газар, хэлтсийн дарга нарын тоог нэлээд өндөр хувиар цөөлсөн. Харин жирийн албан хаагчдыг эхний ээлжинд цомхотгохгүй байх, улмаар ажлаас халагдсан, тэтгэвэрт гарсан, жирэмсний амралттай, өөр ажилд шилжсэн хүмүүсийн оронд хүн нөхөж авахгүй байх зохицуулалт хийхийг чиглэл болгосон гэх нэмэлт тайлбарыг өглөө. Түүнчлэн гишүүд ахмад настнууд тэтгэвэр, тэтгэмжээ нэмэгдүүлэх санал тавьж буйг дэмжиж байгаагаа илэрхийлээд, үүний учир шалтгаан инфляцтай холбоотой байгааг тодотгосон юм. Учир нь инфляц 8.8 хувьтай байгаа бөгөөд ирэх жил 10 хувь болж өсөх магадлалтай тул тэтгэврийн зургаан хувийн нэмэгдэл нь инфляцдаа баригдаад, эсрэгээрээ хасах үзүүлэлттэй гарахаар байгаа тул инфляцын өсөлтийг сааруулахад Засгийн газар бодлогын томоохон алхам хийж, ажиллахыг хүслээ. Мөн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан барилгуудын ашиглалтыг сайжруулах, түүнд хяналт тавих шаардлагатай байгаа талаар гишүүд жишээ авч дурдаад, үүнд Засгийн газраас баримталж буй бодлогыг тодруулав. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт хариултдаа, Монгол Улс нь 330 сумтай, сум бүрд Засаг даргын Тамгын газар буюу иргэдэд үйлчлэх төв бий. Эдгээр барилгууд хуучирч муудсан тул шинэчилж байгаа. Төсвийн төсөлд тусгасан найман объект нь сумын Засаг даргын Тамгын газрын хуучин барилгууд бөгөөд 2021-2024 онд төсөвт суулгасныг гүйцээх шаардлагатай. 2026 оны төсвийн төсөлд шинээр нэг ч барилга барихаар тусгаагүй. Ер нь цаашдаа сумын Засаг даргын Тамгын газарт 20 орчим хүн ажиллахад томоохон барилга барих хэрэгтэй эсэхийг эргэн харж, төрийн үйлчилгээг зардал багатай, хүртээмжтэй, бүтээмжтэй болгоход чиглүүлэх нь зүйтэй. Тиймээс барилга, байшин барихдаа ямар зураг төсөв, бүтэц зохион байгуулалттай байх вэ гэдэгт анхаарах нь чухал. Үүнд бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай байна гэв. Хуралдаанд асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн олонх жилээс жилд төсөв данхайж, урсгал зардал нэмэгдэж, зарлага өсөж байгаад анхаарч зардлыг бууруулах, зарцуулалтыг оновчтой болгоход Засгийн газар анхаарч ажиллахыг захиж байлаа. Тодруулбал, Монгол Улсын төсөв 2021 онд 12 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 30 гаруй их наяд төгрөгийн төсөв хэлэлцдэг болж. Сүүлийн таван жилд 130 их наяд төгрөгийн батлагдсан төсвийн хүрээнд айл өрх, аж ахуйн нэгжийн ашиг орлого 2.8 дахин өссөн байх ёстой. Гэтэл иргэдийн амьдрал сайжирсангүй. Иймд төсвийн зарцуулалтыг оновчтой болгоход чиглэсэн шинэчлэл хийх эсэхийг лавласан юм. Сангийн сайд Б.Жавхлан, манай эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай. Эдийн засгаа солонгоруулаагүй цагт энэхүү тэлсэн бүтцийн орлого нь цөөхөн ашигт малтмалын уурхайгаараа л дамжин орж ирээд, буцаад задарч тараагддаг. Ер нь эдийн засгаа солонгоруулахын тулд төсвийн хөрөнгө оруулалтаа дэд бүтэц рүүгээ л чиглүүлэх нь зөв хэмээн хариулж байлаа. Үүгээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны ажлын цаг дууссан тул баасан гарагт төслүүдийн хэлэлцүүлгийг 20 гишүүний асуулт, хариултаар үргэлжлүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Байнгын хорооны дарга Б.Бейсен Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Азийн бүсийн дэд захирал Жасон Лиг хүлээн авч уулзлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен өнөөдөр /2025.09.18/ Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Азийн бүсийн дэд захирал Жасон Лиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен Азийн бүсийн дэд захирал Жасон Литэй уулзаж буйдаа талархаад, цаашид ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлогыг хэрэгжүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхааран ажиллахаа илэрхийлэв. Мөн Даян дэлхийн ногоон хөгжлийн институт ээс ирүүлж буй үнэлгээ, зөвлөмж, хамтын ажиллагааны санал санаачилгад өндөр ач холбогдол өгч, Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдуулан хамтран хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа тодотголоо. Тус уулзалтаар байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээнд нийцсэн хог хаягдлын менежментийг нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй, ногоон эдийн засгийг дэмжсэн төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм. Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын Азийн бүсийн дэд захирал Жасон Ли аюултай хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.09.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Чуулганы 2025 оны 09 дүгээр сарын 15,17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулга, энэ талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан тул энэ өдрийн хэлэлцүүлэг гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлснээр үргэлжилсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төсвийн хүрээний мэдэгдлийг хангах хүрээнд улс орны нийгэм, эдийн засгийг сайжруулах томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, ашиглалтыг нь нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай гэлээ. Тэрбээр, Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар зорьсон. Энэ төслийг хэрэгжүүлэхээр авсан 1.7 тэрбум ам.долларын зээлийн ашиглалт 30 хувьтай байгаа. Ирэх онд зээлийн ашиглалтыг нэмэгдүүлж үйлдвэрээ төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах нь шаардлагатай. Ирээдүйд улсын хөгжлийг дэмжих, төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд рүү эх үүсвэрүүдээ дайчлан, богино хугацаанд үр дүнд хүргэхэд анхаарах хэрэгтэй хэмээгээд энэ агуулгаар төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг ирэх таван жилийн Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж батлаагүй байж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн орлого, зарлагыг хэлэлцэх нь зарчмын хувьд буруу гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин төсвийн хүрээний мэдэгдэл нь ирэх гурван жилийн эдийн засгийн төлөв байдалтай холбоотой тул хэлэлцүүлгийг мэргэжлийн түвшинд явуулах шаардлагатай байна. Учир нь төсвийн хүрээн дэх есөн үзүүлэлтийг жил бүр өөрчлөөд, төсвийн төслөө дагуулан хэлэлцэхээр тодорхой чиглэл, баримжаа алдагдаад байна. Энэ нь эргээд төсвийн бүтээмжгүй байдлыг үүсгэж байгааг анхаарах нь зүйтэй гэсэн санал хэллээ. УИХ-ын гишүүд ийнхүү үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын бүх Байнгын хороодод шилжүүлэв. Монгол Улсын ирэх оны төсвийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ Дараа нь Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд хуулийн төслүүдийн талаар танилцуулж, төслийн талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт, Үндэсний аудитын газрын дүгнэлтийг холбогдох албан тушаалтнууд танилцуулсан юм. Дээрх танилцуулга, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, 2022 онд прокурорын байгууллагын нийт төсөв 60 тэрбум төгрөг байсан бол 4 жилийн дараа 144 тэрбум төгрөг болж, хоёр дахин нэмэгдсэн байгааг дурдаад, үүнийг прокуроруудыг чадавхжуулах, сургалт судалгаа хийх, Монгол Улсад шударга ёсыг тогтооход зарцуулж буй эсэхийг тодруулсан. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого эхний долоон сарын байдлаар 1.2 их наядаар тасарсан, оны эцэст 2.0 их наяд төгрөгөөр тасрах магадлалтай, улмаар төсвийн зарлага 1.6 их наяд төгрөгөөр хэтрээд буйг дурдаад, ирэх онд орлого орлох, ханшид нөлөөлөх бүх асуудлаа тодорхой шийдэхгүй бол асуудал үүсэхийг анхааруулав. Мөн гишүүд Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийн асуудлыг шийдэж, үйл ажиллагааг нь хэвийн болгох, эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, багшийн цалин урамшууллыг нэмэх, боловсон хүчний хомсдлыг шийдвэрлэх, төрийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг он дамжуулан олгох асуудлын талаар илүүтэй тодруулав. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн даатгалын өрийн асуудал ноцтой байдалд хүрсэн, тусламж, үйлчилгээ жигд хүртээмжтэй байж чадахгүй байна. Энэ асуудлыг өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан хэмээгээд, эрүүл мэндийн даатгалын өр үүсгээд, түүнийг нь Засгийн газар төлдөг буруу хандлагыг тогтоож болохгүй гэв. Эрүүл мэндийн даатгалын мөнгийг зөв зарцуулахад сэтгэл дутаад байна гэж салбарын сайд дүгнэлээ. Боловсролын сайд П.Наранбаяр, Багшийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг хөдөлмөрийн зах зээл рүү шилжүүлэх нь чухал асуудал болоод байна. Нийт төгсөгчдийн 30 орчим хувь нь л мэргэжлээрээ ажиллаж байгаа тул багшийн үндсэн цалинг нэмэх нь зөв шийдэл гэдэгтэй санал нэг байгаагаа дурдлаа. Түүнчлэн салбарын сайд багшийн хомсдолыг урт, богино хугацаанд шийдвэрлэхээр төлөвлөсөн зургаан багц арга хэмжээг танилцуулсан. Тухайлбал, сургалтын цагийн нормдоо хүрэхгүй байгаа багшийг шилжүүлэн ажиллуулах, тэтгэвэртээ суусан багш, төгсөх дамжаандаа амжилттай суралцаж буй оюутнуудаас ажиллуулах, бакалаврын зэрэгтэй боловсон хүчнийг багшлах богино хугацааны сургалтад хамруулж байна. Одоогоор 150 орчим хүн бэлтгэгдээд цагийн багшаар ажиллаж байна гэлээ. Сангийн сайд Б.Жавхлан төрийн албан хаагчдын 36 сарын нэг удаагийн тэтгэмж олгох асуудлаар өмнө нь ийм зохицуулалт хийж байсныг дурдав. Тэрбээр, ирэх жил тэтгэвэрт гарах хүмүүс тэтгэмжийнхээ тал мөнгөө аваад, үлдэгдлийг нь он гараад авч болно. Эсвэл тэтгэвэрт гарах хүмүүсээ үргэлжлүүлэн ажиллуулж, 2027 он руу шилжүүлэх, бүр төсвийн ерөнхийлөн захирагчид хэмнэлтийг төсөв дотроо зохицуулалт хийгээд тэтгэмжид шилжүүлэх зэрэг олон хувилбараар шийдэх боломж байгаа. Энэ асуудлаас айхтар хохирол гарахгүй гэдгийг албан ёсоор хариуцлагатай хэлье хэмээв. Гишүүд ирэх оны төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтын 35 хувь нь авто зам, 18 хувь нь боловсрол, 14 хувь нь эрчим хүч, 8.0 хувийг эрүүл мэндийн салбарт, үүн дээр гадаадын зээл, тусламжийг тооцвол 20 хувь нь зам, 17 хувь нь боловсрол, 14 хувь нь эрчим хүч, 21 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар тусгагдсан буйг шүүмжлэв. Татвар төлөгчдийн мөнгийг эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд гэсэн гурван салбарт буюу хүний хөгжлөө дэмжих чиглэлд хэзээнээс зарцуулдаг болох талаар тайлбар хүслээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хариултдаа, Ер нь төсвийн төслийн ерөнхий агуулгаар нь харвал эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа хөрөнгө 5.5, боловсролын салбарын төсөв хоёр дахин нэмэгдсэн. 1.2 их наяд төгрөг байсныг 2.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж сургууль, цэцэрлэг барих, цаашлаад 2028 онд ерөнхий боловсролын сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх зорилт дэвшүүлэх зэргээр цогц өөрчлөлтүүдийг хийнэ гэдгээ онцлов. Тэрбээр хөрөнгө оруулалтаар шинэ зам барихгүй, өнгөрсөн жил эхлүүлсэн замуудыг барихад үргэлжлүүлэх шаардлагатай байна гэлээ. Сангийн сайд Б.Жавхлан, хөрөнгө оруулалтын бүтцэд эрчим хүч, автозамыг эхэнд эрэмбэлэх нь хамгийн зөв. Үүнийг хийхгүйгээр нэг ч эмнэлэг, нэг ч сургууль барьж чадахгүй. Тийм учраас хөгжлийн түүчээлэгч нь дэд бүтэц гэсэн онош тавигдаад сүүлийн таван жил эдгээр салбарт анхаарсан. Ойрын 5-10 жил ч энэ бүтэц өөрчлөгдөхгүй болов уу. Эрчим хүчний эх үүсвэрүүд нэмэгдэж, автозамууд баригдсанаар баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.Ингэж л эдийн засгийн төвлөрөл саарна гэв. Ингээд Улсын Их Хурлын чуулганы хуралдаан түр завсарлав. Үдээс хойших хуралдаан гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

БНСУ-ЫН СӨҮЛ ХОТТОЙ БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Улаанбаатар, Сөүл хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны түүхт 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Б.Солонго, Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа нар БНСУ-ын Сөүл хотын Захиргааны албан төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд чадварлаг хүний нөөц бэлтгэх, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор боловсролын чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Энэ удаад та бүхэн “Сөүл хотод суралцъя” боловсролын үзэсгэлэн зохион байгуулахаар ирсэнд бид баяртай байна. Та бүхний зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд монголын олон оюутан оролцож, танай улсад суралцан мэдлэг боловсролоо дээшлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн цаашид чадварлаг боловсон хүчин бэлтгэх, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор боловсролын чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлэв. Харин БНСУ-ын Сөүл хотын Захиргааны Гадаад харилцаа, хотын хөгжлийн бодлогын газрын ерөнхий захирал Ким Су Деок “Энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 20, 21-нд “Сөүл хотод суралцъя” боловсролын үзэсгэлэнг Blue Sky-д зохион байгуулна. Уг арга хэмжээнд манай улсын 16 их, дээд сургуулийн төлөөлөгч оролцон, тус бүр тэтгэлгийн мэдээлэл болон гадаад оюутнуудад зориулсан хөтөлбөрөө танилцуулж, оролцогчдод зөвлөгөө өгөх юм. Тодруулбал, манай улсаас байгалийн шинжлэх ухааны чиглэлээр магистрын зэрэг горилохоор төлөвлөж буй оюутнуудад илүүтэй тэтгэлэг олгох бодлогыг баримталж байгааг дуулгахад таатай байна. Мөн талуудын хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор 3-5 сарын богино хугацааны чадавхжуулах сургалт болон магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн. Цаашлаад бидний хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар, Сөүл хотуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт найдаж байна” гэсэн юм. НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Б.Солонго “Хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хот хоорондын харилцаа болон соёлын солилцоо чухал байдаг. Тиймдээ ч 2015 онд Улаанбаатар, Сөүл хотуудын хооронд Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд талууд “Хамтран ажиллах тухай санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулж, “Улаанбаатарын өдрүүд”, “Сөүлийн өдрүүд” соёлын арга хэмжээг тус тус тогтмол зохион байгуулж ирсэн. Мөн “Солонгосын соёлын өдөр” арга хэмжээг нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран жил бүр зохион байгуулдаг. Цаашид ч бидний харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж, олон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын 2025 оны н амрын ээлжит чуулган ы өнөөдрийн ( 2025.09.17 ) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг тус зөвлөлийн дарга Н.Энхбаяр Улсын Их Хурлын намрын чуулганы эхний өдөр танилцуулсан бол тус хуулийн хэлэлцүүлгээс Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг хоёр хоногийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа дууссан тул АН-ын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл үг хэлэв. Тэрбээр, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаж, Тэргүүн шадар сайд, Сангийн сайд нараас мэдээлэл авсан. Бүлгийн ажлын хэсэг хуралдаж, улсын төсвийн төслийн талаар ярилцсан. Ирэх таван жилийн төлөвлөлтийг төсвийн төсөлтэй хамт батлах шаардлагатай. Урсгал зардлыг бууруулснаар төсвийн алдагдлыг эрс багасгах боломжтой гэж манай намын бүлэг дүгнэсэн гэсэн юм. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлын харьцаа 75:25 байгааг 70:30 болгох, хөрөнгө оруулалтыг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулах зэрэг олон санал гаргасан. Төсвийн хэлэлцүүлгийн явцад намын бүлэг зарчмын байр суурийг илэрхийлнэ хэмээв. Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүү д Засгийн газрын төлөөллөөс асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж энэ жилийн төсвийн төсөлд иргэд, сонгогчдоос өгсөн саналыг тусгасан эсэхийг асууж, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын өсөлттэй уялдуулах шаардлагатай гэв. Тэрбээр Засгийн газарт Ардчилсан намаас орж ажилласан сайд нарын хийж, хэрэгжүүлсэн бүхнийг санаатайгаар мушгин гуйвуулж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн. Ялангуяа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Ц.Тувааны хийсэн, бүтээснийг үгүйсгэж буй явдал бол байж болшгүй зүйл гэв . Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара олон нийтийг цочирдуулсан ноцтой гэмт хэргүүдийн талаар хөндөж, эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг харгис, хэрцгий гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазын ял оноодог байх асуудлаар хуульч гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулах хүсэлтийг Улсын Их Хурлын даргад тавилаа. Х ууль хяналт, шүүх байгууллагын үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур байгааг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан онцолж, хуульч мэргэжилтэй Улсын Их Хурлын гишүүдэд энэ чиглэлд анхаарал хандуулахыг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Х.Жангабыл нар эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, “Боловсролыг дэмжих жил”-ийн зардал, санхүүжилтийн асуудлыг хөндсөний зэрэгцээ Баян-Өлгий аймагт хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ болон орон нутгийн хөгжлийн сангийн зардал, санхүүжилтыг хассан үндэслэл, тооцооллын талаар асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд 2026-2028 онд эдийн засгийн өсөлт 6.0-6.5 хувиар тогтвортой өснө гэж тооцсон нь хэт өөдрөг байгааг анхааруулж, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савлагааг хэрхэн тооцоолсон талаар асуусан юм. Мөн зардлыг салбаруудад хэр үр дүнтэй хуваарилсан, өрийн удирдлагыг хэрхэн оновчтой хэрэгжүүлэх, төрийн өмчит компаниудын эрсдэлийг бүрэн тооцсон эсэх, хөрөнгө оруулах төсөл, арга хэмжээг эрэмбэлэхдээ ямар шалгуур, зарчим баримталсан, нийгмийн халамжийн тогтолцоонд бүтцийн шинэчлэлт хийхгүйгээр зардлыг бууруулах нь ямар хүндрэл дагуулж болох зэргийг асууж, хариулт авлаа. Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Учрал түүнд өгсөн хариултдаа, хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтийг харьцангуй дэмжиж байгаа бол бол уул уурхайн салбарын өсөлт удааширч, дагаад тээвэр, худалдааны салбарууд агшиж буйг танилцуулан, жонш, зэсийн баяжмалаас бусад бүтээгдэхүүний олборлолт буурч буй ч эрэлт нь тогтвортой байгааг ярив. 2026 оны эдийн засгийн өсөлтийг салбар бүрээр нарийвчлан тооцож 5.7 хувь байхаар бодсон байна. Мөн “Оюутолгой” ХК-ийн зэсийн баяжмалын үйлдвэрлэл өсөх, баяжмал дахь алт, зэсийн агуулга нэмэгдэх хүлээлт байгааг Тэргүүн шадар сайд мэдээлэв. Засгийн газрын өрийн хэмжээ энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 35.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39.1 хувьтай тэнцэж байгааг тэрбээр мэдээлж, өрийн дээд хязгаарыг 2026 онд ДНБ-ий 50 хувь, 2027-2028 онд 40.0 хувь байхаар тооцож буйг дурдлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа төсөв дагуулж төсвийн хүрээгээ өөрчилдөг байдлыг зогсоохгүй бол 2027 оны төсвийн төслийг хэлэлцэх үед тусгай шаардлагуудаа хангаж чадахгүй хэмжээнд хүрэхээр байгааг анхаарууллаа. Энэ асуудлыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, П.Сайнзориг, Д.Энхтүвшин, О.Алтангэрэл нарын олон гишүүн хөндөж, төсвийг алдагдалгүй батлах, Төсвийн хүрээний мэдэгдлийг чанд баримтлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа энэ онд нүүрсний олборлолт 2024 оныхоос 11.0 хувиар буурчихаад байхад 2026 онд 90.0 сая тонноор нэмэгдүүлэн төлөвлөсөн нь бодит хэмжээ мөн эсэхийг тодруулаад, макро эдийн засгийн тооцоололд үндсэн хөрөнгийн өсөлтөд малын зүй бус хорогдол буурсан гэх үндэслэл тавьсан атлаа махны үнэ өссөн нь малын хорогдол нэмэгдсэнээс болсон гэх эсрэг тэсрэг, хоорондоо зөрчилдсөн тооцоолол хийж буй нь учир дутагдалтай байна гэсэн юм. Төсвийн хүрээний мэдэгдлийг баримталж ажиллахаа Тэргүүн шадар сайд илэрхийлээд, одоогоор 56.0 сая тонн байгаа нүүрсний олборлолт, борлуулалтыг оны эцэс гэхэд 85.0 сая тоннд хүргэх зорилттой байгаагаа танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөлд олон нийтээс санал авч байгаа боловч тусгахгүй байна. Тэтгэврийг инфляцын өсөлттэй уялдуулан 10.0 хувиар нэмэх шаардлагатай. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан өргөн хэрэглээний барааны үнэ 7.4-18.2 хувь өссөн байгааг сануулан тэтгэврийг нэмэх асуудлыг холбогдох сайд нь анхаарах шаардлагатайг санууллаа. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхчүүдэд олгодог тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан орон сууцны 30.0 тэрбум төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилгыг дэмжихийг уриалав. Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат төсвийн төсөл нь дунд хугацааны төлөвлөгөөтэй уялдаагүй, хөгжлийн төлөвлөгөөг үгүйсгэсэн шинжтэй байгааг сануулж, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж буй энэ үед зарим төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөв нэмэгдэж төсөвлөгдсөн, Эдийн засгийн хөгжлийн төв, Хархорин хотын захиргааны алба, Эрчим хүчний реформ, Шинэ хоршоо хөгжлийн нэгж зэрэг шинэ бүтцүүдэд төсөв хуваарилсан байгааг шүүмжлэв. Тэрбээр төсвийг алдагдалгүй батлах боломж, улсын өрийн хэмжээ, инфляцын түвшин болон БНХАУ-ын таван жилийн төлөвлөгөөтэй хэрхэн уялдуулсан зэргийг асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл төсвийн төслийг боловсруулахдаа хөгжлийн бодлогоо баримталж, Засгийн газрын хөтөлбөрийн тухайн жилийн үйл ажиллагааг санхүүжүүлэх ёстой атал улс төржиж байгааг шүүмжлээд, төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлснийг эргэн харах нь зүйтэй гэлээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар төсвийн орлого буурч, зардал өссөн байгаад дүн шинжилгээ хийж, татварын бааз суурь, боломжоо оновчтой, бодитой тооцох шаардлагатайг тэрбээр онцолж, нүүрсний экспортын хэмжээг багаар тооцоод илүү гарсан тохиолдолд нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмжээ зорилтот бүлэгт чиглүүлэх, халамжийн тогтолцоогоо оновчтой болгоход зарцуулах горимын санал дэвшүүлэв. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг тэтгэврийг нэмэх, багш нарын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх санхүүжилтийг олгодог ганц салбар болох уул уурхайн салбараа хөгжүүлж, геологийн судалгаа, эрэл хайгуулд хөрөнгө оруулах хэрэгцээ шаардлага байгааг онцлоод, ялангуяа газрын гүний дулааны судалгаанд анхаарал хандуулах шаардлагатайг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар төсвийн төслийг боловсруулахдаа нийгмийн нөлөөллийг хэрхэн тооцсон буюу төсвийг хэрэгжүүлсний үр дүнд ажил эрхлэлт хэрхэн нэмэгдэх, ажилгүйдэл яаж буурах талаар асуув. Мөн “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд төлөвлөсөн 198 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсний дараа анги дүүргэлт нь хэтэрчихээд байгаа сургуулиудын асуудлууд шийдэгдэх эсэх, цалин, урамшууллаа нэмэгдүүлэх багш нарын шаардлагыг хэрхэн шийдвэрлэх, тэдний цалин хөлсний бодлого, аргачлал, бүтцийг яаж шинэчлэх, зөрүү, ялгааг хэрхэн арилгах талаар асууж, хариулт авлаа. Энэ оны эцэс гэхэд нийт ажиллагсдын тоо 2.4 орчим хувиар нэмэгдэж, 1.4 сая болохоор байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцуулж, ажиллах хүчний оролцооны түвшин өмнөх оныхоос 0.5 хувиар өснө гэдгийг мэдээлэв. Хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлт огтлолцохгүй байгааг тэрбээр онцолсон бол Боловсролын сайд П.Наранбаяр 2026 оны төсвийн төсөлд тусгагдсан 198 төсөл, арга хэмжээний зэрэгцээгээр Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 41 сургууль, цэцэрлэг нэмж барихаар ажиллаж байгаагаа танилцуулж, орон зай, цаг хугацаанаас шалтгаалан багш нарын цалин, нэмэгдлийн хэмжээ ихээхэн зөрүүтэй байгааг тайлбарласан юм. 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн гүйцэтгэлд суурилсан цалингийн системийн хүрээнд гүйцэтгэлийн үнэлгээний санхүүжилтэд 70.0 орчим тэрбум төгрөгийг сургууль, багш нарт хуваарилаад байгааг тэрбээр мэдээлж, 40.0 хүртэл хувийн цалингийн ялгаа гарсан байгааг харгалзан Боловсролын яам гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын 50.0 хувийг үндсэн цалинд нь шингээж өгье гэсэн байр суурьтай байгааг илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэдгээ хэлж, 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан тус салбарын төсвийг ДНБ-ий 5.0 хувьд хүргэх боломжтой эсэхийг асууж, хариулт авлаа. Тэрбээр багш нарын цалинг нэмэгдүүлэх нь Монголын ирээдүйн төлөө хийж буй хөрөнгө оруулалт гэдгийг дурдаж, гүйцэтгэлийн үнэлгээг багш нарын дийлэнх олонх нь эсэргүүцэж байгаа гэдгийг онцлон, тус салбарын төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэх Инчоны тунхаглалыг хэрэгжүүлж ажиллахыг сайд П.Наранбаярт зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар дунд шатны төрийн байгууллагуудын ажлын хариуцлагыг сайжруулах, төрийн албаны хууль бус томилгоог цэгцлэхийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт хандан хэлж, 2024 оны Засгийн газрын санхүүгийн аудитаар төсвийн ерөнхийлөн захирагч нар 15.0 их наяд төгрөгийн алдаа дутагдал илэрснийг сануулан, үүнд ямар хариуцлага тооцсоныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтоос асуув. Мөн тэрбээр Баянхонгор, Өвөрхангай аймгийн дулааны станцууд, сургууль, цэцэрлэг, автозамын зарим төслүүд, тэдгээрийн зардал санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгаж буй эсэхийг асууж тодрууллаа. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар төлөвлөсөн 1.3 их наяд төгрөгийн алдагдлыг хэрэглээнд бус үр ашигтай төсөл, хөтөлбөрт зарцуулж байгаа эсэх, төрийн өмчит компаниудын 22.8 их наядын гадаад, дотоод өр төлбөрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг асууж, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралаас хариулт авсан юм. Сайд хариулахдаа, эдийн засгийг тогтворжуулахад ашигладаг төсвийн тэнцэл гэх үзүүлэлтийг зөв үедээ ашиглаж чадаагүйгээс өнөөдрийн алдагдал гарч байна гээд, их орлоготой байх үедээ тэр хэрээрээ зарлага гаргаад байлгүй, эдийн засгаа хумьж, хуримтлал үүсгэх учиртай байсан гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. Төсвийн төсөлд тусгагдсан 1.3 их наяд төгрөгийн алдагдлаар газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, 10 аймгийн дулааны станц гээд олон ажлуудыг хийнэ гэж тэрбээр хариулан, өнгөрсөн хугацаанд авсан 12-13 их наяд төгрөгийн зээлийн эх үүсвэрээ ашиглаж чадахгүй байж болохгүй гэж үзэж байгаагаа тайлбарлав. Төсвийн гүйцэтгэлийг үр дүнтэй нь харьцуулсан харьцуулалт хангалтгүй байна гэсэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмж, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир уншиж, сүүлийн 10 жилд эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах чиглэлээр юу ч хийгээгүй, бизнесийн орон зайг тэлэх, татвар төлөгчдийн тоог нэмэх, бизнес эрхэлж байгаа хүмүүс чөлөөтэйгөөр аж ахуйгаа эрхлэх боломжийг бий болгоогүйг шүүмжилсэн юм. Тэрбээр төрийн өмчийн компаниудын эдийн засаг дахь оролцоо улам нэмэгдсээр байгааг жишээлж, "Ковид-19" цар тахлын хаалттай үед буюу 2019 онд алтны олборлолт 21 тонн, 2020 онд 23 тонн хүрч байсан бол энэ онд одоогийн байдлаар найман тонн хүрэхгүй байгаа нь хувийн хэвшлийн компаниуд олборлосон алтаа улсад тушаахгүй, хууль бусаар хилээр гаргаж байгааг харуулж буй бөгөөд энэ нь бизнес дэх төрийн оролцоо, дарамт, татвар шимтгэл их байгаагийн илрэл гэдгийг ярилаа. Тэргүүн шадар сайд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нар түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж, Засгийн газраас Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа тухай мэдээлэв. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг асуулт, хариултаар үргэлжилсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин төсвийн төлөвлөлт, цаглавар, бодлого болон эдийн засгийн мөчлөгийг хэрхэн уялдуулж, ямар үр дүн гаргахаар тооцож буйг болон төсвийн төлөвлөлтийг хийхдээ иргэд, олон нийтээс санал авах нь зөв боловч тодорхой хөгжил, чиг хандлагад чиглүүлэхийн тулд том зургаар харж шийдвэрлэх нь илүү оновчтойг дурдав. Мөн мөчлөгтэй болон мөчлөггүй үеийн төсвийн бодлогыг хэрэгжүүлэхдээ Төсвийн хүрээний мэдэгдлийг баримтлах нь зөв гэдгийг тэмдэглэж, тэнцвэржүүлсэн үнийн зөрүүг ямар эх үүсвэрээр нөхөхөөр тооцсон талаар асууж, хариулт авсан юм. Мөчлөг сөрсөн бодлогыг оновчтой хэрэгжүүлж, шалгуур үзүүлэлтүүд, тусгай шаардлагуудыг хангах нь чухал гэсэн түүний байр суурьтай санал нэг байгаагаа Тэргүүн шадар сайд Н.Учрал илэрхийлж, төсвийн хүрээний мэдэгдэлд батлагдсан тоонуудыг экспортын орлогод тулгуурлан тооцсон боловч уг орлого буурч 80 ам.доллароор тооцохоор бүхий л тоо хэмжээ дагаад буурч байгааг учирлан, ирэх жилээс төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг чанд мөрдөөд явна гэлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг чанд баримтлаагүйгээс эдийн засаг тэлж байх үед хумьж, хуримтлуулж чадаагүйгээс мөчлөг сөрсөн бодлого зөвхөн эдийн засаг агшсан үед хэрэгждэг, тэлсэн үед хэрэгждэггүй байдал бий болсон гэсэн тайлбарыг тэрбээр хийж, хуульд энэ үзүүлэлтүүдээ нэмж, зарлагаа салбар салбараар нь гаргаад явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. Тэнцвэржүүлсэн үнийг дараалсан жилүүдийн дундаж үнээр гаргаж байгааг Тэргүүн шадар сайд мөн тайлбарлаж, төлөвлөж буй нүүрсний тэнцвэржүүлсэн үнээс Тогтворжуулалтын санд хуримтлал үүсэхгүй нөхцөл бий болоод байгааг дурдлаа. Харин зэсийн тэнцвэржүүлсэн үнээр тооцсон үр ашгаас Тогтворжуулалтын санд хуримтлал үүсгэх бололцоо бийг тэрбээр дурдав. Эдийн засгийн идэвхжил суларч, аж үйлдвэрийн орц материалын импорт бууран, нийт эрэлтийнх нь 60.0 хувийг бүрдүүлдэг өрхийн хэрэглээ дагаад хумигдсан энэ мөчлөгийг сөрж, өсөлтийг дэмжсэн төслүүдээ хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тухай тэрбээр танилцуулаад, үүнд газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэргийг нэрлэв. Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших хуралдааныг даргалан явуулсан, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа долдугаар сарын батлуулсан Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг хоёр сарын дараа дахин хэлэлцэж буй нь эдийн засгийнхаа төлөвлөлтийг илүү сайн хийдэг болох шаардлагатайг харуулж байна гээд, төсвийн хүрээний мэдэгдлээ хавар баталж, намар нь төсвөө баталдаг байх зарчмыг ягштал баримтлах нь зүйтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл Төсвийн хүрээний мэдэгдлийн төслөөс харахад төлбөрийн тэнцэл энэ оны эхний зургаан сард 462 сая ам.долларын алдагдалтай, гадаад валютын нөөц 304 сая ам.доллароор багассан байгааг танилцуулж, ард иргэдийн амьдрал хүндрэхээр байгааг анхааруулав. Тэрбээр төлбөрийн тэнцлийг эерэг болгох ямар арга хэмжээ төлөвлөж байгааг болон Лондон хотноо болж буй олон улсын арбитрын шүүх хурлаар Монголын талд ашиггүй шийдвэр гарвал улсын төсөвт яаж нөлөөлөх талаар тооцоолол байгаа эсэх, Оюутолгойн мөнгийг Монголын банкаар дамжуулдаг болох асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаар асуулаа. 2025 оны долдугаар сарын мэдээгээр төлбөрийн тэнцэл 284 сая ам.долларын алдагдалтай байгааг Тэргүүн шадар сайд Н.Учрал танилцуулж, үүнийг бууруулах чиг үүрэгтэй Сангийн сайдаар ахлуулсан экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг ажиллаж байгаа гэлээ. Экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдвэрүүдийг гаргаж, уул уурхайн биржийг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, боловсруулах үйлдвэрүүдээ дэмжихэд анхаарал төвлөрүүлж буйгаа тэрбээр хэлэв. Сангийн сайд Б.Жавхлан Оюутолгойн зөвхөн дотоодын хэрэгцээний мөнгө Монголын банкуудаар дамжиж байгаа хэвээрээ гэдгийг мэдээлж, арбитрын шүүхийн шийдвэр нөгөө талд гарвал манай улс өмнө аваад хэрэглэчихсэн 1.57 их наяд төгрөгийн татварыг буцаад төлөх эрсдэл үүснэ гэв. 2007 онд батлагдсан стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, үгүй бол түүнийг АМНАТ-өөр орлуулах талаар Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар хөрөнгө оруулагчидтай хэлцэл хийж, гэрээ байгуулж байгаа гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцуулж, энэ ондоо багтаан тодорхой үр дүн гаргана гэлээ. Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг болох Ухаа худгийн ордын ашиглалтаас улс орон нутгийн төсөвт 10.6 их наяд төгрөг төвлөрүүлэх тооцоотойг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлж, нийтдээ 67.6 их наяд төгрөгийн борлуулалт хийх тус уурхай судлагдаж, батлагдсан нөөц болон ажлын байр зэргийг танилцууллаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, нийгмийн халамжийн зардлыг бууруулах тухай Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэх, зах зээл дэх төрийн оролцоог яаж бууруулах болон төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой болгох, Боловсролыг дэмжих жилийн хүрээнд ямар арга хэмжээ төлөвлөж буйг асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин стратегийн орд гэдгээс шалтгаалж эдийн засагт ямар сөрөг үр дагавар гарч байгааг тодорхойлж, стратегийн бүтээгдэхүүнээ тогтоож, бизнес дэх төрийн оролцоог зоригтой бууруулж, татвар, шимтгэлийн дарамтыг багасгах шаардлагатай байгааг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр төсөөлсний нэг үндэслэл нь Оюутолгойн гүний уурхайн зэс, алтны агуулга сайжрах гэж дурдсаныг онцлоод, энэ тооцоог "Онтре Гоулд" компанийн талбай руу олборлолт орно гэсэн тооцоогоор хийж байгаа гэдгийг дурдаж, тус компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажил ямар түвшинд байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас асуулаа. Мөн Сангийн сайд Б.Жавхлангаас ахмад настнуудын тэтгэврийг 6.0 хувиар нэмэгдүүлэхэд 378 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсоныг "Оюутолгой" компанитай байгуулсан хувь нийлүүлэгчдийн гэрээгээр жил тутам ойролцоогоор 1.3 тэрбум ам.долларын хүү төлж байгаатай харьцуулан, энэ хүүгийн хэмжээг 3.0 хувиар бууруулахад 1.4 их наяд төгрөг буюу ахмадын тэтгэврийг 20-22 хувиар нэмэх хэмжээний эх үүсвэр гарч ирэх боломжтойг дурдав. Мөн тэрбээр багш нар, эмч нарыйн цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага байгааг онцолж, дээрх хүүгийн хэмжээг бууруулах боломж бий эсэхийг лавлаж асуусан юм. Түүний асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд хариулахдаа "Онтре Гоулд" компанийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудын үйлдвэрлэлийн нөөц нь 812 сая тонн ба түүнд 4.7 сая тонн зэс, 275 тонн алт, 1334 тонн мөнгө, 46 мянган тонн молебдин агуулагдаж байгаа гэдгийг танилцуулаад, одоогийн үнээр тооцвол 54 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олон нөөцтэйг хэлэв. Гэвч агуулга сайтай нөөц нь газрын гүнд байгаа тул Оюутолгой төслийн хүрээнд олборлолт явуулж гэмээнэ ашигтай байхыг сайд дурдаж, "Оюутолгой" болон "Онтре Гоулд" компаниуд хоорондоо 80:20 хувийн харьцаатай гэрээ байгуулсан гэх боловч уг гэрээг үзээгүй байгаагаа хэлсэн юм. Тэрбээр оролцогч талуудаа хүндэтгэж, хамтарсан бизнес хийх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа мэдэгдэж, Монгол Улсыг хүндэтгэхгүй байгаа хүмүүстэй бизнес хийх зайлшгүй шаардлага байхгүй гэв. Төрийн өмчийн компаниудын ноогдол ашиг болон бусад өгөөжийг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний асуудал гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцолж, ногдол ашиг Баялгийн санд төвлөрөх учир тэтгэвэр, тэтгэмж нэмэх эх үүсвэр болж чадахгүй гэв. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газар нэгдмэл байр суурьтай байх ёстой гэж үзэж байгаагаа дурдаад, тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн гурван гишүүний саналыг сонсохгүй, олонхын саналаар хүч түрээд явчихдаг байдлыг засахад анхаарал хандуулах ёстой гэв. "Онтре Гоулд" компанийн эзэмшиж буй талбай стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой ордын хил заагт албан ёсоор орсон л бол "Оюутолгой" ХК-д тавьсан зарчим үйлчлэх ёстой. Иймд энэ гэрээр Монгол Улсын Засгийн газар ард түмнийг төлөөлөн хийх ёстой гэсэн шаардлагыг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал тавилаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Монгол, Хятадын Засгийн газар хооронд байгуулсан Гашуун сухайт-Ганц мод боомтын хил холболтын асуудлаарх зээлийн хэлэлцээртэй холбоотой асуудлыг хөндөж, 10 тэрбум ам.долларын алдагдал үүсгэсэн тухай Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нийгэмд гарган тавьж буй асуудлаар албан ёсны байр суурь илэрхийлэх нь зүйтэй гэсэн юм. Энэ асуудлыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат мөн хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд нийгмийн халамжийн зардлыг бууруулах, Засгийн газрын өрийн хэмжээг 2028 онд 59.5 их наяд төгрөг болгож, өмнөх жилээс 7.7 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсоны цаана ямар том төслүүд байгаа, гадаад зээлийн ашиглалтыг хэрхэн сайжруулах, үр ашигтай гэж тооцож байгаа хөрөнгө оруулалтын төслийн ажлын төлөвлөгөөг 2026 онд бүрэн санхүүжүүлэх эсэх, төсвийн алдагдлын хязгаарт нийцүүлж буй эсэх зэрэг асуудлыг хөндөж асуусан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга энэ асуудлыг лавшруулж, гадаадаас нэмж зээл авахаар төлөвлөсөн эсэх талаар болон ашиглаагүй байгаа зээлдээ төлбөр шимтгэл төлж буй байдлыг эцэс болгох ямар бодлого, үйл ажиллагаа төлөвлөснийг асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин мөн л энэ асуудлыг хөндөж, Улсын Их Хурлын чуулганы өмнөх нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулга хийхдээ гадаад өрийн бодлогоо чангатгаж, зээлжих зэрэглэлээ хадгалахын тулд цаашид гадаад өрөө багасгана гэж мэдэгдсэн атал өрийн таазыг нэмэгдүүлж төлөвлөсөн нь зөрчилтэй байгааг дурдан, 90 сая тонн нүүрсийг 70 ам.доллар борлуулахаар тооцсон нь Хятад Улсын нүүрсний зах зээлийн эрэлтэд нийцэхгүй, төсвийн орлого тасалдах эрсдэл үүсэхээр байгааг анхааруулсан юм. Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа 2025 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр өрийн хэмжээ 40 их наяд төгрөг байгаа бол 2026 оны төсвийн төсөлд 45 их наяд төгрөгөөр буюу нэмэгдэж төлөвлөгдсөн байгааг сануулж, энэ талаар Сангийн сайд Б.Жавхлангаас дэлгэрэнгүй тайлбар авсан юм. Өрийн хэмжээ нэмэгдэж буй нь ханшийн зөрүү, нэмж авч буй зээл, дотоодын бондуудаас үүсэж буй өр гэсэн гурван эх үүсвэртэйг Сангийн сайд тайлбарлалаа. Төсвийг алдагдалтай төлөвлөсний цаана эдийн засгийн өсөлтийг хангах зорилт байгааг тэрбээр дурдаж, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан суурь тэнцэл, тэнцвэржүүлсэн тэнцэл гэсэн хоёр дүн батлах бөгөөд суурь тэнцлээр бүх татварын орлогоороо урсгал зардлаа санхүүжүүлээд, цаана нь 2.0 хувийн ашигтай гарна гэдгийг тайлбарласан юм. Харин тэнцвэржүүлсэн тэнцлээр 1.4 их наядын алдагдал гарч байгаа бөгөөд энэ алдагдал нь эдийн засгийг эрчимжүүлэх том төслүүдийн санхүүжилтэд чиглэнэ гэдгийг тэрбээр онцоллоо. Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр нүүрсний үнэ огцом унасан тодорхойгүй байдалд ирэх оныхоо төсвийг батлах гэж байгаа учир бодит үнээр, олон улсын зах зээлийн судалгаатайгаар төлөвлөх нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар Төсвийн тогтвортой байдлыг зөвлөл хүчтэй ажиллах шаардлагатайг сануулж, төрийн өмчийн компаниудын захирлуудын цалинг 3.0 сая төгрөг болговол хулгай хийнэ гэж зарласан “Эрчис Монгол” компанийн захиралд ямар арга хэмжээ авахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаа асуусан юм. Сайд С.Бямбацогт түүний асуултад өгсөн хариултдаа төрийн өмчийн компаниудын удирдлагуудын цалинг Улсын Их Хурлын гишүүд, сайд нарынхтай дүйцэх хэмжээнд байлгах, ажлынх нь үнэлгээгээр улирал тутам урамшуулал олгодог байх бодлого баримталж байгааг мэдээлэв. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн хүрээний мэдэгдлийг ойр ойрхон өөрчлөхгүй байх эрх зүйн боломжуудыг тусгаж өгсөн байтал Улсын Их Хурал өөрөө хуулиа зөрчиж, нэг удаагийн аргацаасан байдлаар асуудлыг шийдээд явах нь буруу гэсэн байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин илэрхийлж, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг хэрэгслүүдээ ашиглаж ажиллах нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай олон улсын байгууллагуудын төсөөлснөөс төсвийн өсөлтөө өндрөөс тооцож тогтоохдоо ямар судалгаа, үндэслэлд суурилсныг Засгийн газрын гишүүдээс асууж, орлогын бүтцийг татварт хэт тулгуурласан байдлаар төлөвлөсөн нь эрсдэлтэй байгааг анхааруулж, татварын бус орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү төсвийн хүрээний мэдэгдэлд ядуурал, ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх ямар бодлого байгааг болон жижиг, дунд үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих, тэтгэврийн реформыг яаж хэрэгжүүлэхээр төлөвлөснийг асууж тодорхой хариулт авсан юм. Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа ахмадын тэтгэврийг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмж байх хууль мөрдөгдөж байгаа ч зарим жилд нэмэлгүй өнжих явдал байгааг сануулж, хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах бидний баталсан жилийн хөгжлийн төлөвлөгөө биелэхээргүй төсвийн хүрээний мэдэгдэл болжээ гэж дүгнэж байгаагаа хэлээд, төсөл, арга хэмжээний тоог 40 хувиар хассан нь хөгжлийн төлөвлөгөөны утга учрыг алдагдуулж байгааг тэмдэглэв. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг энэ онд 40 орчим хувиар огцом бууруулж 446 тэрбум болгосон нь хүнд цохилт болсныг тэрбээр онцолж, Боловсролыг дэмжих жилд боловсролын салбарыг тэргүүлэх салбар гэж үзэж, хүртээмжийг дээшлүүлэх зорилтоо биелүүлэх шаардлагатайг сануулсан юм. Тус салбарт жил бүр 36 сургууль 32 цэцэрлэг барьж байж нэг ангид байх хүүхдийн тоог 40-өөс бага түвшинд барьж чадна гэдгийг тэрбээр сануулсан бол Сангийн сайд Б.Жавхлан их өгөгдөлд суурилан боловсролын салбарт хэрэгцээтэй сургууль, цэцэрлэг, дотуур байрыг эрэмбэлж, 2.2 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 108 сургууль, 95 цэцэрлэг, 61 дотуур байрны хэрэгцээг тодорхойлсон гэдгийг хэлж, одоогоор Боловсролын яаманд магадлал хийгдсэн, зураг, төсөв нь шаардлага хангасан төсөл тун цөөхөн байгааг анхааруулж хэлсэн юм Төсвийн орлогыг зөв тооцсон эсэх болон алдагдалтай төсөв батлах нь зөв эсэхийг Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа магадлаад, Монгол Улсын урт хугацааны дунд хугацааны хөгжлийн бодлого, зорилтууд огт өөрчлөгдөөгүй байхад бид байр сууриндаа эрс өөрчлөлт гаргах нь буруу гэлээ. Тэрбээр эдийн засгийн гадаад, дотоод орчинд тогтворгүй байдал үүсэх эрсдэл байгаа бол харин ч зардлаа танах ёстой гэдгийг сануулж, аудитын байгууллага төсвийг үр ашиггүй, өгөөжгүй гэж дүгнэж байхад алдагдалтай төсөв батлахыг дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Хөдөө аж ахуйн салбарт 23 хувийн өсөлт гарсан тухай тооцоололд үнэмшихгүй байгаагаа Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан илэрхийлж, ургацаа алдаж, хүнсний ногооны хэрэгцээнийхээ 50 хувийг ч дотоодоосоо хангах боломжгүй болсон, нэг ч боловсруулах үйлдвэр бий болоогүй, ноос, ноолуур, арьс шир, малын дайвар бүтээгдэхүүн хаягдал болж буй нь бодлогын алдаа гэж үзэж буйгаа хэлсэн юм. Тэрбээр хөдөө аж ахуйн төслүүдийг санхүүжилтийг нэг жилд бүрэн тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг онцлон, боловсруулах үйлдвэрүүдээ барих боломжийг бүрдүүлэхэд анхаарахыг Засгийн газрын гишүүдээс хүслээ. МАН-ын сонгуулийн хөтөлбөрт ДНБ-ий 20 хувь нь улсын төсөв байна гэж зарлаж байсан боловч өнөөдрийн байдлаар 30 хувьтай байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат сануулж, нийгэмд цаг үргэлж хар бараан, болохгүй бүтэхгүй зүйлийн тухай мэдээлэл цацагдаж байгаа энэ үед бидний хэлэлцэж буй төсөв, төлөвлөгөөгөөр гэрэл гэгээтэй зүйл бий болох эсэхийг салбар бүрээр танилцуулахыг Засгийн газрын гишүүдээс асууж, хариулт авсан юм. Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал: Хувийн хэвшлийг бүрэн дэмжиж чадвал цаашид маш олон бүтээн байгуулалтын ард гарч чадна. Тийм учраас хувийн хэвшлийг дэмжсэн, төрийн оролцоог бууруулсан төсвийн хүрээ, төсвийн төсөөллийг оруулж байна. Мөн төсвийн орлого, зарлагыг аль алийг нь бууруулж байгаа. Үүгээрээ ДНБ болон тэнцвэржүүлсэн орлогын харьцааг 2028 он гэхэд 28 хувь бууруулах татварын шинэчлэлийг хийх орон зайг авч үлдэн хувийн хэвшилд бизнес хийх бололцоог олгож байгаа юм. Мөн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрлөлт оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр аймаг, орон нутаг нутгийн өөрөө удирдах байгууллагаараа дамжуулаад, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр нийтийн үйлчилгээний зориулалттай дэд бүтцийн 100 тэрбум төгрөгөөс доош өртөг бүхий төслүүдийг заавал Засгийн газрын зөвшөөрөл шаардуулахгүйгээр бие дааж хэрэгжүүлэх гарцыг нээж байна. Удахгүй Татварын багц хуулийн шинэчлэлийг хэлэлцүүлж эхэлнэ. Мөн Эдийн засгийн эрх чөлөөний хуулийн төслийг хувийн хэвшлийг дэмжих бодлогын хүрээнд оруулж ирнэ. Энэ хуулиар үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй бол хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс оролцох, нэмэлт зохицуулалт, давхар хяналт шалгалт хийхийг бүрэн хориглохоор тусгаж байгаа. Мөн хувийн хэвшлийнхний эрх зүйн байдлыг дордуулсан ямар нэгэн өөрчлөлт, тогтворгүй байдлыг төрөөс бий болгохгүй байх буюу гэнэтийн шийдвэр гаргахгүй байхаар хуулийн төслийг боловсруулсан. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг батална. Хөрөнгө оруулагчдаа хамгаалахгүйгээр эдийн засгаа 5.7 хувиар өсгөх зорилтоо хангахгүй, төлбөрийн тэнцлийг эерэг болгож чадахгүй. Олон дүрэм журам, хүнд суртлыг арилгах чиглэлээр өнгөрсөн хугацаанд Засгийн газар 56 журмыг цэгцэлсэн. Засгийн газар байгуулагдаад 20 компанийг нэгтгэж, нийлүүлж, өөрчлөн зохион байгуулж, 2.0 их наяд төгрөгийн хэмнэлт хийсэн. Үүнийг цааш үргэлжлүүлж, компаниуд тусгай зөвшөөрөлд заагаагүй л бол бусад төрлийн үйл ажиллагааг төрөөс заавал асуухгүйгээр хийх эрх зүйн боломжийг бүрдүүлэх 90 хуулийн өөрчлөлтийг оруулж ирнэ. Төр илүү дэмжлэг туслалцаа үзүүлдэг болно. Боловсролын сайд П.Наранбаяр: Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн бүлэг дүүргэлт нийслэл, аймгийн төвүүдэд их байна. Энэ бол олон жилийн хуримтлагдсан асуудал. Шууд нэг жилийн дотор шийдэхэд бас хүнд. Гэхдээ бид хөрөнгө оруулалтыг өнгөрсөн жилтэйгээ харьцуулахад 2.3 дахин нэмж цэцэрлэг, сургууль барьж хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Нэг ангид бүлэг дүүргэлтийн стандартыг 35 суралцагч байхаар 2007 онд гурван сайд хамтарч баталсан тушаал байдаг. Үүнийг шууд баримтлахад ялангуяа нийслэлд боломжгүй байна. Бүлэг дүүргэлтийг 44 хүүхдээр тооцоход 18792 бүлэг шаардлагатай. Үүнийг бууруулахаар ажиллаж байна. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарын 2026 оны төсөвт гэрэл гэгээтэй зүйл байна. Ялангуяа хөрөнгө оруулалт 5.5 дахин нэмэгдсэн. Үүний дотор Зүрх судасны тусгайлсан төв барих ажил эхэлнэ. Ирэх хоёр жилийн хугацаанд 800 гаруй тэрбум төгрөгөөр түргэн тусламж, харвалт, шигдээс, гэмтэл, осол аваар, яаралтай тусламжийг Улаанбаатар руу зөөдөггүй болох тогтолцоог хийнэ. 21 аймагт жигд хүртээхээр ажиллаж байна. Энэ тогтолцоог хэрэгжүүлэх төслийг дахин өргөн барина. Та бүхэн соёрхон батлавал энэ зээлээр Монгол Улс даяараа түргэн тусламж түргэн хүрдэг тогтолцоотой болно. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: Манай зам тээврийн салбарт байгаа гэрэл гэгээтэй зүйл гэвэл нэгдүгээрт, хил холболтын асуудал байна. Хил холболтын төмөр замын ажил нь зургадугаар сарын 15-ны өдөр эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 2341 баганан суурь босгохоос 140-ийг босгоод байна. Бусад газар шорооны ажлууд зогсолтгүй явж байна. Хурдан, богино хугацаанд хил холболтуудаа хийх асуудлыг ярилцаж байна. Эхний ээлжид Гашуун сухайт, Ганц модны хил холболтын барилгын ажил эхэлсний дараа хоёр, гурав дахь хил холболтыг ярина. Сэхэ-Шивээ хүрэн боомтыг Ерөнхийлөгчийн айлчлалаар урд хөрштэй ярьж, эхлүүлэхээр болсон гэдгийг хэлье. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням : Манай салбарт эрэл судалгааны ажилд зайлшгүй зардал гарах ёстой байдаг. Энэ зардал ирэх оны төсөвт хоёр дахин нэмэгдэж байгаа. Ингэснээр эрэл судалгааны ажил хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Ирээдүйд эдийн засгаа тогтвортой байлгах орд газрууд, газар тариалангийн газрууд, барилга байгууламжийн суурь байх ёстой газрууд, онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн төлөвлөлтийг гаргахад зайлшгүй шаардлагатай ажлууд хийгдэнэ. Мөн металлургийн салбарт том мэдээ дуулгаж байгаа. Энэ бол Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хийж дууссан, энэ ондоо багтаад тендэрийг нь зарлаж, сонгон шалгаруулаад гүйцэтгэл нь эхэлнэ. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан: Барилгын салбарын тусгай зөвшөөрлүүдийг энэ сарын 5-наас E-Mongolia цахим сайтаас гурван хоногийн дотор авах, хурдан шуурхай, хүндрэлгүй үйлчилгээг нэвтрүүлж эхэлж байна. Цаашдаа салбарын олон норм, дүрэм, стандартыг цэгцлэх зохицуулалтыг Барилгын тухай хуульд оруулж батлуулахаар ажиллаж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар: Мэдээлэл, технологийн салбар бол XXI зуунд бидний салшгүй нэг хэсэг болсон. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс энэ салбараа дэмжих ёстой. Засгийн газраас Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтэд анхаарал тавьж, хоёр журам баталсан. Журмуудаар виртуал бүсэд бүртгүүлсэн компаниуд татварын болон татварын бус хөнгөлөлт эдлэх бололцоо нээгдэж байгаа юм. Ингэснээр старт ап компаниуд, залуучуудаа дэмжих бүрэн бололцоо бүрдэж байна. Мөн Монгол Улс анх удаа хиймэл оюуны үндсэн чип буюу GPU авч байна. Өнөөдөр Монгол Улсад 2023 оны дөрөвхөн GPU байгаа. Үүнийг салбарын компани уд бүгдээрээ түрээсэлдэг. Хамгийн сүүлийн үеийн GPU авснаар салбарын компаниудаа дэмжих, дээр нь эрдэм шинжилгээний ажил, сургалтыг сайжруулах боломжтой. Эрчим хүчний . Сайд Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний салбарын хөгжил 2026 онд урагшилж, хөгждөгөөрөө хөгжих ёстой. Хэд хэдэн төслүүд маань ирэх онд үргэлжилнэ. Эхний ээлжид Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн хоёр дахь блокыг ашиглалтад оруулна. 2026-2028 онд 3, 4 дүгээр блокоо ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Баян-Өлгий дэх цахилгаан станцын барилга угсралтын ажил 2026 онд үргэлжлээд, 2027 оны эхний хагаст нэгдүгээр блок, 2028 оны эхний хагаст хоёрдугаар блок ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Гуравдугаарт Шивээ-Овоод 660 мВт-ын станц барих ажил эхлэх гэж байна, мөн 2026 онд үргэлжлээд, 2028 онд ашиглалтад орно. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатын Гашуунсухайт-Ганц модны хил холболтын зээлийн хэлэлцээрийн талаарх асуултад сайд Б.Дэлгэрсайхан дэлгэрэнгүй хариулт өгсөн юм. Тэрбээр, хил холболтын төмөр замын тендэрийг Монгол Улсын Төрийн худалдан авалтын газар зарлаж, үүнд Хятадын компаниудыг оролцуулсан. Өмнөд хөршийн хоёр компани тендэрт оролцсон. Манай улсад одоохондоо төвөгшил ихтэй байгууламжийг барих компани байхгүй. Учир нь энэ хил холболтын төмөр зам хамгийн өндөр нь 30 метр, хамгийн нам хэсэгтээ 20 метрийн өндөр, 18.3 км урт дан гүүрэн байгууламж дээгүүр явах, нарийн болон өргөн царигийн зам явах байгууламж. Тендэрт Хятадын "Си Ар Си Си" нэртэй зам гүүрийн компани 848 тэрбум төгрөг буюу 235 сая ам.долларын үнийн саналаар шалгарсан. Гэрээг баталж байх үед 290 сая ам.долларын санал өгч байсан. Улсын Их Хурал гэрээг хэлэлцэж байх үед гишүүд хамгийн бага үнээр хийхийг бодоорой гэсэн захиа, даалгавар өгснийг биелүүлсэн. Энд ямар нэгэн оффтэйк байхгүй. Монголын тал өөрийн тендэрийн зардлыг Тавантолгойгоос шууд бэлэн мөнгөөр төлөх юм. Энэ байгууламжийн Монгол талын хэсгийн өртгийг бид өөрсдөө төлнө. Хятад тал өөрсдийнхөө байгууламжийн өртгийг гаргана. Тийм учраас бид урьдчилгаа мөнгөө төлөөд барилга байгууламжийн ажил эхэлсэн гэлээ. Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлэв. Тэрбээр өнгөрсөн онд батлагдсан Малчны тухай хууль, түүнд тусгагдсан малчны тэтгэврийн даатгалын шимтгэлтэй холбоотой зохицуулалтыг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг зөвлөв. Ийнхүү ажлын цаг дууссан тул Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг маргааш Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

1 ... 21 22 23 24 25 26 27 28 29 ... 370