70 , 80- ААД ОНЫХОНЫ “ДАЙН” ДАВАА ГАРИГТ ДУУСЧ ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД ТОДОРНО

30 хоногийн дотор томилох хуультай ч ажил хийдэг хүн төрд бараг алга болж өнгөрөгч долоо хоногийн турш л “Тэг зогсолт” төрийн албанд нүүрлэв.

Удирдах зөвлөл, Бага хурлын тов мэдэгдэхгүй явж явж эцэст нь ирэх даваа гарагт зарлагдсан. Энэ нь МАН-ынхан бүтэн долоо хоногийн турш дараагийн кандидатыг бодсон гэсэн үг.

Монгол ардын нам гэдэг институц бол үе солигдож ирсэн. Шинэ нь хуучнаа дарж, явуулж өдийг хүрсэн. У.Хүрэлсүх ч тийм улс төрч. Харин энэ удаа цикл эсрэгээрээ эргэчихсэн. Шинийг хуучин нь эргээд дарж авсан процесс явчихлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бол 1970-аад оных гэж явна. 50 гаруй настай. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр бол 1980-аад он. “Би уг нь энэ хоёрыг багаас нь мэдэж, хайрлаж, дэмжиж ирсэн” гэдэг үгээр л Ерөнхийлөгч буцаагаад 1980-аад оныхныг дарж авлаа.

Өчигдөр хуралдсан УЗ-ийн хурлаар ч шинэ Ерөнхий сайд 1970-аад оноос байх ёстой гэдэг дээр санал нэгдсэн гэх. УЗ-ийн гишүүдийн дийлэнхийг ч ийм нас, үеийнхэн бүрдүүлж буй.

Л.Оюун-Эрдэнийн хувьд Д.Амарбаясгаланг эсвэл Х.Нямбаатарыг дэвшүүлчихэж үзмээр байгаа ч ах нар нь зөвшөөрөхгүй. Одоогийн байдлаар намын дарга хэвээр тул Бага хурлаар хэний нэрийг оруулж ирэхийг Л.Оюун-Эрдэнэтэй ярилцахаас, зөвшилцөхөөс өөр аргагүй буй.

УЗ-ийн зарим гишүүд “Намын эв нэгдлийг хангах хэрэгтэй байна” гэж хэлээд байгаа нь үнэн хэрэгтээ нөгөөх үеийн хагарлыг л хэлж байгаа хэрэг. 80 ба 70 оны хагарлыг наах хүний тухай яригдаж байна. Я.Содбаатар өөрөө ЕС болохгүй гээд хэлчихсэн, Л.Оюун-Эрдэнийг унагахад өндөр зохион байгуулалттай ч оролцсон. Ч.Хүрэлбаатар гэсэн кандидат байсан ч өчигдөр бас үгүйсгэлээ. Одоогийн байдлаар Ж.Энхбаяр, Г.Занданшатар хоёр л ам нээгээгүй байх шиг. С.Амарсайхан бол аль эрт жагсаалтаас хасагдсан.

80-аад оноос нь Н.Учрал, Г.Тэмүүлэн хоёр бий ч  удирдах зөвлөл насны хувьд нэгэнт ойлголцож тохирсон гэгдсэн. Үнэхээр Бага хурлын үеэр заалнаас нэр дэвшиж бужигнадаггүй л юм бол тэдэнд шаанс бага болчихоод байна.

Ямартай ч МАН-ын хагаралд ах нар ялсан. Хамтарч нэгдсэн Засгийн газрыг ч унагаж чадлаа. Харин эргээд байгуулагдсан шинэ Засгийн газрын ажлыг улстөржилтгүй явуулахын тулд тэд дахиад л хамтрал хүсэх нь гарцаагүй биз ээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.