НЭГҮҮН МЭДЭЭ
ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН ӨМНӨХ ӨДРИЙНХӨӨС 10-65 СМ НЭМЭГДЭЖ СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

Энэ оны 5 дугаар сарын 31-ний байдлаар Хэрлэн, Онон голуудын эхээр, Туул голын адгаар, Эг, Балж Барх, Хангайн нуруунаас эхтэй Завхан зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдсэн байна. Мөн Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Ховд гол Мянгад сум, Идэр гол Тосонцэнгэл сум орчмоор үерийн түвшинг 5-25 см давсан байна. Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, баталгаат гүүр, гармаар зорчих, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэхийг анхааруулж байна.

ӨНӨӨДРӨӨС НИЙТИЙН ТЭЭВЭР 5.40-Д ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА АЖЛАА 7.00 ЦАГТ ЭХЛҮҮЛНЭ

Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа.

МАНАЙ УЛСАД "ХАР ТАМХИ БУЮУ ЦАГААН ТАХАЛ" АЮУЛЫН ХАРАНГА ДЭГДЭЭЖ БАЙНА

Манай улсад хар тамхи хэрэглэж үзсэн, оролцсон 20.000-60.000 хүн байж болзошгүй гэх мэдээлэл ухамсартай нэгэнд юм бодогдуулсан нь лавтай бөгөөд 3,4 сая хүнтэй манай улсын хувьд энэ бол маш том тоо, маш их АЮУЛ, АЙМШИГ. Нэгэнт ийм хэмжээний хэрэглэгч байгаа бол тууштай тэмцэх шаардлага даруй бий болж гэсэн үг. Уг нь бид хар тамхи зөөвөрлөдөг, хадгалдаг худалддаг, хэрэглэдэг хүмүүсийн тухай ярьж эхэлсэн тэр мөчөөс буюу 30 жилийн тэртээгээс бодлоготой тэмцэж ирсэн бол өнөөдөр ийм хэмжээнд хүрэхгүй байх байв. Хатуухан хэлэхэд түймэр мэт хурдан газар авч, тархаж байгаа гэж хэлж болох энэхүү цагаан тахалтай зөвхөн цагдаа, хууль, шүүхийнхэн л тэмцсэээр ирсэн нь нууцгүй үнэн. Тэд нүцгэн гараараа улаан гал унтраах гэж оролдож буйтай агаар нэг ажиллаж байгаа. Товчхондоо бол энэхүү “ЦАГААН ТАХАЛ”-тай эрчимтэй тэмцэхийн тулд дэлхийн хэмжээний туршлагыг хөрсөндөө буулгаж маш шаргуу, эрчимтэй тэмцэх хэрэгтэй. Ингэхдээ зөвхөн хууль цагдаа, шүүх гэлгүй гэр бүл, найз нөхөд албан байгууллагууд ч оролцох хэрэгтэй. Ингэж өргөн хүрээгээр тэмцэхгүй бол хар тамхи хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт хурдтай өсөөрч байгаа бөгөөд сүүлийн 5 жилийн статистик мэдээллээс харахад залуучуудыг хамарсан нь АЮУЛ юм. Тэгвэл залуучуудын амьдрал өмнө нь бий. Гэтэл гэр бүл зохиож, амьдрал цэцэглүүлэх насан дээрээ хар тамхинаас хараат болчихоор ямар ирээдүй тэднийг хүлээх нь тодорхой. Энэ асуудлыг зөвхөн хар тамхичдын асуудал гэж харалгүйгээр төр засгаас ч тодорхой бодлого, шийдвэр гаргаж, “Улсаараа хар тамхитай тэмцэж гэмээнэ Саруул, эрүүл Монгол байх учиртай.

ОЛНЫ ТАНИЛУУД АА СУРТАЛЧЛАХАД Ч УЧИР БИЙ...

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас болох болохгүй эмийн жагсаалтыг уг нь гаргаж, зарлан мэдээлж, стандарт бусыг нь эмийн зах зээлээс эргүүлэн татах нь ч бий. Хамгийн сүүлийн томоохон жишээ гэхэд өнгөрсөн жил Герман улсад үйлдвэрлэдэг эмийг эргүүлэн татсан байдаг. Гэтэл манай улс тэр эмийг хэрхсэн нь одоог хүртэл тодорхойгүй тул айдас төрүүлсээр байгаа нь нууц биш. Энэ тухай нэгэн сэтгүүлч хөндөж “Германд үйлдвэрлэсэн”, “Герман чанар” гэж манайд сурталчилж маш өндөр үнэтэй зардаг. Гэтэл тэр эм нь Германы улсын эмийн бүртгэлд байдаггүй, Энэтхэг, Хятадад үйлдвэрлэж, Германд зөвхөн савлаад "Герман чанар" нэрээр Монголд зардаг...” гэдгийг баримттайгаар дэлгэж байсан. Харин эл мэдээллийг олны зүгээс 2 янзаар хүлээж авсан. Эхнийх нь “Патентийг нь авчихсан бол хаана үйлдвэрлэж, савлах нь тухайн байгууллагын эрх. Томоохон брендүүдийн авто машиныг ч гэсэн Хятад улс өөрийнхөө нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэх эрх авчихсан байдагтай ялгаагүй...” гэсэн. Нөгөө хэсэг нь “Эм бол авто машин биш. Тиймээс хатуу чанга хараа хяналт дор үйлдвэрлэл явагдаж, хэрэглэгчийн гарт очих хүртлээ чанараа хадгалсаар байх учиртай. Тун, бан нь ямх төдийхнөөр алдагдахад хүний амь, нас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Тийм болохоор эрх бүхий байгууллага нь өөрсдөө үйлдвэрлэж, өөрсдөө хяналтаа тавьж, үнэн зөв мэдээллийг түгээж байх ёстой” гэж байв. Ихэнх нь сүүлийн тодотголыг “ЗӨВ” гэсэн нь мэдээж. Гэхдээ Өрсөлдөөний тухай хууль гэж бий. Тухайн хуульд зүйлчилснээр бизнесийн байгууллагууд шударгаар өрсөлдөх ёстой. Бараа бүтээгдэхүүн, эм тан, цай, витамин гээд юуг ч сурталчлахдаа “НОМЕР НЭГ” гэхийг хуулиар хориглосон байдаг бөгөөд “ТЭРГҮҮЛЭХ” гэдэг үгийг л сурталчилгаандаа дурдах учиртайг энд ТОДОТГОХ хэрэгтэй. Манай улсад хэрэглэгдэж байгаа эмийн 80 орчим хувь нь импортынх. Товчхондоо бол эм, эмнэлгийн хэрэгслээр гадаадын улс орнуудаас хараат байгаа энэ үед аль улсын, хэзээ, хаана үйлдвэрлэсэн зэргийг нь сайн нягтлаж байх буюу үнэн зөв мэдээлэлтэйг нь СОНГОХ хэрэгтэй гэсэн үг. Мэргэжлийн байгууллагууд, хил гааль дээр ажилладаг эмийн байцаагч нар хувь хүн, ААН байгууллагад “Оруулж ирж байгаа эм тангаа шударгаар зарлан мэдээлээрэй” гэдгийг сануулж байх шаардлагатай. Учир нь “Эм бол хоол биш. Хэдийгээр анагаах увидастай ч химийн найрлага бүхий нэгэн төрлийн “ХОР” гэдгийг анхааруулж байх хэрэгтэй.

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ БАЙРЛАХ 243 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТУСЛАХ БАГШ ХҮҮХЭД ЗОДЖЭЭ

Хан-Уул дүүрэгт байрлах цэцэрлэгийн багш хүүхдийн биед халдсан тухай мэдээллийг уншигчийн зүгээс манай сайтад ирүүллээ. Тодруулбал “Хан-Уул дүүргийн 25 дугаар хороонд байрлах 243 дугаар цэцэрлэгийн ахлах бүлгийн туслах багш О нь энэ сарын 29-ны өдрийн 09:41 цагт алгадах, чирч гулдрах зэрэг байдлаар хүүхдийн биед халдсан байна. Энэ үйлдэл нь бичлэгээр нотлогдож буй тул эцэг, эх асран хамгаалагчийнх нь зүгээс цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Гомдлын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО 154 ИРГЭНИЙГ БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗЖЭЭ

СЕХ Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй нөхдийг бүртгэхээс татгалзсан. Тэдгээр нэр дэвшигчид нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон, татварын хугацаа хэтэрсэн, өр төлбөртэй байсан байна. Тухайлбал АН-ын С.Баярцогт, Б.Хурц, Үндэсний эвслийн Н.Номтойбаяр нарыг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон гэх шалтгаанаар мөн АН-аас нэр дэвшигч Ж.Батбаясгаланг татварт хугацаа хэтэрсэн өртэй гэх шалтгаанаар, Монгол хүний төлөө намын Х.Бат-Ялалтыг ялтай байдал нь дуусаагүй гэх шалтгаанаар бүртгэхээс татгалзжээ.

ӨСВӨР НАСНЫ ГЭМТ, ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮҮХДҮҮДИЙН 66 ХУВЬ НЬ ХУЛГАЙЛАХ, ДЭЭРЭМДЭХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЖЭЭ

Нийслэл, дүүргийн прокурорын газраас 2024 оны эхний 5 сарын байдлаар хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн болон тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны 163 хүүхдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавин ажиллажээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 84 хүүхэд байгаа аж. Тэдгээрээс нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн 2, тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 64 хүүхэд байна. Мөн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, хяналт тогтоосон 1, хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг тодорхой хугацаагаар хойшлуулсан 17 хүүхэд байгаа аж. Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 14-18 насны өсвөр насны хүүхдүүдийн дийлэнх буюу 66 хувь нь хулгайлах, дээрэмдэх зэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол 19 хувь нь бусдын биед хүнд, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ГАЗРЫН НАЙМААГААР “ДЭЭЛЭЭ НӨМРӨХ” ШАХСАН Т.ПҮРЭВХАТАН ЗҮҮН БҮСИЙНХНИЙ АЧААР ДЭЭДЭС БОЛНО ГЭВ ҮҮ

УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт АН-аас нэр дэвшиж буй Т.Пүрэвхатан эрх мэдлийн төлөө энхийн цагаан тагтаа мэт аашилж явна. Мань хүн чинь угтаа бол газрын албаны мэргэжилтэн байхаасаа төрд тэнцэхгүй хүн гэдгээ баталчихсан юм шүү дээ. Гэтэл АН-ынхан түүнийг дэд даргаа болгож, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж байгаа нь гунигтай. Т.Пүрэвхатан өмнө нь дүүргийн газрын албанд ажиллаж байсан бөгөөд хоёр ч удаа гэмт хэрэгт холбогдож, мултарсан. Сануулахад тэрбээр БЗД-ийн Газрын албанд байхдаа дарга нартайгаа хуйвалдан 2015 онд Баянзүрх дүүргийн 20-р хороо, Улиастайн Их цуурайтын аманд хууль бусаар 103 хүний нэр дээр газар олгосон байдаг. Энэ хэргийг АТГ-аас илрүүлж, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан Н.Батсүх, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан С.Бямбадорж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга асан Б.Амаржаргал нарт шүүхээс 1-3 жилийн ял оноож байв. Мөн Н.Батсүх нь Т.Пүрэвхатанаар зуучлуулан БНХАУ-ын иргэн Лин Суй Лин гэгчээс авлига авсан гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн. Гэтэл яг авлига зуучилсан Т.Пүрэвхатан нь тухайн хэргээс цэвэрхэн мултарсан байдаг. Түүнчлэн Т.Пүрэвхатаны нөхөр Б.Ууганбаяр нь 2019 онд Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ ашиглан хүүхдийн “Найрамдал” зуслангийн газраас эхнэр Т.Пүрэвхатаныхаа “Шинэ хужирт” ХХК-д газар олгуулсан байдаг. Тэр нь өдгөө хүүхдийн “Найрамдал” зуслангийн хажууханд байх “Натур мед” сэргээн засах төв болчихсон үйл ажиллагаа явуулж байгаа. Эндээс харвал эхнэр нь АН-д, нөхөр нь МАН-д зүтгэж хувийн бизнесээ хөгжүүлдэг гэчихвэл хол зөрөхгүй. Учир нь Б.Ууганбаяр эхнэртээ “Найрамдал” зуслан ормын газрыг 2019 оны II/14-нд олгосон. Харин тухайн жилийн V сард Засгийн газрын хуралдаанаар “Найрамдал”-ын газруудыг цуцлах шийдвэр гарч, IX сард нь хотын дарга нар очсон ч Т.Пүрэвхатаны эзэмшлийг тойрчихсон. Товчхондоо бол хамтран ажиллагч Б.Ууганбаярынхаа эхнэрийн газрын дэргэдүүр нүдээ аниад өнгөрсөн гэсэн үг л дээ. Ийм л зальжин нь дэндсэн, ойрын хамаарал бүхий хүмүүсээ ашиглаж, олон нийтийг ашиг хонжоо мэт хардаг хүн өнөөдөр зүүн бүсийн иргэдийг төлөөлж УИХ-ын гишүүн болохоор яваа нь тун ч эмгэнэлт явдал биш гэж үү.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН Д.ҮҮРИЙНТУЯА ТӨРД ХУУЧИН ЭЗНИЙХЭЭ БЭТ БОЛНО

УИХ-ын сонгуулийн IV тойрог буюу Орхон, Булган, Хөвсгөл аймагт МАН-аас Д.Үүрийнтуяа нэр дэвшихээр болсон. Өнгөрсөн хугацаанд түүний талаарх таагүй мэдээлэл олон. Хамгийн сүүлд Төрийн хэмнэлтийн хуулиар “Эрдэнэт үйлдвэр” орлогч дарга нараа цөөлөх ёстой байсан атал албан тушаалынх нь нэрийг л сольчихсон. Тодруулбал, Д.Үүрийнтуяа нь Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч байснаа Санхүү, эдийн засаг хариуцсан Тамгын газрын дарга болчихсон байдаг. Д.Үүрийнтуяаг анх “Эрдэнэт үйлдвэр”-т томилогдсон цагаас эхлэн “Сод Монгол”-ын хүн гэдгийг нь олон нийт мэддэг болсон. Тэр 2014-2016 онд “Сод монгол групп”-ийн Орхон салбарын дарга, группийн худалдаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан. Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн Санхүү хариуцсан захирал болсныхоо дараахан “Сод Монгол групп” ХХК-тайгаа 85.9 тэрбум төгрөгийн үнэтэй шатахуун шууд худалдан авах гэрээ хийсэн бөгөөд нэг литрийг нь 2320 төгрөгөөр буюу ойролцоогоор зах зээлийн үнээс 500 төгрөгөөр илүү шахсан гэх мэдээлэл өнөөдөр ч цахим орчинд байсаар байна. Энэ удаа Д.Үүрийнтуяаг мөн л “Сод Монгол” зүгээс парламентад сойж байгаа гэх мэдээлэл бий. Нэгэнт нь түүнийг өнөөг хүртэл дэмжиж ирсэн “толгой” нь нэр дэвшихээргүй болсон төдийгүй тус тойрогт илгээчих “аятайхан” эмэгтэй МАН-д байхгүй. Тэр ч утгаараа Д.Үүрийнтуяаг УИХ-д “Сод Монгол”-ын БЭТ-ээр томилогдох нь гэх яриа ортой бололтой.

АТГ: Ц.ГАРАМЖАВ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛЭЭ ЗОРИУЛАЛТЫН БУСААР ЗАРЦУУЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн: -Авлигатай тэмцэх газраас өчигдөр буюу 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан этгээдийн орон байр болон бусад шаардлагатай объектуудад нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуй 48 цагийн хугацаагаар баривчилсан. Тухайн этгээдийг ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ гэхээр Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, ингэхдээ мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, гадаад улс оронд үл хөдлөх хөрөнгө бий болгосон байж болзошгүй үндэслэлээр шалгаж байна. Мөн авсан лицензүүдээ хууль бусаар авсан байж болзошгүй, мөн лиценз авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгай ангид заасан өөр төрлийн гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй учраас ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албатай хамтран шалгаж байна. УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг Хөгжлийн банкнаас давуу байдал үүсгэж, зээл авсан хэмээн Хөгжлийн банкны сонсголд дуудаж байв.

1 ... 103 104 105 106 107 108 109 110 111 ... 371