BREAKING NEWS
Б.ОДСҮРЭН:БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ АВТОМАШИНЫГ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ХУДЛАА

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн -Арваннэгдүгээр сарын 4-нд Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, хотын төвлөрлийг задлах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хуралдсан. Тус хуралдаанаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээ болоод зорилгоо танилцуулсан. Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй гэдэг бол худал, ташаа мэдээлэл. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо 652 мянгад хүрсэн. Он гарахад энэ тоо ойролцоогоор 700 мянгад хүрэх тооцоо бий. Зохицуулалт хийхгүй энэ байдлаараа үргэлжлэх юм бол Улаанбаатар хотын автомашины тоо гурван жилийн дараа 900 мянгаас нэг саяд хүрэх төлөв ажиглагдаж байна. Автомашины тоо нэмэгдэж байгаагаас үүдэн замын хөдөлгөөний дундаж хурд 2019 онд 13 км цагийн хурдтай байсан бол саяхан тооцоо хийж үзэхэд 10 км цагийн хурдтай болж буурсан байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд 2028 оноос эхлэн баруун гарын дүрэмд 100 хувь шилжье гэсэн саналыг оруулж байна. Тэр болтол автомашинууд замын хөдөлгөөнд хэвийн байдлаар оролцоно. Импортоор орж ирж буй автомашины 90 гаруй хувь нь долоогоос дээш жилийн насжилттай байдаг. Тиймээс эдгээр автомашины татварыг нэмэх талаар ярьж байгаа. Мэдээж дээрх асуудлуудаар иргэдээс санал, асуулга аван, уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдвэрлэнэ.

ХОГ ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА

Нийслэл Улаанбаатар хотод хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслийн урьдчилсан судалгаа, шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, хэрэгжүүлэх боломжит бүтцийг тодорхойлох хамтарсан ажлын хэсэг байгуулахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт даалгалаа. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлж хог шатааж эрчим хүч гаргадаг үйлдвэр байгуулбал 2024 оноос нийт хог хаягдлын 31,8 хувийг шатаах үйлдвэрт устгаж, төвлөрсөн хогийн цэгт дарж булж байгаа хог хаягдлыг мөн хувиар бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Урьдчилсан тооцоогоор Улаанбаатар хот 2040 он гэхэд нийт хог хаягдлын 50 хувь буюу дахивар нөөцийг дахин боловсруулалтад оруулж, дахин боловсруулалтад оруулах боломжгүй 42 хувийг шатааж устган эрчим хүч гарган, төвлөрсөн хогийн цэгийн ландфилд дарж булшлах хог хаягдлын хэмжээг бууруулах зорилт тавьж ажиллаж байна.

АНГЛИ УЛС VAPE-Г ЭМИЙН ЖОР БОЛГОЖЭЭ

Английн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг зохицуулах агентлагийн удирдамжийн дагуу тус улсын Эрүүл мэндийн яамнаас цахилгаан тамхи буюу Vape-ыг тамхинаас гарах хүсэлтэй иргэдэд эмийн жор болгон хэрэглүүлэх шийдвэрийг гаргасан байна. Электрон тамхи нь ердийн тамхины хор хөнөөлийн багахан хэсгийг агуулдаг бөгөөд энгийн тамхинаас 95 хувь аюулгүй хэмээн эрдэмтэд дүгнэлт гаргасан байдаг. “Дэлхийн тамхины хор хөнөөлийг бууруулах тайлан”-ийн ахлах судлаач Харри Шапиро /“DrugWise” буяны сангийн захирал/ Vice World News-д өгсөн ярилцлагадаа “Англи Улс нь шинжлэх ухаанд үндэслэн электрон тамхийг нийгмийн эрүүл мэндэд ашиг тустай хэмээн үзэж, практик хэрэглээнд нэвтрүүлэн анхны улс болж байна” хэмээн цохон тэмдэглэжээ. Электрон тамхи нь шингэнийг халааж, уур болгох технологид суурилдаг бөгөөд энгийн тамхины хамгийн хортой элемент болох давирхай, нүүрстөрөгчийн дутуу ислийг агуулдаггүй байна. Гэвч электрон тамхи нь никотин агуулдаг ба энэ нь нэг төрлийн донтуулагч бодис юм. Англи Улсад сүүлийн 20 жилд энгийн тамхи татдаг хүмүүсийн тоо нийт иргэдийн 27 хувь байснаас 14 хувь болон буурч байгаа ч жил бүр 64,000 орчим хүн тамхины хор хөнөөлөөс үүдэн нас барж байна. Амьжиргааны түвшин доогуур хорооллуудад тамхи татдаг иргэдийн тоо чинээлэг бүс хэсгээс 3 дахин их байна. Тус улсад 6.1 сая насанд хүрсэн иргэн энгийн тамхийг хэрэглэдэг бөгөөд электрон тамхи хэрэглэдэг 3.6 сая иргэдийн ихэнх нь энгийн тамхинаас электрон тамхины хэрэглээнд шилжсэн байна. Электрон тамхи нь энгийн тамхинаас гарах хамгийн түгээмэл арга болж байна. 2021 оны 7-р сард ДЭМБ-ын тэргүүн электрон тамхийг “Хортой, донтуулдаг бөгөөд хүүхдүүд тамхи татах гарц болж байна” хэмээн мэдэгдэж байсан юм. Үүний хариуд Ноттингемийн их сургуулийн тархвар судлалын профессор Жон Бриттон “ДЭМБ жил бүр олон сая хүний аминд хүрдэг тамхины донтолт, никотин донтолт хоёрын үндсэн ялгааг одоог хүртэл ойлгоогүй байна” хэмээн хэлж байжээ. ЭХ СУРВАЛЖ: theguardian.com

У.ХҮРЭЛСҮХ: 2024 ОН ГЭХЭД ХӨВСГӨЛ ДАЛАЙД ЖИВСЭН БҮХ АВТОМАШИНЫГ ТАТАЖ ГАРГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Ерөнхийлөгч тус байгууллагын албан хаагчидтай уулзахдаа “Хөвсгөл нууранд 35 жилийн өмнө живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажилд онцгой байдлын бие бүрэлдэхүүн амжилттай ажиллаж, 309 тонн жинтэй онгоцыг ямар нэг осол эндэгдэлгүй татаж гаргалаа. Энэ бол усчин аврагчдад маш сайн сургуулилт болсон. Би Хөвсгөл далайд живсэн техник хэрэгслийн татаж гаргах санаачилгыг Ерөнхий сайд байхдаа гаргасан. Энэ асуудлаар Хөвсгөл далайд хоёр удаа очсон. Манай усчин аврагчид маш сайн дадлага сургуулилттай болж байна. Ойрын үед Хөвсгөл далайд живсэн бүх автомашиныг татаж гаргах хэрэгтэй. 2024 онд Хөвсгөл далайд живсэн бүх автомашиныг татаж гарга. Энэ бол Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн өгч буй үүрэг. Үүний тулд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авах хэрэгтэй. 36 жил Хөвсгөл далайн ёроолд байсан онгоцыг татаж гаргасан нь алба хаагчдын хичээл зүтгэл. Энэ бол Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх нэгэн үе. Учир нь, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор их жанжны нэрээр нэрлэгдсэн живсэн онгоцыг наранд гаргасан нь бэлэг дэмбэрэлтэй үйл явдал боллоо. Ерөнхийлөгч хүний хувьд хамгийн их санаа чилээж байгаа зүйл бол улс орны тогтвортой байдал. Тиймдээ ч байгаль орчноо хамгаалах тал дээр түлхүү анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Нэгдсэн үндэстний байгууллагын индэр дээр хэлсэнчлэн нэг тэрбум мод тарих үндэсний ажлыг амжилттай эхлүүлсэндээ баяртай байна. Цаашид энэ мэт үндэсний хэмжээний хөдөлгөөнт ажлыг санаачлан үргэлжлүүлнэ” гэлээ.

ДУСЛЫН ШИНГЭН, ТАРИАНЫ НӨӨЦ ТАСАЛДАХ ЭРСДЭЛ АРИЛЛАА

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан ЭМЯ-ны төлөөлөл, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын удирдлагуудын хамтаар “Айвико” тарилгын эмийн үйлдвэрт ажиллаж, эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзан, санал хүсэлтийг нь сонслоо. Цар тахлын нөхцөл байлдалтай холбоотойгоор урд хөрш БНХАУ-д ковидын халдвар гарч улмаар Эрээн хотын хилийн боомтоор нэвтрэн ачаа бараа тээвэрлэх автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байгаа. Үүний улмаас зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, эм тарилга үйлдвэрлэлийн түүхий эд материал бүтээгдэхүүнийг татан авахад хүндрэл гарч, хугацаа алдах эрсдэл үүсээд байсан. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос дээрх асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулан нэн шаардлагатай тариур, антибиотик зэрэг эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн түүхий эд материалыг тасалдуулалгүйгээр татан авах ажлыг үе шат дараатайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр “Айвико” тарилгын эмийн үйлдвэрийн дуслын шингэнийг савлах 29 тоннын 1.2 сая уут, сав баглааг БНХАУ-аас өнөөдөр тусгай үүргийн онгоцоор татан авлаа. Шадар сайд С.Амарсайхан “Айвико” тарилгын эмийн үйлдвэрийн удирдлагуудтай уулзах үеэрээ “Цар тахлын халдвар тархсан хүнд нөхцөлд иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд нэн шаардлагатай эм, тарилгын шингэнийг тасалдуулалгүй үйлдвэрлэж байгаад талархал илэрхийлээд энэ удаад төрөөс дэмжлэг үзүүлэн тусгай үүргийн онгоц гаргаж, тус үйлдвэрт нэн шаардлагатай тарилгын шингэнийг савлах 1.2 сая уут, таглаа зэрэг зүйлсийг татан авч 1.5 сарын нөөцийг бүрдүүллээ. Тиймээс та бүхэн эм тарилгынхаа үнийг нэмэхгүй байх, цаашид галт тэргээр болон Замын-Үүдээс бусад хилийн боомтоор бүтээгдэхүүнээ татан авах төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, нөөцөө тасалдуулалгүй бүрдүүлэх, ЭМЯ, Эмийн агентлагт хүсэлтээ уламжилж тулгамдсан асуудлаа шийдвэрлээд ажиллах хэрэгтэй гэдгийг санууллаа. Дашрамд танилцуулахад “Айвико” тарилгын эмийн үйлдвэр нь 2004 онд байгуулагдсан. Үйлдвэр хүчин чадлаа нэмэгдүүлж үйлдвэрийн хос шугам бүхий, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон 50, нийт 64 нэрийн тарилгын эмийг үйлдвэрлэдэг байна. Тус үйлдвэр байгуулагдсан цагаас эхлэн ДЭМБ-ын “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал”-ын дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж иржээ. Үйлдвэрлэж буй эмийн эмчилгээний идэвхтэй, чанар аюулгүй байдлыг хангах үүднээс Европын фармакопейн шаардлага хангасан эмийн түүхий эдээр эм үйлдвэрлэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа манай улсын энэ чиглэлийн шилдэг үйлдвэрүүдийн нэг аж.

УНТАЖ БАЙСАН НЯРАЙН ХАМРЫН ЗӨӨЛӨН ЭДИЙГ МУУР ИДСЭНИЙ УЛМААС НЯРАЙ НАС БАРЖЭЭ

Сэлэнгэ аймгийн "Цагаан нуур суманд" хоёр сартай эмэгтэй хүүхэд нас байрсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал: Тус суманд бүртгэлтэй хоёр сартай нярай хүүхдийн хамрын зөөлөн эд нь ухагдаж, нүүр толгой орчим олон тооны цэгэн шархтай нас барсан байна. Хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар: Хүүхдийг унтаж байх үед муур хамрын зөөлөн эдийг нь идсэний улмаас нас баржээ. Тухайн муур нь гэрийн тэжээвэр муур биш байсан бөгөөд хэрэг болохоос хоёр хоногийн өмнө айлынх нь хүүхдүүд гудамжнаас гэртээ оруулсан байна.

НИЙСЛЭЛ РҮҮ ТҮҮХИЙ НҮҮРС НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

Улаанбаатар хотын хэмжээнд эрүүгийн болон хэв журмын зөрчлийн нөхцөл байдал ямар байгаа талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын удирдлагаас мэдээлэл өглөө. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл өмнөх долоо хоногоос 6.5 хувиар буурчээ. Гэмт хэргийн төрлүүдээс хулгайлах гэмт хэрэг 1.8 хувиар өсөж, бусад төрлийн хэргүүд 4.3-46.2 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт болон Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран авто тээврийн шалган нэвтрүүлэх баталгаат замын найм, баталгаат бус замын нэг цэгт 18 алба хаагч 24 цагаар хяналт тавин ажиллаж буй. Түүхий нүүрс хэрэглэх, нууцаар худалдаалах зөрчил болон сайжруулсан түлш худалдаалах цэг орчимд хяналт тавих зорилгоор 681 чиглэлд 1444 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 428 хороо, 841 гудамж, 2170 айл өрх, 3844 иргэн, 900 тээврийн хэрэгслийг шалгалтад хамруулж, зургаан тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 21 тонн 110 кг түүхий нүүрсийг илрүүлжээ. Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Цахим орчны зүй бус хэрэглээ, цахим гэмт хэргийн ойлголт”, “Хүүхдийн эрх, аюулгүй байдал” сэдэвт сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын 23, 72 дугаар сургуулийн 520 сурагчийг хамруулсан байна. Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙГ ХҮЧИНДЭХИЙГ ЗАВДСАН БАЙНА

Увс аймагийн "Улаангом сумийн 3-р баг айлын орон сууцны ард талд байрлах шавар гаражын хажууд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэхийг завдсан байна" гэх дуудлага 2021/11/04-ны 14:45-д цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагийн дагуу шалгахад тус багт амьдрах Х/эм-г 40-50 орчим насны үл таних эрэгтэй хүн хүчиндэхийг завдсан байна. Уг хэргийг Увс аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

ГЭРЭЭСЛЭЛ ҮЛДЭЭН МОДНООС ӨӨРИЙГӨӨ БООМИЛЖЭЭ

Говьсүмбэр аймгийн "Сүмбэр сум 3-р баг 2-р байрны ард байрлах авто тавиуланд хүн боомилсон байдалтай нас барсан байна" гэх дуудлага мэдээллийг 2021/11/04-ний 09:25 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагийн дагуу шалгахад Тус сумийн иргэн Б нь хөндлөвч дай модноос цагаан өнгийн олсоор боомилж нас барсан байжээ. Мөн "Миний үхэлд хэн чбуруугүй шүү, архинд толгойгоо мэдүүлсэн нь миний хохь" гэх утга бүхий гэрээслэл бичсэн байна. Уг хэргийг Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс шалгаж байна.

УГААРЫН ХИЙН ДУУДЛАГА БУУРЧ БАЙНА

НЗДТГ, НИТХ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар /НАБТГ/, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, “Таван толгой түлш” ХХК хамтран хэвлэлийн бага хурал зарлаж, аравдугаар сарын 1-нээс нэг сарын хугацаанд өрнөсөн “Угаарын хийн эрсдэлээс сэргийлье” аяны үр дүнгийн талаар мэдээллээ. НАБТГ-ын дарга Б.Пүрэвсүрэн “Өнгөрсөн жил гарсан угаарын эрсдэлүүдийн дийлэнх нь хайхрамжгүй, болгоомжгүй байдлаас үүссэн нь тогтоогдсон. Угаар үнэртдэггүй, амтагддаггүй, нүдэнд харагддаггүй учир шууд хүний амьсгалыг боомилж, амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл бий болдог. 2019-2020 оны галлагааны улиралд 2970 иргэн угаартсан тоо бүртгэгдсэн. Мөн оны зөвхөн аравдугаар сард 712 тохиолдол бүртгэгджээ. Тэгвэл энэ оны аравдугаар сард 430 угаарын дуудлага бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх жилийн аравдугаар сартай харьцуулахад дуудлагын тоо даруй 282-оор багассан гэсэн үг” хэмээв.