НЭГҮҮН МЭДЭЭ
МОНГОЛЧУУД АЮУЛТ ӨВЧИН БИШ АРХИНЫ ӨМНӨ ХҮЧИН МӨХӨСТӨЖ БАЙНА

Андын холбоос архи биш гэсэн агуулгыг Монголчууд нийтээрээ ойлгох, дор бүрдээ ухамсарлахаас аргагүй цаг ирж. Алгуурлах хугацаа бараг үлдсэнгүй. Үгүй бол хэлж ирдэггүй өвчин, зовлонгоор биш архинаас болсон ахуйн ослоор л эрүүл чийрэг, ид насны иргэдээ хэдэн зуу, мянгаар нь зуурдаар алдаж дуусч мэдэхээр боллоо. Нэг ёсондоо монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байгааг баримт хангалттай хэлж өгч байна. Албан ёсны статистикаас харвал манай улсын 21-ээс дээш насны нэг иргэнд жилд 55 литр архи, согтууруулах ундаа ногдож байна. Бүр нарийвчилбал, үүний 12 литр нь хатуулаг өндөртэй буюу спирт, 42 литр нь шар айраг болон бусад согтууруулах ундаа байгаа нь дэлхийн дунджаас даруй хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Уг нь ДЭМБ-аас тухайн улс орны нэг хүнд ногдох согтууруулах ундаа 8-9 литр байхад л үндэсний аюулгүй байдалд аюул учирч байна гэж үздэг. Гэтэл манай улсынх 12 литрт хүрсэн нь онц ноцтой гэж улаанаар тэмдэглэхээс аргагүй болсныг мэргэжлийн байгууллагууд хөндсөөр байгаа. Гурван сая иргэний 100 мянган хүн амд ноогдох тоогоор авч үзвэл архины шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, хамгийн өндөр хэрэглээтэй нь Беларусь, Монгол Улс болж архинаас шалтгаалж нас барахаас гадна зохисгүй хэрэглээгээрээ мөн л дэлхийд хар тамга даруулах хэмжээнд хүрчээ. Гэтэл энэ үзүүлэлт буурах нь битгий хэл согтууруулах ундааны хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь үндэсний аюулгүй байдалд аюулын харанга дэлдэж, туйлдаа хүрчээ. Монголчууд нийтээрээ нэг л том дайсантай болж. Түүнтэй ухамсар, хандлагаараа л тэмцэхгүй бол төр засаг архи уухыг мянга түмэн удаа хориглож төмөр нүүрээ харуулаад эцсийн шийдвэр иргэний “тархи”-нд л бий. Цагдаагийн байгууллагын бүртгэл дээрээс багахан тоо нэмж, хасахад л бидний өнөөгийн дүр зураг ядах юмгүй гараад ирнэ. Тодруулбал, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хордлогод орж өдөрт нэг, сард 30, жилд 363 хүн амь насаа алдсаныг сүүлийн таван жилээр нь тоймлож харвал зөвхөн архины хордлогоор 1817 хүн нас баржээ. Үүнээс гадна бас нэг харамсалтай тоо нь мөн л архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж сард долоо, жилд 89 хүн осгож амь насаа алдсан байна. Үүнийг сүүлийн таван жилээр нь харвал 447 хүн осгосон. Үүн дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож амь насаа алдсан нь 600. Өөрөөр хэлбэл, 2864 хүн зөвхөн архитай холбоотой ахуйн ослоор амиа алдсан байх жишээтэй. Гэтэл тэдгээр хүмүүс хэн нэгэн шиг эдгэшгүй өвчин тусаж эмнэлгийн үүд сахиагүй. Ажил хөдөлмөр хийж амьдралын төлөө тэмцэж яваад үрэгдээгүй нь даанч харамсалтай. Эндээс харвал, архи хэтрүүлэн хэрэглэснээс болж хамгийн багаар бодоход арван мянган халуун ам бүлийн элэг эмтэрч, ах, дүү хамаатан садан нь гомдол, харуусал дүүрэн энэ хорвоод үлдэж байна. Архийг тааруулж хэрэглэсэн бол, огт хэрэглээгүй бол, магадгүй тэр өдөр найз нөхөд, ажлын хамтрагчид нь дуудаагүй бол гэсэн асуулттай хоцорч байна. Тэгвэл архи согтууруулах ундаа нас баралтад хүргээд байгаа шалтгааны талаар Аддиктологийн төвийн донтолтын эмч Т.Түвшинжаргал “Нас баралтын гол шалтгаан нь архины хордлого буюу нэг дор их хэмжээгээр уух. Дараа нь хөлдөлт, осголт орно. Архи, согтууруулах ундааг нэг дор их хэмжээгээр хэрэглэснээс цоо эрүүл хүн нас барж байна. Байнгын тогтмол хэрэглээтэй бол хавсарсан өвчин, жишээлбэл, чихрийн шижин өвчинтэй хүн архи хэтрүүлэн хэрэглэснээс цусан дахь сахарын хэмжээ багассанаас шоконд орж нас бардаг. Эсвэл амьсгал боогдоод зогсчихдог. Санамсаргүй тохиолдлын үед архи уухаараа ухаан алдсанаас бөөлжсөндөө огиж, хахна. Мөн тархи, зүрх, элэг зэрэг эд эрхтэн архинд хордсоноос дутагдалд ордог. Хүн хордлогод орсноор ухаан санаанд нь өөрчлөлт орж орон зай, орчноо мэдрэхээ больж ухаан алддаг. Олон төрлийн хордлого дундаас архиных маш хүчтэй, амь насанд хүрэх хэмжээний аюултай. Архины хордлогод орсон хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ч аврах боломж тааруу. Архи хүний эд эрхтнийг усгүйжүүлдэг учраас цусны өтгөрөл үүссэнээс цус харвах, зүрх зогсох өндөр эрсдэлтэй. Архи, согтууруулах ундаа хүний биед 60-70 өвчин үүсгэж байдаг. Эхэн үедээ мэдэгдэхгүй ч аажимдаа хордуулж, өвчин үүсгэдэг учраас хүмүүс мэддэггүй. Тэр бүр эмнэлэгт ханддаггүй” гэлээ. ХАГАС САЯ ХҮН ЭРҮҮЛЖҮҮЛЭГДЭЖ, 160 МЯНГАН СОГТУУ ЖОЛООЧ БҮРТГЭГДЖЭЭ Ардын дайсан архидалт гэдгийг хэлж өгөх хоёр дахь баримт. Залуучууд ид хийж бүтээх насаа торны цаана өнгөрүүлж байгаагийн ихэнх нь бас л архины хорлол. Архи, согтууруулах ундаа хэрэглэж, бусдын биед өдөрт ес, сард 277, жилд 3326 хүн гэмтэл учруулжээ. Таван жилд 16.634 хүн ажил хийж гэр бүлээ халамжлах, улс орондоо баялаг бүтээх цаг хугацаагаа хуулийн байгууллагын үүд сахиж өнгөрүүлж байна. Үүнээс гадна эрүүлжүүлэгдсэн хүний тоо мөн л цочирдом. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өдөрт 231, сард 6935, жилд 83231 хүн эрүүлжүүлэгдсэнийг таван жилээр нь нэмбэл 416.159 хүн болж байна. Өөрөөр хэлбэл, хагас сая хүн халуун ам бүлтэйгээ биш хүйтэн торны цаана хоног төөрүүлжээ. Үүний цаана цагдаад бүртгэгдээгүй ч их бий. Үүн дээр архинаас үүдэлтэй осол гэмтлийн тоог нэмбэл муухайгаар зүйрлэвэл “дайн” самуунтай орон шиг л байна. Сүүлийн таван жилд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан хүн 5152, гэмтсэн 897, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 163582 байх юм. Энэ бүхнээс харвал монголчууд архинд живсэн гэж хэлэхэд ер хилсдэхээргүй болжээ. Хүний амь нас хохирсон, гэмт хэрэг үйлдсэн, эрүүлжүүлэгдсэн гээд архины хамаарлаас үүдэлтэй эдийн засгийн хохирлыг тооцож барахгүй биз. Уг нь эрдэнэт хүний алтан амийг аюулт өвчин л дийлдэг бол одоо архи ядах юмгүй ялж, үлдсэнийх нь амьдралыг төмөр торны цаана суулгаж орвонгоор нь эргүүлж байна. Үндсэндээ нийтээрээ архийг жигшиж, бүр болохгүй юмаа гэхэд соёлтой боловсон хэрэглэж дадвал бидний хүсдэг аз жаргалтай нийгэм цогцлоход том ахиц гарахаар байна. Харин эцсийн эцэст амьдралаа бүтэн авч үлдэх ухаан хувь хүний зүрх сэтгэл, ухамсарт л бий. Өөр юунд ч найдаад нэмэргүй. Тиймээс ардын дайсан болсон архидалттай одоо л тэмцэхгүй бол хожимдох нь ээ. Архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх зорилготой “Намайг алгас” аяныг зарлаад байна. Аяны гол зорилго нь хамт олон найз нөхдийн архидалт, хавтгайрсан хэрэглээнээс залуу үеийг татгалзуулах, чөлөөт цагаа зөв болсон өнгөрүүлж гэр бүлдээ цаг зарцуулахад уриалах явдал юм. Мөн архи согтууруулах ундаатай тэмцэх Төрийн тэргүүний зарлиг гарсан. Энэ талаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан “Архидалт, ажилгүйдлээс үүдэж айл гэр, нийгмийн амьдралд гарч байгаа сөрөг үр дагаварыг бууруулахын тулд аль алиныг нь орхигдуулж болохгүй.Хамтад нь цогц байдлаар хийнэ. Согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотойгоор архинд донтсон хүмүүс 6.2 хувьтай байна. 21-ээс дээш насныхны тархалтыг тоогоор нь харвал 90 мянга орчим байна. Үүний цаана ихэвчлэн 38-40 градусын хатуулаг өндөртэй согтууруулах ундаа хэрэглэсэн шалтгаан өндөр хувийг эзэлж байгаа нь аюул юм. Архидалттай тэмцэх 10 жилийн цогц арга хэмжээ зарлаж байна гэсэн үг. Энэ хугацаанд хатуулгийг жил бүр хоёр хувиар бууруулна. Мөн боловсролын сургалт агуулгад тусгаж өгөх зэргээр бодлогын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх бодит хүлээлттэй байгаа” гэж манай сонинд ярилаа.

ИРЭХ ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД ХҮРТЭЛ МОТОЦИКЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХОРИГЛОЛОО

Арваннэгдүгээр сарын 18-наас ирэх оны гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэл Хөвсгөл аймгийн хэмжээнд мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглолоо. Тус аймгийн Засаг даргын захирамжаар цаг агаар хүйтэрч зам болон бусад зорчих хэсгээр халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл хүндэрч байгаа тул ослоос үүдэлтэй хүний эрүүл мэндэд учирч болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор ийнхүү мотоциклийн хөдөлгөөнийг хориглосон байна.

БЗД-ИЙН 21-Р СУРГУУЛИЙН ТААЗ НУРЖ, ХОЁР ХҮҮХЭД ГЭМТЖЭЭ

2019 оны аравдугаар сард Улсын төсвийн 10.5 тэрбум төгрөгөөр ашиглалтад оруулсан БЗД-ийн Ерөнхий боловсролын 21-р сургуулийн тааз нурж, хоёр хүүхэд бэртсэн хэрэг гарлаа. Харин мэргэжлийн байгууллагууд хичээл хэвийн үргэлжлэх боломжтой хэмээх дүгнэлтийг гаргасан байна. Тааз нурсан хэсэгт өнөөдрөөс засвар хийж байгаа тул тус хэсэгт хичээллэдэг сурагчдын хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.

ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР ӨДӨРЛӨГ

Өмнөговь аймаг, Оюу толгой компанийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй Нээлттэй хаалганы өдөрлөг нь “Оюу толгой” компани тухайн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа аймаг орон нутаг, иргэд олон нийтэд сурталчлан таниулах ач холбогдолтой. Тус өдөрлөгийг нээж аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат үг хэллээ. Өдөрлөгийн үеэр ажлын байрны мэдээллээс гадна оюутан сурагчдад зориулсан лекц, сургалтууд болон ханган нийлүүлэгчээр ажиллахад тавигдах шаардлага, зөвлөгөө мэдээлэл, ажил хайгчдад зориулсан сургалт зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулж байна. Өмнөговь аймгийн 33521 хөдөлмөрийн насны иргэдээс 22,358 иргэн ажил хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2022 оны 2-р улирлын байдлаар 66.7 хувьд хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.5 хувиар өссөн сайн үзүүлэлттэй байна. Өмнөговь аймгийн хэмжээнд ажиллах хүчний оролцооны түвшин 74.4 хувь, ажил хайгч 4532 иргэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгүүлэн ажил идэвхтэй хайгч 386 иргэн байна. Чадвартай, ажилтай, хариуцлагатай Өмнөговьчууд байхын тулд Нутгийн захиргааны байгууллага, уул уурхайн компаниуд хамтдаа харилцан үүрэг хариуцлага хүлээж түншлэлийн хүрээнд орон нутгийн иргэдийг чадавхжуулан, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар Өмнөговь аймгийн Нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах нь чухал юм. Өмнөговь аймгийг 2020-2024 онд хөгжүүлэх үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрт байгалийнхаа баялгаас шударгаар хувь хүртэх, ажилтай, орлоготой чинээлэг давхаргыг нэмэгдүүлэх, технологийн хөгжлийг нутагшуулах, өрхийн үйлдвэрлэгч, зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон орон нутгийн хөгжил, ногоон хөгжил, байгалийн өгөөж, тогтвортой хөдөө аж ахуй зэрэг чухал зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өмнөговь аймгийн ЗДТГ, Оюу толгой компаниас хамтран зохион байгуулж буй энэхүү өдөрлөгт иргэд та бүхэн оролцсоноор ААНБ-уудын хүний нөөцийн бодлого төлөвлөлт болон хөдөлмөр эрхлэлттэй холбоотой мэдээ мэдээллийг авч, зарлагдсан сул чөлөөтэй ажлын байранд бүртгүүлж ажлын байраар хангагдах боломжтой. Өмнөговь аймаг Оюу толгой компанийн хамтын ажиллагааны 2015 онд байгуулагдсан гэрээний 8-р хавсралтын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг бий болгох заалтуудын хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон ханган нийлүүлэлтийн ажлын хэсгүүд Оюу толгой компанитай хамтран ажиллаж байна.

УНИВЕРСАЛ МЕД ЭМНЭЛЭГ НЬ 1000 ХҮНД ҮЗЛЭГ ХИЙЖ, ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ

Баянгол дүүргийн 11-р хороо Гандантэгчилэнгийн хойно олон улсын стандартад нийцсэн 15 давхар Универсал Мед эмнэлэг нь 25000 мкв талбайтай, дотоод болон олон улсад суралцаж мэргэшсэн тэргүүлэх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн хамт олонтой, хамгийн тав тухтай, саруулхан орчинтой, өдөрт 5000 хүнд үзлэг оншилогоо хийж, 350-400 хүнийг хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай, хамгийн орчин үеийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр тоноглосон эмнэлэг юм. Улс тунхагласны 98 жилийн ойн өдрийг тохиолдуулан Универсал Мед эмнэлэг нь 11 сарын 21-ээс 11 сарын 26-ийг хүртэл 08:00-12:00 цаг хүртэл өдөрт эхний 150 хүн, нийт 1000 хүнд үзлэг хийж, зөвлөгөө өгөхөөр болсон байна. Тус үзлэгт: Хүүхэд Дотор Мэдрэл Уушги Эмэгтэйчүүд Чих, хамар, хоолой Уламжлалт болон Халдварт ханиад томуу ихэссэнтэй холбогдон 8 чиглэлээр 100 сая гаруй төгрөгийн үзлэгийг үнэ төлбөргүйгээр хийхээр боллоо. Хаяг: Баянгол дүүрэг, 11-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Монголын Үндэсний их сургуулийн баруун жигүүрт Холбогдох утас: 7773-9999

ИРЭХ ОНООС ХОСУУД ДНХ ШИНЖИЛГЭЭ ӨГЧ БАЙЖ ГЭРЛЭЛТЭЭ БАТЛУУЛДАГ БОЛНО

Гэрлэгч хосууд ДНХ-ийн шинжилгээ хийлгэж байж гэрлэлтээ батлуулах хуулийн зохицуулалтыг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулахаар болжээ. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Ирэх онд батлагдах Гэр бүлийн тухай хуулиар цус ойртолтын асуудлыг шийдэхийн тулд гэрлэгч хосууд өөрийн аймаг, харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллага дээр очиж, ДНХ-ийн шинжилгээ өгч, ах дүү мөн эсэхээ шинжилгээ өгч байж гэрлэлтийн баталгаа өгдөг болно" гэсэн юм.

“FLORAISON” ЗАГВАРЫН ШОУ ЭНЭ САРЫН 26-НД БОЛНО

Монголын хувцас загварын урлагийг дотоод болон гадаадад сурталчлан таниулах, дизайнер, загвар өмсөгч, үндэсний үйлдвэрлэгчдийн үнэлэмжийг өсгөх, тэдгээрийн брэнд бүтээгдэхүүнийг олон улсад гарган эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн “FLORAISON” HIGH FASHION SHOW 2023 арга хэмжээ нь 2022.11.26 буюу Улс тунхагласны баяр, бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа бөгөөд Монголын хувцас загварын салбарын шилдэг дизайнерууд үндэсний үйлдвэрлэгчид, бүхий л топ модель, үе үеийн тэргүүн миссүүд оролцож байгаагаараа онцлог юм. Тус арга хэмжээнд төр засаг, бизнес, урлаг соёлын төлөөлөл, элчин сайдууд, олон улсын байгууллагын удирдлагууд зэрэг нэр хүндтэй эрхэмүүд зочноор оролцдог бөгөөд вип тасалбар нь 250$ -оор худалдаалагдах гэнэ. Хувцас загварын гайхалтай бүтээлүүд энэ үдэш тайзнаа амилах бөгөөд улаан хивсний ёслол,олон сонирхолтой энтертайнмент хөтөлбөр таны сэтгэлийг баясгах болно гэдгийг зохион байгуулагчдийн зүгээс онцоллоо. Ташдрамд дурдахад, тус шоунд Монголын үе үеийн том моделиуд оролцох юм байна.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧ ГЭХ “ПИ СИ ВАЙ” ХХК-ИЙН УДИРДЛАГЫГ ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарт холбогдох хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа билээ. АТГ-аас 19 зээлдэгч нарт холбогдох 89 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэхээр ажиллаж байна.Тэгвэл чанаргүй зээлдэгч зарим компанийн удирдлага гаднын улс орон руу оргон зайлсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хөгжлийн банкнаас 2018 онд 4 тэрбум төгрөгийн зээл авсан “Пи си вай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г нь Холбооны бүгд найрамдах Герман улс /ХБНГУ/ руу оргон зайлсан тул түүнийг интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. “Пи си вай” ХХК нь 2018 онд 4 тэрбум төгрөгийн зээлийг “Шинэ яармаг” орон сууцны хотхоны төсөлд зориулан авсан байна. Ингэхдээ 2,190 кг самнасан ноолуур, 7,353 кг бэлэн ноолууран утас, 13,527.20 кг самнасан ноолуур зэргийг барьцаалж байжээ. Гэсэн ч тус компани нь зээлийн эргэн төлөлтөө хийхгүй чанаргүй зээлдэгчийн ангилалд орж, зээлийн нийт үлдэгдэл нь 4.9 тэрбум төгрөгт хүрсэн байсан юм.

ХҮҮХЭД ГЭМТЭЭЖ, ДОЛООН МАШИН МӨРГӨСӨН Ч.МАРАЛМААД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Урсгал сөрж долоон машин мөргөж, 12 настай хүүхэд гэмтээсэн осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.Харин хохирогч охины шүүх шинжилгээний хариу ямар гарсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон ЦЕГ-аас тодруулахад, энэ тухай прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээн мэдэгдлээ.

НАЛАЙХ ДҮҮРЭГТ БИТҮҮ ГАРАЖИД ХИЧЭЭЛЛЭЖ БАЙСАН СУРАГЧИД БӨӨНӨӨРӨӨ УХААН АЛДАН УНАЖ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ

Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 19 цагийн үед нэг ангийн таван сурагч ухаан алдаж уна сан байдалтай эмнэлэгт хүргэгдэн иржээ. Тодруулбал:Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн нэг ангийн таван сурагчид аж.Одоогоор /2022.11.18/ үүрээр ЭХЭМҮТ-д ирэн хэвтэн эмчлүүлж байна. Дөрвөн хүүхдээс нэг нь сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа байна. Аравдугаар сараас эхлэн 2-3 удаагийн давтамжтай хүүхдүүд ухаан алдаж унаж, хордлого тайлах тариа хийлгэжээ. Эцэг, эхийн төлөөлөл Zarig.mn сайтад өгсөн ярилцлагын үеэрээ тус сургуулийн ахлах ангийн сурагчид агаар сэлгэлт байхгүй, гаражид хичээллэдэг талаар мэдээлэв. Тус сургуулийн хувьд сүүлийн гурван жил ахлан ангийнхан нь анги танхимгүйн улмаас өөр сургуульд хичээллэн, энэ хичээлийн жилээс эхлэн гаражийг анги танхимын хэлбэрээр засаж тохижуулан хичээллэх болжээ. Хичээл дээрээ хүүхдүүдийн толгой нь өвддөг, гэртээ ирээд зүгээр байдаг гэв. Мөн гараж дээгүүр ариун цэврийн өрөөнүүд байрладаг талаар ч дурьдлаа. Эцэг, эхчүүдийн зүгээс сургуулийн захиралд хүсэлт тавихад захирал нь “Боловсролын яамнаас орчин нөхцөлөөр хангаагүй байхад бид яах билээ” гэсэн хариултыг өгчээ. Тус хэрэгт Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

1 ... 133 134 135 136 137 138 139 140 141 ... 317