НЭГҮҮН МЭДЭЭ
“Гурван бөхийн шинжилгээний хариу ирээгүй байна”

-Допингийн шинжилгээг хэчнээн бөхөөс авсан бэ. Энэхүү ажлын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу? -Энэ жил Баяр наадмын тухай шинэчилсэн найруулгыг баталж, үндэсний бөх болон сурын харваанд оролцож байгаа тамирчдаас допингийн шинжилгээ авсан. Өөрөөр хэлбэл, өмнө нь тав болон түүнээс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авч байсан бол энэ жилээс дөрөв болон түүнээс дээш давсан бөх, сурын шөвгөрсөн бөхчүүд буюу нийт 80 хүнээс допингийн шинжилгээ авсан. Нийт 80 хүний 16 нь харваач, 64 нь бөхчүүд байна. Допингийн шинжилгээг цагдаа болон тагнуулын байгууллагын хяналт оролцоотойгоор допингийн эсрэг үндэсний хорооны ажилчид авсан. Үүнийг хамгаалалтайгаар Солонгос улсын итгэмжлэгдсэн лабораторид илгээсэн. Эхнээсээ хариу нь ирж байгаа ч 80 хүний хариу бүрэн ирээгүй байгаа тул зохих журмаар нээж, хариутай танилцаагүй байна. Гадуур тодорхой бөхчүүд допинг хэрэглэсэн байна гэсэн ташаа мэдээллүүд явж байна.Одоогоор хэн нэгэн этгээд допинг хэрэглэсэн, хэрэглээгүй гэдэг асуудал дээр хариулт хэлэх болоогүй. 80 хүний 77-гийнх нь хариу ирсэн бол гурван бөхийн хариу ирээгүй байна. Хариу нь бүрэн ирэхээр зохих журмын дагуу олон нийтэд мэдээлэх болно. Шинжилгээг бид хийдэггүй тул шинжилгээ хийдэг байгууллагаас хариу ирэхээр ил болгоно. Допингийн эсрэг үндэсний төвд хариу ирэхээр хамтран мэдээлнэ. -Допингийн шинжилгээний хариу допингийн эсрэг байгууллагаар дамжин ирж байгаа. Тэгвэл хариуг дунд нь задруулахгүй байж чадаж байгаа юу? -Олон улсын итгэмжлэгдсэн байгууллагаас ирж байгаа материалыг солих наана, цаана болгох боломжгүй. Дараа нь допинг хэрэглэсэн бөхчүүдийн мэдээлэл натод орчихдог. Ямар нэг байдлаар хэрэглэсэн хүнийг хэрэглээгүй болгох ч гэдэг юм уу тийм зүйл байхгүй. Нэр бүхий гишүүдээс үндэсний биеийн тамирын спортын тухай хуульд өөрчлөлт оруулж допингийн эсрэг тодорхой өөрчлөлтүүдийг хийж байна. Тэмцээн уралдаанаа эх орондоо зохион байгуулдаг тул допингийн шинжилгээг түргэн шуурхай гаргадаг байх үүднээс өөрсдийн лабораторитой болох асуудал яригдаж байна. Мөн мэдээлэлтэй хэн ч танилцаагүй байна. Хий хоосон талцах, хуваагдах байдалд битгий оруулаасай гэж хүсэж байна. Олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн байгууллагаас хариу яагаад удаж байгааг бид мэдэхгүй. -Допингийн шинжилгээний төсөв гэж хэдэн төгрөгийн төсөв төсөвлөдөг вэ? -Жил жилдээ допингийн эсрэг үндэсний төв, бөхийн холбоо магадгүй өөрсдөө төлбөрөө төлөөд шинжилгээ хийлгэж байгаа. Мөн спорт, баяр наадмыг зохион байгуулж байгаа зохион байгуулагч тал зардлаа хариуцаад явдаг.

ОЛИМПЫН ГҮҮРНИЙ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦЫГ УГСАРЧ ЭХЭЛЛЭЭ

Замын цагдаагийн газрын ойролцоох Олимпын гүүрний явган хүний гарц барих ажил хил гааль хаалттайн улмаас хойшлогдоод байсан. Тэгвэл саяхан металл хийцүүдийг тээвэрлэн авчирч, явган хүний гарцыг үндсэн гүүртэй угсрах ажил эхлээд байна. Өнгөрсөн хугацаанд үндсэн гүүрийн бүтээн байгуулалт болон Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчилж дууссан. Одоогийн байдлаар явган хүний гарцын угсралтаас гадна үндсэн гүүрний урд талын “U” хэлбэрийн буцаж эргэх авто замын зүүн талын 40 метр, баруун талын 60 метр урт тулц хана болон суурийн хоёр үе бетон цутгалт хийж, авто замд хашлага суурилуулж байгаа юм. Олимпын гүүрийг барих төсөл 2016 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн. Энэ хугацаанд 1.4 км орчим гүүр, 2.5 км авто зам, инженерийн байгууламжийг цогцоор нь барьж байгуулсан бөгөөд нийт ажлын явц 95 хувьтай байна.

Хүүгээ өргүүлэх зар тавьсан эмэгтэйд албаныхан тусалж байгаа гэв

"Төрөөд сар болж байгаа хүү өргүүлнэ. Авах хүн байвал аваарай. Тэжээж өсгөхөд бэрх байна" гэсэн зарыг "Улаанбаатар хотын хамгийн том зарын нэгдсэн групп" цахим хуудаст наймдугаар сарын 5-нд байршуулсан. Тус зарын эзэнтэй холбогдоход “Өглөө гар утсаа хулгайд алдсан. Миний утас кодгүй. Утсан дээр хүүхдийн маань зураг байсан. Манайх хоёр хүүхэдтэй. Бага маань сар ч хүрээгүй. Дөнгөж сая сим картаа сэргээлгэтэл маш олон хүн, цагдаа ч бас залгаж байна. Миний фэйсбүүкээр өөр хүн орж, хүүхдийн минь зургийг ашиглан зар тавьсан бололтой. Цагдаад гомдол гаргана” гэх хариултыг өгсөн. Гэсэн ч цагдаагийн байгууллагаас шалгаад тус зарыг тухайн эмэгтэй өөрөө тавьсан нь тогтоогдоод буй. Шалгалтаар Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, 22 настай, эмэгтэй С нь өөрийн нөхөр, 26 настай Б-тэй таарамжгүй харьцаатай байсан тул сэтгэл санаа хямарсан үедээ тухай постыг нийтэлсэн байна. Хүүхэд 28 хоногтой бөгөөд нөхцөл байдлыг харгалзаж эх, хүүхдийг Түр хамгаалах байранд аваад байсан. Цагдаагийн байгууллагаас аюулын зэргийн үнэлгээг хийснээр эх, хүүхдийг хамтад нь цагдаагийн байгууллагын Түр хамгаалах байранд авч, аюулгүй байдлыг нь ханган, хорооны хамтарсан баг, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран туслалцаа үзүүлсэн болохыг ЦЕГ-аас мэдээллээ. Цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл нээж, зар тавьсан эмэгтэйн гэр бүл, нөхрөөс нь мэдүүлэг авчээ. Учир нь урьдчилсан байдлаар гэр бүлийн хүчирхийллээс хамаарсан байж болзошгүй гэж үзсэн байна. Гэхдээ шалгалтаар гэр бүлийн хүчирхийлэл гэж үзээгүй учир тухайн гэр бүлд Гэр бүл хүүхэд, залуучуудын газраас тусламж үзүүлж байгаа аж. Тухайлбал, хамтарсан баг ажиллаж сэтгэлзүйн зөвлөгөө өгч, тухайн гэр бүлийг хяналтад авсан гэлээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: УЛЗ ГОЛ ЭРЭЭНЦАВ ОРЧИМ ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНГЭЭС ДАВАН ҮЕРЛЭЖЭЭ

Цаг уурын байгууллагын мэдээллээр өнөөдөр Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нуруунаас эхтэй Хөгшин Орхон, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна. Мөн Улз гол Эрээнцав орчимд үерийн аюултай түвшинг 20 см давжээ. Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Иймд дээр дурдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЯНДАНГААС ГАРЧ БАЙГАА ДУУ ЧИМЭЭ СТАНДАРТАД НИЙЦСЭН ЭСЭХЭД ХЯНАЛТ ТАВЬЖ ЭХЭЛЛЭЭ

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЯНДАНГААС ГАРЧ БАЙГАА ДУУ ЧИМЭЭ СТАНДАРТАД НИЙЦСЭН ЭСЭХЭД ХЯНАЛТ ТАВЬЖ ЭХЭЛЛЭЭ Замын хөдөлгөөнд оролцож байгаа мотоцикл болон тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ стандарт хэмжээнээс хэтэрсэн эсэхэд тавих хяналт шалгалтыг наймдугаар сарын 3-наас зохион байгуулж байна. Хяналт шалгалтын хугацаанд 238 тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан “Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд” MNS4599:2003 стандартын шаардлага хангаж байгаа эсэх талаар техникийн үзлэг оношилгооны төвүүдээр дүгнэлт гаргуулах ажлыг явууллаа. Энэ хугацаанд шаардлага хангахгүй байгаа 36 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.15-д заасны дагуу торгууль оногдуулжээ. Тодруулбал: 14.7 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 15. Энэ зүйлийн 14 дэх хэсэгт зааснаас бусад ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан үйлдлийг таслан зогсоох талаар зөрчил гаргагч нарт зөвлөгөө, зааварчилга өгч хариуцлага тооцох ажлыг явуулж байгаа бөгөөд энэхүү хяналт шалгалтын арга хэмжээ энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ хэмээн мэдээлэв. Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба

Туул голд бохирдлоо цутгасан “Батбродерс майнинг”-ийн үйл ажиллагааг зогсоожээ

Туул голын сав газрын захиргаанаас өчигдөр /2022.08.15/ “Батбродерс майнинг” ХХК-ны ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоосон байна. Тодруулбал, Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний биелэлтэд хяналт тавин ажиллах хүрээнд зөрчлүүдийг илрүүлсэн аж. “Батбродерс” ХХК нь Булган аймгийн Дашинчилэн сумын “Доргонот” нэртэй газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байжээ. Ингэхдээ хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан, техникийн тос, масло болон унд ахуйн хаягдал бохир усыг хөрсөнд шингээж бохирдуулсан байна. Мөн уурхайн ухлагийн бохирдолтой усыг Туул голд шууд нийлүүлж байсан зөрчлүүдийг илрүүлэн, нийлүүлсэн хэсгээс бохирдлын хэмжээг тогтоох зорилгоор шинжилгээнд дээж авч, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг өчигдрөөс хязгаарлажээ.

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ТОВЧООДОД 24 ЦАГИЙН ШАЛГАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалт авто тээврийн товчоодод үүрэг гүйцэтгэж эхэллээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагаар үүрэг гүйцэтгэх бөгөөд ирэх аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм. Алба хаагчид: Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн Тэрэлж, төмөр замын 4-р зөрлөгийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Баянзүрх дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Биокомбинатын шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэн ажиллана. Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Тамхины иш түүх нэг сарын аяныг 21 аймагт зарлалаа

"Бөмбөрцгийн Сүмбэ" хүүхдийн байгууллагаас "Аюулыг авдарлая-1" уралдааныг 21 аймагт энэ сарын 16-наас есдүгээр сарын 16-ныг хүртэл хугацаанд зарлав. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаар орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд энэхүү уралдааныг дэмжин, хамтран ажиллаж буй юм байна. Энэ ажлын хүрээнд 21 аймагт хог хаягдал болсон тамхины ишийг түүх, холбогдох байгууллагад шилжүүлэх ажлыг хийхээр төлөвлөжээ. "Аюулыг авдарлая-1" уралдааныг хавдар, харшил зэрэг олон өвчний суурь шалтгаан болдог, байгальд уусаж шингэдэггүй хуванцраас бүтсэн, хурдан бутардаг зэрэг сөрөг үр дагавартай тамхины ишийг өөрийн амьдардаг гэр, байр, хашаа, гудамж, тоглоомын талбай, голын эрэг орчмоос түүж савлан орчноо цэвэрлэх, цаашлаад татсан тамхины ишээ шууд савлаж сургах зорилгоор зохион байгуулж буй аж. Хамгийн олон сав тамхины иш түүсэн тэргүүний аймгийг тодруулах юм байна. Аймаг, сумын иргэд нас, хүйс харгалзахгүй гурван гишүүнтэй нэг баг бүрдүүлэн оролцоно. Шалгаруулах журам: Хамгийн олон сав тамхины иш түүсэн гурван багийг аймаг тус бүрд шалгаруулж, урамшуулж, алдаршуулна. Нэг баг хамгийн багадаа 30 сав иш түүх бөгөөд, нэг аймгаас таван баг оролцох боломжтой. Багууд есдүгээр сарын 16-ныг хүртэл Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Байгаль орчны мэргэжилтэнд багийн нэрээ бүртгүүлэн цуглуулсан савтай ишээ тоолуулж хураалгана. Шагналын сан: /Аймаг тус бүрд/ Тэргүүн байр: 200,000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг Хоёрдугаар байр: 150,000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг Гуравдугаар байр: 100,000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг

ЖИН ДУТУУ БУДАА САВЛАЖ, ХУДАЛДСАН ИРГЭНИЙГ ТОРГОЛОО

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлагийн даргын 2022 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн 01/13 дугаартай удирдамжийн дагуу зах зээлд худалдан борлуулагдаж буй будааны савлагаа, хаяг шошгололтын мэдээлэл нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын явцад хаяг шошгололтын мэдээлэл нь стандартын шаардлага хангадаггүй, жин хэмжээндээ хүрдэггүй, савласан будааны оноосон нэр нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа зэрэг зөрчил, дутагдал илэрлээ. “Бамбарууштай будаа” гэх нэртэй савласан будааны шошгололт дахь жингийн хэмжээ нь зөрүүтэй буюу жин дутуу будааг савлаж, худалдан борлуулсан иргэнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу мөнгөн торгууль оногдуулж, Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлэн ажиллалаа. Савласан будааны хаяг, шошгололтын стандарт, гарал үүсэл, жин хэмжээндээ хүрч байгаа эсэхэд хийгдэж байгаа хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. Хэрэглэгч таны зүгээс дээрх хяналт шалгалттай холбоотой зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газар мэдээлэх бол дараах хаягаар хандах боломжтой. -Хэрэглэгчийн мэдээллийн төвийн утас: 155 -Иргэд олон нийттэй харилцах төвийн утас: 11-11 -Цахим хаяг: afccp.gov.mn -Цахим шуудан: bichigkhereg@afccp.gov.mn -Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар - twitter.com/afccpmn -“e-barimt.mn” хавсралт болон цахим хаягаар -https://www.facebook.com/groups/391583442769715/ бүлгэм зэрэг цахим хаягуудаар мэдээллийг хүлээн авч байна.

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨР ЭНЭ ОНД 6030 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА

Нийслэл ийн Засаг дарга Улаанбаатар хотод байгаа ашиглалтын шаардлага хангахгүй 344 барилга байгаагийн 105-ыг нь дахин төлөвлөх захирамж гаргажээ. Үүнд 99 төсөл хэрэгжүүлэгч шалгарч, 2022-2023 онд дахин төлөвлөлтийн хүрээнд 6030 айлыг орон сууцанд оруулахаар зорьж байгааг НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хурлын үеэр нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга мэдээлэв. Ашиглалтын шаардлага хангахгүй хуучны орон сууц голдуу 12-46 м/кв байдаг бөгөөд төсөл хэрэгжүүлэгч нар орон сууц эзэмшигчид 4-8 м/кв нэмж өгөх байдлаар тохиролцдог. Дахин төлөвлөлтөөр барьж буй барилгын талбайн хэмжээ том байдаг тул иргэд мөнгө нэмж төлөх нөхцөл үүсдэгийг тэрбээр тодотгов. Мөн иргэд 1 барилга дээр 2 болон түүнээс дээш үл хөдлөх эзэмшиж буй тохиолдолд дахин төлөвлөлтийг эсэргүүцэх нь түгээмэл. Тэр тусмаа 1 давхрын сууцыг зөвшөөрөлгүй үйлчилгээний талбай болгон, аж ахуйн нэгжийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа нь нөхөн төлбөрийн тухайд хүндрэл учруулж байгааг тэмдэглэжээ. Төлөөлөгч Д.Энхбаяр Баянзүрх дүүргийн 13, 14-дүгээр хороон дахь дахин төлөвлөлтийн төслийн талаар ярихдаа, “ Төсөл хэрэгжүүлэгч шалгарсан, иргэдийн газрыг чөлөөлж, барилгын карказ босгосон ч нийслэлээс дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг батлаагүй”-г дурдсан юм. Иймд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эхний удаад зураг төслийн санхүүжилтийг шийдэх боломж бий эсэхийг тодрууллаа. Харин төлөөлөгч Б.Өнөбатын хувьд дахин төлөвлөлт хийхдээ барилгын давхрыг нь нэмж байгааг шүүмжиллээ. Тэрбээр “Хуучны 4 давхар барилгыг нураагаад 12 давхар болгоод байвал төвлөрөл, түгжрэл шийдэгдэхгүй. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа хүчин чадлыг нэмэхгүй байх байр суурь баримтлах” санал гаргав. Эцэст нь тус хорооны дарга Б.Сүхбаатар аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэх саналд орж ирэхгүй байгаа дахин төлөвлөлтийн талбарт ногоон байгууламж, спорт талбай, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтэц бий болгох хувилбарыг боловсруулахыг Хот байгуулалт хөгжлийн газарт үүрэг болгосныг нийслэлийн ИТХ-ын ХМТ мэдээлэв.

1 ... 189 190 191 192 193 194 195 196 197 ... 327