НЭГҮҮН МЭДЭЭ
НЭР ДЭВШИГЧИЙГ ШАЛГАРУУЛАЛТАД ТЭНЦҮҮЛЭХЭЭР ХЭЛТСИЙН ДАРГЫГ ӨӨРЧИЛЖЭЭ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Шинэчлэгдсэн хуулиар Шүүхүүдэд гарсан сул орон тоонд шүүгчдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж, хамгийн өндөр оноо авсан шүүгчдийг УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгч томилохоор заажээ. Энэ дагуу өнгөрсөн долоодугаар сард Шүүхүүдийн сул орон тоог нөхөхөөр Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-өөс сонгон шалгаруулалт зарлаж, нийлбэр оноогоор тэргүүлсэн найман шүүгчийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон гэдгээ ШЕЗ-өөс зарласан. Гэвч дээрх сонгон шалгаруулалт, ялангуяа Улсын дээд шүүхийн шүүгчийн шалгаруулалтад эрх мэдэлтнүүдийн “лобби” орж, өөрсдийн хүнийг нэр дэвшүүлэн, сонгосон гэдэг мэдээлэл олны анхаарал татсаар ирсэн юм. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам өөрийн хүүгийн найз болох Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэнг нэр дэвшүүлж, сонгон шалгаруулалтад тэнцүүлэхийн тулд Шалгалт авах хэлтсийн даргыг өөрчилсөн гэдэг мэдээлэл өнөөдрийн /2022.12.02/ УИХ-ын чуулганы үеэр яригдлаа. Эргэн сануулахад, Д.Зүмбэрэллхам болон М.Пүрэвсүрэн нарын хамаарал Дундговь аймгийн шүүгч асан, талийгаач З.Ш-ээр холбогддог. Шүүгчийн сонгон шалгаруулалтын үеэр нэр дэвшигч М.Пүрэвсүрэн нь ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхамын хүү З.Ш-тэй хамт байхдаа архидан согтуурч, улмаар Д.Зүмбэрэллхамын хүү амь насаа алдсан байдаг. Ийнхүү шударга бусаар явагдсан байж болзошгүй энэ сонгон шалгаруулалтын дүнд олон нийт эргэлзэж байгаа ч өнгөрөгч долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор танилцуулагдаж, өнөөдөр УИХ-ын чуулганаар орж Улсын дээд шүүх “Хонгилын шүүгч”-тэй болох боломж бүрдлээ. Эх сурвалж: Zindaa.mn

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: 11 ДҮГЭЭР САРЫН ШӨНИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ НӨХӨЖ ОЛГОНО

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долоодугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” шинэчлэгдэн батлагдсан. Уг журамд Агаарын тухай хуулийн 14.1-д заасан нөхцөл шалгуурын аль нэгийг хангасан болон нийслэлийн гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний тарифыг 50 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлнэ гэж тусгасан байдаг. Дээрх журам энэ онд ч хэрэгжинэ гэдгийг холбогдох албаныхан мэдээлсэн. Гэвч өнгөрсөн 11 дүгээр сард айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөөгүй юм. Тэгвэл өнгөрсөн сарын цахилгааны хөнгөлөлтийг энэ сард нөхөж олгохоор болсон байна. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ. Тэрбээр "2022 оны улсын төсөвт Эрчим хүчний сайдын багцад шөнийн тарифыг хөнгөлөх 21.7 тэрбум төгрөг суусан. Гүйцэтгэлээрээ 29.5 тэрбум төгрөг болох байх. Тэгэхээр 7.7 орчим тэрбум төгрөг дутагдаж байгаа. Тиймээс 2022 оны 11 дүгээр сарын 1- 30, 12 дугаар сарын 1-10 ны хооронд тариф хөнгөлөхгүй байх шийдвэр гарсан. Гэхдээ уржигдар орой Ерөнхий сайд танилцаад, төсөв дотор зохицуулалт хийж, шийд гэсэн үүрэг, чиглэл өгсөн. Үүний дагуу энэ лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Тиймээс 11 дүгээр сарын тарифын хөнгөлөлтийг нөхөж олгоно гэсэн үг" гэлээ.

Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ДАРАА С.БАЯРЦОГТ, Х.БАТТУЛГА НАР Н.АЛТАНХУЯГТАЙ ОФФИСТ НЬ ОЧИЖ УУЛЗЖЭЭ

“...Гандуу дээлтэй аав минь гаднаа ч нэг, гэртээ ч нэг байх шиг ээ” гээд дээхнийн нэг зохиолын дууны үг бий. Түүн шиг АН-ынхан нийлж нэг, тарж нэг хуралдаад л, сүүлдээ хэн нь хэнтэйгээ нийлээд, хэнийгээ жийгээд байгаа нь ойлгогдохоо болиод байгаа юм. Нам нь ийм байдалтай. УИХ дахь бүлэг нь ч бас асуудалтай. Сар гаруйн өмнө байх аа, О.Цогтгэрэл бүлгийн дарга болсон. Гэвч Д.Ганбат нь “...Өрөөгөө өгөхгүй” гээд гүрийсэн. Өрөөгөө өгөөгүй байна. Тэр ч бүү хэл, тамгаа өгөөгүй байгаа юм. Тиймээс О.Цогтгэрэлд УИХ-ын дарга шинэ тамга өгчээ. Ингээд бүлэг нь бас хоёр тамгатай болчихож буй бололтой. Ер нь бол АН эртхэн эвлэж нийлэхгүй бол ирэх сонгууль хаяанд ирсэн. Залуус нь, гишүүд нь ах нараа, “лидер”-үүдээ харсаар л сууна. АН-ынхан гэхэд их тэсвэр тэвчээртэй юм. Гэхдээ АН-ын лидер гэгдэж ирсэн улстөрчид өөр хоорондоо зөрж, таарч уулзалдсаар байна. Зарим нэг сонирхолтой “ганцаарчилсан” уулзалтууд ч хэд хэд болжээ. Ц.Элбэгдорж хоёр сарын өмнө, 2022 оны есдүгээр сарын 29-нд Н.Алтанхуягийн оффист очиж уулзсан байдаг. Тэр өдөр нь АН-ын зарим гишүүн Шангри Ла-д уулзсан бөгөөд түүний дараа уг уулзалт болжээ. Мөн С.Баярцогт үүнээс сар гаруйн дараа, аравдугаар сарын эхээр Н.Алтанхуягтай очиж уулзсан байна. Дахиад арваад хоногийн дараа Х.Баттулга ч бас оффист нь очиж уулзжээ. Харин дээрх гурван уулзалтаар чухам юу яригдсан нь одоогоор тодорхойгүй байна. Ц.Элбэгдоржийн тухайд сүүлийн үед улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн. Наад зах нь “...АН-ын дараагийн дарга хэн болох вэ гэдгийг тэр мэднэ” гэдэг. С.Баярцогтын хувьд АН-ын дарга болохоор сэтгэл шулуудаж, ажиллаад эхэлсэн. Гэхдээ жинхэнэ тамга барьж авахгүй бол “жингүйдэх” эрсдэлтэй тулж мэдэх юм. Х.Баттулга тусдаа АН-тай, гэвч иэр нь удахгүй “...Хууль бус” хэмээгдэх магадлалтай. Түүнийг“...АН-аа алдсан ч халааснаасаа ахиад хэдэн ч нам гаргаж ирж чадна” гэж олон хүн хэлдэг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ДАРГААР Х.ХАШБААТАР СОНГОГДЛОО

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 95.11-д заасны дагуу Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэнгийн нэг жилийн бүрэн эрхийн хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөр дуусгавар болсон. Ингээд Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 11 сарын 30-ны өдрийн ээлжит бус зөвлөгөөнөөр сахилгын хорооны гишүүдийн олонхын саналаар Шүүхийн Сахилгын хорооны даргаар Хашгамбайн Хашбаатарыг сонголоо.

НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ТАЛААР “ЗАСАГ” ДЭЭР ИЛ, ДАЛД ИЙМ ХОЁР ЯРИА БОЛЖЭЭ

Нүүрсний хулгай улс төр, нийгмийн хүрээнд халуун сэдэв болоод байна. Өнгөрсөн 30 жилийн хугацааны “Монголчуудын алдагдсан боломж”-уудыг жагсаавал энэ хулгай хамгийн эхэнд бичигдэнэ. Тэр утгаараа, нүүрсний хулгайн хэрэг дээр Монголын төр болоод хууль хяналтын байгууллагынхан хэрхэн хандаж байгааг олон нийт анхааралтай ажиглаж байгаа юм. Сүүлийн үеийн Засгийн газрын хуралдаан дээр ч нүүрсний хулгайг ямар нэг байдлаар ил, далд ярьдаг болсон байна. Нүүрсний хулгайн баримтуудыг Хятадынхтай нарийвчлан тулгана Мөрдөгч, прокурорууд нүүрсний хулгайн нэлээд олон үйлдэлд хэрэг үүсгээд шалгаж байна. Олон ч хүн холбогдсон. Тэгвэл нэлээд хэдэн хэрэгтэй холбоотой мэдээлэл, нотлох баримтыг Хятадын эрх бүхий байгууллагуудын мэдээлэлтэй нарийвчлан тулгах шаардлага үүссэн байна. Өөрөөр хэлбэл, ямар агууламж, чанартай хэдий хэмжээний нүүрсийг хэзээ экспортолсон зэрэг мэдээллийг хөдөлбөргүй тогтоох шаардлагатай болжээ. Энэ нь Хятадын импортын мэдээлэл, хамгийн гол нь хууль хяналтын байгууллагуудынх нь мэдэлд байдаг мэдээллүүд гэсэн үг. Нүүрсний хулгайн үйлдлүүд нь Хятад улстай холбогддог. Иймээс манай хууль хяналтын байгууллагын зүгээс Хятадын талд зарим мэдээ, мэдээллийг хүсэх шаардлага үүссэн байна. Гэвч тус улсын холбогдох байгууллагуудын зүгээс манай хэд хэдэн хүсэлтэд “...Мэдээллийг өгөх боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн байна. Тийм учраас хууль хяналтын байгууллагынхан “... Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Хятадын гаалийн болон хил хамгаалах байгууллагатай тодорхой мэдээллүүдийг солилцоход дэмжлэг үзүүлж, тус улсын Хууль зүйн яамтай харилцан тохиролцохыг хүсье” гэсэн хүсэлтийг Засгийн газарт тавьжээ. Монгол, Хятад хоёр улс 1989 онд Иргэний болон эрх зүйн харилцан туслалцах гэрээг байгуулсан. Энэ гэрээнд хоёр талын эрх бүхий байгууллага буюу манай ХЗДХЯ, Хятадын Хууль зүйн яам бие биедээ хүсэлт тавих байдлаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэхээр заасан байдаг байна. Энэ дагуу Засгийн газрын уржигдрын хуралдаан дээр нүүрсний хулгайг шалгахтай холбоотой шаардлагатай мэдээллийг Хятадын талтай солилцох, тус улсаас гаргуулах талаар хамтрах ажлыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт шилжүүлсэн байна. Л.Оюун-Эрдэнэ: Ц.Анандбазар З.Энхболд хоёр нүүрсний мөнгөөрөө Бага тэнгэрийн аманд байшин барьж, тэндээ хор найруулж суудаг шүү Засгийн газраас 2023-2025 оныг “...Монголд зочлох жил” болгож зарласан. Энэ хүрээнд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Засгийн газрын уржигдрын хуралдаанаар энэ хуулийн талаар хэлэлцжээ. Тэр үеэр онгоцны түлшний үнэтэй холбоотой асуудал босч ирсэн байна. Нэг үгээр хэлбэл, тийзний үнээс эхлээд олон зүйл онгоцны түлшний үнээс шалтгаалж байгааг албаныхан хэлжээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар болон УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нийлүүлдэг монопол үнэтэй шатахууны талаар ярьж, нэлээд бухимджээ. Тэрбээр “...Ц.Анандбазар З.Энхболд хоёр Бага тэнгэрийн аманд нүүрсний мөнгөөрөө байшин барьсан. Тэндээ хор найруулж суудаг. Харин төрийг найруулж чадахгүй шүү. Тийшээ нэлээд хэдэн шүүгч байн байн очдог. Нүүрсчид нийлж байгаад гурван шатны шүүхийг зад татаад гараад ирдэг юм байна. Хүчтэй байна. Тэрийг нь харлаа, үзлээ. Гэхдээ олон нийт ийм хуйвалдааныг чинь таашаахгүй байгаа шүү” гэжээ. Энэ “үг”-тэй холбоотойгоор өчигдөр улс төрийн хүрээнийхэн “...Ерөнхий сайд юу гээд хэлчихсэн юм бэ, З.Энхболд нүүрсний хулгайд холбогдчихсон юм уу” гэцгээж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ын ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

2022 оны 12-р сарын 1-ний өдөр аймгийн ИТХ-ын есдүгээр хуралдаан 23 асуудал хэлэлцэж амжилттай өндөрлөлөө. Өмнөговь аймаг 2023 оны төсвийг 648,5 тэрбумаар баталсан бөгөөд үүний 42.2 хувь буюу 273.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх юм. 52.4 хувь буюу 339.8 тэрбум төгрөгийг орон төсвийн хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээнд зориулах бөгөөд 5.4 хувь буюу 35.2 тэрбум төгрөгийг урсгал зардалд төлөвлөн баталлаа.

ЭХНЭР ОХИНОО МАШИНДАА ҮЛДЭЭЖ, ӨӨРӨӨ ТУСЛАМЖ ДУУДАХААР ЯВСАН 23 НАСТАЙ ЗАЛУУ ОСГОЖ НАС БАРЖЭЭ

Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Өвхөөдөг” гэдэг газар арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 12:00 цагийн орчим Алагтолгой багийн “Өвхөөдөг” гэдэг газраас Булган сумын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин эвдэрч, жолооч А нь тусламж гуйхаар яваад сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн. Харин онцгойгийн албан хаагчид 23 настай А-г осгож нас барсан байхад нь олсон юм. А нь эхнэр, нэг настай охины хамт Булган голын чиглэлд зорчих үед унаж явсан автомашин нь эвдэрч, сүлжээ тасарсан байна. Тэрээр тусламж дуудах зорилгоор эхнэрээ охины хамт машиндаа үлдээгээд явсан ч 3 км зайд осгож нас барсан байдалтайгаар олдсон байна. Харин А-ын эхнэр, нэг настай охины хамт машиндаа бээрсэн, захын эрхтэн хөлдсөн байдалтай байсныг олж, эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай үзүүлжээ. Эрс хүйтэрч байгаа энэ цаг үед ард иргэд хол замд явахдаа өөрсдийн аюулгүй байдлыг хангаж зорчихыг анхааруулж байна.

ДАРХАН-УУЛ АЙМАГТ ШАТАХУУНЫ НӨӨЦИЙН САВ ШАТСАНЫ УЛМААС НЭГ ХҮН АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮН ОЛДООГҮЙ ХЭВЭЭР БАЙНА

2022-12-01-ний өдрийн өглөө 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатсан. Ээлж солилцох үеэр гурван хүн байсан бөгөөд тэднийг байх үед гал гарсан.Тус гурван хүний нэг хүн эмнэлэгт хүргэгдэх явцдаа амь насаа алдаж, 2 хүн олдоогүй хэвээр байна. Алга болсон хүмүүсийн хувьд амьд үлдсэн байх найдвар маш бага гэж мэдээллээ. Дархан-Уул аймгийн ОК-оос шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд онолын хувьд шатахуунтай сав 10-12 цаг ассан хэвээр унтраах боломжгүй. Тиймээс УБ-аас нэмэлт хөөс иртэл хажуугийн зургаан сав руу гал дамжих эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авч байгаа аж. Галыг унтраахын тулд 3000 тонн хөөс шаардлагатай. Тиймээс Дархан Сэлэнгэ аймгийн хүчин чадлаар унтраах боломжгүй. Улаанбаатар, Эрдэнэт зэрэг газраас техник болон гал унтраах багийнхан ажиллаж байгаа бөгөөд Зүүнхараагаас нэмэлт хүч иржээ. Гал айл өрх рүү орох магадлал харьцангуй бага. Гэхдээ эрсдэлээс сэргийлж, ойролцоох айлуудыг нүүлгэн шилжүүлж бүхий л шаардлагатай арга хэмжээг авч байна . Шалтгаан одоогоор тодорхойгүй, мэргэжлийн байгууллагаас тодорхой болсны дараа мэдээлэх болно.

1 ... 139 140 141 142 143 144 145 146 147 ... 328