НЭГҮҮН МЭДЭЭ
МАРГААШ НИЙТИЙН ТЭЭВРИЙН 37 ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн маргааш буюу 2024 оны тавдугаар сарын 25-ны өдөр болохтой холбогдуулан Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамуудын хөдөлгөөнийг тус тус хязгаарлах тул тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 37 чиглэлийн 317 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. Үүнд: • Их тойруугаар явах чиглэлүүдэд: Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаар, • Нарны замаар явах чиглэлүүдэд: Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаар, • Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд: Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, • Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн зогсоолуудаар, • Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд: Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ. Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд болох Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчлэх ба орой 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.

ДАРАА ЖИЛЭЭС ЭНДСЭН ХҮҮХДИЙГ ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ХҮҮХДИЙН ТООНД ТООЦОЖ АЛДАРТ ЭХИЙН ОДОНГ ОЛГОНО

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Я.СОДБААТАР ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХИЙГ УРАМШУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ТАВДУГААР САРЫН 13-НД УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН. УЛМААР УГ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-ЫН ЧУУЛГАНААР ТАВДУГААР САРЫН 22-НД ХЭЛЭЛЦЭЭД ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГҮҮЛЭХЭЭР НИЙГМИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНД ШИЛЖҮҮЛСЭН БАЙНА. ХУУЛИЙН ТӨСЛИЙГ 2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨХ ТАЛААР ЗАРЧМЫН ЗӨРӨӨТЭЙ ХОЁР САНАЛ ГАРГАСНЫГ ХУРАЛДААНД ОРОЛЦСОН ГИШҮҮДИЙН ОЛОНХ ДЭМЖЖЭЭ. ХУУЛИЙН ТӨСӨЛД ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХЧҮҮДИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙГ САЙЖРУУЛАХ, ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХИЙГ УРАМШУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, БАЙГАЛИЙН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСОЛ, ӨВЧИН, ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС НАС БАРСАН ХҮҮХДИЙГ ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ХҮҮХДИЙН ТООНД ОРУУЛАН ТООЦОЖ АЛДАРТ ЭХИЙН ОДОНГ ОЛГОХ ЗЭРЭГ САНАЛУУДЫГ ТУСГАСАН БАЙНА.

“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР“-ӨӨР ДАРААХ ЗАМУУДЫГ ТҮР ХААНА

Маргааш буюу тавдугаар сарын 25-нд Автомашингүй өдөр, мөн “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Тодруулбал: -Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), -Сөүлийн гудамж, Партизаны гудамж, -“Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, -Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, -Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн 4 замын уулзвараас Баруун 4 замын уулзвар, -Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, -Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас “Монгол шуудан”-гийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг хязгаарлах аж.

БАГА НАСНЫ ОХИНТОЙ БЭЛГИЙН ХАРИЛЦААНД ОРСОН ЦАГДАА НАРТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байгаад холбогдсон хэргийнхээ улмаас чөлөөлөгдөөд буй О.Э, Н.Э, О.Э, Л.Б нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь шилжүүлжээ. Мөрдөн байцаах алба (МБА)-ны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст анх шалгаж эхэлсэн хэргийг иргэдийн хардлага, хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээр УЕПГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард харьяалал тогтоож, АТГ-т шалгуулахаар болсон билээ. Дээрх дөрвөн хүнийг 2023 оны арваннэгдүгээр сараас энэ оны гуравдугаар сарын дунд хүртэлх хугацаанд бага насны хүүхэд буюу 13 настай охинтой бэлгийн харилцаанд орж хүчиндсэн хэмээн буруутгаж, тухайн үедээ олны анхаарлыг татаж, дургүйцлийг нь төрүүлж байв. Бидний авсан мэдээллээр хохирогч охиныг цагдаагийн алба хаагчдаар тогтохгүй Сэлэнгэ аймаг дахь хилийн цэргийн ангийн алба хаагчид, такси үйлчилгээ эрхлэгч гээд 4-5 хүн хүчиндэж бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй нь тодорхой болсон бөгөөд жирийн иргэдийг нь орон нутгийн цагдаагийн байгууллагад Эрүүгийн хуулийн 12.1-4 дэх хэсгийн “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг үндэслэн яллагдагчаар татаад буй аж.

МАН-Д ТООНООР ОРЖ, АЛБАН ТУШААЛД ГОРИЛОГСОД

МАН УИХ-ын сонгуульд жагсаалтаа архитектор залуугаар толгойлуулж, нийгмийн салбар бүрийн төлөөллийг багтаасан нь тун ч оновчтой сонголт болж, нийтийн талархлыг хүлээгээд байгаа. Түүнчлэн жендерийн тэгш байдлыг ханган эрэгтэй, эмэгтэй 1:1 зарчмаар нэр дэвшилтэд анхаарсан зэрэг нь жагсаалтыг өнгөн талаас нь гоё, сайхан харагдуулж байгаа ч цаад утгаараа бол албан тушаалын төлөөх нөхөд л байна. Гэхдээ тэдний дунд ёстой л “гуя дагасан хүзүү” гэчихмээр нөхөд олон байна. Тухайлбал, жагсаалтын 10-т УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга түүнээс хойш Хотын орлогч О.Номинчимэг, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, ТВ-9 телевизийн захирал асан, Соёлын дэд сайд П.Баттөр, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо, Хотын орлогч асан Н.Баярчимэг, МТЗ-ын хэлтсийн дарга Т.Сайнжаргал нар эхний 30-д байна. Өөрөөр хэлбэл, гаднаа гяланцаг, дотроо паланцаг жагсаалт болчихов уу гэх хардлагыг төрүүлэх нь гарцаагүй. Учир нь, дээрх нэр бүхий сайдуудын ихэнх нь МАН-д тооноор орж, албан тушаалд амархан томилогдсон хүмүүс.

Т.ДОРЖХАНД ХҮН-АА МАН-ЫН “УГЖНЫ ХУРГА” БОЛГОЖ ДЭЭ

Улстөрийн нам, эвслүүд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, ил болголоо. МАН, АН-ын хувьд дотоод зодоон нь дуусаагүй хэвээр байгаа бол ХҮН-ын хувьд аниргүйхэн асуудлаа цэгцэлсэн мэт харагдаж байгаа. Гэвч ХҮН-ын хувьд МАН-ын “угжны хурга” гэгддэг байснаа баталсан нэрсээ ил болгож байна. Тухайлбал, ХҮН-аас олон нийтэд танигдсан УИХ-ын гишүүн, намын дарга Т.Доржханд жагсаалтыг тэргүүлж, Л.Энхнасан, Г.Уянгахишиг, Б.Найдалаа, Б.Мөнхсоёл, Д.Гантулга нарыг араасаа дагуулжээ. Харин тойргуудад эгээ л хэний ч танихгүй хүмүүсийн нэрийг зоосон байгаа нь ХҮН энэ удаагийн сонгуульд сонгогчдын саналыг авч, парламентад суудал авахын тулд оролцохгүй нь тодорхой харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл ХҮН-ынхан сонгогчдын саналыг хуваах тактик ашиглах нь гэсэн үг. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар ХҮН-ын санхүүжилт “ах” намаас олгогдож байгаа тухай ч ам дамжигдаж байгаа юм.

МАН-ЫН ТОМ ХАНДИВЛАГЧ, МӨНГӨТЭЙ АЙЛЫН ЭРХ ОХИН Ч.НОМИН

МАН Соёлын сайд Ч.Номинг СХД буюу УИХ-ын IX тойрогт нэр дэвшүүлэхээр зарласан. Хөөрхий Ч.Номин нь тэр дүүрэг, тойргоо хаана байдгийг ч мэдэхгүй Хүүхэд, залуучуудын театрын нээлтийг хийхдээ гадарладаг болсон бөгөөд “Алслагдсан дүүрэг” гээд яриад зогсож байсан хүн шүү дээ. Атал тэрхүү театр нь СХД-ийн V хорооны нутаг дэвсгэрт, яг дүүргийнхээ дунд ордог гээд хэлчихэд хилсдэхгүй. Түүнээс цааш Партизан, Ар гүнт, Эмээлт гээд явбал энэ нэр дэвшигч бүр өөрийгөө хаана явааг мэдэхгүйн дээр тухайн орчинд амьдарч байгаа иргэдийг хараад ёстой л цочиж, айх биз ээ. Тодруулбал Ч.Номин сонгогдохгүй байхаас биш хотын төвөөс зайдуухан тойрог, тэнд нь амьдарч буй ядууралд нэрвэгдсэн иргэдийн харц, авираас тун удахгүй айж, хэрхэхээ мэдэхгүй самгардах байх даа. Үнэндээ МАН том хандивлагч, мөнгөтэй айлын эрх охиныг улстөрд ийн тооноороо оруулж, тойрогт илгээхдээ хэцүүхэн дүүрэг рүү явуулсан нь хашраах гэсэн хөөрхөн дөнгөлт байж мэдэх юм.

Ж.ГАНБААТАРЫН БАЛГААР МАН БГД-ЭЭС ХОЁР СУУДЛАА АЛДАВ БОЛОЛТОЙ

УИХ-ын сонгуулийн тойрогт нэр дэвшихээр ил болсон хүмүүсийг харахад МАН БГД буюу X тойргоос хоёр ч суудлаа лав алдав бололтой. МАН УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Х.Ганхуяг болон дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нарыг нэр дэвшүүлсэн. Уг нь тэнд ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, төлөөлөгч Г.Гангамөрөн нар УИХ-д нэр дэвших хүсэлтээ өгөөд байсан. Нам нь залуучууд, эмэгтэйчүүдээ дэмжиж байхад Ж.Ганбаатар дүүргийн МАН-ын хороог эзэгнэдэг гэсэн шиг хоёр бүсгүйгээ “алга болгочихсон” байгаа юм. Энэ нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрөө дахин гарч ирэхийн тулд эмэгтэй квотыг “аньж”, хажуудаа Ө.Сумъяабаатарыг чирчхэж байгаа юм. Тэгж гэмээнэ Ж.Ганбаатар арай дөнгүүр харагдана гэсэн үг л дээ. Эс бөгөөс хоёр эмэгтэй бүр байг гэхэд нэг эмэгтэй нэр дэвшигч байх нөхцөлд Ж.Ганбаатар бол аль хэдийн парламентын зүг дахин шунахааргүй болох байв. Дүүргийн Засаг даргаар ч олигтойхон ажиллаж чадаагүй Ө.Сумъяабаатарыг сугандаа хавчуулж байгаа нь өөрөө Ж.Ганбаатарын хэн бэ гэдгийг ч бататгаж өгч байгаа биз.

НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан ногоон автобусны асуудал хууль хяналтын байгууллагын үүд татсанаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тус асуудалд холбогдох хэрэг шүүхийн шатанд хоёр ч удаа урьдчилсан хэлэлцүүлгээр хойшлоод байна. Харин ногоон автобусны асуудлаар байгуулагдсан Түр хороо хаврын чуулган эхэлснээс хойш ирц хүрэхгүй шалтгаанаар хоёр ч удаа хурлаа хойшлуулсны эцэст өнгөрөгч долоо хоногт хуралдаж, сонсголын товоо тогтоосон. Түр хороог УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж байна. Тов ёсоор эл сонсгол өнөөдөр, маргааш гэсэн хоёр өдөр үргэлжилнэ. Сонсголд давхардсан тоогоор 98 орчим гэрчийг дуудаад буй бөгөөд эдгээрийн дунд Хотын дарга асан Д.Сумъяабазар, Монгол Улсын сайд асан Ж.Сүхбаатар нар багтаад байна.

Х.БУЛГАНТУЯА САЙД АА, НД-ИЙН БАЙЦААГЧ НАР ХАМАР ДООР ЧИНЬ ХУЛГАЙ ХИЙГЭЭД БАЙНА !!!

Х.Булгантуяа сайд аа, танай салбарт хулгай нүүрлэж, бүр нэгнээ хаацайлж, үгсэн хуйвалдаж, гэмт хэргээ нуун дарагдуулж байгааг та мэдсэн үү. Тодруулбал өнгөрсөн 3 дугаар сард СХД-ийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн хамгааллын байцаагч н.Амарзаяа нь БЗД-ийн НДХ-т үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд шалгалт хийхэд гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрчээ. Өөрөөр хэлбэл БЗД-ийн НДХ-ийн үйлчилгээний тасгийн дарга Д.Гэрэлцэцэг, тэтгэврийн хяналтын байцаагч Д.Ангараг нар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдснийг дээрх шалгалтыг хийсэн н.Амарзаяа байцаагч тогтоосон гэсэн үг. Мань байцаагч н.Амарзаяа ноцтой үйлдэл илрүүлсэн хэрнээ таг чиг болсон нь доорх нэр бүхий хүмүүстэй ямар нэгэн сэжмээр холбоотой болсон уу гэх хардлага анхаарал татна. Д.Гэрэлцэцэг, Д.Ангараг нар нь НДЕГ-ын хүний нөөцийн мэргэжилтэн Б.Баянжаргал гэгчид тэжээгчээ алдсны тэтгэвэр хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлж сар бүр 2.3 сая төгрөгийн тэтгэвэр тогтоож, мэргэжил нэгтэндээ өгөх болсон аж. Өөрөөр хэлбэл Д.Гэрэлцэцэг, н.Ангараг нар тэжээгчээ алдсаны тэтгэврийг хуурамч баримт материал бүрдүүлэн тогтоосон гэсэн үг. Дээр бичсэнчлэн энэхүү хууль бус үйлдлийг шалгаж илрүүлсэн СХД-ийн байцаагч н.Амарзаяа болон хяналтын тасгийн дарга, удирдлагууд, НДЕГ-ын хяналт шалгалтын газрынхан Д.Гэрэлцэцэг, Д.Ангараг нарт арга хэмжээ авах нь бүү хэл эл асуудлыг одоог хүртэл хуулийн байгууллагад мэдэгдээгүй нь анхаарал татмаар. Учир нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг хууль бусаар авч буй НДЕГ-ын мэргэжилтэн Б.Баянжаргал гэгч нь хэнийг ажилд авах, халах зэрэг “хурган” эрх мэдэл бүхий нэгэн учраас энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь байгууллага дээр нь илрүүлсэн ч ийнхүү нам дарж чадсан сүйхээтэй нэгэн бололтой. Ингэж хэлэхийн учир нь БЗД-ийн НДХ-ийн үйлчилгээний тасгийн дарга Д.Гэрэлцэцэг эрх мэдэлдээ дулдуйдаж энэхүү гэмт үйлдлийг нь сэдэн гаргаж, хуурамч материал бүрдүүлж өндөр тэтгэвэр тогтоож өөрсдөө хувааж авдаг гэх хардлагыг төрүүлж байна. Түүнчлэн Б.Баянжаргал өмнө нь БЗД-ийн НДХ-т Д.Гэрэлцэцэгтэй цуг ажиллаж байсан талаар зарим эх сурвалж хэлж байгаа юм. Тиймээс Х.Булгантуяа сайд аа, энэхүү нийтлэлд дурдагдсан нэр бүхий хүмүүстэй холбоотой хэргийг сайтар шалгахгүй бол нэг этгээд нь ч таны хамаарал бүхий нэгэн ч болж магадгүй бололтой. Учир нь сайдын хамгаалтад байдаг гэж сайрхан ярьдаг дарга мэргэжилтнүүд УИХ-ын сонгуулиас өмнө нэрийг тань сэвтээх нь ээ. Бид дараагийн удаа НДЕГ-ын хүний нөөцийн мэргэжтлтэн Б.Баянжаргал яагаад тэжээгчээ алдсны тэтгэвэр авах болов, нас барсан хүн түүний юу болох, яаж өнгөрсөн талаарх мэдээллийг болон Д.Гэрэлцэцэг, Д.Ангараг нартай холбоотой нарийн мэдээллийг хүргэх болно.

1 ... 105 106 107 108 109 110 111 112 113 ... 370