ОЛНЫ ТАНИЛУУД АА СУРТАЛЧЛАХАД Ч УЧИР БИЙ...

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас болох болохгүй эмийн жагсаалтыг уг нь гаргаж, зарлан мэдээлж, стандарт бусыг нь эмийн зах зээлээс эргүүлэн татах нь ч бий.

Хамгийн сүүлийн томоохон жишээ гэхэд өнгөрсөн жил Герман улсад үйлдвэрлэдэг эмийг эргүүлэн татсан байдаг. Гэтэл манай улс тэр эмийг хэрхсэн нь одоог хүртэл тодорхойгүй тул айдас төрүүлсээр байгаа нь нууц биш.

Энэ тухай нэгэн сэтгүүлч  хөндөж “Германд үйлдвэрлэсэн”, “Герман чанар” гэж манайд сурталчилж маш өндөр үнэтэй зардаг. Гэтэл тэр эм нь Германы улсын эмийн бүртгэлд байдаггүй, Энэтхэг, Хятадад үйлдвэрлэж, Германд зөвхөн савлаад "Герман чанар" нэрээр Монголд зардаг...” гэдгийг баримттайгаар дэлгэж байсан.


Харин эл мэдээллийг олны зүгээс 2 янзаар хүлээж авсан. Эхнийх нь “Патентийг нь авчихсан бол хаана үйлдвэрлэж, савлах нь тухайн байгууллагын эрх. Томоохон брендүүдийн авто машиныг ч гэсэн Хятад улс өөрийнхөө нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэх эрх авчихсан байдагтай ялгаагүй...” гэсэн.

Нөгөө хэсэг нь “Эм бол авто машин биш. Тиймээс хатуу чанга хараа хяналт дор үйлдвэрлэл явагдаж, хэрэглэгчийн гарт очих хүртлээ чанараа хадгалсаар байх учиртай. Тун, бан нь ямх төдийхнөөр алдагдахад хүний амь, нас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Тийм болохоор эрх бүхий байгууллага нь өөрсдөө үйлдвэрлэж, өөрсдөө хяналтаа тавьж, үнэн зөв мэдээллийг түгээж байх ёстой” гэж байв.

Ихэнх нь сүүлийн тодотголыг “ЗӨВ” гэсэн нь мэдээж. Гэхдээ Өрсөлдөөний тухай хууль гэж  бий. Тухайн хуульд зүйлчилснээр  бизнесийн байгууллагууд  шударгаар өрсөлдөх ёстой. Бараа бүтээгдэхүүн, эм тан, цай, витамин гээд юуг  ч сурталчлахдаа “НОМЕР НЭГ” гэхийг хуулиар хориглосон байдаг бөгөөд “ТЭРГҮҮЛЭХ” гэдэг үгийг л сурталчилгаандаа дурдах учиртайг энд ТОДОТГОХ хэрэгтэй.


Манай улсад хэрэглэгдэж байгаа эмийн 80 орчим хувь нь импортынх. Товчхондоо бол  эм, эмнэлгийн хэрэгслээр гадаадын улс орнуудаас хараат байгаа энэ үед аль улсын, хэзээ, хаана үйлдвэрлэсэн зэргийг нь сайн нягтлаж байх буюу үнэн зөв мэдээлэлтэйг нь СОНГОХ хэрэгтэй гэсэн үг.

Мэргэжлийн байгууллагууд, хил гааль дээр ажилладаг эмийн байцаагч нар хувь хүн, ААН байгууллагад “Оруулж ирж байгаа эм тангаа шударгаар зарлан мэдээлээрэй” гэдгийг сануулж байх шаардлагатай. Учир нь “Эм бол хоол биш. Хэдийгээр анагаах увидастай ч химийн найрлага бүхий нэгэн төрлийн “ХОР” гэдгийг анхааруулж байх хэрэгтэй.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.