25 April 2020
10 mins read
159k Views
Сэлэнгэ аймгийн нутаг Зүүнхараа сум. Мандал сумын төв хот гэгдэх энэ газарт саяхан шинэхэн үйлдвэр нээгдсэн нь “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр аж. Орон сууц өдрийн од шиг, нам гүм энэ газар удахгүй тэлж, ирээдүйд эдийн засгийн томоохон эргэлт бий болох суурь ийнхүү тавигдаж байна. Ү йлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн сүүний 30 хувийг татан авч, 40 шинэ ажлын байр нэмэгдэж, малчин, фермерүүд зөвхөн Мандал сум, Зүүнхараагаар хязгаарлагдахаа больжээ. Үүнийг дагаад малчдын орлого 2-3 дахин нэмэгдсэн нь сайн мэдээ. Ерөнхийлөгч У .Хүрэлсүх “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрт өнгөрсөн баасан гарагт /2023.09.08/ зочлов. Тэрбээр Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнд үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж, хүнсний бүтээгдэхүүний импортыг бууруулах, эх орондоо үйлдвэрлэсэн органик бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангахад идэвхтэй ажиллаж байгаад талархал илэрхийлсэн билээ. Үндэсний үйлдвэрлэгчдийн томоохон төлөөлөл болох АПУ ХК сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрийг нээсэн нь эдийн засагт төдийгүй Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан Аж үйлдвэржилтийн сэргэлт, Хөдөөгийн сэргэлт, дээр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд нэгдэж байгаагийн нэг тод жишээ нь. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Монгол үнээний сүү дэлхийн зах зээлд брэнд болж гарах боломж бүрдэж байна. Бид ойрын хугацаанд дотоодын бүтээгдэхүүний хамаарлыг багасгах, Монголын бүтээгдэхүүн олон улсын зах зээлд өрсөлдсөн хүнс экспортлогч орон болохоор зорьж байгаа. Тодруулбал, таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөг төсөвлөж 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Иймд Ерөнхийлөгч эдгээр томоохон төсөл хөтөлбөрүүдтэй биечлэн очиж танилцахдаа төрийн шийдвэр гаргаж буй яам, Тамгын газрын хүмүүсийг дагуулж байгаа нь уялдаа холбоог сайжруулахад анхаарч байгаагийн нэг хэлбэр гэж болно”гэдгийг онцлов. ИМПОРТЫГ ХАЛАХ МОНГОЛ БЯСЛАГ ДЭЛХИЙН БРЭНД БОЛНО “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр нь импортын бяслагийг халах зорилготой. Анх удаа Европ стандартаар Монгол үнээний сүүнд тохируулан Голланд, Швейцарь, Англи зэрэг улсын бяслаг үйлдвэрлэх технологийг нутагшуулжээ. Нэг үгээр хэлбэл, малчны хотхоноос гарсан сүүнээс чеддар, гоуда, моцарелла зэрэг дэлхийн алдартай органик бяслаг нь айл бүрийн ширээнд очиж эхэллээ. Өнөөдрийн байдлаар эдгээр гурван төрлийн бяслаг зах зээлийн 10 хувийг хангаж байгаа бол удахгүй таван төрлийнх болж нэмэгдэх нь. Тэгэхээр импортын бяслаг өнөөдөр, маргаашдаа биш ч удахгүй хэрэглээнээс шахагдах нь тодорхой гэсэн үг. Монгол Улсын хувьд сүү, сүүн бүтээгдэхүүнээс зөвхөн бяслаган бүтээгдэхүүний 90 гаруй хувийн хамааралтай. Жилд дунджаар 3000 тонн бяслагийг импортолж, 103 тэрбум төгрөгийг гадагш урсдаг. Хийсч буй валютыг Монгол бяслагийн ачаар дотооддоо эргэлдүүлэх нь. Улмаар гаднаас валютын урсгал татах боломж байгааг онцоллоо. АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.ЭРДЭНЭБИЛЭГ: Нэг жил гурван сарын өмнө Ерөнхийлөгч АПУ ХК-ийн АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэртэй танилцах үеэр бид бодлогын хүрээнд томоохон төслүүдийг хэрэгжүүлж чадна гэж амлаж байлаа. Өнөөдөр энэ амлалт биелэлээ олж олон төсөл амжилттай хэрэгжиж байгаагийн нэг нь “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр юм. Монгол Бяслаг Шигүдэри жил гаруйн хугацаанд бий болсон манай ажилчдын ур чадвар шингэсэн дэлхийн шилдэг технологиор бий болсон төсөл. Энэ төсөл зөвхөн Монголд импортыг орлох төдийгүй экспортод гаргах чухал ач холбогдолтой. Бидний мянга мянган жил уламжилсан тэр идээ, ундааг өнөөдрийн технологи, тоног төхөөрөмжтэй хослуулсан төсөл. Үр өгөөж нь орон нутаг, улсын эдийн засагт тодорхой хувь нэмэр болох нь гарцаагүй. Ялангуяа бидэнтэй хамтран ажиллаж буй Сэлэнгэ аймгийн бүс нутгийн малчид, фермерүүд, тариаланчдын ашиг орлого хамтын ажиллагаа үлэмж хэмжээгээр сайжрах нь тодорхой гэлээ. ЦЭВЭР СҮҮНИЙ ОРГАНИК БЯСЛАГ ХҮНИЙ БИЕД 100 ХУВЬ ШИМ ТЭЖЭЭЛ БОЛДОГ “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрээс хэрэглэгчдийн гарт хүрч буй гурван төрлийн бяслаг нь хонин нуга брэндээр овоглож байна. Монголчуудын хувьд хэзээнээс л өөрсдөө сүү цагаа идээгээ бэлтгэн боловсруулж бяслагаа урлаж ирсэн ард түмэн. Харин Европ стандарт, технологиор урласан энэхүү бяслаг нь уламжлалт бяслагаас ялгаатай нь үнээний цэвэр сүүг боловсруулахдаа ашигтай бактеруудыг устгалгүй, хүний биед шим тэжээл болж шингэх ач холбогдолтой гэнэ. АПУ ХК-ийн Төслийн менежер Х.ОРЛОМЖАВ: -Монгол бяслаг, Европын бойжуулдаг бяслаг технологийн хувьд маш ялгаатай. Уламжлалт аргачлал ч зөрүүтэй. Манай уламжлалт бяслаг нь сүүгээ бид 100 градус хүртэл буцалгадаг учраас хүний бие организмд хэрэгтэй сүүн хүчлийн бактерууд үхдэг. Монгол бяслаг бол яах аргагүй сүүний уураг. Хэрэгцээтэй ч шим тэжээлийн бодис үүсэх процесс байдаггүй. Харин манай үйлдвэр технологийн аргаар сүүг 72 градуст ариутгадаг учраас бичил биетнүүд нь хөрөнгөө хийж амьдрах чадвартай, боловсруулсаар нарийн шим тэжээлийн бодис болж хувирч байгаагаараа давуу талтай гэсэн үг. Уламжлалт бяслагаа бид нойтноор нь хадгалах боломжгүй нимгэн зүсч хатаадаг бол бидний урлаж буй бяслаг бойжих тусам илүү шим тэжээл болж хувирдгаараа маш том ялгаатай. Манай үйлдвэрийн хувьд урлаж байгаа бяслаг нь хоёр жил хүртэл бойжуулах бүрэн бололцоотой. Ингэснээр хүний биед шаардлагатай хэрэгтэй амин дэм, эрдэс бодис, амин хүчлүүд үүсч байдаг. Энэ нь бидний биед бяслагаар дамжуулан шим тэжээл болж байгаа юм. Жишээ нь, Итали, Франц зэрэг өндөр хөгжилтэй орнууд бойжуулсан бяслагийг өдөр тутамдаа хэрэглэдэг атал таргалалттай хүн маш цөөхөн байдаг. Учир нь биед өөх тос биш шим тэжээл болсноор эрүүл байж илүү их амжилтыг бүтээнэ. Энэ нь бидний энэ төслийг хэрэгжүүлсэн гол зорилго. Монгол хүн хоол хүнсээрээ шим тэжээлээ авч болох боломжтой болсон нь манай үйлдвэрийн хамгийн баяртай үйл явдал байгаа юм. Монгол үнээний сүүг Европ технологи, стандартаар боловсруулах явцад амьтны гаралтай амт үнэр арилж цэвэр сүү, тосны амтыг ялгаж эцсийн бүтээгдэхүүн гаргаснаараа онцлогтой гэв. БЯСЛАГИЙН АМТ ҮНЭР Л УРЛААЧ ХҮНИЙ ЖАРГАЛ Түүний хамт бяслаг урлаачид “бяслаг амьтай шүү дээ” гээд хоорондоо ярьцгаах аж. Энэ тухай асуувал “Бойжуулах өрөөнд бид бяслагтайгаа ярьдаг. Маш нам гүм. Манай охидууд их хөөрхөн хүүхэд өхөөрддөг шиг л “Чи минь яасан царайлаг юм бэ” гэхээр өнгө ордог гэж байгаа юм. Тэгэхээр сэтгэл шаардсан ажил. Сүү жаахан сонин болохоор л “Яав даа чи минь, би яах ёстой юм бол доо” гээд ярихаар гоё болдог гэж ярьдаг. Энэ бүхэнд бид сэтгэл шингээн урлаж байна. Ер нь бяслагийг урлана гэж ярьдаг бөгөөд олон улсад бяслаг урлаачид гэж нэрлэдэг. Урласан бяслаг бойжиж шим тэжээлийн эх үүсвэр болж хувирна гэсэн үг. Миний хувьд дугуй бяслагаа зүсч, үнэрлэхэд сүүний цэвэр, тос, хүчлийн үл мэдэг сэнгэнэсэн маш гоё үнэр байдаг. Үүнийг мэдрэх хамгийн гоё. Зөв процессоор үнэр нь гарах нь чухал шүү дээ. Жишээ нь, манай гоуда бяслагийн тухайд гурван сар бойжуулах хэрэгтэй. Үүний дараа хүссэн амт үнэр гарна гэдэг энэ бяслаг урлаач хүний хамгийн гоё мэдрэмж” гэж байлаа. БЯСЛАГ НЬ ХООЛНЫ СОЁЛ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрээр зочлох үед бяслагийг хэрхэн бүтээдэг, онцлог ялгааг тайлбарлаж амталгаа болгон ширээн дээр дэлгэсэн байсан юм. Х.Орломжав гуайн тайлбарлаж хэлснээр гоуда бяслагийн чанарыг нүх гарснаар нь таньж вино болон хар шоколад, чимсний чанамалтай хослуулан хэрэглэдэг аж. Аманд орох төдийд хайлж бяслагийн давсархаг амтыг чихэр зөөлрүүлж өгдөг юм байна. Уг бяслагийг нимгэн хавтгай зүссэн нь ийм учиртай аж. Гоуда нь Голландын алдарт бяслаг юм. Үнээний сүүгээр хийсэн хатуу бяслаг бөгөөд винотой хослуулан хэрэглэхэд тохиромжтой. Харин чеддар бяслаг нь тослог тул талх, махтай хослуулан идэх нь хамгийн тохиромжтой. Энэ мэтчилэн хэрэглэхэд хүртэл өөрийн гэсэн онцлог ялгаатай байгаа нь хоолны соёлын нэг болжээ. АПУ ХК энэ оны гуравдугаар сард “Цагаан хувьсгал”-ыг санаачлан энэ хүрээнд сүү сүүн бүтээгдэхүүний салбар төдийгүй нийгэм эдийн засагт үр өгөөжтэй олон төсөл санаачилж байгаагийн нэг нь энэхүү “Монгол бяслаг, Шигүдэри” үйлдвэр байлаа. Хоногт 8-24 тонн сүү боловсруулах хүчин чадалтай бөгөөд зөвхөн Мандал сум, Зүүнхараагийн малчдаас жил тутам 3.6 тэрбум төгрөгийн сүү худалдан авахаар тооцоо байна. Түүнчлэн Монгол улсдаа хүчин чадлаараа хамгийн томд тооцогдох европын холбооны стандартыг бүрэн хангасан байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжөөр бүрэн тоногложээ. Саяхнаас худалдаанд 200 граммтай гарч эхэлжээ. Цаашид хүүхдийн сүү хөтөлбөрийг сэргээж үдийн цай хөтөлбөрөөр дамжуулан 800 мянган хүүхдийн сүүний хэрэглээг хангах төдийгүй хуурай сүүний импортыг орлох зэрэг олон төсөл санаачилж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.