НЭГҮҮН МЭДЭЭ
ХЯРГАС НУУРЫН ЭРЭГТ ҮҮССЭН ХОГИЙН ЦЭГИЙГ НҮҮЛГЭЖЭЭ

Хяргас нуурын эрэгт үүссэн хогийн цэгийг нүүлгэж, дахин хогийн цэг үүсгэхгүй байх сануулгыг аж ахуй нэгжүүдэд өгчээ. БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Увс аймагт ажиллах үед Хяргас нуурын эргээс 5 км-ын зайд үүссэн хогийг цэгийг нүүлгэх төсвийг шийдвэрлэж, уг ажлыг гүйцэтгэх үүргийг Хан Хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газрын дарга Б.Цэлмэгдалайд өгсөн байна. Уг ажлын хүрээнд долоо хоногийн дотор нийт 600 орчим тонн хогийг цэвэрлэж, нүүлгэн шилжүүлэх ажлыг бүрэн хийж гүйцэтгэжээ.

НАРНЫ ХОРООЛОЛД ТАРВАГАН ТАХЛЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

Нийслэлийн Баянгол дүүргийн 3-р хороо, “Нарны хороолол”-д оршин суух хаягтай айлд Хэнтий аймгаас ирсэн иргэнээс тарваган тахлын сэжигтэй шинж тэмдэг илэрчээ. Иймд иргэд та бүхэнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

173 ТЭРБУМ ТОНН НҮҮРСНИЙ ТААМАГ НӨӨЦТЭЙ Ч УРД ХӨРШӨӨС КОКСЖУУЛСАН НҮҮРС АВНА

Нийслэлийн удирдлагууд 500 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргаж, үүний 177 тэрбумыг БНХАУ-аас хагас коксжсон нүүрс асаагуурын хамт худалдаж авах шийдвэрт хүрчээ. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “177 тэрбумаас 30 орчим тэрбум төгрөгөөр асаагч авна. Үлдсэн 147 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас коксжсон нүүрс худалдан авна” гэсэн юм. Манай улсын нүүрсний нийт таамаг нөөц 173 тэрбум тонн. Нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт жагсдаг. Энэ салбарын эрдэмтэд Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх нүүрсний нөөц бий гэцгээдэг. Гэтэл урд хөршөөс хагас коксжсон нүүрс авах шийдвэр олон хүнийг бухимдуулаа.

ҮЕРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙГАА 15 АЛБА ХААГЧААС ГЭДЭСНИЙ СУУЛГАЛТ ИЛЭРЧ 8 ХҮНИЙ БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД БАЙНА

Үерийн гамшгийн дараах цэвэрлэгээ, хэвийн байдалд оруулах зам засварын ажил зэргийг хийж гүйцэтгэж байгаа албан хаагчдын 15 хүнд гэдэсний суулгалт өвчин илэрчээ. Одоогоор наймынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж.Иймд иргэд дор бүрнээ халдвар хамгаалалын дэглэм сахихыг анхааруулж байна.

Б.ГАНХУЯГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН НЭГ САРЫН ХУГАЦААТАЙ ЦАГДАН ХОРИХООР БОЛЛОО

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг өнгөрсөн баасан гарагт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ. Тэгвэл ЭТТ-н Б.Ганхуягийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацаа өчигдөр буюу наймдугаар сарын 8-ны өдөр дууссан. Үүнтэй холбоотойгоор түүнийг үргэлжүүлэн хорих эсэх шийдвэр гарч, түүнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болжээ.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: НИЙСЛЭЛИЙН УТААГ БАГАСГАХЫН ТУЛД ХЯТАДААС НҮҮРС АВНА

Нийслэл нийт 500 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргаж, үүний 177.5 тэрбум төгрөгөөр нь БНХАУ-аас хагас коксжсон нүүрс асаагуурын хамт худалдаж авах талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НИТХ-д танилцуулсан. Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн НИТХ-д оролцож энэ талаар дараах байр суурийг илэрхийлжээ. "Утааг бүрэн гүйцэд алга болгоно гэж гоё юм ярьж чадахгүй. Харин багасгая гэж байгаа юм. Ирэх өвөл 12 дугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 31-ний хооронд галлагаа хийнэ. 177 тэрбум төгрөгийн 30 орчим тэрбум төгрөг нь асаагч байна. Үлдсэн нь хагас коксжсон нүүрс худалдан авахад зарцуулна. Улаанбаатар хот 1.6 сая хүнтэй болсон. Олон хүндрэл, сорилтууд тулгарч байна. Ийм л шийдэл байна. Хамгийн төгс төгөлдөр шийдэл гэж хэлэхгүй. Гэхдээ зүгээр байснаас оролдоод үзье гэсэн шийдвэр гарсан. Энэ өвөл Улаанбаатар хотод үүнийг туршина. Туршилт гэдэг үгнээс айхгүй байна" хэмээв.

НИЙСЛЭЛИЙН 2023 ОНЫ ТӨСӨВТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар Нийслэл дотоодын зах зээлд үнэт цаас арилжаалж, татан төвлөрүүлсэн хөрөнгөөр зарим төсөл арга хэмжээг санхүүжүүлэхтэй холбоотойгоор Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн. Тус хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр хороод, намын бүлгүүдийн санал дүгнэлтийг сонсож, Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт намын бүлгүүд болон хороодоос гаргасан саналыг тусгах эсэх асуудлаар санал хураалт явуулсан юм. Тодруулбал, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус паркийн барилгын: I ээлжийн төсөл арга хэмжээг 639,8 сая төгрөгөөр нэмж санхүүжүүлэх, Авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл арга хэмжээний хүрээнд газар чөлөөлөх, нөхөн олговрыг 9 тэрбумаар нэмэгдүүлэх зэрэг намын бүлгүүдээс гарсан саналыг дэмжлээ. Харин “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус паркийн барилгын II ээлжийн ажлын 2023 онд санхүүжих хөрөнгийг 639,8 сая төгрөгөөр бууруулах, “Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам гүүрэн байгууламж, олон түвшний огтлолцлын ажлын 2023 онд санхүүжих хөрөнгийг 9 тэрбумаар бууруулахаар болов. Нийслэлийн 2023 оны төсвийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх: хотын шуудын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 255,933,000.0 мянган төгрөг, замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 65,684,200.0 мянган төгрөг, нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 429,066,130.0 мянган төгрөг, 2022-2023 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 233,958,028.7 мянган төгрөгөөр баталлаа.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТЫН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээ буюу RFID технологийг суурилуулах ажлыг нийслэлээс эхэллээ. RFID систем нь төрийн байгууллага болон замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцоог сайжруулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, замын хөдөлгөөнийг хянах, удирдах, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх юм. Өөрөөр хэлбэл, цахим гэрчилгээ буюу RFID технологийг суурилуулснаар авто зам ашигласны төлбөр хураамж, татвар, оношилгоо, даатгал зэрэг тээврийн хэрэгслийн нэгдсэн сан үүснэ. 2022 оны жилийн эцсийн байдлаар 103 тэрбум гаруй төгрөгийн торгуультай тээврийн хэрэгслүүд зорчиж байна гэх тоон мэдээлэл бий. Тэгвэл уг системийг нэвтрүүлснээр торгуулиа тодорхой хугацаанд төлдөг, заасан хугацаанд төлөөгүй бол алданги тооцдог болохоос гадна татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй юм. Мөн жолооч нар машинаа хэдийд оношлуулах, төлбөр тооцоогоо цахимаар төлөх, аль зам засвартай байгаа, түр хаасан зэрэг мэдээлэл авах боломжтой.

ХЭРХЭН ХУУРАМЧ ХОЛБООСООС СЭРГИЙЛЖ, ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ, МӨНГӨН ХӨРӨНГӨӨ ХАМГААЛАХ ВЭ?

Цахим орчинд хуурамч холбоос байршуулан, улмаар иргэдийн хувийн мэдээлэл, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар олж авах оролдлого сүүлийн үед нэмэгдэх хандлагатай болсон. Энэ төрлийн хуурамч холбоос буюу URL нь ихэвчлэн хэрэглэгчтэй хамааралтай вэбсайт эсвэл санхүүгийн томоохон байгууллагаас явуулсан мэт итгэл үнэмшилтэй харагддаг учир хэрэглэгч хууртагдан хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй юм. Хуурамч холбоос нь таныг дараах үйлдлийг хийхийг шаарддаг. Тухайлбал, “Дэлгэрэнгүй”, “Бүртгүүлэх бол энд дарна уу”, “Төлбөрөө энд дарж хийнэ үү” гэх мэт холбоос дээр дарах, нууц үгээ ору улах, хавсралт файл болон бусад мэдээллийг бөглүүлэх гэх мэтээр таны мэдээллийг авах зорилготой бөгөөд энэ нь фишинг халдлага байж болох юм. Түүнчлэн ямар нэгэн томоохон байгууллагын нэрийг ашиглан зээлийн үйлчилгээ, бүтээгдэхүүн худалдан авахыг санал болгосон и-мэйл байдлаар хүмүүс рүү илгээдэг. Иймд харилцагч та хуурамч холбоос бүхий сайт руу хандахгүй байж, хувийн болон санхүүгийн мэдээллээ оруулахаас зайлсхийн, цахим залилангийн хохирогч болохоос сэргийлээрэй. ХААН Банкны хувьд цахимаар бүтээгдэхүүн болон зээлийн үйлчилгээ санал болгохдоо албан ёсны вэбсайт болон page хуудсаараа дамжуулан мэдээлдэг бөгөөд хувийн ямар нэг нууцлалтай мэдээлэл оруулахыг шаардсан холбоос бүхий мэдээлэл түгээдэггүй билээ. Аливаа холбоос агуулсан мэдээлэл танд ирсэн тохиолдолд дараах зөвлөмжийг заавал мөрдөж хэвшээрэй: Та банкны вэбсайтад хандан төлбөр төлөх шаардлагатай болсон үедээ хамгийн түрүүнд тухайн URL холбоосны домэйн хаяг зөв бичигдсэн эсэхийг нягталж тулгаж хараарай. ХААН Банкны вэбсайт: / ХААН Банкны Интернэт банк /иргэн/: https:// e.khanbank.com/auth/login ХААН Банкны Интернэт банк /байгууллага/: https :// sbeta.khanbank.com/auth/login ХААН Банкны Цахим салбар: https:// online-branch.khanbank.com/ipo/mn/information Мөн та интернэтээс аливаа бүтээгдэхүүн худалдан авч, цахимаар гүйлгээ хийх шаардлагатай болсон үедээ “Энд дарж төлбөрөө төлнө үү” гэсэн хүсэлтэд болгоомжтой хандаж, сайтар нягтлаарай. Хэрэв дээрх холбоосоос өөр тэмдэглэгээтэй, банкны аппликэйшнтэй төстэй нэр хаяг бүхий вэбсайт руу шилжин орвол нэвтрэх нэр, нууц үгээ хийхээс татгалзаарай.

JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГА 2 ХОНОГТ 30 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ЦУГЛУУЛЖЭЭ

Үерийн гамшиг болсон Баянзүрх дүүрэгт иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, хүнд нөхцөл байдал үүсээд байна. Иймд 21 дүгээр хорооны нутаг 127 дугаар сургуулийг түр байр болгож хоол хүнс, халуун цай, цэвэр ус, хөнжил гудас, хувцас зэрэг шаардлагатай бүх зүйлийг бэлдээд байгаа юм. Энд үерт хохирсон иргэдэд тусалж байна. Гамшигт нэрвэгдсэн иргэдэд аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд болон иргэд тусламжийн гараа сунгаж хандивын аян өрнүүлж эхэлжээ. Тэдний нэг нь JCI Монгол байгууллага. Олон улсын залуучуудын төлөөлөл болсон энэ байгууллагын хамт олон богино хугацаанд 30 сая гаруй төгрөг, хүнс, бараа бүтээгдэхүүний хандив цуглуулсныг өнөөдөр хүлээлгэн өглөө. JCI Монгол ТББ-ын 2023 оны үндэсний ерөнхийлөгч С.МӨНХДЭЛГЭР :БОГИНО ХУГАЦААНД ХАНДИВ ЦУГЛУУЛЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ БАЙГААДАА БАЯРТАЙ БАЙНА JCI Монгол байгууллагаас хандивыг хүлээлгэн өгч байна. 2023.08.08 -JCI Монгол байгууллага нь 18-40 насны бизнес эрхлэгч залуусын байгууллага. 1300 гишүүн 17 салбартай. Нийт 1000 гаруй гишүүн тусламжийн аянд оролцож салбаруудад уриалга гаргалаа. Бид 30 орчим сая төгрөгийн бэлэн мөнгө, ус, хүнс болон бараа бүтээгдэхүүнийг цуглуулж чадлаа. Нэн түрүүнд хэрэгцээтэй цэвэр ус, хүнс, эмийн бүтээгдэхүүн болон хичээлийн хэрэгсэл, айлуудад сандал, ширээ, аяны хөнжил, мишок зэргийг бэлдсэн. Байгалийн гамшиг хэлж ирдэггүй. Тиймдээ ч JCI Монгол байгууллагын гишүүд нийгмийн хариуцлагын хүрээнд хандив гардуулж өгч байгаад маш баяртай байна. Иргэдэд үер усны аюулаас болгоомжлоорой. Мөн Нийслэлийн онцгой комиссын хамт олон амжилт хүсье гэлээ. ТАВАН УЛСЫН ГИШҮҮН 10 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЖЭЭ JCI Монгол ТББ нь дэлхийн 115 улсад үйл ажиллагаа явуулдаг байна. Олон орны бизнес эрхлэгч залуус нэгдсэнээрээ ялгардаг энэхүү байгууллагад гишүүн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид хандив өргөжээ. JCI Монгол Тухайлбал, хүнсний манлай үйлдвэрлэгч АПУ ХХК цэвэр ус, Emart сүлжээ дэлгүүр хүнсний бүтээгдэхүүн зэргийг хандивласан байна. Мөн гишүүн орнууд болох Хонгконг, Вьетнам, Сингапур, Франц зэрэг 5 улсаас нийт 10 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлсэн аж. Тэдний төлөөлөл Хонгконг улсаас "Бид бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголд болсон үерийн мэдээг үзэж санаа зовсон. Хонгконг улс JCI байгууллагын гишүүн орон байдагт баяртай байна. JCI бол маш идэвхтэй, хүсэл эрмэлзэлтэй залуусын байгууллага. Тиймээс ч энэ цаг үед богино хугацаанд нэгдэж тусламж дэмжлэг үзүүлж байгаад баяртай байна" гэсэн юм. ХҮҮХДҮҮДИЙГ БАЯРЛУУЛАХААР ХЭРЭГЦЭЭТЭЙ ТУСЛАМЖ БОЛЛОО ГЭВ Дээрх хандивыг Баянзүрх дүүргийн Улаанзагалмайн хороонд хүлээлгэн өгсөн билээ. Тус хорооны аргазүйч А.Соёлоо хэлэхдээ “Байгалийн гамшиг ямар аймшигтай болохыг бүгд л харж байгаа байх. Ялангуяа Баянзүрх дүүргийн 20, 21, 29, 27 дугаар хорооны маш олон өрх нэрвэгдсэн. Бидэнд иргэд, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага хандаж сэтгэлийн тус дэм өгсөөр байна. Үүний нэг нь JCI Монгол олон улсын байгууллага маш хэрэгцээтэй хандив гардуулж өглөө. Өмнө нь биднээс хэрэгцээтэй зүйлсийг асууж байсан. Гэтэл хоёр хоногийн дараа л тусламж өглөө. Ялангуяа есдүгээр сар дөхөж байна, үерт автсан айлуудын хүүхдүүд өмссөн хувцастайгаа л үлдсэн. Ийм үед хичээлийн хэрэгсэл хандивлаж байгаа нь олон хүүхдийг баярлуулах байх” гэлээ. JCI Монгол ТББ нь 200 хүүхдийн хичээлийн хэрэгсэл, 250 орчим шинэ хувцас, 50 ширхэг аяны дулаан хөнжил мишок, гэдэсний эм болон хүүхдүүдэд зориулсан витамин, цэвэр ус, хөнжил гудас зэргийг ийнхүү хоёр хоногт цуглуулж тусламж үзүүлсэн нь энэ юм.

1 ... 140 141 142 143 144 145 146 147 148 ... 370