ЕРӨНХИЙ САЙДАД ГОРИЛОГСДЫН ХУВЬД 70 БОЛОН 80-ААД ОНЫХОН ХЭМЭЭН ХУВААГДЖЭЭ

Ерөнхий сайдад горилогсдын хувьд 70 болон 80-аад оныхон хэмээн хуваагджээ. Тэдний олонх нь Ерөнхийлөгчийн гэгдэх хүмүүс байгаа аж.

Жагсаалтын тэргүүнд 70-аад оныхноос МАН-ын генсек Я.Содбаатар бичигдэж байна. Тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан. Өнөөдөр МАН дотор Ерөнхийлөгчид хамгийн ойр хүн гэгдэж байна.

Энэ жагсаалтад Ерөнхийлөгчийн одоогийн Тамгын газрын дарга Г.Занданшатар  мөн л багтаж байгаа. УИХ-ын дарга байсан тэрээр өнөөдрийн яригдаж байгаа Баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар оруулж, батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг юм.

70-аад оныхны дараагийн хүмүүст Сангийн сайд Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт нарын хүмүүс ч нэрлэгдээд байгаа.

Тэгвэл 80-аад оныхноос ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар яригдаж байна. Б.Батцэцэгийн хувьд Монгол Улсын гадаад бодлогыг таниулахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа нэгэн. Мөн “Ерөнхий сайдад эмэгтэй хүнийг сонгоё” гэдэг мессэж нэлээд эртнээс сошиал сүлжээнд түгэж эхэлсэн. Энэ нь сайд Б.Батцэцэгийг түлхэхээр нийгмийн хандлагыг харах гэсэн сонирхол болов уу?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, дэмжээгүй. Үүнээс хойшх хугацаанд МАН дотор дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг дээр санал нэгдэж чадаагүй, ихээхэн маргаантай байгаа.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.