ЦАГДАА НАР ЗОЧИД БУУДАЛД ГЭНЭТИЙН ШАЛГАЛТ ХИЙХ ҮЕЭР БЭЛГИЙН МӨЛЖЛӨГТ ӨРТСӨН ОХИН АВРАГДЖЭЭ

Охид эмэгтэйчүүдийг массажны газарт хүчээр биеийг нь үнэлүүлдэг, зочид буудал, баар, караокед бэлгийн мөлжлөгт өртүүлсэн хэргүүд манай улсад гарсаар байна. Заримдаа гэмт этгээдүүд хүчээр биеийг нь үнэлүүлэхийн тулд мансууруулах бодис хэрэглүүлдэг.

Мөн хүний наймаачид нийгмийн сүлжээ, интернэтийн зар сурталчилгааг ашиглан ажилд авна, англи хэл үнэгүй заана гэж хохирогчдыг татсаар байна.

Иймд хүн худалдаалах гэмт хэрэг, үүний нэг хэлбэр болох бэлгийн мөлжлөгийн талаар хөндөв.

Өнөө үед Монгол хүний наймаачдын дамжин өнгөрдөг цэг байхаа больж, гэмт хэрэгтнүүд манай иргэдийг онилох болсон.

1999 онд хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн зургаан хохирогч, монгол иргэнийг ТББ, хууль хүчний байгууллагууд хамтран ажиллаж, Макаогоос авчирсан. Тэдний пасспортыг хураан, өрийн дарамтад оруулан, биеийг нь үнэлүүлж, ашиг олж байжээ.

Гэтэл хүний наймаачид ямар орлого олсон нь тодорхойгүй, худалдсан нь хангалттай баримтаар нотлогдохгүй зэрэг үндэслэлээр энэ хэргийг шүүх хурал хурал нийт 18 удаа зарлагдаж, найман удаа болсон юм. Хамгийн аймшигтай нь тэд монгол хүмүүс бөгөөд нутаг нэгтнүүдээ бусдад зарж, 3.5-4.8 жилийн хорих ял авсан.

Хэрэгтнүүдийн ихэнх нь урьдчилан хоригдсон хугацаагаа оруулж, ял шийтгэлээ эдэлсэнд тооцогдож, шүүх танхимаас шууд гэртээ харьжээ. Гэмтнүүд хуулийн бүх арга замыг ашиглаж, дөрвөн жилийн турш бүх шатны шүүхэд хандсан түүхтэй.

Дээд шүүхийн тогтоолын 1.2-т “Хүн худалдаалагч нь хохирогчийг мөлжихийн хамт мөнгө, орлого олсон байх ёстой” гэжээ. Гэтэл НҮБ-ын Үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай конвенцын Хүн худалдах, хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт ашиглахаас хамгаалах тухай нэмэлт протоколын дагуу мөлжих, ашиг сонжоо олох асуудал санаархсан, зорилго тавьсан байхад хангалттай гэсэн байна.

Өнөө үед Монгол хүний наймаачдын дамжин өнгөрдөг цэг байхаа больж, гэмт хэрэгтнүүд манай иргэдийг онилох болсны сацуу дотоодод ч бэлгийн мөлжлөгийн хэргүүд гарсаар байна.    

2012 онд 56, 2013 онд 45 хохирогч илрүүлсэн бол хамгийн сүүлд буюу 2023 онд Цагдаагийн байгууллага Хятадаас 1, Лаосоос 11, Тайландаас 1, нийт 13 иргэнийг ГХЯ-ны Консулын газар, Тагнуулын ерөнхий газар, “Хүйсийн тэгш эрх төв” ТББ-тай хамтран эх оронд нь аюулгүй авчирчээ. Эдгээр нь хилийн чанадад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон иргэд.   

Гэтэл энэ хэргийг дотоодод үйлдэж, орон нутгаас шилжин ирэгсэд, эмзэг бүлгийн өрхүүд, хараа хяналт багатай хүүхдүүд, гэнэн итгэмтгий зантай өсвөр насныхан хохирогч болж байна. Тэгэхээр амар хялбар аргаар мөнгө олох гэж эх орноо орхин явсан хэдхэн хүнд л тохиолддог мэтээр бодож, тайвширч болохгүй үе иржээ.               

ДАВАН ТУУЛАГЧИЙН ТҮҮХ

Сараа 15 настайдаа байнгын хэрүүл, архидалттай байдаг гэр бүлийн таагүй орчноос дайжин, гадуур тэнэж явахдаа тэдний ангиас шилжсэн, багаасаа найзалсан Заяатай санамсаргүй таарчээ.

Найздаа гэрээсээ явсан тухайгаа хэлэхэд нь Заяа түүнд хамт амьдарч, ажил хийн, сайхан амьдрахыг санал болгов. Найз нь Сарааг түрээсэлдэг, нийтийн байр руугаа авчирчээ. Нэг өдөр байрны эзэн хоёр сарын түрээсийн мөнгөө төлөөгүй тул тэднээс нүүхийг шаардсан байна. Заяа найз залуугаа дуудаж, учир байдлаа ярихад найз залуу нь тэдэнд түрээсийн байрнаас гарч, хамт амьдрахыг санал болгожээ.  

Харамсалтай нь тэр охидыг ашиг хонжоо олох зорилгоор биеийг нь үнэлүүлж эхэлжээ. Дотно гэж итгэсэн найз нь итгэл эвдэж, найдсан хүмүүстээ мэхлэгдсэн Сараад бүх зүйл хэцүү санагдаж, яаж энэ бүхнийг зогсоохоо мэдэхгүй байв.

Нэг шөнө зочид буудлуудад хийсэн цагдаа нарын шалгалтаар аврагдаж, Сараа хамгаалах байранд амьдран, сэтгэл зүйн зөвлөгөө авч, нөхөн сэргээх үйлчилгээнд хамрагдсан байна.

Эхэндээ энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөд түүнд амаргүй байсан ч мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр өөрийгөө даван туулж эхэлжээ. Одоо сургуульдаа үргэлжлүүлэн сурч байна.

Хүн худалдаалах гэмт хэргийг зөвхөн хилийн чанадад үйлддэггүй, дотоодод тэр тусмаа хохирогчийн ойр дотно хүмүүс тэдний итгэлийг олсны дараа хуурах замаар үйлддэг. Хамгийн аймшигтай нь гэмт хэрэгтнүүд хамаатан, хөрш, танилуудаа энэ гэмт хэрэгт ашиглан, хохирогчийг эрхшээлдээ оруулж, хараа хяналтдаa байлгадаг байна.       

Иймд та өөрийгөө, охиноо, найзаа итгэл эвдэлт, урхидалтаас урьдчилан сэргийлэхийн тулд найз нөхдөөс ирэх эрсдэлийг мэддэг байх нь чухал. Энэ төрлийн гэмт хэргийг манай улсын хаана илүүтэй үйлдэв гэвэл нийслэлийн Налайх, Багануур дүүргүүд болон Дархан-Уул, Өмнөговь, Дорноговь аймгийн иргэд хүн худалдаалах гэмт хэрэгт илүү өртжээ.

Бэлгийн мөлжлөг нь хүн худалдаалах гэмт хэргийн хамгийн түгээмэл нэг хэлбэр. Харамсалтай нь хохирогчдын нас залуужиж, 13 настай хүүхэд энэ аймшигт хэргийн хохирогч болсон. 

Хүүхдийг хууль бусаар эх орноос нь авч гарсныг батлах тоо баримт одоогоор байхгүй. Засгийн газраас хүүхэдтэйгээ хилээр хамт гараад эргэж ирэхдээ ганцаараа ирсэн тохиолдлыг хянадаг болсон сайн талтай.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийн талаар Монгол Улсын V тайлан, илтгэлтэй холбогдуулан ТББ-ын сүлжээдээс НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд илтгэл явуулдаг. 2015 оны илтгэлд “Хүүхдийг хууль бусаар эх орноос нь авч гарсныг батлах тоо баримт одоогоор байхгүй. Засгийн газраас хүүхэдтэйгээ хилээр хамт гараад эргэж ирэхдээ ганцаараа ирсэн тохиолдлыг хянадаг болсон сайн талтай.

Мөн эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр долоо хүртэл насны хүүхдийг гадаадад авч гарах боломжгүй. Ямар ч насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр хилээр авч гарч болохгүй” гэжээ.

Гэвч тээгч эх олширсон өнөө үед жирэмсэн эмэгтэй хилээр гараад, буцаж ганцаараа ирвэл хэрхэх тухай заалт хуульд байхгүй хэмээн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын албаны мэргэжилтэн Г.Амаржаргал онцолсон юм.

Европын орнуудад хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэж эхэлснээс хүн гэж үздэг бол манай хуульд эхээс төрсний дараа л хүн гэж үздэг байна.

ХОХИРОГЧ ХҮҮХДИЙГ ХЭРХЭН ХАМГААЛЖ БАЙНА ВЭ?

Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг, хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах чиглэлээр ажиллах салбар дундын хамтарсан баг ажиллана.

Хүүхдүүд шоронд орох, нэр төрөө алдахаас айж, гэмт хэрэгтнүүдийг хэлснийг нь гүйцэтгэсээр байдаг.

Энэ баг хохирогч хүүхдийг хамгаалах байранд байлгах, нийгмийн ажил үйлчилгээнд хамруулах, сэтгэл зүйн засал, эрүүл мэндийн, хууль зүйн үйлчилгээг цогцоор нь үзүүлэхэд анхаарч ажиллана. Хамтарсан багийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулахаар зохицуулсан. Эдгээр үйлчилгээг ТББ-ууд үзүүлж байна.

Мөн Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгчид өмгөөлөгч авах боломжгүй гэрч, холбогдогчид л үйлчилгээ үзүүлдэг байсан бол энэ оноос хохирогчийг ч өмгөөлөх болсон нь дэвшил мөн.Тодруулбал бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогчид өмгөөлөгч авч, эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах боломж энэ онд бүрдлээ.

Бас гэмт этгээдүүд цагдаад хэлнэ, гэрийнхэнд чинь хэлнэ, зураг, бичлэг үзүүлнэ гэж айлган сүрдүүлдгээс хүүхдүүд шоронд орох, нэр төрөө алдахаас айж хэлснийг нь гүйцэтгэдэг.

Төгсгөлд нь онцлоход Гэмт этгээдүүд цагдаад хэлнэ, гэрийнхэнд чинь мэдэгдэнэ, зураг, бичлэгийг чинь үзүүлнэ гэж айлган сүрдүүлдэг. Иймд хүүхдүүд шоронд орох, нэр төрөө алдахаас айж, гэмт хэрэгтнүүдийг хэлснийг нь гүйцэтгэсээр байдаг. ТА хохирогч болсон тохиолдолд айж, ичилгүйгээр 102,108 дугаарын утсанд хандаарай. Айх хэрэггүй, чамайг хамгаалах хүмүүс бий.


#Мөрөөдлийнхөөзүг

#Өөдрөгамьдарөөрийгөөургуул

#Мэддэгмэдээлдэгбайя

#Бэлгийнмөлжлөгөөсурьдчилансэргийлье

#Тасланзогсооё

#Хамтдаадавантуулъя

#Хянамгайбайя


Хүн худалдаалах гэмт хэргийн талаарх өмнөх мэдээнүүдийг эндээс унших боломжтой. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.