НЭГҮҮН МЭДЭЭ
ШИВЭЭХҮРЭН БООМТЫН НЭВТРЭХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АЧАА ТЭЭВРИЙН ТЕРМИНАЛ 9 САРД АШИГЛАЛТАД ОРНО

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар Шивээхүрэн-Сэхээ боомтод ажиллаж байна. 7 сар гаруйн хугацаанд хаалттай байсан Шивээхүрэнгийн боомт өчигдрөөс хэвийн горимд шилжсэн. Цаашид тус боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллана.

САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙ ТУУРАЛТ НҮҮР, ГАРЫН АЛГА, ХӨЛИЙН УЛ, АМ, НҮД ЗЭРЭГ БИЕИЙН АЛЬ Ч ХЭСЭГТ ГАРЧ БОЛНО

Сармагчны цэцэг өвчний (monkeypox) вирус нутагшмал тархалттай орноос гадна Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Испани, Португал, Швед, Итали зэрэг нутагшмал бус 11 оронд бүртгэгдээд байна. Тиймээс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) судлаачидтай хамтран нөхцөл байдлыг үнэлж, тандалт судалгааг өргөжүүлэх, улс орнуудад заавар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна. Олон улсад бүртгэгдсэн энэ өвчний үед дараах шинж тэмдэг илэрч байгаа аж. Тодруулбал Халуурах Толгой өвдөх Булчин, үе мөчөөр өвдөх Арьсаар тууралт гарах Тунгалгийн булчирхай хавдах Бие арзайх Тууралт нь ихэвчлэн халуурч эхэлснээс хойш 1-3 хоногийн дотор гарах бөгөөд шаргал шингэнээр дүүрсэн шархлаат тууралт байдаг. Уг өвчний тууралт нүүр, гарын алга, хөлийн ул, ам, бэлэг эрхтэн, нүд зэрэг биеийн аль ч хэсэгт гарч болно хэмээн Эрүүл Мэндийн Яамнаас (ЭМЯ) мэдээллээ. Африк тивээс гаралтай сармагчны цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчны вирусээр үүсгэгддэг, цагаан цэцэг өвчинтэй төстэй боловч хүндрэл багатай. Уг өвчний шинж тэмдэг ихэвчлэн 2-4 долоо хоног үргэлжилдэг ба сармагчны цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг. Өвчнөөс урьдчилан сэргийлэх аргын талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс (НЭМҮТ) зөвлөлөө. Тодруулбал Зэрлэг амьтанд хүрэх, зэрлэг амьтны мах, бусад эрхтнийг түүхийгээр идэхийг хориглох Мах, махан бүтээгдэхүүнийг сайтар болгож идэх Гараа тогтмол угаах, халдвартай хүний эд зүйлсийг хуваалцахаас зайлсхийх Эмнэлгийн ажилтан, мэргэжилтнүүд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг анхааруулж байна.

АТҮТ-ИЙН ДАРГА Б.ГҮРСОРОНЗОН ТА АЖЛАА ӨГНӨ ҮҮ !!!

АТҮТ -ийг өөрийнхөө байрандаа үнэгүй байлгаж, дагалдах үйлчилгээнүүдийн түрээсээр хөлжихийг санаархагчид үеийн үед байсаар ирсэн. Энэхүү эрх ашгаас хол байж ёстой АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон будлиан хутгаж, хариуцлагаас мултрахын тулд ажилчдаараа тайлбар өгүүлэн өөрөө сэтгүүлчээс зугтан байна. Нураах шүүхийн шийдвэр гарсан барилгад үйл ажиллагаа явуулна, улсын комисс хүлээж аваагүй барилгад түрээсийн төлбөр төлөхгүй суухыг санаархаж байна. Түүний энэ санаархлын хамсаатан нь дугаарын ченж Олзвой, мөнгө хүүлэгч Б.Лхагвасүрэн нар. Хамсаатнууд нь сэтгүүлчийг мөнгөөр дуугүй болгох гэж үзнэ, мөнгийг нь авахгүй бол сүрдүүлдэг Буруу гарын улс. Буруу гарын улс нь дугаарын дуудлага худалдааг будлиантуулж, зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэж, тэрүүхэндээ мафижсан гэдгийг учир мэдэх нэгэн нь хэлдэг, ярьдаг. Монгол улсын жирийн иргэн нь ганц машинаа оношилгоонд оруулах гэж зовж байхад дугаарын ченж нь 107 машин хаанаас ч юм гаргаж ирээд, л оношилгоонд оруулчихсан зарчихсан, будлиантуулсан байгаа юм. Б.Гүрсоронзон даргаа таны үед АТҮТ-ийн хотын салбарууд үүдээ барилаа. Таны дарга байх үед алба хаагчид чинь аавын хаалга татсаар байна. Удахгүй алба хаагчид чинь аавын хаалга татах нь ээ. Төрийн хуулийг төрийн дарга л хамаагүй гэх эрх мэдэлтэй юм Ерөнхий сайд аа? ЭХ сурвалж : tac.mn

Д.ГАНБАТ: ДОРОМЖЛОХ, ГҮТГЭХ ЗААЛТЫГ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ОРУУЛЖ БОЛОХГҮЙ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.05.23/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар мэдээлэл хийв. Тэрбээр "Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ. Үүнд, дэмжих боломжгүй хэдэн заалт байна. Тухайлбал, хэвлэлийнхэн та бүхэнтэй холбоотой доромжлох, гүтгэх заалтыг Эрүүгийн хуульд оруулж ирж байна. Бид 2015 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж байсан. Хэвлэлд үзэл бодлоо илэрхийлсний төлөө гүтгэх заалтаар эрүүгийн хариуцлага хүлээж болохгүй. Нөгөө талаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөгч эрүүгийн хариуцагчдыг албадан ирүүлэх тухай заалт оржээ. Энэ бол хор хөнөөлтэй зохицуулалт юм. "гэв.

Я.Содбаатар: Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд гаднын хөрөнгө оруулалтыг татах ач холбогдолтой хурал манай улсад болно

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) 2026 онд Монгол Улсад зохион байгуулах талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар "НҮБ-ын цөлжилттэй тэмцэх суурь конвенцод 196 орон нэгдэн ороод байна. Бүгд Найрамдах Кот Д’Ивуар Улсын Абиджан хотноо болсон хуралд 189 орны 7,000 гаруй төлөөлөгч нар оролцсон. Уг конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар боллоо. Манай улсад болох уг хуралд үүнээс олон төлөөлөгч ирэх магадлалтай. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр олон орны төлөөлөгч, төр засгийн удирдлагууд ирж байр сууриа илэрхийлдэг томоохон хурлыг анх удаа эх орондоо хийхээр болоод байна. Энэ нь Монгол Улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг гаргаж байгаа үйл ажиллагааны идэвх чармайлтыг өндрөөр үнэлж байна гэж бид үзэж байна. Олон улсын тавцанд Монголчууд өөрсдийгөө сурталчлах, цөлжилттэй тэмцэж байгаа өнөөгийн нөхцөл байдлаа олон улсын түвшинд гаргаж тавьж, үнэн зөвөөр ойлгуулах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр гаднын хөрөнгө оруулалтыг татах, техник технологийг нэвтрүүлэхэд уг хурлын гол ач холбогдол оршиж байгаа. Бэлтгэл ажил их чухал" гэлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Тавдугаар сарын 9-20-ны хооронд явагдсан цөлжилтийн эсрэг конвенцод Монгол Улс албан ёсны гишүүн орныхоо хувьд оролцоод ирлээ. Сая 15 дугаар дээд хэмжээний уулзалт амжилттай болсон. 16 дугаар хурлын хувьд Саудын Араб улс зохион байгуулна. Амьдралын эх нь газар гэсэн уриатайгаар энэ удаагийн хурал амжилттай зохион байгуулагдсан. Цөлжилт хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудал болоод байгааг дэлхийн бүх орны төлөөлөгч нар илэрхийлж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний талаар бид ярилцсан. Энэ нь зөвхөн мод тарьж ургуулах тухай асуудал биш. Хөрсний доройтол, цөлжилтийн эсрэг хийгдэж байгаа маш том агуулгатай ажил юм. 17 дугаар хурлыг Монгол Улсад амжилттай зохион байгуулахын тулд хичээн ажиллах болно. Өнөөдрөөс ажлын хэсгээ байгуулж, COP17-г амжилттай зохион байгуулахын тулд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, хөрсний судалгаа, чийгшилтийн асуудлыг бүс нутгийн хэмжээнд хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай" гэв.

БШУЯ: БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛД АМНЫ ХААЛТТАЙ ОРСОН ХҮҮХЭД АМИА АЛДСАН ГЭДЭГ НЬ ТАШАА МЭДЭЭЛЭЛ

Биеийн тамирын хичээлд амны хаалттай орсны улмаас нэг хүүхэд амьсгалын дутагдалд орж, эмнэлэгт хүргэгдэн амиа алдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна. Уг мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газраас тодруулахад "Хичээл дээрээ маск зүүж байгаад нас барлаа гэсэн мэдээлэл одоогоор цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй" хэмээн мэдээлэв. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан энэ талаар "Биеийн тамирын хичээлд масктай орсон хүүхэд амь насаа алдсан гэдэг мэдээлэл нь ташаа бөгөөд уг асуудлаар үдээс хойш дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэлээ. Ташрамд дурдахад, амны хаалттай дасгал хөдөлгөөн хийх үед хүний амьсгалж буй хүчилтөрөгчийн хэмжээ багассанаар хүчилтөрөгчийн дутагдалд орж амь насаа алдах аюултай гэдгийг ДЭМБ-аас зөвлөдөг. Тодруулбал, одоогоос нэг жилийн өмнө Японы Осака мужийн Такацука хотын бага сургуулийн тавдугаар ангийн сурагч биеийн тамирын хичээл дээр амны хаалттайгаа гүйж яваад ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ. Харин хоёр жилийн өмнө Хятадад мөн адил биеийн тамирын хичээл дээр амны хаалттайгаа гүйж байсан гурван хүүхэд ухаан алдаж, улмаар амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан. Иймд, Дасгал хөдөлгөөнөөр хичээллэх явцад амны хаалт хэрэглэж болохгүй. Учир нь чөлөөтэй амьсгалахад хүндрэл учруулдаг Хөлс, шүлс нь амны хаалтыг норгож, нянгийн өсөлтийг бий болгож, хүчилтөрөгчийн хэрэглээг бууруулдаг Дасгал хөдөлгөөнөөр хичээллэхдээ бусдаас дор хаяж 1.5-2 метрийн зайг барьж халдвараас урьдчилан сэргийлэхийг ДЭМБ зөвлөмж болгодог юм.

PUBG MOBILE ТӨРЛИЙН ӨМНӨД АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХАВРЫН ТЭМЦЭЭНД "STALWART ESPORTS" БАГ ТҮРҮҮЛЖЭЭ

"PUBG Mobile Pro League - South Asia Championship Spring 2022" буюу PUBG Mobile тоглоомын Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн амралтын өдрүүдэд боллоо. Бангладеш, Пакистан, Балба, Монгол улсын төлөөлөл 16 баг өрсөлдсөн тэмцээн Монгол улсын төлөөлөл "Stalwart Esports" баг түрүүлж 40 мянган ам.доллароор шагнуулав. Stalwart Esports арын багаасаа 50 оноо тасарч Өмнөд Азид бусдаасаа илүү гэдгээ баталлаа. Мөн Монгол улсын төлөөлөл "Seal Esports" баг 5-р, "IHC Esports" баг 7-р байр эзлэв. Хүснэгт: Stalwart Esports /Монгол/ - 40 000$ Trained to Kill /Балба/ - 28 000$ JyanMaara /Балба/ - 18 000$ i8 Esports /Пакистан/ - 10 000$ SEAL Esports /Монгол/ - 7 000$ DRS GAMING /Балба/ - 6 000$ IHC ESPORTS /Монгол/ - 5 500$ Skylightz Gaming /Балба/ - 5 500$ Deadeyes Guys /Балба/ - 4 000$ 52xRage Esports /Пакистан/ - 4 000$ Phantom Esports - 4 000$ High Voltage - 4 000$ The Grounders /Пакистан/ - 3 000$ Free Style /Пакистан/ - 3 000$ R3GICIDE /Пакистан/ - 3 000$ Team TUF /Пакистан/ - 3 000$

1 ... 218 219 220 221 222 223 224 225 226 ... 327